Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00788

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00788

 

 

 

 

Ч.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00323 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Б, Ж.Г, М.С, Д.Н нарын хариуцагч СБДАХ НҮТББ-д холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тус бүр 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, Ж.Г, М.С, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг СБДАХ НҮТББ-д 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлсэн байхад 4 сарын сүүлээр бид нарт танилцуулсан. Энэ асуудалд эдийн засгийн хувьд санхүүгийн хэмжээг нэмэх талаас нь ярьсан. Ахмадуудын аж амьдрал тааруу байсан учраас тухайн асуудлын талаар хэлж байсан. Гэтэл тухайн үеийн ахмадын хорооны дарга зөвшөөрөөгүй. Бид үүнээс хойш ажлаа хийх гэтэл ерөөсөө ямар ч ажил байхгүй, бүх аж ахуйнуудыг тараагаад ахмадууд орох эрхгүй болсон. Тэгээд ажил зохиож байна гэх нэрийдлээр баахан хүн амралтанд авч явж хий дэмий мөнгө үрдэг. 2016 онд Засгийн газраас тогтоол гаргаад хориглосон байхад үйл ажиллагаа хийж байсан. Бид санхүүч, эдийн засагч мэргэжилтэй болохоор мөнгө санхүүгийн асуудалд маргаан гарахаас сэргийлж бид нарыг чөлөөлсөн гэж үзэж байна. Зун амралттай байхад бид бүгдийг тогтоолоор чөлөөлсөн. Бид хорооныхоо 600-700 хүний дундаас шалгарч гарсан хүмүүс. Тэргүүлэгчдийн хурлаар шинэ дүрэм баталсан байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд хорооны ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, хариуцагчаас 1 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолд дурдсан асуудалд хариуцагч талаас тайлбар гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Биднийг чөлөөлөх үндэслэлийг дүрэмд тусгасан байдаг. Үүнд өөрийн хүсэлтээр, эрүүл мэндийн хувьд ажиллах чадваргүй болох, хууль тогтоомж зөрчсөн буюу гэмт хэрэг үйлдсэн, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх эдгээр нөхцөлүүдээс болж халагдах ёстой. Гэтэл шинэ дүрэмд эдгээр асуудал нь байхгүй байна. Хүсэл зоригийн хувьд нэгдмэл саналтай байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарыг үндэслэлгүй гүтгэж байна. Бид нарт байхгүй гээд байгаа материалуудыг өөрсдөө бүрдүүлж өг гэж байсан. Хүсэлт зоригийн хувьд нэгдмэл байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тушаалд дурдсан үндэслэл нь ямар ч үндэслэлгүй. Гол ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь Сүхбаатар дүүргийн орлогч дарга болон нийгмийн хүмүүжлийн хэлтсийн дарга нарт хуучин дарга н.Тогоохүү дарга 15 заалт бүхий бичгийг өгсөн байдаг. 15 зүйлд дурдсан ажилд миний бие огт оролцоогүй, гарын үсэг зураагүй. Худал зүйлийг бид нарт хамааруулж 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тухайн тогтоолыг гаргасан. н.Тогоохүү даргын өргөдлөөс болж бид халагдсан. Бидний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа, гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ахмадын хороо дүрэмд үндэслэн тогтоол гаргасан байна. Тухайн дүрэм нь нотлох баримтын шаардлага хангагдаж ирээгүй байна. Нэхэмжлэгч Ж.Гын хэлсэн үйл ажилгааг гүтгэсэн, үгүйсгэсэн, харлуулсан гэх тушаалд дурдсан үндэслэлүүдийн хувьд нэхэмжлэгч нарын гол чөлөөлөгдөх болсон шалтгаан нь нэхэмжлэгч Д.Н даргын ярьж буй 15 заалт бүхий бичиг нь холбогдох хүмүүст уламжлагдсанаас болсон. Миний хувьд санал нийлэхгүй байгаа. Надад байгууллагаас олгосон итгэмжлэлд эвлэрэх эрх олгоогүй. Шүүх энэ асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ гэж үзэж байна.

Ахмад нарын бүрэн эрхийн хугацаа дууссан гэх бичиг баримт байхгүй байгаа. Дуусаагүй гэж бодож байгаа. Захиргааны акт хууль зүйн хувьд учир дутагдалтай гарсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар СБДАХ НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгож, М.Сг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд, Ч.Бийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд, Д.Нийг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд, Ж.Гыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч СБДАХ НҮТББ-аас нэхэмжлэгч нарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 5 279 068 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Сд 1 319 767 төгрөг, Ч.Бөд 1 319 767 төгрөг, Д.Нт 1 319 767 төгрөг, Ж.Гад 1 319 767 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч тус бүрийн шаардлагаас 180 233 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч СБДАХ НҮТББ-аас 99 415 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: СБДАХ НҮТББ-ын Удирдах зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар тогтоолын 1 заалтаар Ахмадын хорооны үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, гүтгэж харлуулсан ташаа мэдээлэл тараасан, төсвийн Ерөнхийлөн захирагчтай зөвшилцөж тэргүүлэгчдийн хурлаар баталсан 2020 оны төсвийн хуваарилалтын 1.6 дахь хэсгийг өөрчлүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн зэрэг нь Ахмадын хорооны удирдлагатай хамтран ажиллахаас татгалзсан гэх үндэслэл болсон тул ахмадын зөвлөлийн нэр бүхий хорооны дарга нарыг хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь СБДАХны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.14, 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5, 6.4.6 дахь заалт, Ахмадын хорооны тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгож буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дотоод дүрмийн дагуу хурал зарлаж, дүрмийн дагуу тогтоол гарч, тэмдэглэл үйлдсэн.

Ахмадын хорооны дотоод дүрэм нь хуульд нийцэн гарсан дүрэм юм. Дүрэмд тусгасан ажлаас чөлөөлөх үндэслэлийг үндэслэсэн байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ч.Б, Ж.Г, М.С, Д.Н нар нь хариуцагч СБДАХ Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид НҮТББ гэх/-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тус бүр 1 500 000 төгрөг гаргуулахаар гомдлын шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, Ч.Б Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны, М.С нь 3 дугаар хорооны, Ж.Г 18 дугаар хорооны, Д.Н нь 16 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлыг тус тус гүйцэтгэж байсан үйл баримтад хэн аль нь маргаагүй. СБДАХны удирдах зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 6 дугаартай тогтоол гаргаж, ахмадын хорооны үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, гүтгэж харлуулсан ташаа мэдээлэл тараасан, төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөж, тэргүүлэгчдийн хурлаар баталсан 2020 оны төсвийн хуваарилалтын 1.6 дах хэсгийг өөрчлүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн зэрэг нь Ахмадын хорооны удирдлагатай хамтран ажиллахаас татгалзсан гэж үзэх үндэслэл болж байгаа тул бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэх үндэслэлээр Ч.Б, М.С, Ж.Г, Д.Н нарыг Ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсний улмаас тэдгээрийн хооронд маргаан үүсч улмаар эдгээр ажилтнууд уг тогтоолыг эс зөвшөөрч, гомдлын шаардлагаа шүүхэд гаргажээ. /хх-56/

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааныг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөнтэй холбоотой талаар зөв дүгнэн, улмаар маргааны шийдвэрлэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

СБДАХ НҮТББ-ийн дүрмийн 5.8-д Ахмадын хорооны удирдах зөвлөл нь хорооны ахмадын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчийг Ахмадын хорооны даргын саналыг үндэслэн 1 жил хүртэлх хугацаагаар томилох, Ахмадын хорооны дарга нь дүрмийн 6.4-т Хорооны ахмадын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчийг ... 6.4.4-т бүрэн эрхийн хугацаа дууссан ... үндэслэлээр томилуулах саналаа Тэргүүлэгчид /Удирдах зөвлөл/-д хүргүүлж шийдвэрлүүлэх эрхийг тус тус эдлэхээр заажээ.

Зохигчид СБДАХны Удирдах зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаартай тогтоолд тусгасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлийн талаар маргаж байх бөгөөд уг үйл баримтыг нотлох үүргийг хариуцагч тал хүлээнэ. Тодруулбал, хариуцагч нь нэр бүхий нэхэмжлэгч нарыг хорооны Ахмадын зөвлөлийн даргаар тус тус томилогдсон хугацаа дуусгавар болсон, улмаар дараагийн үүрэг гүйцэтгэгч нарыг дүрэмд заасан журмын дагуу томилсон гэдгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2020/14251 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2021/00002 дугаартай захирамжуудыг тус тус гарган нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу тэдгээрийг хорооны Ахмадын зөвлөлийн даргаар сонгогдсон тухай хорооны Нийтийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, дүүргийн Ахмадын хорооны даргын ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтуудыг хариуцагч талаас албадан гаргуулах ажиллагаа явуулжээ. /хх-109-111, 128-129, 131/

Хариуцагч СБДАХноос дээрх бичгийн нотлох баримтууд архивт байхгүй гэх агуулга бүхий 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 тоот албан бичгийг мөн дүүргийн 16, 3, 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын хамт шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хариуцагчийг биелүүлээгүй гэж үзнэ./хх-132-135/ Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу гэрээний хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэх боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болно.

Хариуцагч СБДАХ нь нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолын нэг үндэслэлээ ахмадын хорооны үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, гүтгэж харлуулсан ташаа мэдээлэл тараасан, төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөж, тэргүүлэгчдийн хурлаар баталсан 2020 оны төсвийн хуваарилалтын 1.6 дах хэсгийг өөрчлүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн зэрэг нь Ахмадын хорооны удирдлагатай хамтран ажиллахаас татгалзсан гэж тодорхойлон, дүрмийн 6.4.5, 6.4.6 дах заалтуудыг нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон байна. /хх-138/ Уг бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч тал нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалж болох боловч хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болохыг ажил олгогч нотлох үүрэгтэй. СБДАХны удирдах зөвлөлийн хурлын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар тогтоолд заасан ахмадын хорооны үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, гүтгэж харлуулсан ташаа мэдээлэл тараасан, төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөж, тэргүүлэгчдийн хурлаар баталсан 2020 оны төсвийн хуваарилалтын 1.6 дах хэсгийг өөрчлүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн гэх үндэслэл нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

СБДАХны дүрмийн 6.3-т Ахмадын хорооны дарга нь хороодын Ахмадын зөвлөлийн даргыг батламжилж, тэдэнтэй жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулж ажлын үр дүнг дүгнэж ажиллана гэж заажээ. /хх-142/

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Энэ хуулиар тогтоосон үүргээ хариуцагч тал биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгч Ч.Б, Ж.Г, М.С, Д.Н нарыг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 99 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД