| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0040/э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Т-д холбогдох 1835000590054 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн 15-06 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ68072617, Б овогт Г-ын Т.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Г.Т нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн эхнэр Ц.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Г.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны шөнө Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэсвгэр 15-06 тоотод байрлах гэртээ хохирогч Ц.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Б-ийн “Би 2018 оны 2 дугаар сарын 05-ны орой гэртээ 20 цагийн үед өөрийн төрсөн ахынхаа хүүхэдтэй ирээд байж байтал нөхөр Г.Т манай хүргэн ах Я.Ц хамт 21 цагийн үед нэг шил 0,5 л хэмжээтэй ерөөл нэртэй архи авч ирээд манайд уусан. Удалгүй хүргэн ах Я.Ц-ыг охин Ц.О ирж аавтайгаа хамт гэрлүүгээ явсан. Манай нөхөр Т авч ирсэн ерөөл гэдэг архиа ууж дуусгаад гэрийнхээ том өрөөний буйдан түшээд сууж байгаад тэндээ хувцастайгаа унтчихсан байсан. Би гэрийн арын унтлагын жижиг өрөөнд модон орон дээр цааш хараад унтаж байтал гэнэт шөнө 23 цагийн үед нөхөр Т миний үснээс татаад босгож ирсэн. Тухайн үед би хувцасгүй хэвтэж байсан. Тэгээд миний өмсөж байсан цагаан ултай гутлаар 3-4 удаа миний толгойн орой хэсэгт цохисон юм. Тэр үед манайд унтаж байсан М.Б гэдэг манай ахын залууг дуудсан, удалгүй тэр хүүхэд орж ирээд салгахад нь би хувцасаа өмсөөд цагдаа дуудсан юм. Нөхөр Т нь гэртээ байхдаа байнга архи уудаг юм. Хаяа архи уухгүй эрүүл байхдаа уурлаад бухимдаад байдаг. Намайг хүргэн, хүргэн ах нартай хардаад согтуу үедээ “чи эд нартай банзалддаг” гэж хардаад байдаг. Би тэд нартай ямар нэгэн бэлгийн харьцаанд орж байгаагүй. ...Нөхөр Тгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нэг гэр бүлийн хүмүүс учир хоорондоо учраа олно” /хх-ийн 23-25 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч Я.Ц “Г.Т-д бид хоёр нэг айлын эгч дүү хоёр охинтой гэр бүл болсон хүмүүс юм. 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр манайх цагаан сарын бууз хийхэд Т, түүний эхнэр Б, хадам ахын хүү Б нар ирж бууз хийлцсэн. Т нэг шил 0,5 л хэмжээтэй архи авч ирснийг хувааж уугаад би Тг гэрт нь хүргэж өгсөн. Тэднийд 0,5 л хэмжээтэй ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэр үед Т нэг их согтоогүй байсан. Би охин О-той хамт орой 19 цагийн үед гэрлүүгээ явсан. Намайг тэдний гэрт байхад болон намайг явах үед Т, эхнэртэйгээ ямар нэгэн маргаангүй байсан. Урьд өмнө Т эхнэрээ зоддог талаар мэдэхгүй. Т хаяа архи уудаг ба даруухан залуу юм” /хх-ийн 26 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч Ц.Агийн “Г.Т нь манай төрсөн эгчтэй 1992 онд гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш 2-3 жил Г.Т нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Түүнээс хойш байнга архи хэрэглэдэг болсон. 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гэртээ манай эгч Ц.Б хэвтэж байтал хүргэн ах Г.Т нь шууд толгой тус газар нь цохисон байсан. Манай эгч Б нь намайг төрсөн дүү нь болохоор надаас юм нуухгүй бүх зүйлийг хэлдэг” /хх-ийн 27 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч Г.Гийн “Г.Т нь миний төрсөн ах юм. Манай ах Т хаяа хаяа архи уудаг боловч эхнэр хүүхэдтэйгээ зодоон хийдэггүй. Манай бэргэн эгч Б эелдэг зөөлөн бидэнтэй харьцдаг. 2017 оны 8 дугаар сараас төрсөн ах Т-гийн хашаанд бууснаас хойш ах бэргэн эгч хоёр хоорондоо огт маргалдаж, зодолдож байгаагүй. Бид нэг хашаанд байдаг тул сайн мэднэ” /хх-ийн 28 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч Ж.О “Т бид хоёр багаасаа найз нөхөд явсан тул түүнийг сайн танина. Т-д ямар нэгэн дээрэлхүү зан байдаггүй. Би Т-гийн гэр оронд нь зөндөө очиж байсан. Миний хажууд ямар нэгэн байдлаар эхнэр хүүхэдтэйгээ маргалдаж байсан удаа байхгүй, хоорондоо маш эвсэг юм. Т нь хувийн стана маркийн авто машинаараа тээвэр хийдэг. Хувиараа хөдөлмөр эрхэлж амьдарлаа авч явдаг.” /хх-ийн 29 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
шүүгдэгч Г.Т-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед манай хүргэн ах Я.Ц цагаан сарын бууз хийлцэхээр эхнэр Б-ийн хамт очсон. Тэнд цагаан сарын бууз хийж дууссаны дараа 17 цагийн үед хүргэн ах Я.Ц 1 шил 0,5 л хэмжээтэй ерөөл гэдэг архи уугаад ...мөн манайд миний авч ирсэн 0,5 л хэмжээтэй ерөөл гэдэг архийг бид хоёр хувааж уугаад дуусаж байтал Я.Ц охин Ц.О ирээд аавыгаа аваад явсан. Тэгээд би түүнээс хойш юу болсоныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд би унтлагын өрөөнд байсан, эхнэр Б үснээс татаж байна гэж хэлээд Б гэж дуудаад байхаар ухаан орсон. Тэгээд удалгүй манай хадам ахын хүү Б том өрөөнөөс манай жижиг өрөө рүү орж ирэхэд эхнэр Б цагдаа дуудаж өгнө гэж надад хандаж хэлэхээр нь би гэрээсээ гараад манай хашаанд байдаг дүүгийнхээ гэрт ороод хэвтэж байтал цагдаа нар ирж намайг цагдаагийн газар дээр эрүүлжүүлэх байранд хонуулсан. Эхнэр Б-тэй гэр бүл болоод 26 жил болж байгаа ба түүнийг зодож цохиж байсан удаа байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тогтоол, гуталд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 124 дүгээр дүгнэлтээр тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Т-гийн хохирогч Ц.Б-ийн толгойн тус газар гутлаар цохисон үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ийн биед тархины доргилт, толгойн хуйханд эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 124 дүгээр дүгнэлт /хх-ийн 31 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ц.А, Г.Г, Ж.О нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Увс аймгийн Авто тээврийн төвийн 59 тоот албан бичиг, Увс аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 1/226 тоот албан бичиг, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтууд /хх-ийн 27, 28, 29, 40, 43, 48, 50 тал/-аар шүүгдэгч Г.Т нь өмчлөлдөө эрхийн улсын бүртгэлийн Г-1520000156 дугаарт бүртгэлтэй 1104 мкв газартай, 27-96 УВХ улсын дугаартай Hyundai starex загварын авто тээврийн хэрэгсэлтэй, хувиараа автотээврийн үйлчилгээ эрхэлдэг, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 15-6 тоотод ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг байх ба анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна.
Хохирогч Ц.Б нь гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 24 тал /гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Т-гээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Т-д торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Г.Т хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогчийн эзэмшлийн хар өнгийн хос гутал 1 ширхэгийг хураан авсан байх ба уг гутал нь цаашид ашиглагдах бүрэн боломжтой байх тул эзэмшигч буюу хохирогч Ц.Б-т буцаан олгож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г-ын Т-г 550 /таван зуу тавин/ нэгжтэй тэнцэх буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгуулийн ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хар өнгийн хос гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч буюу хохирогч Ц.Б буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА