Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 110/ШШ2025/0041

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                           зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                                 болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн С.Еркеш би, Раушан” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс, тус аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан, “Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргын 2023.12.28-ны өдрийн “Илтгэх хуудас” , аймгийн Засаг даргын 2023 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Раушан” өрхийн эрүүл мэндийн төвийн гурвалсан гэрээний бүтэн жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудсыг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

““Раушан” ӨЭМТ-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдох хэрэгт “Раушан” өрхийн эрүүл мэндийн төв нь хариуцагчийн шаардлагын дагуу тус төвийн эмч, ажилчдын 70-аас дээш хувийг “Раушан” нөхөрлөлийн гишүүнээр нэмсэн байх тул хариуцагч Эрүүл мэндийн газрын даргын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.     

2. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн ахлагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Миний бие аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш нь аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан.

Нэхэмжлэгч “Раушан” өрхийн эрүүл мэндийн төв нь хариуцагчийн зүгээс тавьсан үүргийг биелүүлсэн байх тул хариуцагч ажлын хэсгийн ахлагчийн хувьд, мөн аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “Раушан” өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргын 2023.12.28-ны өдрийн “Илтгэх хуудас” болон аймгийн Засаг даргын 2023 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Раушан” өрхийн эрүүл мэндийн төвийн гурвалсан гэрээний бүтэн жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудсыг тус тус хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

““Раушан” өрхийн эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдуулан “Раушан” өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны бүтэн жилийн гэрээний биелэлтэд хийсэн үнэлгээний хуудас хүчингүй болгуулах, Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын дарга нарын гарын үсэг бүхий илтгэх хуудсыг хүчингүй болгуулах хэрэгт хариуцагч Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргын зүгээс тавьсан шаардлагыг нэхэмжлэгч биелүүлсэн, талууд харилцан хүлээн зөвшөөрч байна. Иймд, ажлын хэсгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

            1.“Раушан” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-өөс “Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргын 2023.12.28-ны өдрийн “Илтгэх хуудас”, аймгийн Засаг даргын 2023 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Раушан” өрхийн эрүүл мэндийн төвийн гурвалсан гэрээний бүтэн жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудсыг тус тус хүчингүй болгох”  шаардлагатай нэхэмжлэлийг тус аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт холбогдуулан гаргасан.  

            2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга болон аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгээс тус тус “Раушан” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан байх  тул хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “Раушан” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргын 2023.12.28-ны өдрийн “Илтгэх хуудас”, аймгийн Засаг даргын 2023 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн “Раушан” өрхийн эрүүл мэндийн төвийн гурвалсан гэрээний бүтэн жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудсыг тус тус хүчингүй болгох”  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “Раушан” өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/855 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого  болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                              

ШҮҮГЧ                                      С.ЕРКЕШ