Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1171

 

Б.Л, Т.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч А.Буянжаргал,

шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/919 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Л, Т.Х нарт холбогдох 2209 02682 1938 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Б-ын Л, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг эцэг, эх болон Хүүхдийн төлөө газарт хариуцуулж шийдвэрлэсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 967 дугаар шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс 10 сар 24 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 561 дүгээр магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,

2. Б овгийн Т-ийн Х, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ам бүл ... нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/599 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон;

Б.Л, Т.Х нар нь бүлэглэж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Фантом”-ын сааданд 2022 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө У.Бийн хоолойг боож, газарт унаган хүч хэрэглэж, түүний эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг өмдний халааснаас нь авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Л, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Б-ын Л, Б овогт Т-ийн Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Л, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил, 2 /хоёр/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил, 2 /хоёр/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Т.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 222 /хоёр зуун хорин хоёр/ хоногийг, шүүгдэгч Т.Хгийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Л, Т.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Л гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ анх мэдүүлэг өгсөн цагаасаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, хохирол, гомдлыг анхан шатны шүүх дээр байх хугацаанд бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу хорих ялын доод хэмжээг хоёрны нэгээс багагүй хугацаагаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн миний чин сэтгэлийн хүсэлтийг минь хүлээн авч тусалж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Т.Х гаргасан давж заалдах гомдолдоо:  “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Миний бие анх мэдүүлэг өгсөн цагаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд байх хугацаандаа хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Би ээж болон гурван дүүгийн хамт амьдардаг. Ээж маань олон жил архи ууж архины хамааралтай болсон тул дүү нарыг авч явж чадахгүй хүн байдаг. Би цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй, гурван дүүгээ харж хамгаалж явна гэдгээ эрхэм шүүгч нарт амлаж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэн хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ламжав, Т.Х нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан. Мөн миний үйлчлүүлэгч Т.Х нь “Би ээж болон гурван дүүгийн хамт амьдардаг. Ээж маань олон жил архи ууж архины хамааралтай болсон тул дүү нарыг авч явж чадахгүй хүн байдаг” гэж дурдсан байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Л нь “Би хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэж гомдол гаргасан. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хэдийгээр миний үйлчлүүлэгч урьд 3 удаа ял шийтгүүлж байсан боловч “би одоо өөрийгөө засан хүмүүжүүлнэ. Хорих ял дээрээ олон жилийн ял нэмүүлмээргүй байна. Би бүхнийг ойлгож, ухаарсан” гэж илэрхийлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтойгоор зохицуулсан байх тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудал болон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний асуудал дээр анхан шатны шүүх зөрүүтэй байдлаар огт шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан байхад миний үйлчлүүлэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч хэрэгжүүлээгүй” гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж заасан. Шүүгдэгч нар нь анхан шатны шүүх хуралдаанаас хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авч хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд шүүгдэгч Б.Л, Т.Х нар нь бүлэглэн бусдын амь насанд аюултай байдлаар довтолж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн. Тухайлбал, хохирогчийг боож ухаан алдуулж унагаасны дараа шүүгдэгч Т.Х хохирогчийн халааснаас гар утсыг нь авсан байдаг. Энэхүү байдлаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүгдэгч нарт хэрэглэх боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгч Б.Л нь урьд хэд хэдэн удаагийн шийтгэх тогтоолоор шийтгүүлж, ял эдэлж байсан бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор засрал хүмүүжлийг олж авч чадаагүй. Харин шүүгдэгч Т.Х нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд оргон зайлсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зүйлгүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Л, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Л, Т.Х нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Фантом”-ын сааданд 2022 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө У.Бийн хоолойг боож, газарт унаган хүч хэрэглэж, түүний эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг өмдний халааснаас нь авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч У.Бийн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө найз Г-ын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Фантомын сааданд юм ярьж сууж байгаад 03 цагийн үед ганцаараа салаад найз Г-тэй уулзахаар 1 дүгээр сургуулийн урд талаар алхаад явж байтал үл таних хоёр залуу таараад нэг нь намайг шууд боосон. Тэгээд газар унах үед нөгөөх нь миний халаасыг тэмтэрч байгаад гар утсыг аваад тухайн залуучууд баруун хойшоо Мөнгөн завъяа чигтээ зугтаад явсан. ...Надтай гудамжинд таараад намайг боогоод миний гар утсыг дээрэмдээд зугтаасан. ...2022 оны 4 дүгээр сард таньдаг ахаасаа 1.100.000 төгрөгөөр авч байсан “Самсунг А52” маркийн гар утас байсан. ...Тэр хүмүүсийн царайг сайн хараагүй. Араас боогоод манарах үед утас аваад явсан. ...Ингээд өөрийн найз Ганжигүүр дээр очоод болсон асуудлаа хэлээд 03 цаг 49 минутад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шууд амьсгалах боломжгүй болтол хурдан боосон. ...” /хх 11-12/,

гэрч Б.Г-ийн “...2022 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цаг 40 минутад манай найз У.Б өөрийнхөө дугаараас залгаад “хаана явж байна, уулзья, ирээд авчихаач” гэхээр нь Blue Sky дээр уулзахаар тохирсон. Ингээд би тэнд очоод хүлээж байтал найз маань дээрэмдүүлчихлээ гээд хүрээд ирсэн. Ингээд У.Бтой хамт дээрэмдүүлсэн гэх газар нь очсон ба тэр хавиар хүн байгаа эсэхийг харахад онц зүйл ажиглагдаагүй. Тэгээд цагдаад миний утаснаас дуудлага өгсөн. ...” /хх 16/,

шүүгдэгч Б.Л, Т.Х нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх 81, 87-88/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Л, Т.Х нарыг “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Л, Т.Х нарын бүлэглэн хохирогч У.Бийн хоолойг боож, газарт унаган хүч хэрэглэж, түүний эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Л, Т.Х нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Шүүгдэгч Б.Л, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.

Шүүхээс шүүгдэгч Б.Л, Т.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаас хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэм бурууд нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/919 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Л, Т.Х нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тус бүр 85 /наян тав/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/919 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Т.Х нарын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 85 /наян тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ