Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 110/ШШ2025/0038

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Д.К,

            Хариуцагч: Цэнгэл сумын Засаг дарга,

            Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

            Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комисс хоорондын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой  маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.К, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон салбар зөвлөлөөс байгуулсан сонгон шалгаруулалтын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нуржол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч анх “Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/94 дүгээр “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолт батлах тухай” захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сул орон тоонд бүртгэж, сонгон шалгаруулалтад оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Цэнгэл сумын Засаг дарга болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан  Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комиссыг  хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, энэхүү хэрэгт Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссыг шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 110/ШШ32025/0116 дугаартай захирамжаар хамтран хариуцагчаар татан оролцуулсан.  

            3. Нэхэмжлэгчээс дээрх маргаж буй асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан  байх ба Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02/45 дугаартай бичгээр хариу хүргүүлсний дараа тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

            4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            4.1. Миний бие Д.К 1990 онд төрсөн, 34 настай, ам бүл 5. Хөгшин хадам ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2015 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгсөж, 2015 оны 7 дугаар сараас эхлэн Ногооннуур сумын Чихтэй багийн эмнэлгийн салбарт их эмчээр тасралтгүй 7 жил анагаахыг чиглэлээр ажилласан. 2022 оны 2 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан Булган сумын Эрүүл мэндийн даргын ажлын байрны сул орон тоонд уламжлалт анагаахын мэргэжлээр бүртгүүлэн шалгалтад орж тэнцэж, салбар зөвлөлийн хүчин төгөлдөр тогтоол буюу Булган сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/21 тоот дугаартай захирамжаар Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилогдон одоо хүртэл ажиллаж байгаа ба сүүлийн үед амьдрал ахуй, ар гэрийн гачигдалтай байдлаас болж одоо цалингүй чөлөө авсан байгаа.

            4.2. Миний бие 2024 оны 10 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сул орон тоонд шалгалт өгөхөөр нэрээ бүртгүүлсэн боловч надыг сонгон шалгаруулалтад оруулахгүйгээр хассан. Дахиж энэ орон тоог 2024 оны 11 дүгээр сард 2 дах удаагаа зарласан бөгөөд сонгон шалгаруулалтыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр явуулахаар товлосон учир би 2 дах удаагаа нэрээ бүртгүүлсэн боловч бас л хассан.

4.3.  Энэ талаар салбар зөвлөлөөс лавлахад, Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг  батлах тухай А/94 дүгээр захирамжаар Эрүүл мэндийн төвийн албан тушаалын  тодорхойлолтын “Албан тушаалд тавигдах шаардлага” хэсэгт байгаа мэргэжлээс “Уламжлалт анагаах” гэсэн мэргэжлийг хасаж ирүүлсэн тул сонгон шалгаруулалтад бүртгэх боломжгүй, энэ талаар шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариуг өгснөөр миний бие 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад, тус шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны шаардлагыг буюу хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах журмыг биелүүлээгүй гэж үзээд татгалзсан тул би Төрийн албаны зөвлөлд хандахад, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Б гарын үсэгтэй 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 02/45 дугаартай албан тоотоор миний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариултыг өгсөн.

            4.4. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” 03 дугаар тогтоолоор баталсан журмын 5 дугаар зүйлийн 5.3-д “төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална” гэж заасны дагуу Монгол Улсын 21 аймаг 330 сумд ажиллаж байгаа Эрүүл мэндийн төвүүдийн даргын ажлын байрны тодорхойлолтыг нэгэн стандарт загварын дагуу тухайн үед ажиллаж байсан сумдын Засаг дарга нар Төрийн албаны зөвлөлийн санал зөвшөөрлөөр шинэчлэн гаргаж баталсан байдаг ба эдгээр 21 аймаг 330 сумд ажиллаж  байгаа Эрүүл мэндийн төвүүдийн даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар хэсгийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт “Анагаах ухаан 091201”, “Уламжлалт анагаах ухаан 091701” гэсэн мэргэжилтэн хүнийг ажиллуулахаар тодорхой тусгаж өгсөн. Үүнийг Хөвсгөл аймгийн Шинэ-идэр сумын Эрүүл мэндийн төв болон Төв аймгийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын  тодорхойлолтуудаас үзэж болно.

            4.5. Төрийн албаны зөвлөлийн зөвлөлийн баталсан дээрх журамд заасны дагуу Баян-Өлгий аймгийн 13 сумд ажиллаж байгаа Эрүүл мэндийн төвүүдийн даргын албан тушаалын тодорхойлолтыг нэгэн стандарт загварын дагуу тухайн үед ажиллаж байсан Засаг дарга нар  Төрийн албаны зөвлөлийн санал зөвшөөрлөөр шинэчлэн баталж гаргахдаа Эрүүл мэндийн төвүүдийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар хэсгийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт “Анагаах ухаан 091201”, “Уламжлалт анагаах 091701” мэргэжлээр төгссөн хүнийг ажиллуулахаар тодорхой тусгай өгсөн. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс урьд нь Буянт, Толбо, Ногооннуур сумдын Эрүүл мэндийн төвүүдийн даргын ажлын байрны сул орон тоонд зарлагдсан сонгон шалгаруулалтад миний бие “Уламжлалт анагаах”-ын мэргэжлээр бүртгүүлж шалгалтад орж байсан.

            4.6. Гэтэл Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А нь Цэнгэл сумаас Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоо гарахад уг орон тоонд өөрийн хамаарал бүхий хүнийг томилуулах гээд түүний эрх ашигт нийцүүлэн урьд нь батлагдсан хүчин төгөлдөр албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар хэсгийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил хэсэгт тодорхой тусгагдсан “Анагаах ухаан 091201”, “Уламжлалт анагаах ухаан 091701” төгссөн мэргэжилтэн хүнийг ажиллуулахаар тусгагдсан заалтад өөрчлөлт оруулж, 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр зөвхөн “Анагаах ухаан 091201” төгссөн мэргэжилтэн хүнийг ажиллуулахаар дур мэдэн өөрчилж, шинэчлэн гаргаж, уг хууль бус ажлын байрны тодорхойлолтын дагуу салбар зөвлөлөөс зарласан Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд нээлттэй өрсөлдөх эрх маань хаагдаж, ноцтой зөрчигдөж байгаад гомдолтой байна.

            Төрийн албаны зөвлөл нь төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгож, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг батлахад санал өгөх эрх зүйн зохицуулалттай байдаг.

4.7. Иймд, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” А/94 дүгээр хууль бус захирамжийг хүчингүйд тооцож, Цэнгэл сумын Засаг даргын   2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн хүчин төгөлдөр А/133 дугаар захирамж буюу захирамжийн хавсралтаар батлагдсан тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын дагуу Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд намайг бүртгэж, сонгон шалгаруулалтад оруулж өгөхийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь  салбар зөвлөлд даалгаж өгөхийг хүсье гэв.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. 2019 онд Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын 21 аймаг, 330 суманд ажиллаж байгаа Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын  тодорхойлолтыг  нэг стандарт, жишиг загварыг шинэчлэн гаргасан. Үүний дагуу Баян-Өлгий аймаг ажиллаж байгаа 13  сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын  тодорхойлолтыг нэг стандартын дагуу гаргасан,  Цэнгэл сумын Засаг дарга 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/94 дүгээр хууль бус захирамжаар Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлахдаа ажлын хэсэг байгуулахгүйгээр өөрөө дур мэдэн баталсан гэв.

            6. Хариуцагч Цэнгэл сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            6.1. Д. тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 03 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт “Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг батална” гэж заасан. Тухайн үед баталсан Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн захирамж хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Бусад сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын албан тушаалын тодорхойлолтыг судлан үзэж харьцуулан шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

            7. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комиссоос  ирүүлсэн тайлбарт:

            7.1. 2024 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад шалгалт өгөхөөр 7 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлснээс 4 хүн шаардлага хангаж бүртгүүлж, шалгалт өгсөн. Тухайн үед тус албан тушаалд бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн Д.Күмисжанаас албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага хэсэгт заасан мэргэжлийн шаардлагын талаар гомдол ирүүлсэн ба томилох эрх бүхий албан тушаалтны баталж ирүүлсэн захиалгын дагуу шалгалт зохион байгуулж байгаа тухай 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 114 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн ба дахин гомдол гаргаагүй болно.

            7.2. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг шалгалтыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ба уг албан тушаалд 4 хүн өрсөлдөж, сонгон шалгаруулалтын нийт дүнгээр оролцогчид авбал зохих 100 онооны 60 оноо буюу босго оноо хүрээгүй тул сонгон шалгаруулалтад бүгд тэнцээгүй гэж үзээд сул орон тоог дахин зохион байгуулахаар болсон.

            7.3. Дараа нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын дахин зохион байгуулахаар  зарлаж, бүртгэлийг 11 дүгээр сарын 15-29-ний өдрүүдэд явуулсан. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 7 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлснээс 5 хүн шаардлага  хангаж бүртгүүлсэн боловч энэ удаа зарлагдсан сонгон шалгаруулалт шүүхэд гомдол гаргасан тул хойшлогдсон байгаа.

            7.4. Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/94 дүгээр  захирамжаар баталж ирүүлсэн тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэжил хэсэгт “Анагаах ухаан /091201/” буюу хүний их эмч мэргэжилтэн байх гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Д.К нь уламжлалт анагаахын их эмч мэргэжлээр төгссөн байх тул томилох эрх бүхий албан тушаалтнаас баталж ирүүлсэн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил таарахгүй гэж үзэн сонгон шалгаруулалтын комисс бүртгэл баталгаажуулахаас татгалзан шийдвэрлэсэн байна.

            7.5. Иймд Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс томилох эрх бүхий албан тушаалтан буюу Цэнгэл сумын Засаг даргын захирамжаар баталсан албан тушаалын тодорхойлолтын хүрээнд тухайн албан тушаалын сул орон тоог  нөхөх сонгон шалгаруулалтыг дахин зарласан ба комиссоос зарлагдсан ажлын байрны албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангахгүй гэж үзээд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Д.К захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            8. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор байгуулсан сонгон шалгаруулалтын комиссын  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

8.1. Миний бие Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн болон сонгон шалгаруулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт  2 удаа зохион байгуулагдсан байдаг. АНх 2024 оны 11 дүгээр сард  нэг удаа зохион байгуулагдсан. Тухайн үед 7 иргэн тус орон тоонд бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн боловч 4 иргэн шаардлага хангаж бүргүүлсэн. 

8.2. Тухайн хүмүүсийн дотор нэхэмжлэгч Д.К  нь тус орон тоонд бүртгүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу маргаан бүхий Цэнгэл сумын Засаг даргын захимжаар баталсан Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжилд таарахгүй гэх үүднээс уг сул орон тоонд бүртгэхээс татгалзсан.

8.3. Сонгон шалгаруулалтын үеэр тухайн албан тушаалд өрсөлдөж байсан иргэд нийт авах ёстой 100 оноогоос 60 буюу түүнээс дээш оноо авч байж, тухайн албан тушаалд тэнцэх ёстой. Энэ болзлыг хангаагүйг улмаас хэн ч тухайн албан тушаалд тэнцээгүй.

Иймд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалт дахин зарлагдсан бөгөөд дахиад 7 иргэн  бүртгүүлэх хүсэлт ирүүлснээс гадна бас өөр иргэд бүртгүүлсэн. Тухайн иргэдээс шаардлага хангасан 5 иргэн бүртгүүлсэн,  энэ удаагийн сонгон шалгаруулалт хойшлогдсон.

8.4. Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны А/94 дүгээр захирамжаар Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан ба энэхүү захирамжаар зөвхөн Анагаах ухаан” буюу хүний их эмч байх ёстой  гэж заасан. Төрийн албаны салбар зөвлөлийн зүгээс томилох эрх бүхий албан тушаалтны ирүүлсэн захиалгын дагуу тухайн сонгон шалгаруулалтыг зарладаг.

8.5. Томилох эрх бүхий албан тушаалтан өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд албан тушаалын тодорхойлолт, албан тушаалын сул орон тоо гарсан шийдвэрийг ирүүлдэг. Энэхүү албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагад салбар зөвлөлийн зүгээс  заавал хүний их эмч байх ёстой гэсэн шаардлагыг тавиагүй. Томилох эрх бүхий албан тушаалтны  бүрэн эрхийн хүрээнд ирүүлсэн захиалгын дагуу сонгон шалгаруулалт зарлагдсан.

8.6. Ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагад нэхэмжлэгч Д.К мэргэжил нь таарахгүйн улмаас уг сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан. Харин Д.К хувьд бусад шаардлагыг хангаж байна.

8.7. Иймд нэхэмжлэгч Д.К тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.К Цэнгэл сумын Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор /хэргийн 118 дугаар тал/ байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах комисст тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” А/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарлагдах Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд намайг бүртгэн сонгон шалгаруулалтад оруулахыг салбар зөвлөлд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

2. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

2.1. Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар захирамжаар /хэргийн 128 дугаар тал/   Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга К.Ө нь албан тушаалаас  чөлөөлөгдсөн тул сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоо гарч, уг сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Цэнгэл сумын Засаг дарга нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлд /цаашид салбар зөвлөл гэх/ 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/259 дүгээр  албан бичгээр  /хэргийн 119 дүгээр  тал/   хүргүүлсэн, уг албан бичигт сумын Засаг даргын  2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/94 дүгээр захирамжийн /хэргийн 142 дугаар тал/ хавсралтаар баталсан Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг /хэргийн 120-127 дугаар тал/ хавсаргажээ.

2.2. Уг албан тушаалын тодорхойлолтын III. Албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Мэргэжил” хэсэгт “Анагаах ухаан” /091201/, “Мэргэшил” хэсэгт “Үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдаж төгссөн байх”  гэж тус тус заажээ.

2.3. Салбар зөвлөлөөс захиалга өгсөн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудын сул орон тоонуудад, түүн дотор маргаан бүхий  сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссыг томилох тухай шийдвэрийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж, уг шийдвэрт  сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр явуулахаар тогтоосон.

2.4. Эрх бүхий байгууллагаас  томилогдсон шалгалт зохион байгуулах комисс нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тухайн сул орон тоонд бүртгүүлсэн нийт 7 иргэний материалыг хянаж үзээд, нэхэмжлэгч Д.К “... тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын “мэргэжил” хэсгийн шаардлагыг хангаагүй”, тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмшсэн” уламжлалт анагаах ухааны их эмч /091701/”  мэргэжил нь Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолт дах тусгай шаардлагын “мэргэжил” хэсэгт заасныг хангахгүй үндэслэлээр бүртгэхээс татгалзсан  нь хэрэгт авагдсан шалгалтын комиссын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын бүртгэлийн материал шалгасан тухай тэмдэглэлээр /хэргийн 138-141 дүгээр тал/ батлагдаж байна.

2.5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “... 2022 оны 2 дугаар сард   салбар зөвлөлөөс зарласан Булган сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлэн орж 1 дүгээр байр эзэлж, уг албан тушаалд томилогдон одоо хүртэл ажиллаж байна, сумдын Засаг дарга нар Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн баталсан сумдын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэжил хэсэгт “Анагаах ухаан” /091201/, “Уламжлалт анагаах ухаан” /091701/ мэргэжилтэй байхыг заасан, 21 аймаг 330 сумд сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын мэргэжил хэсгийг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон нэгдсэн нэг стандарт загварын дагуу баримталж байна, Цэнгэл сумын Засаг дарга албан тушаалын тодорхойлолтыг боловсруулахдаа Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолыг зөрчиж, ажлын хэсэг байгуулахгүйгээр сумын Засаг дарга өөрөө дур мэдэн боловсруулж, мэргэжил хэсгийг өөрчлөн баталсан” гэж тайлбарлан маргажээ.

3. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ дараахь төрөлтэй байна”, 4.1.1-д “өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний анхан шатны тусламж, үйлчилгээг бие дааж, эсхүл багаар үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"өрхийн эмч" гэж өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн хүний их эмчийг” гэж заажээ_

3.2.  Мөн Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор баталж, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж буй  Монгол Улсын “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа “MNS 5081:2013 Стандарт-ын 6.2-т “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн даргыг хууль, тогтоомжид заасны дагуу сонгон шалгарууулж, эрх бүхий этгээд томилж, чөлөөлнө”, 6.2.2-т “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн дарга нь өрхийн ангаах ухаанаар мэргэшсэн, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан байна”,  ”Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө”, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “"стандарт" гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг” гэж тус тус заасан байна.

3.3. Хуулийн болон стандартын холбогдох заалтуудын агуулгаас үзэхэд, сумын эрүүл мэндийн төв нь анхан шатны тусламж, үйлчилгээг бие дааж, эсхүл багаар үзүүлэх  өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн  мэргэжилтнүүдээс бүрдсэн, харьяа нутаг дэвсгэрийн хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилго бүхий  байгууллага мөн ба дарга нь хүний их эмч мэргэжилтэй, өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан байх шаардлагатай байна.

3.4. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/445 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын чиглэл, индекс”-ийн 2. Анагаах ухаан-0912 хэсгийн 19-т Хүний их эмч мэргэжилээр төгссөн иргэн нь 0912 индекстэй өрхийн ангаах ухаан судлалаар мэргэшихээр,  заасан байх тул  нэхэмжлэгчийн  маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын “мэргэжил” хэсэгт уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлийн шаардлагыг тусгаагүй гэж маргасан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

3.5. Дээрх стандартын 8.7.1-д “Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг нь уламжлалт ангаах ухааны тусламж, үйлчилгээг “Уламжлалт анагаах ухаан-Үндсэн зургаан өвчний оношилгоо, эмчилгээ” болон бусад батлагдсан стандарт, удирдамж, аргачлалын дагуу хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлнэ”, 8.7.3-т “Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөц, эм хэрэгслээр хангагдсан байх” гэж тусгаснаас үзэхэд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ нь сумын эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлгээс үзүүлэх тусламж, үйлчилгээний нэг төрөлд хамаарах ба тухайн эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлэг нь  уламжлалт анагаах ухааны мэргэжил эзэмшсэн  эмчээр хангагдсан байхыг зохицуулсан заалт байна.

3.6. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.5-д “"албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг”, 23 дугаар зүйлийн 23.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална” гэж тус тус заасан.

3.7. Маргаан бүхий албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд уг албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага хэсэг буюу мэргэшил хэсгийг дээрх стандартад  “өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан байх шаардлагатай” гэж нарийвчлан заасан байх ба нэхэмжлэгч нь  өрхийн анагаах ухаанаар мэргэшээгүй, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдаагүй нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар батлагдаж байна.

 3.8. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-т “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэж заасны дагуу  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 6.2-т “Төрийн жинхэнэ албан тушаал болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комисс /цаашид “Шалгалтын комисс” гэх /-ыг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр тухай бүр байгуулна. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг Зөвлөл, Салбар зөвлөл тогтооно”, 6.6-д “Шалгалтын комисс энэ журмын 6.5-т зааснаас гадна дараах чиг үүргийг нэмэлтээр хэрэгжүүлнэ”, 6.6.1-т “бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн албан хаагч, иргэнийг энэ журмын 5.1-т заасан болзлыг хангаж байгаа эсэхийг хянах”, 6.6.2-т “зарлагдсан ажлын байрны албан тушаалын тодорхойлолттой танилцах, тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах”, 7.8-д “Энэ журамд заасан болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, иргэн(цаашид “оролцогч” гэх)-ийг бүртгэх эсэх тухай асуудлыг комисс хуралдаанаараа хэлэлцэх бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалгалт эхлэхээс ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө шалтгааныг цахим системээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

3.9. Хариуцагч  салбар зөвлөл болон  салбар зөвлөлөөс байгуулагдсан  шалгалтын комисс нь маргаан бүхий  албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын “Мэргэжил“ хэсгийг нэхэмжлэгч хангаагүй гэж үзэж сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь журмын дээрх заалтуудтай нийцсэн байна.

3.10. Маргаан бүхий албан тушаалын тодорхойлолтыг баталсан эрх бүхий этгээд буюу хариуцагч нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 3.2-т заасан “Албан тушаалын тодорхойлолтын төслийг томилох эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч, эсхүл ажлын хэсэг хариуцан бэлтгэнэ”, 3.3-т заасан “Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг томилох эрх бүхий этгээд тухайн албан хаагчийг шууд харьяалан удирдах нэгжийн дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагч, холбогдох бусад албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулна”, 5.3-т заасан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсаны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална” гэснийг тус тус зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй боловч  энэ зөрчлийн улмаас  тухайн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэжил хэсэгт “Уламжлалт анагаах ухаан“ мэргэжил нь тусгагдаагүй, нэхэмжлэгчийн сонгон шалгаргаруулалтад бүртгүүлэх эрх нь  зөрчигдсөн гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.  

3.11. Иймд дээрх үндэслэлүүдээр  маргаан бүхий  албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага хэсэгт уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлийн шаардлагыг тусгаагүй гэж маргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны актаар баталсан  Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтын “мэргэжил”, “мэргэшил” хэсгийг тодорхойлсон тусгай шаардлага хэсэг нь нэхэмжлэгчийн  тухайн сул орон тоонд бүртгүүлэх шалгалт өгөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугар зүйлийн 5.2, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Төрийн албаы тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 66 дугаар зүйлийн 66.1.11-т  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.К  Цэнгэл сумын Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах комисст тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” А/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зарлагдах Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд намайг бүртгэн сонгон шалгаруулалтад оруулахыг салбар зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША