| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0043/э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Х.Энхтуул,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Болормаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын Бт холбогдох 1835000640062 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 15-16 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЙ77111216, Б овогт С-ын Б.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч С.Б нь 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутаг Анар зочид буудалд хохирогч Д.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч С.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Анар зочид буудалд хохирогч Д.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.А-ийн “Би 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Улаангом сумын 3-р багт байрлах битүү зах дээр явж байтал зүс таних Энхболд, Б хоёр тааралдсан. Бид гурав хамт дэлгүүр орж нэг шил архи аваад Улаангом сумын 7-р багт байрлах Анар зочид буудлын нэг давхарын өрөөнд нэг шил архи, 2 л баавгайн зурагтай пиво байсныг хувааж уугаад байж байтал нөгөө хоёр залуу маргалдаад Э-ыг Б чи гарч бай “би Д.А-тай учраа олно” гэж хэлсэн. Тэгээд би гарна гэтэл намайг гаргахгүй гээд санамсаргүй байтал миний хамар луу Б баруун талын бөгжтэй гараараа нэг удаа цохьсон юм. Намайг Б цохиж байхад Э хажууд харж байсан. Миний хамараас цус их гарсан. ...Миний толгой өвдөөд байна. Б намайг зодсонд гомдолтой байна. Би хамараа хуучин хэвэнд оруулж эмчлүүлж засуулж авмаар байна. Одоо надад эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй. Хамараа эмчлүүлж хохирлоо гаргуулж авмаар байна. Одоогоор хэдэн төгрөгний хохирол учирсныг тодорхой хэлж нэхэмжлэх боломжгүй байна” /хх-ийн 04-05 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч О.Э-ын “Би 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр зах гараад явж байтал танил Б гэдэг залуу надтай битүү зах дотор таарсан юм. Бид хоёр дагалдаад явж байтал миний танил үерхдэг байсан найз Д.А бас битүү зах дотор тааралдсан юм. Бид гурав хамт дэлгүүр орж С.Б нэг шил архи, нэг пиво аваад Улаангом сумын 7-р багт байрлах “Анар” гэх хоёр давхар зочид буудалд орж архи, пиво ууж дууссан. Тэгтэл Д.А гарч явна гэхээр нь би бас явна гэж хэлсэн. Д.А буудлын өрөөнөөс гарах гэтэл гаргахгүй гээд С.Б баруун гараараа Д.А-ийн хамар тус газар нэг удаа цохисон. Тэр үед Аюушийн хамраас цус их гарсан ба хамар нь хавдсан байдалтай байсан. Бид гурав тухайн үед архи согтууруулах ундааг адилхан хэмжээтэй хэрэглэсэн. Анар зочид буудлын өрөөнд байхад А-ийг үнсэх үйлдэл Б огт гаргаагүй. Тухайн үед бид гурав архи хэрэглэсэн байсан боловч ухаан санаагаа алдаагүй байсан” /хх-ийн 6-7 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч Я.Б-ийн “ Би хувиараа Анар зочид буудлыг түрээслэн ажилуулдаг юм. 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед нэг эмэгтэй, хоёр эрэгтэй халамцуухан ирээд буудлын өрөөг 2 цагаар авсан юм. Удалгүй нэг эрэгтэй гараад явсан. Үлдсэн эрэгтэй эмэгтэй хоёр зодолдож цохилдсон талаар хараагүй. Коридорт эмэгтэй хүнийх нь хамраас цус гарч байсан.” /хх-ийн 8 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч Б.П-ын “С.Б нь манай ээжийн төрсөн ахын хүүхэд бөгөөд хүүхэд байхаасаа их даруухан хүнд тусархуу хүүхэд байсан. Янз бүрийн зан аашгүй мал хариулж байдаг хүүхэд байсан. С.Б 2006 онд гэр бүл болж ээжтэйгээ хамт Сэлэнгэ аймаг шилжиж яваад 2014 онд нутагтаа нүүж ирсэн. Сэлэнгэ аймагт байхдаа зам тээврийн осолд орж Улаанбаатар хотод бие муу байж байгаад нутагтаа шилжиж ирсэн. Гэмтэл авснаас хойш бие нь хаяа хаяа өвдөөд ухаан алдаж унадаг болсон. Гэр орондоо архи хэрэглэдэггүй, амьдрал муутай, хөрөнгө мөнгөний боломж муутай амьдардаг хүн юм” /хх-ийн 9 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
гэрч С.З-гийн “С.Б миний төрсөн дүү ээжтэй хамт амьдардаг юм. Бага байхдаа гар нь галд түлэгдсэн тул байнга эмнэлэгээр эмчлүүлдэг. 1-р ангид сурч байгаад хөдөө мал дээр гарсан. Багаасаа их огцом ууртай, уур нь гарсны дараа хийсэн үйлдлээ санадаггүй хүүхэд байсан. Бид бодохдоо бага байхдаа түлэгдэж хүчтэй эм тариа хийлгэснээс болж оюун ухаанд нь өөрчлөлт орсон байх гэж боддог. 2008 онд ээжтэй хамт Сэлэнгэ аймаг рүү шилжиж очоод 2013 оны хавар мотоцикльтай зам тээврийн осолд орж Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт 2 сар гаруй эмчилгээ хийлгэсэн. Тэр үед 40 орчим хоног ухаангүй байж байгаад ухаан орсон. 2013 онд осолд орсноосоо хойш сэтгэцийн хувьд өөрчлөлттэй болсон гэдэг нь илт мэдэгдэж байдаг. Хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалтай группт байдаг. Уурлахдаа үхнэ гэдэг. Амиа хорлохыг 2 удаа завдсан юм. Группын мөнгөөрөө байнга эмчилгээ хийлгэдэг. С.Б толгой нь өвдөхөөрөө олон хоног хэвтдэг хаяа хаяа бие нь муудаад унасан гэж ээж хэлдэг. Уурласан үедээ юу ч хийж мэдэхээр айдас төрүүлдэг, энгийн үед гайгүй хэвийн байдаг” /хх-ийн 10 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
шүүгдэгч С.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед зах дээр явж байгаад Э-той тааралдсан. Бид хоёр захаас гараад явж байтал А-тай тааралдаж Анар зочид буудалд орсон. Тэнд нэг шил 0,5 л хэмжээтэй ерөөл гэдэг архи аваад бид гурав хувааж уусан. А согтоод орилоод янз бүрийн юм яриад байсан. Тэгэхээр нь би 2 л хэмжээтэй пиво дэлгүүрээс авч ирээд бид буудалд хувааж уусан. Тухайн архи, пиво адил хувааж уусан. Энхболдыг гарч явна гэхээр нь бид хоёр жоохон маргалдаад, Аюуш нь орилоод байхаар би уур хүрээд нэг удаа нүүр лүү нь цохиод буудлаас гараад явсан. Түүний хамраас цус гарч байсан. Би дахин А-ийг цохих үйлдэл гаргаагүй” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 163 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Б хохирогч Д.А-ийн нүүрэн тус газар гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогч Д.А-ийн биед хамрын хянга ясны хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 163 дүгээр дүгнэлт /хх-ийн 14 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч С.Б нь 50.000 төгрөг төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаанд сарниулна гэж заасан боловч хохирогч Д.А нь энэ хугацаанд эдийн засгийн боломжгүйн улмаас хамрын хянга ясны хугарал гэмтэлд эмчилгээ хийлгэж чадаагүй байна.
Иймд хохирогч Д.А нь өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.П, С.З нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Увс аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 1/259 тоот албан бичиг, сэтгэцийн байдлыг тогтоосон 08 тоот акт, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтууд /хх-ийн 9, 10, 37, 57, 18-20, 64 тал/-аар шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 15-16 тоотод ам бүл 2, ээжийн хамт оршин суудаг, өөрийн гэсэн эд хөрөнгө үгүй, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх ба сэтгэцийн хувьд эрүүл, гэмтлийн улмаас тархины судасны эмгэгшилтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч С.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт үйлдсэн болон түүний эрүүл мэндийн, эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч С.Б хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд хорих ялын санкц байхгүй, зорчих эрх хязгаарлах ял хэрэгжиж эхлээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч С.Б хэрэг хариуцах чадваргүй, өвчтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлд заасны дагуу ял эдлэхээс чөлөөлж өгнө үү” гэх санал гаргасныг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С-ын Б-ийг 450 /дөрвөн зуу тавин/ нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 50000 /тавин мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.А нь өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА