Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/1163

 

 

 

 

 

 

  2023          12             06                                          2023/ДШМ/1163

 

Г.Ё-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Г.Ё, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/616 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ё, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Ё-од холбогдох 2210016180318 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн ...-ын ..., 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ .... ажиллаж байсан,  ам бүл .., ... аймгийн .. сум, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .. дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух, /РД: ................/,

Шүүгдэгч Г.Ё нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын албан өрөөнд хохирогч М.Э-ыг хулгайн гэмт хэрэгт сэрдэж, хэрэг хүлээлгэх зорилгоор “машин чинь хаана байна, машиндаа үзлэг хийлгэчихээд яв” гэж эрүү шүүлт тулгаж биед халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Ё-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ё-ийг Төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар; мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрүүдэн шүүж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Ё-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Ё-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоногийн буюу 3 сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ё-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, “Орро” загварын цагаан өнгийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч, хохирогч М.Э-т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Ё-од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Э-т төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Ё-од урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ё гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэлт дүгнэлт гаргах явцад хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 14 дэх талд 2.2 буюу яллах, өмгөөлөх талын санал дүгнэлт хэсэгт “өөрийн гэмт үйлдлээ ухамсарлаагүй” мөн тогтоолын 15-16 дахь талын 2.3 хууль зүйн дүгнэлт хэсэгт “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй маргасан” гэж хүндрүүлэн дүгнэж хорих ял оногдуулсан. Миний бие хуульд заасан өмгөөлөх өмгөөлүүлэх эрхээ эдлэсний үндсэн дээр хорих ял оногдуулсантай санал нийлэхгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгоор хохирогчтой харилцаанд ороогүй байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйл ангид зааснаар зүйлчилсэн нь хуульд заасан үндэслэлийг зөрчсөн гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ё-ийн өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/616 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлд “эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ. Энэхүү тодорхойлолт нь хуулийн дагуу авах шийтгэл, арга хэмжээ, түүнээс үүдэн буюу холбогдон үүсэх зовлон, шаналалд хамаарахгүй хэмээн” тодорхойлсон байдаг.

Дээрх конвенцын тодорхойлолт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дүгээр зүйлд заасан “Эрүүдэн шүүх” гэмт хэргийн шинжтэй үндсэндээ давхцдаг. Эрүүгийн хуулиас илүү өргөн хүрээнд тодорхойлсон гол ойлголт нь “хэн нэг хүн... гурав дахь этгээд” гэх байдлаар субьектийг илүү өргөнөөр томьёолсонд оршино. Бусад нөхцөл байдлын тухайд уг конвенц нь манай улсын Эрүүгийн хуулийн Эрүүдэн шүүх гэмт хэргийн обьектив талтай ялгаагүй адил юм. Гэтэл шүүгдэгч Г.Ё-ийн холбогдоод хэрэг дээр шүүгдэгч хохирогч хоёрын хооронд шууд харилцаа үүссэн болохоос хэн нэгэн этгээд буюу гурав дахь этгээдийн оролцооны тухай үйл баримт байдаггүй.

Ромын дүрмийн 7 дугаар зүйлийн (е)-д “эрүү шүүлт тулгах” гэж цагдан хоригдож байгаа этгээд буюу хараа хяналтад яллагдагчид хүчтэй өвдөлт буюу бие махбодийн болон сэтгэл санааны зовиур шаналгаа учруулсныг хэлнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь цагдан хоригдож байгаа яллагдагчид илүү хамаатай тодорхойлолт байдаг. Гэтэл Г.Ё-ийн хэргийн тухайд хохирогч нь цагдан хоригдсон этгээд байгаагүй.

Ингээд дүгнэхээр шүүгдэгч Г.Ё нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээний яг ямар хэм хэмжээг зөрчсөнийг анхан шатны шүүх тогтоолдоо дурдаагүй тойрсон байдаг. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлд заасан шиг Г.Ё нь хохирогч М.Э-оос ямар мэдээ сэлт өгөхийг шаардсан бэ, ямар сэрдэгдсэн хэрэгт шийтгэхээр айлган сүрдүүлж, шахалт үзүүлж, алагчилсан бэ гэх асуулт тавигдана. Хэрэг гардаг өдөр иргэнээс хулгайн хэргийн талаар өргөдөл гомдол М.Э-ын нэр дээр ирсэн үү, өөрөөр хэлбэл сэрдэгдсэн үү. Ер нь эрүүгийн дугаартай эзэн холбогдогч тогтоогдоогүй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт шийтгэхээр айлгаж, шахаж, сүрдүүлсэн үү. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар дээр дурдсан үйл баримт байдаггүй.

Дээрх бүгдээс дүгнэвэл шүүгдэгч Г.Ё-ийн үйлдэл нь олон улсын гэрээн заасан эрүүдэн шүүх гэдэг ойлголтод хамаарахгүй байна.

Харин Г.Ё нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн үү гэдэг дээр дараах үндэслэлээр маргаж байгаа болно. Үндэслэл нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субьектив талын хамгийн гол шинж бол гэмт этгээдийн зорилго юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заахдаа төрийн албан хаагч нь тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэх оногдуулах, ялгаварлах зорилгоор хэмээн заасан байдаг. Эндээс харвал гэмт этгээд дөрөвхөн төрлийн зорилгоор энэхүү гэмт хэргийг үйлдэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Ё-ийн мэдүүлэг болон хохирогч М.Э-ын удаа дараагийн мэдүүлэгт дурдагдсанаар “автомашин хаана байгаа вэ, автомашинд чинь үзлэг хиймээр байна” гэх зорилгоор маргаан үүссэн болох нь нотлогдон тогтоогддог. Энэ нь Эрүүдэн шүүх гэмт хэргийн субьектив талын үндсэн шинжийг хангахгүй байна.

2. Автомашинд үзлэг хийх гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны нэгэн төрөл бөгөөд энэ ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан обьектив талын шинж дотор байхгүй. Хууль тогтоогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаануудаас ганцхан “тайлбар, мэдүүлэг авах” гэдэг шинжийг л эрүүдэн шүүх гэмт хэрэг дотор оруулсан байдаг. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд “мөрдөн шалгах ажиллагаа явуулах зорилгоор” хэмээн бичсэн байсан бол мэдүүлэг авахаас гадна бусад үзлэг, нэгжлэг хийх, хураан авах гэх мэт бүх төрлийн мөрдөн шалгах ажиллагаанууд энэ гэмт хэргийн ойлголтод багтах байлаа. Гэтэл хуульд Эрүүдэн шүүх гэмт хэргийн хүрээ хязгаарыг хумиж, зөвхөн 4 төрлийн зорилгыг хуульчилж, төрийн алба хаагч нь энэхүү 4 төрлийн зорилгоор бусдыг эрүүдэн шүүвэл гэмт хэрэгт тооцогдохоор байна. Эндээс дүгнэвэл мөрдөгч Г.Ё нь иргэн М.Э-ын биеэс гарсан автомашины түлхүүрийг хараад түүний автомашин хаана байгааг асууж, улмаар автомашиндаа үзлэг хийлгүүлээд яв хэмээн шаардсан нь Эрүүдэн шүүх гэмт хэргийн обьектив талын шинжид хамаарахгүй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад, шүүгдэгчийн зүгээс хохирогч М.Э-оос мэдүүлэг өг хэмээн шаардаагүй байдаг. Мөн нотлох баримтаас харахад, шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ямарваа нэгэн хэргийг хүлээлгэх талаар ямар ч харилцан яриа явагдаагүй байдаг. Хохирогч М.Э-ыг анх саатуулж, цагдаагийн хэлтэс дээр хүргэсэн цагдаа гэрч Б.Сундуйдоржийн мэдүүлэгт “...Уг настай хүний хажууд нь М.Э гэгч нь зогсож байгаад уг настай эгчийн цүнхтэй тал руу нь гар яваад юм авах шиг болсон чинь автобус зогсож, тухай настай эгч автобуснаас буухаар нь би М.Э дээр очиж өөрийгөө танилцуулж биед байгаа эд зүйлээ шалгуулаарай гэх үед М.Э шаардлага эсэргүүцэж би юм аваагүй чамд шалгуулах шаардлагагүй гэж хэлэхээр нь хэлтэс дээр авч очиж...” хэмээн мэдүүлсэн.

Дээрх мэдүүлгээс харахад, М.Э бусдын эд зүйлийг хулгайлахаар сэжигтэй үйлдэл хийж, улмаар шаардлага эсэргүүцсний төлөө саатуулагдсан болохоос уг настай эмэгтэй нь эд зүйл хулгайд алдлаа хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байна. Мэдүүлэгт дурдагдсан настай эмэгтэйгийн цүнхнээс эд зүйл хулгайлсан гэх эрүүгийн хэргийг хүлээлгэх талаар шүүгдэгч Г.Ё нь ямар ч ажиллагаа хийгээгүй. Шүүгдэгчийн зүгээс М.Э-ыг автобусанд болсон хэргийг хүлээлгэхээр эрүүдсэн талаар ямар ч баримт байдаггүй бөгөөд хохирогч М.Э нь олон удаагийн мэдүүлэгтээ энэ талаар юу ч яриагүй байдаг. Бас Г.Ё нь мөрдөгч бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар мөрдөгч нь бусдад ял шийтгэл оноодог эрх бүхий субьект биш юм.

4. Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Эрүүгийн хууль түүн дотроо тодорхой төрлийн гэмт хэргийн шинж нь тухайн гэмт этгээдийн гэмт үйлдэлтэй яв цав тохирч байх ёстой. Түүнээс тухайн гэмт үйлдэл Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тусгагдаагүй байвал заавал аль нэг обьектив талын шинж дотор багтааж, хамаатуулан тайлбарлаж огт болохгүй юм.

Дээрх бүгдээс дүгнэхэд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шүүгдэгч Г.Ё-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож түүнийг хэлмэгдүүлсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

1. Шүүгдэгч Б.Ёийг прокуророос яллаж буй баримтууд болох шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт бол нотлох баримтыг шаардлага хангахгүй юм. Учир нь шинжээч эмч О.Нансалмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан худал дүгнэлт гаргах хэмээх зүйл ангийг сануулахдаа хуучин хүчингүй болчихсон хуулийг сануулж, дүгнэлт гаргуулсан байдаг. Иймээс энэхүү дүгнэлт нотолгооны чадвараа алдсан хэмээн дүгнэж байна.

2. Хохирогч М.Э-оос гаргаж өгсөн гар утасны ярианы бичлэгүүд бол гэмт хэргийн замаар олж авсан баримтууд бөгөөд үүнийг нотлох баримтаар огт үнэлж болохгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол гэмт хэрэг хэмээн заасан. Гэтэл хохирогч нь шүүгдэгчид өөрт нь огт хэлэлгүйгээр түүнтэй ярилцах үедээ яриаг нь бичлэг хийн авч байсан үйлдэл бол дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа юм. Ийм нөхцөл байдалд бэхжүүлсэн баримтыг шүүхээс яавч нотлох баримтаар үнэлж болохгүй.

3. Дуу хоолойг шинжилсэн шинжээч Д.Мөнхбаатарын 1110 дугаар дүгнэлт нь Шинжилгээний тухай хуульд заасныг зөрчсөн дүгнэлт юм. Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1, 18.1.7-д тус тус зааснаар шинжээч нь шинжилгээ хийсэн явцыг дүгнэлтэд заавал тусгах ёстой. Гэтэл шинжээч нь зөвхөн хохирогчоос ирүүлсэн шинжилгээний обьект болох гар утас, түүний санах ойны ярианы бичлэгийг шинжилсэн бөгөөд харин Г.Ё-ийн дуу хоолойг харьцуулахдаа Г.Ё-оос дуу хоолойг хаанаас яаж олж авсан талаар дүгнэлтэд дурдсан зүйл огт алга байна. Г.Ё-оос түүний дуу хоолойг харьцуулахаар хэрхэн дээж авсан талаар дүгнэлтэд огт байхгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчоос өгсөн шинжилгээний обьект байхаас гадна мөн шүүгдэгч Г.Ё-ийн дуу хоолойны дээж буюу хоёр обьектыг хооронд нь харьцуулах ёстой атал зөвхөн нэг талын гарган өгсөн баримтыг шинжилсэн байна. Мөн мөрдөгчөөс Г.Ё-ийн дуу хоолойг шинжилгээнд зориулан дээж, хэв хэлбэр авсан тухай ямарч тэмдэглэл байдаггүй. Иймд энэхүү дүгнэлт нь хууль зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Бас нэгэн үндэслэл бол бусдыг мөрдөн мөшгиж олж авсан гэмт хэргийн шинжтэй баримтыг шинжилж байгаа шинжээчийн дүгнэлт бол хууль бус баримтаас улбаалан үүсэж байгаа баримт буюу дагаад хууль бус нотлох баримт болох юм. Хортой модноос ургасан жимс ч гэсэн мөн адил хортой гэдэг.

4. Хавтаст хэргийн 31 дүгээр талд хохирогч М.Э нь өөрийн биед учирсан гэмтлийг гэмтлийн эмнэлгийн эмчид тэмдэглүүлэхдээ гудамжинд хэмээн бөглүүлсэн байдаг. Гэтэл хохирогч цагдаагийн хэлтэс дотор зодуулсан гэж мэдүүлдэг атлаа эмнэлэгт хэлэхдээ гадаа гудамжинд гэж хэлж байжээ. Энэ бол түүнийг худал ярьж байгааг илтгэх бөгөөд тэрээр шүүгдэгч Г.Ё-той уулзахаасаа өмнө хамар гэмтсэн байсныгаа зориуд Г.Ё гэмтээсэн болгож гүтгэж байх өндөр магадлалтай юм. Түүнд бусдыг гүтгэх хангалттай сэдэл, шалтгаан, зорилго байгаа учир нь, тэрээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, тэр дундаа мөрдөгч Г.Ё дээр хулгайлах гэмт хэргээр байнга шалгагддаг этгээд юм.

Дээрх үндэслэлүүдээс нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан” хэмээн заасан бөгөөд мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэр гаргана.” гэж заажээ.

Эндээс дүгнэхэд хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан баримтыг нотлох баримтаар тооцохгүй бөгөөд ийм баримтыг шүүх нь хэрэг шийдвэрлэхдээ ашигласан тохиолдолд ноцтой зөрчилд тооцогдохоор байна. Шүүгдэгч Г.Ё нь хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэх баримтууд нь хууль бус, нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Иймээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг дээрх баримтуудаар нотлохгүй. Хохирогчийн зүгээс урд өмнө удаа дараа хулгайн гэмт хэргээр мөрдөгч Г.Ё дээр шалгагдаж байсан тул түүнд өш санаж зориуд санаатайгаар гэмт хэрэгт гүтгэсэн хэмээн дүгнэхээр байна. Миний үйлчлүүлэгч Г.Ё нь хохирогч гэх М.Э-ын биед хөнгөн хохирол санаатай учруулаагүй бөгөөд түүнийг буруутгаж буй баримтууд бүгд нотолгооны чадвараа алдсан байх тул цагаатгаж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хууль ёсны шийдвэр гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч өөрт учирсан гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн, яаж учруулсан талаараа хуульд заасны дагуу эх сурвалжийг тодорхой заан мэдүүлсэн байдаг. Хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогддог. Шүүгдэгч Г.Ё-ийн өмгөөлөгчөөс эрүүдэн шүүсэн нь нотлогдохгүй байна гэж байгаа боловч Эрүүдэн шүүх гэмт хэргийн гол шинж нь мөрдөгч байх ёстой. Мөрдөгчийн үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан салбар хуулиудад нийцэж байх ёстой. Шүүгдэгч Г.Ё нь хохирогчийг 6 цаг явуулахгүй байлгасан, машин байхгүй гэж хэлээд байхад 14 цагт асуугаад, 16-17 цагт дахин асуугаад, дараа нь цохиж хамар ясыг хугалж цусыг нь гоожуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Иймд шүүгдэгч Г.Ё болон түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Ё, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Г.Ё нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын албан өрөөнд хохирогч М.Э-ыг хулгайн гэмт хэрэгт сэрдэж, хэрэг хүлээлгэх зорилгоор “машин чинь хаана байна, машиндаа үзлэг хийлгэчихээд яв” гэж эрүү шүүлт тулгаж биед халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч  М.Э-ын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газар гаргасан гомдол /1 хх 11/,

хохирогч М.Э-ын “...Би 2022 оны 5 дугаар сарын 19-ний өглөө Нисэхийн автобусанд суугаад явж байхад “Хүннү молл”-ын автобусны буудал дээрээс зүс таних цагдаагийн алба хаагч суусан. Ингээд тэр цагдаагийн алба хаагч автобусанд явж байхдаа надад хандаж “надтай хамт хэлтэс дээр буу, шалгах юм байна” гэхээр нь би “за, за” гэж хэлээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн автобусны буудал дээр тэр цагдаагийн хамт буусан. Хэлтсийн байр руу хамт ороод хоёр давхарт гарч зүүн гар тийшээ эргээд алба хаагч нарын суудаг том өрөөнд оруулсан. Би тэр өрөөнд 09 цагийн үед орсон байх. Намайг авч ирсэн цагдаа миний биед үзлэг хийгээд миний гар утас, гэрийн түлхүүр, машины түлхүүрийг аваад Ё гэж цагдаад өгсөн. Ё машины түлхүүр харчихаад “энэ машин чинь хаана байгаа юм, шалгана” гэсэн. Би “хүүхэд эмнэлэгт үзүүлэх гээд явж байна машинтай байсан бол машинаараа явна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Ё “чи наанаа сууж бай” гэж хэлээд өөрөө орж гараад ажилтай яваад байгаа бололтой байсан. Тэгсээр байтал 14-15 цагийн орчим ахиад “машин чинь хаана байна” гээд байсан. ...намайг явуулчихаач гэхэд “Машин чинь хаана байна, машиндаа үзлэг хийлгэчихээд яв” гэхээр нь “би машингүй яваа” гэхэд Ё миний зүүн талын шанаа руу 2-3 удаа гараараа алгадсан. Тэгснээ гуя руу хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд хавсарч унагаасан Тэгэхээр нь би явган суусан чинь миний толгой дээр салтаагаа оруулаад дээрээс суусан. Тэгэхээр нь би болиоч гээд босоод ирсэн чинь Ё хойш унах гэж тэнцвэр алдсан. Тэгснээ “чи муу ямар овоо гар вэ?” гэж хэлээд баруун гараараа миний хамар руу нэг удаа цохисон чинь хамрын 2 нүхнээс зэрэг их хэмжээний цус гараад шалан дээр гоожсон. Би гараараа хамраа дараад хэсэг байсан. Ё надад ариун цэврийн цаас өгөөд би цаасаар нь арчаад, хамрын цусаа хогийн саванд нь жоохон гоожуулж байгаад ариун цэврийн өрөө орж угааж цэвэрлэсэн. Хамрын цус тогтохгүй болохоор нь ариун цэврийн цаасаар бөглөж тогтоосон. Ё намайг эргэж өрөөндөө оруулахад цэвэрлэгч ороод ирчихсэн миний цусыг цэвэрлэж байсан. Би сууж байхдаа хамраа бариад хоёр тийш нь хөдөлгөж үзэхэд шажигнаж дуугарч байсан. Тэгэхээр нь би Ё-т хамар хөдөлгөсөн чинь дуугараад байна хугарчихсан юм шиг байна, эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн чинь байж бай, чи машинаа олж өгчихөөд яв гэсэн. Тэгээд хэсэг суулгаж байгаад “за, за чи яваад эмнэлэгт хүүхдээ үзүүлчихээд 18 цагийн үед эргээд хүрээд ир” гэхээр би цагдаагийн хэлтсээс явсан. Гэртээ очиход хамт амьдарч байгаа Оюунтуяа хамар чинь яачихсан юм гэж асуухаар нь цагдаа цохичихсон юм гэхэд яасан гэж цохиж байгаа юм, наад цагдаатай чинь ярья гээд Ё-ийн дугаар руу залгаж яагаад хүний хамар цохидог юм, би яваад очъё, хэлдэг газар нь хэлье гэсэн чинь Ё эгчээ түр байж бай, би яваад очъё гээд удалгүй Ё манай гудамжинд ирлээ гээд залгасан. Оюунтуяа бид хоёр явж очиход, Ё “гомдол санал гаргаад яах вэ, би таныг эмнэлэгт үзүүлээд өгье” гэж хэлээд хүмүүс рүү залгаад намайг үзүүлэх эмнэлэг хайгаад байсан. Тэгж байснаа нэг хүнтэй яриад 3 дугаар эмнэлэгт таныг авч очоод үзүүлье гээд аваад явах гэхээр нь би яах юм бэ, би өөрөө хүүхдээ үзүүлэнгээ эмнэлэгт үзүүлье гэсэн. Тэгсэн чинь Ё надад байгаа 30.000 төгрөг байна, машиндаа ядаж бензин хий гэж хэлээд 30.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би гэмтэлд үзүүлчихээд Ётой утсаар яриад хамар хугарчихсан байна гэнэ гэж хэлэхэд Саппоро дээр хүрээд ир гэхээр нь би “Миний” дэлгүүрийн үүдэнд очоод Оюунтуяагийн хамт хүлээж байтал Ё хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “Хамар хугарсан байна” гэхэд Ё “адилхан эр хүн байж цагдаад гомдол, санал гаргаад яах вэ, энүүгээрээ учраа ольё, надад 200.000 төгрөг байна энийг шилжүүлье” гэж хэлээд шилжүүлэх гэхээр нь би яах юм бэ гэж хэлээд аваагүй. Ингээд маргааш нь би Цагдаагийн ерөнхий газрын үүдэнд ирээд би Ё руу залгаад би гомдлоо өглөө шүү гэхэд түр хүлээж байгаа гээд орой болтол хүлээсэн. Орой нь Баянгол зочид буудлын тэнд уулзахаар болоод би яваад очиход Ё бас нэг хүнтэй ирсэн, тэр хүн нь би Ёийн ахлах нь байгаа юм, манай хүн чамайг зодсон гэнээ тэр талаар ярих гэж ирлээ гэсэн. Тухайн хүн чи цагдаад өгөөд яахав, нотлогдох ч юм уу, нотлогдохгүй ч юм уу, сүүлд нь уулзаж учирна шүү дээ, чи ч ажлаа хийнэ, бид нар ч ажлаа хийнэ, яг яах гээд байгаа юм, гомдлоо гаргавал гарга гэсэн утгатай юм ярьчихаад явсан. Тэгээд би нэг дэх өдөр нь Цагдаагийн ерөнхий газарт гомдлоо өгсөн. Намайг авч ирсэн цагдаагийн алба хаагч намайг цохих үед яг хажууд зогсож байсан. Өөр алба хаагч нар орж гараад байж л байсан. Гомдолтой байна, хамраа эмчлүүлмээр байна. ...” /1 хх 21-22/,

хохирогч М.Э-ын дахин өгсөн “...Миний биед халдсан цагдаагийн алба хаагч нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг Ё гэх цагдаагийн алба хаагч, би уг цагдаагийн албан хаагчид зодуулсандаа гомдолтой байна. ...” /1 хх 110/,

гэрч Б.С-ийн “...2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Намайг халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллуулж байгаа. Би 2022 оны 5 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байх үед 09 цагийн үед “Хүннү молл”-ын автобусны буудал дээрээс Нисэхийн автобусанд сууж халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр автобусны буудал дамжиж байх үед уг автобусанд байсан хүмүүсийг ажиглаж байхад голын хаалга буюу буух хаалганы хажууд нэг настай эмэгтэй зогсож байсан. Уг настай хүний хажууд нь М.Э гэгч нь зогсож байгаад уг настай эгчийн цүнхтэй тал руу нь гар яваад юм авах шиг болсон чинь автобус зогсож тухайн настай эгч автобуснаас буухаар нь би М.Э дээр очиж өөрийгөө танилцуулж, биед байгаа эд зүйлээ шалгуулаарай гэх үед М.Э гэх хүн шаардлага эсэргүүцэж би юм аваагүй, чамд шалгуулах шаардлагагүй гэж хэлэхээр нь хэлтэс дээрээ авч очиж Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Мөнхбат даргад танилцуулахад наад хүнээ дэслэгч Ё-од хүлээлгэж өг гэж хэлсний дагуу эрүүгийн мөрдөгч Ё-т М.Э гэх хүнийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед М.Э гэх иргэнийг автобусан дотор сэжиг бүхий үйлдэл гаргасан учраас цагдаагийн байгууллагын төхөөрөмжөөр халаасны хулгайн хэрэг хийж байсан гэж гарч ирсэн болохоор хэлтэс рүү авч шалгуулах шаардлагатай гэж бодож мөрдөгч Ё-од хүлээлгэж өгсөн. Ё-т хүлээлгэж өгөх үед ямар нэг ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мөрдөгч Ё уг хүнийг Э байна гэж хэлж байсан. ...чи энэ хавиар яваад байгаа юм уу гэж нэлээн зандрангуй хэлж байсан. Тэгэхээр нь би Э гэгч нь өмнө нь бас баригдаж байсан юм байна гэж бодоод өрөөнөөс нь гарч явсан. ...” /1 хх 53-55/,

гэрч Б.Б-гийн “...2021 оны 7 дугаар сараас Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна. Би М.Э гэх хүний 2021 онд уг хэлтэст шилжиж ирснээс хойш таньдаг болсон. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн алба хаагч Ё болон холбогдогч гэх М.Э нарын хоорондын харилцаа нэлээн таарамж муутай маргалдсан нэг нэгийгээ түлхсэн байдалтай байж байсан. Уг өрөөнд дэслэгч Э.М байсан. Тэгээд М бид хоёр Г.Ё, М.Э хоёрыг салгаж суулгахад, Э өрөөнөөс гараад явсан. ...Нэг нэгнээ түлхэж байсан. ...” /1 хх 69-70/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8337 дугаар “...М.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Баруун гуянд цус хуралт гэмтэл нь тухайн хүний дархлаа бодисын солилцооноос хамаарч гэмтлийн эдгэрэлт нь харилцан адилгүй хугацаанд явагддаг тул хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт /1 хх 27-28/,

Дүрс оношилгооны хариу /1 хх 29/,

Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас /1 хх 31/,

2023 оны 02 дугаар сарын 08, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр М.Э-ын хэрэгт хавсаргахаар өгсөн, цагдаагийн алба хаагч Г.Ё-той утсаар ярьж буй ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /1 хх 100-104, 155-162/,

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хохирогч М.Э-оос түр хураан авсан ОРРО маркийн цагаан өнгийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1 хх 133/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын инженер техникийн шинжилгээний хэлтсийн даргын үүрэн гүйцэтгэгч, мэдээлэл технологийн мэргэшсэн инженер Д.М-ын дуу авианы адилтгалын шинжилгээ хийсэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1110 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 119-127/,

хохирогч М.Э-ын Хаан банкны 5031082573 дугаар дансны хуулга /1 хх 16/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт /1 хх 15/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ё-ийг Төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн, мөн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учраалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Ё-ийг хохирогч М.Э-т хэрэг хүлээлгэх зорилгоор Эрүү шүүлт тулгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Ё-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Г.Ё-ийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчтой харилцаанд ороогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн нь хуульд заасан үндэслэлийг зөрчсөн гэж үзэж байна. ...” гэх, түүний өмгөөлөгч О.Анхбаярын “...хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан баримтыг нотлох баримтаар тооцохгүй бөгөөд ийм баримтыг шүүх нь хэрэг шийдвэрлэхдээ ашигласан тохиолдолд ноцтой зөрчилд тооцогдохоор заасан ба шүүгдэгч Г.Ё нь хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэх баримтууд нь хууль бус, нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг дээрх баримтуудаар нотлохгүй. Хохирогчийн зүгээс урьд өмнө удаа дараа хулгайн гэмт хэргээр мөрдөгч Г.Ё дээр шалгагдаж байсан тул түүнд өш санаж зориуд санаатайгаар гэмт хэрэгт гүтгэсэн хэмээн дүгнэхээр байна. Миний үйлчлүүлэгч Г.Ё нь хохирогч гэх М.Э-ын биед хөнгөн хохирол санаатай учруулаагүй бөгөөд түүнийг буруутгаж буй баримтууд бүгд нотолгооны чадвараа алдсан байх тул цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ё-ийг хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгасан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж  шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ё, түүний өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Ё-ийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 77 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/616 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ё, түүний өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ё-ийн цагдан хоригдсон 77 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                                 ШҮҮГЧ                                              М.АЛДАР

 

                 ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР