Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00805

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00805

 

 

 

 

 

                                 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/00779 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 5 750 000 төгрөг болон 100 ширхэг бараа материал гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “Х” ХХК “С” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, V-2 100 ширхэг тулаас төмрийг түрээслүүлсэн. Хариуцагч нь төлбөрөө төлж барагдуулахгүй, түрээсийн зүйлийг буцааж өгөхгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна. 100 ширхэг цагаан хуучин V-2 тулаасыг 785 хоног ашигласан төлбөр 7 790 000  төгрөгөөс 2 040 000 төгрөгийг төлж 5 750 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 100 ширхэг цагаан хуучин V-2 тулаас нэг бүрийн үнэ 29 500 төгрөг буюу нийт 2 950 000 төгрөгийн үнэтэй тулаасыг хүлээлгэж өгөөгүй. Иймд хариуцагч “С” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 5 750 000 төгрөг, 100 ширхэг V-2 тулаасыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Х” ХХК нь гэрээ байгуулахдаа гэрээний үйлчлэх хугацааг заагаагүйн улмаас аливаа хугацаа, төлбөрийг амаар тохирч тооцохоос өөр боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэг талыг барьсан гэрээ байгуулсан гэж үзэж байна. Гэрээ цуцлах тухай, гэрээний үргэлжилсэн хугацааг 9 дүгээр сарын 16-ны өдөр С.Мтай удаа дараа утсаар ярилцсаны үр дүнд түрээсээр ашигласан хоногийг эцэслэн тохирч нийт  2 040 000 төгрөг байхаар амаар тохирч үүнээс түрээсийн төлбөр болон байгууллагад олох байсан ашгийн нөхөн төлбөр гэж 1 500 000 төгрөг шилжүүлж, тулаас /сапуд/-ыг буцаан өгөхөөр шийдвэрлэсэн. Түрээслүүлэгч гэрээний 1.3 дах заалтыг хэрэгжүүлэх санал санаачилга гаргаагүй, гэрээний хавсралт материал бүрдүүлж албажуулаагүйгээс гэрээний дагуу ажиллах боломж нөхцөл хаалттай байсан. Барилгын ажлыг дуусахаар Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас бусад эд зүйлсийн хамт нэг тээврээр авчирч өгөхөөр амалсан боловч 2019 оны 12 сард барилгын ажлын хөрөнгө санхүүжилт тасарч зогссон бөгөөд улмаар 2020 оны 1 сард коронавирусын халдвар гарч хөл хорионы дэглэм тогтоож түрээсийн зүйл болох сапудыг татан авах боломжгүй болсон. 2020 оны 3 дугаар сарын 16-нд Дорноговь аймгийн Засаг дарга, Их хурлын гишүүн нар Эрдэнэ суманд баригдаж байсан барилгын гэрээг цуцалж байгаа талаар амаар шийдвэр гаргаж, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1283 тоот албан бичгээр ирүүлсэн. Иймд энэ хугацаанд барилга дээр аливаа үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон. Түрээсийн зүйлийг буцаан өгөхөд давагдашгүй нөхцөл байдал буюу цар тахал болон төрийн байгууллагын шийдвэрээр барилгын ажлыг зогсоож гэрээ цуцлагдаж, компаний эд хөрөнгийг битүүмжилсэн. Тулаасыг олон хоног ашиглах шаардлага байгаагүй. Өнөөдрийг хүртэл битүүмжлэгдсэн байгаа учир тулаасыг авахаар иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хүргүүлж байгаа. Нэхэмжлэлээс түрээсийн төлбөр 5 750 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, V-2 тулаасыг буцаан өгөхийг зөвшөөрнө. Буцааж өгөх үед эвдэрч гэмтсэн байвал төлбөрийг нь төлнө гэжээ.  

  Шүүх:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-аас 5 750 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК нь 100 ширхэг /V-2 сапуд/ барилгын тулаас төмрийг нэхэмжлэгч “Х” ХХК-д буцаан өгөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “С” ХХК-аас 62 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.  Манай компани нэхэмжлэгч “Х” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18-595 тоот “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г байгуулж, 100 ширхэг тулаас /сапуд/-ыг Дорноговь аймгийн Эрдэнэ суманд баригдаж байсан барилгад 30 хоногийн хугацаатай ашиглахаар зохих төлбөрийг төлж, түрээсэлж авсан бөгөөд түрээсийн зүйлийг барилгын ажилд 30 хоног ашигласан. Нэхэмжлэгчээс түрээсэлж авсан тулаас нь зөвхөн барилгын тодорхой хэсгийн цутгалтыг хийх ажилд ашиглагдсан бөгөөд байнга ашиглагддаг, хэрэглэгддэг материал биш. Харин буцааж өгөөгүй гол шалтгаан нь бидний гүйцэтгэж байсан барилгын ажил захиалагч талаас шалтгаалах нөхцөл байдлаас болж удаан хугацааны турш зогссон, захиалагч нэг талын санаачилгаар манай компанитай байгуулсан гэрээгээ цуцалж барилгад ашиглаж байсан бараа материал, эд зүйлсийг дур мэдэн битүүмжилж, хураасан. Энэ байдлыг захирал Г.Э нэхэмжлэгчийн төлөөлөгчдөд тухай бүр танилцуулж байсан бөгөөд улмаар 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бараа материалыг хүлээлгэн өгөөгүй удаасны төлбөрт 1 500 000 төгрөг төлж, буцаан өгөхөөр тохиролцсон.  Гэрээний 1.2-т зааснаар гэрээний хугацааг сунгах талаар түрээслүүлэгчид бичгээр мэдэгдээгүй учир нэхэмжлэгч гэрээний 1.3-т заасны дагуу гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг байгаа газраас нь татан авч, уг үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлыг биднээс шаардах бүрэн боломж байсан байхад өмнө ярьж тохиролцсоноосоо буцаж, нэхэмжлэгч “...бараа материалыг ... хүлээлгэн өгөлгүй хэрэглэж манай компанийг хохироож байна...” гээд 2 жил гаруй буюу 785 хоног ашигласны төлбөр 5 750 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь “хууль”, “шударга ёсны зарчим”-д үл нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн барилгын ажилд нэхэмжлэгчээс авсан 100 ширхэг тулаасыг хэд хоног ашиглаж, ажил гүйцэтгэсэн талаар тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг бичгээр гаргасан боловч шүүх хангаагүй. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн түрээсийн гэрээний үүрэгт 5 750 000 төгрөг, 2 950 000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг V-2 тулаас /сапуд/ тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь “С” ХХК V-2 тулаасыг өгөхийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь 100 ширхэг барилгын тулаас /сапуд/-ыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгчээ. Улмаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 2 040 000 төгрөг төлсөн, гэрээний зүйлийг буцаан өгөөгүй зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

Зохигчид гэрээний үргэлжлэх хугацаа, уг хугацаанд тооцогдох түрээсийн төлбөрийн хэмжээний талаар маргажээ.

Гэрээний 1.2-т “түрээслэгч нь гэрээний хавсралт 2-т заасан барилгын туслах материалыг мөн гэрээний хавсралт 2-т заасан хугацаагаар түрээслэх ба гэрээг сунгах шаардлагатай болсон тохиолдолд түрээслүүлэгч талд 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ” гэж заасан боловч хэрэгт дээрх хавсралт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.2 дах хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байдаг.

Хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч талын нягтлан бодогч С.Мтай утсаар ярьж гэрээний хугацааг эцэслэн тохиролцон 1 500 000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2-т зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

Хэргийн 10 дугаар тал дах хавсралт №3 “хүлээн авсан бараа материалын акт” гэх баримтад хариуцагч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул уг баримт нь шийдвэрийн үндэслэл болохгүй. Харин хэргийн 9 дүгээр тал дахь зарлагын падаанд талууд гарын үсэг зурж баталгаажуулан “100 ширхэг V2 сапудыг өдөрт 80 төгрөгөөр тооцон, 30 хоногийн түрээсийн төлбөр нь 240 000 төгрөг, нийт 540 000 төгрөг” гэснээс үзэхэд талууд гэрээний зүйлийн 1 хоногт төлөгдөх түрээсийн төлбөрийн хэмжээг 80 төгрөг, 1 сард төлөгдөх төлбөрийн хэмжээг 240 000 төгрөгөөр тогтоосон гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 3 360 000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 2 040 000 төгрөгийг хасч тооцоход тэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрт 1 320 000 төгрөг төлөх үүрэгтэй болно.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа буюу 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Хариуцагч нь гэрээний хугацаа дуусахад түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид буцааж өгөөгүй, одоог хүртэл эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд тэрээр гэрээний зүйлийг буцаан өгөөгүй шалтгаанаа 2020 оны 1 дүгээр сараас хойш Монгол улсад короновируст цар тахал тархсаны улмаас барилгын ажил зогсож, хөл хорио тогтоосон гэж тайлбарласан.

Монгол улсад коронавируст цар тахал тархсаны улмаас хариуцагч нь гэрээний зүйлийг 2020 оны 1 дүгээр сараас хойш нэхэмжлэгч талд буцаан өгөх боломжгүй болсон нь илэрхий байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримтыг нотлохгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт заасны дагуу гэрээ дуусгавар болсон 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь 960 000 төгрөг /240 000*4 сар/-ийн хохирол төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагчаас түрээсийн төлбөрт 1 320 000 төгрөг, хохиролд 960 000 төгрөг, нийт 2 280 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Харин 2020 оны 2 дугаар сараас хойших хугацааны хохирлыг хариуцагч нь гэм буруугүй тул төлөх үндэслэлгүй гэж дүгнэв.  

            Мөн түрээслүүлэгч нь түрээсийн гэрээг цуцалж, гэрээний зүйлийг байгаа газраас нь татан авах, түүнтэй холбоотой гарсан зардлаа шаардах боломжтой атал шаардаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Түрээслэгч гэрээг цуцлах талаар түрээслүүлэгчид бичгээр мэдэгдээгүй тохиолдолд түрээслүүлэгч өөрийн санаачлагаар гэрээг цуцлах, түрээсийн зүйлийг татан авах тухай гэрээний 1.3 дах заалт нь эрх олгосон агуулгатай байх ба заавал биелүүлэх үүрэг биш.

Гэрээний зүйл болох тулаас төмрийн ашиглалтын талаарх шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв болно.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/00779 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК-аас 2 280 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 470 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “... 106 дугаар 106.5 ...” гэснийг “...106 дугаар зүйлийн 106.5 ...” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтын “62150” гэснийг “51 430” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                         А.МӨНХЗУЛ