| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0047/э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Х.Энхтуул,
Хохирогч: Б.Д,
Шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Г-гийн Э-д холбогдох эрүүгийн 1835000450057 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн 17-09 тоотод оршин суух, Увс аймаг дахь сум дундын шүүхээр 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хорих ял шийтгэж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, РД: ОИ75021917, З овогт Г-гийн Э.
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Э нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 28-ны орой Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг 17-09 тоот хашаанд байрлах гэртээ хохирогч Б.Д-тай маргалдаж, улмаар савтай халуун шөл өшиглөж Б.Д-гийн гарыг нь түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Г.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 28-ны орой Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, 17-09 тоот хашаанд байх гэртээ хохирогч Б.Д-тай үл ойлголцон, улмаар гал дээр буцалж байсан савтай халуун шөлийг хөлөөрөө өшиглөж хохирогч Б.Дгийн зүүн гарыг түлж гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 28-ны орой ...гаднаас манай нөхрийн садангийн ах Ц Өлгий сумаас ирсэн. Ц ах ирчихээд манай нөхөрт 10.000 төгрөг өгсөн юм. Манай нөхөр гэрт нүүрс байгаагүй учир нүүрс авахаар гадагш гараад явахад манай хүү нөхрийн урдаас тосохоор яваад хамт нүүр авч ирээд бид нүүрсээ гал руу хийсэн. Нүүрс асахаар нь би хоол хийх гээд хоолныхоо шөлийг гал дээр тавиад хоол хийгээд эхэлж байтал Ц ах өврөөсөө 0,5 л хэмжээтэй архи гаргаж ирээд манай нөхөртэй хувааж уусан. Би Улаанбаатар хотын автобусаар манай охин Оюунгэрэл ирлээ гэж ярихаар нь хуучин Нисэх очоод охиноо аваад ирэхэд нөхөр Ц ахтай нөгөө архиа хувааж уугаад дуусгасан байсан. Би гэрт орж ирээд гал дээр тавьсан шөл буцалж байхаар нь татсан махаа хийгээд галын урьд сууж байтал гэнэт Ц ах “миний мөнгө алга болсон байна гээд манай нөхрийг авчихлаа гаргаж өг” гээд дайраад эхэлсэн. Тэгтэл нөхөр Г.Э Ц ахад “би аваагүй” гэж хэлэхэд Ц ах “та нараас өөр хүн авахгүй” гээд дайраад байсан. Тэгж байтал нөхөр Э надад хандаж “чи Ц ахын мөнгө авчихсан юм биш үү” гээд над руу уурлахаар нь би “мөнгө хулгайлж аваагүй” гэдгээ хэлэхэд нөхөр уурлаад гал дээр буцалж байсан халуун шөлтэй төмөр савыг хөлөөрөө нэг удаа өшиглөж, тэр өшиглөсөн сав нь миний сууж байсан тал руу савтайгаа хамт унаад зүүн гарны сарвууны гадна хэсэг халуун шөлөнд түлэгдэж гэмтсэн. Манай охин айсандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан” /хх-ийн 24-26 тал/ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ц гэдэг хүн манайд ирээд Э-той хамт архи уусан. Архи ууж байхдаа Ц миний мөнгө алга болчихлоо гээд нөхөр маань намайг авсан гэж буруу ойлгоод уурлаад савтай шөл өшиглөсөн. Гэтэл Цагдаагийн газарт очиход түүний мөнгө өөрийнх өмдны завсараас гарч ирсэн. Тэр хүнээс болж ийм зүйл болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
гэрч Н.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өлгий сумаас эмнэлэгт үзүүлэхээр Улаангом сум руу машинаар ирсэн. Тэр өдөр эмнэлэгээр явж байгаад ...17 цагийн үед Э-ын гэрт очсон. ...Тэгээд би дэлгүүрээс авсан 500 гр Ерөөл нэртэй архиа задлаад Э-той хувааж ууж байгаад тэднийд нүүрс байхгүй болохоор нь 10.000 төгрөг гаргаж өгөөд тэднийх нүүрс авч түлсэн. Архиа уугаад дуусаж байтал гэнэт халаасаа уудалтал миний халаасанд байсан мөнгө алга болсон байсан тул Э-д хандаж “чи миний мөнгө авчихсан юм биш үү” гэхэд Э “аваагүй” гээд түүнээс болж би Э-той маргалдаж байтал Э гэнэт эхнэр Д руу уурлаад “чи Цэвээнжав ахын мөнгө хулгайлсан юм биш үү” гээд маргалдсан. Тэгж байгаад гал дээр төмөр савтай буцалж байсан тогоотой халуун шөлийг өшиглөөд Дгийн сууж байсан тал руу унгааж Д-гийн зүүн гарын сарвуу түлэгдсэн юм. Тэгтэл охин нь цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа нар ирээд Д, Э, бид гурвыг авч яваад Э бид хоёрыг саатуулах байранд эрүүлжүүлэхээр хувцас тайлж байтал миний алга болсон гэх мөнгө миний өмсөж явсан хувцасны оймсон завсараас тоо ёсоороо буюу 141.900 төгрөг гарч ирсэн.” /хх-ийн 27-29 тал/ гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Э.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би 2018 оны 1 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед Улаанбаатар хотоос автобусаар ирсэн. Тэгээд намайг гэрт ирэхэд ээж Д, аав Э, дүү Х, аавын садангийн ах Ц нар байсан. Намайг гэрт ороход аав, Ц ах хоёр архи хувааж уусан суусан. Тэгж байтал Ц ах нэлээн согтсон бололтой байж байгаад гэнэт “миний халаасанд байсан 200.000 төгрөг алга болчихлоо” гээд аав руу хандаж аавыг авчихлаа гэж дайрсан. Тэгтэл манай аав Ц ахад хандаж би аваагүй гэж байснаа галын урд суусан ээж рүү аав дайраад “чи Ц ахын мөнгө авлаа” гэж уурласан. Ээж Ц ахын мөнгийг хулгайлаагүй гэж хэлсэн. Тэгтэл аав итгэхгүй уурлаж галын дээд талд зогсож байгаад нүүрс хийчихсэн гал дээр төмөр саванд буцлаж байсан савтай шөлийг ээжийн тал руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Аавын өшиглөсөн төмөр савтай буцалж байсан шөл галын урд талд сууж байсан манай ээж рүү савтайгаа цацрахад ээж зүүн гараараа хааж ээжийн зүүн талын гарын сарвуу хэсэг халуун шөлөнд түлэгдэж, ээж орилж хашгираад би айгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа эргүүлийн цагдаа нар ирж аав, ээж, Ц ах гурвыг авч яваад ээж буцаад гэрт ирэхэд Ц ахын мөнгө байсан байна, өмсөж явсан 2 өмднийх нь завсар орчихсон байж гэж хэлсэн...” /хх-ийн 30 тал/ гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Э.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “аав ...гэрийн баруун талд буюу зуухны яндангийн хажууд байсан төмөр савтай шөлийг баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж гал дээр буцалж байсан төмөр савтай шөл нь ээжийн сууж байсан тал руу савтайгаа асгарч ээж сууж байгаад зүүн гараараа хаагаад зүүн гарынхаа сарвууны хэсэг халуун шөлөнд түлэгдэж ээж орилж хашгираад ёолж эхэлсэн. Тэгтэл манай эгч айсандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд энэ үед аав Ц ахад хэлэхдээ “би чамаас болж эхнэрийнхээ гарыг түлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд аав, ээж, Ц ах гуравыг авч яваад ээж ганцаараа буцаж ирээд аав, Ц ах хоёр эрүүлжүүлэгдсэн байсан...” /хх-ийн 31-32 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...миний уур хүрээд эхнэр лүүгээ хандаж “чи Ц ахын мөнгийг хулгайлаад авчихсан юм биш биз” гэхэд манай эхнэр аваагүй гэсэн. Тэрнээс болж эхнэр бид хоёр маргалдаж байгаад эхнэр галын хөвөөнд мах хөшиглөөд сууж байтал би нөгөө талд нь зогсож байгаад уурандаа гал дээр буцалж байсан төмөр савтай шөлийг нэг удаа хөлөөрөө өшиглөхөд төмөр савтай шөл эхнэрийн сууж байсан тал руу савтайгаа асгарч хөмөртөл манай эхнэрийн зүүн гарынхан хэсэг газар нь халуун шөлөнд түлэгдээд орилсон. Тэгтэл манай охин айгаад цагдаад дуудлага өгсөн байсан. Би тухайн үед архи уучихсан байгаад буруу зүйл хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 102 тоот “Иргэн Б.Д-гийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн гарын сарвууны хэсэгт 1-2-р зэргийн түлэгдэлт гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь гадны өндөр температурын 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хөдөлмөрийн чадварт нөлөөлнө. Дээрхи гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт, нотлох баримтууд хамаарна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Э нь өөрийн үйлдлийг бүрэн хянах чадвар сул буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд эхнэр /хохирогч/ Б.Д-г гэрч Н.Ц-ын мөнгийг авчихлаа гэж буруу ойлгон уурлаж, улмаар гал дээр буцалж байсан төмөр савтай халуун шөлийг хөлөөрөө өшиглөсөн үйлдэл нь тухайн хэрэг гарах шалтгаан, нөхцлийг бүрдүүлж, хохирогч Б.Дгийн зүүн гарын сарвууны хэсэгт 1-2 дугаар зэргийн түлэгдэлт бүхий гэмтэл учруулжээ.
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 102 дүгээр дүгнэлт /хх-ийн 10 тал/-ээр хохирогч Б.Д-гийн зүүн гарын сарвууны хэсэгт 10*4см, сарвууны үений орчим 4*2см түлэгдэж цэврүүтсэн, тэр хэсгийн арьс нэлэнхийдээ улайлттай бүхий хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан, энэ гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх болох нь нотлогдсон байна.
Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, эсхүл ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах”-аар заасан тул шүүгдэгч Г.Э-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Дгийн биед хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэж дүгнэв.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн үйл баримтаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Ц, Б.Б, Г.Даваагомбо, С.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Увс аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 1/256 тоот албан бичиг, ял шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд /хх-ийн 33, 34, 35, 36, 47, 48, 68, тал/-аар шүүгдэгч Г.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 09-17 тоотод ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, 2 хүүхдийн мөнгө болон халамжийн байгууллагаас өгдөг хүнсний толаноор амьдардаг амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор танхайрах гэмт хэрэг үйлдэж 3 жил 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Г.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Г.Э-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Хохирогч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “миний гарын түлэгдэж гэмтсэн шарх бүрэн эдгэрсэн, манай нөхөр надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, нөхөр Г.Эоос нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул уг гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Г-гийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Г-гийн Э-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Э өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА