Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1170

 

К.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч К.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч К.Аийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208 02074 1526  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

К овгийн К-н А, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ....... аймагт төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, трактор комбайнч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... аймгийн ... сум, ... дугаар баг, ... дугаар хэсгийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 387 дугаар шүүгчийн захирамжаар биеэр эдэлсэн 2 жил 5 сарын хорих ял, шагналын 3 сар 10 хоног, Өршөөл үзүүлэх тухай хуулиар хассан 3 жилийг тус тус ял эдэлсэнд тооцож, 2 жил 4 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 654 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 269 дүгээр шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 6 сар 23 хоногийн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасч, үлдэх 1 жил 6 сар 23 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 175 дугаар захирамжаар 1 жил 5 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоолгож, зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн;

К.А нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай буюу узелийн өрөөнд хууль бусаар нэвтэрч, “Цахилгаан өвсний хадуур, гагнуурын аппарат, цахилгаан дрилл /молодок/, төмөр таслагч, дамартай уртасгагч” зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад нийт 1.805.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: К.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч К овогт К-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.А-ийг 3 /гурав/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ат энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 05 сар 20 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Аийн цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч К.А бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч К.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч К.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь яллагдагч миний эрх зүйн байдлыг дордуулсан, тус ял нь шүүгдэгч миний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт хэт хүндэдсэн хэмээн үзэж тус шийтгэх тогтоолыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж буйг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Тус хуралдаанд улсын яллагч Г.Лхагвасүрэн нь “Урьд хулгайлах гэмт хэрэгт ял эдэлж байсан, ял хөнгөдөөд байгаа учраас энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд байна” хэмээсэн нь шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулсан, түүнчлэн нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна гэсэн заалтыг зөрчиж байгаа нь харагдана. Мөн тус тогтоолд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан” гэсэн ташаа ойлголт бөгөөд шүүгдэгч миний бие шүүх хуралдааны үеэр тайлбар гаргасан боловч харгалзан үзээгүй. Тухайн үед мөрдөн байцаагч анх “байцаалт авсны дараа явж болно” гэж хэлээд дахин дуудна гэсэн боловч дахин холбогдоогүй ба үүнийг мөрдөн байцаагч өөрөө ч тайлбарлан хэлж чадна. Шүүгдэгч миний бие өөрөө 41 настай, амьдралынхаа 10 жилийн хугацааг өөрийн буруутай үйлдлээс болж засан хүмүүжүүлэх ангид өнгөрөөжээ. Амьдралынхаа алдаж өнгөрөөсөн энэ урт хугацааг эргэцүүлэн бодоход маш их харамсдаг. Одоо энэ үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж гэмшдэгийн зэрэгцээ тус шүүхээс аль болох боломжоороо багахан ял сонсож эдлээд гарч нийгэмшин, нутагтаа амар тайван амьдрахыг хүсэж байна. Би анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Ийм учир шүүгдэгч миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь дахин харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч К.Аийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч К.А нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Т” ХХК-ийн харуултай хамт архи, согтууруулах ундааны зүйл уусны дараа харуулын байрнаас тухайн байгууллагын агуулах руу нэвтэрч цахилгаан өвсний хадуур, гагнуурын аппарат, цахилгаан дрилл /молодок/, төмөр таслагч, дамартай уртасгагч зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас үзэхэд тухайн байгууллагын харуул анх К.Атэй архи, согтууруулах ундааны зүйл уухдаа түүнийг дотогш нэвтрүүлээгүй байсан бол уг гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан. Мөн шүүгдэгч К.А нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч К.А нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, хор уршгийг арилгасан учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт биелсэн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг хэсэг нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэгт хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч К.А нь бусдад төлөх төлбөргүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч К.А нь уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 1.800.000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үүнээс үзэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа боловч шүүгдэгч К.А нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1 жил 5 сар 20 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан байдаг. Үүнээс хойш 3 сар хүрэхгүй хугацаанд буюу 87 хоногийн дараа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Уг гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч К.Аийг яллагдагчаар татсан боловч түүнийг эрэн сурвалжлаад олоогүй учраас хэргийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бичилтийн хувьд алдаагүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдол, тайлбартай холбогдуулан прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч К.Аийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

К.А нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай буюу узелийн өрөөнд хууль бусаар нэвтэрч, “Цахилгаан өвсний хадуур, гагнуурын аппарат, цахилгаан дрилл /молодок/, төмөр таслагч, дамартай уртасгагч” зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад нийт 1.805.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Д-ийн “...2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн ажилтан Ундрах залгаад “узелийн өрөөнд хулгай орсон байна” гэхээр нь би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Уг хулгай орсон узелийн өрөөнөөс 2 ширхэг цахилгаан өвсний хадуур, 1 ширхэг төмөр таслагч, 1 ширхэг дамартай уртасгагч, 1 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг цахилгаан дрилл алдагдсан. ...” /хх 19-20/,

иргэний нэхэмжлэгч Ц.Г-ийн “...2022 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө “Т” ХХК-ийн узелийн өрөөнд хулгай орж эд зүйлс алдагдсан. 1.805.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс алдсан байсан. Манай “Бумбат зүрх” ХХК-иас “2022 оны 6 дугаар сарын сүүлийн нэхэмжлэл дээр мөнгөө суутгаж авна” гээд харуул хамгаалалтын төлбөрөө төлөөгүй, хохирлоо манай байгууллагаас гаргаж авсан байгаа. Манай компаниас тухайн хулгайн хэрэг үйлдсэн этгээдээс 1.805.000 төгрөг нэхэмжилж, хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /хх 23/,

гэрч Ш.Б-ын “...2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим би ажлынхаа хашааны гадаа зогсож байхад Хархорин худалдааны төв дээр архи уудаг зүс таних А нэг үл таних залуугийн хамт алхаад яг манай хашааны үүдэнд таарсан. Тухайн үед бороо ороод тэнгэр онгойж байсан. Тэгсэн чинь А “ороод жаахан дулаацаж байгаад явъя, ажил руу чинь орж болох уу” гэхээр нь би “за тэг, дулаацаж байгаад яв” гэж хэлсэн. Манай үүдний коридорт хэсэг зогсож байгаад “явлаа” гээд гараад явсан. Би 5 орчим минутын дараа өрөөнөөс гартал А, нөгөө үл таних залуу 2 цаашаа агуулахын тэр хавиар явж байхаар нь би “яваагүй юм уу, одоо яваач” гээд А нөгөө үл таних залуу хоёрыг хашаанаас гаргаад явуулсан. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өглөө хашаагаа эргэж тойрч байгаад хашааны баруун талын өнцөгт байх агуулахын цонх нь онгорхой, цонхны рам хэсгийг аваад газар тавьчихсан байхаар нь хулгай орсон байна гэж бодоод харуулын даргадаа хэлээд ажилчид нь агуулахад орж үзээд алдагдсан эд зүйлсийг шалгаж бүртгэхэд хадуур, таслагч, гагнуурын аппарат алга болсон байсан. Цагдаа нар ирээд манай камерыг шүүж үзтэл А 2022 оны 6 дугаар сарын 20-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад агуулахаас хулгай хийж байгаа нь бичлэгт тусгагдсан байсан. Тэгэхээр нь би “2, 3 удаа Хархорин худалдааны төв дээр таарч байсан залуу байна, өдөр манай ажлаар ирээд гарсан юм, хулгай хийнэ гэж бодсонгүй” гэж хэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хархорин худалдааны төвөөр хайж байгаад Аийн байгаа газрыг мэдээд эрүүгийн мөрдөгчид зааж өгөөд Аийг бариулсан. ...” /хх 25-26/ гэсэн мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 00 цаг 47 минутад К.А оффисын хаалга дээр ирж байгааг харуулав. К.А хаалгыг онгойлгохоор оролдож байна. ...01 цаг 13 минутад байшингийн цонхны рам хэсгийг газар тавьсан байгааг харуулав. 01 цаг 14, 20, 22 минутад оролцогч К.А 2 гартаа эд зүйл барьсан алхаж байгааг харуулав. ...” /хх 60-69/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч К.Аийг “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч К.Аийн “Т” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай буюу узелийн өрөөнд хууль бусаар нэвтэрч, “Цахилгаан өвсний хадуур, гагнуурын аппарат, цахилгаан дрилл /молодок/, төмөр таслагч, дамартай уртасгагч” зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад нийт 1.805.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч К.Аийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Шүүгдэгч К.А “...миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч К.А нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч К.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч К.А нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, тэнсэн харгалзах хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжил олоогүй хувийн байдлыг илтгэж байна.

            Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1186 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч К.А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1186 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Аийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ