Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/1162

 

 

 

 

 

 

  2023            12             06                                         2023/ДШМ/1162

 

 Ц.Э-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/619 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2310 0000 00740  дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

.... овгийн ....-гийн Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух, /РД: ................/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ... дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоотод эхнэр Я.Г-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “баруун завжинд язарсан шарх, зүүн завж, толгойн хуйх, эрүү, хүзүү, баруун тохой, өглөг, зүүн бугалга,шуу, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 720  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Э-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Я.Г нь тус гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Ө.Учрал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/619 дүгээр шийтгэх тоггоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч болон өмгөөлөгч бидний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнтэй маргадаггүй, мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-ыг гэм буруутайд тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдалд тохироогүй, шүүх ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг баримталж чадаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд тохирсон, уг хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээнд багтсан байхыг чухалчлах хэдий ч үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлагад бодитой дүгнэлт хийж ял оногдуулах нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилтод нийцнэ.

Өөрөөр хэлбэл, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй хүнтэй адил ял шийтгэж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна.

Иймд Ц.Э-ад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдүүд минь миний асран хамгаалалтад байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зүгээс 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхээс урьд нь энэ гэмт хэрэгт холбогдож байсан тул нийгэмшүүлэх, эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ... дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоотод эхнэр Я.Г-тэй маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “баруун завжинд язарсан шарх, зүүн завж, толгойн хуйх, эрүү, хүзүү, баруун тохой, өглөг, зүүн бугалга,шуу, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “нөхөртөө зодуулсан” гэх гомдол /хх 5/,  

хохирогч Я.Г-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/,

хохирогч Я.Г-ийн “...2023 оны 5 дугаар сарын 05-ны орой Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 68/2-13 тоот гэртээ ламаар ном уншуулж байх үед нөхөр Ц.Э гэрт байсан вискиг задалж нөгөө ламтай хувааж уусан. 23 цаг өнгөрч байхад ламыг гэрт нь хүргэж өгч ирээд ном уншуулсан архинаас уух гэхэд нь болохгүй гараад дэлгүүрээс пиво авч уу гэж хэлсэн. Гэтэл дэлгүүрээс нэг виски авч ирж ганцаараа ууж байхдаа надтай юм яръя, Америкт очоод хоёр хүүхдээ зөөгөөд байж чадах юм уу гэсэн. Би виз ч гараагүй байхад тэр бол дараагийн асуудал шүү дээ гэж хэлтэл толгой, чих, нүүр ам руу гараараа цохиод, зодоод байсан. Би гараараа хамгаалсан бөгөөд гар бас хөхөрсөн, больчих гэж гуйсан боловч ална гээд зодоод л байсан. Гар утсыг булаагаад авчихсан байсан болохоор цагдаа дуудаж чадаагүй. Өглөө 06 цагийн үед Эын аав, ээж рүү нь залгаж болсон явдлыг хэлээд гэрээсээ гараад явсан. ...Манай охин Оюунболор /9 настай/, Анужин /6 настай/ нар байсан, болсон явдлыг харсан. Охин Оюунболорыг нөхөр алгадаад, хөөрхий өмдөндөө шээтэл нь айлгасан. ...” /хх 12-13/,

насанд хүрээгүй гэрч Э.О-ын “...Өчигдөр орой аав согтуудаа ээжийг зодоод ээж болиоч ээ гээд орилоод байсан. Би тэр үед нь нөгөө өрөөнд байсан. Аав бас нэг юм хэлээд ээжийг зодоод л байсан. Би ааваа боль гээд хэлсэн чинь аав унтсан. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 16-17/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6056 дугаар шинжээчийн “...Я.Г-ийн биед зүүн чихний дэлбэнд няцарсан шарх, цус хуралт, хоёр нүдний дээд зовхи, баруун мөр, бугалга, сарвуу, бугуйн үе, зүүн мөр, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, хоёр шанаанд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” гэсэн дүгнэлт /хх 21-22/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ц.Э-ыг эхнэр Я.Г-ийн эрүүл мэндэд “баруун завжинд язарсан шарх, зүүн завж, толгойн хуйх, эрүү, хүзүү, баруун тохой, өглөг, зүүн бугалга,шуу, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Ө.Учралын “...Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй хүнтэй адил ял шийтгэл оногдуулсан тул Ц.Э-ад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ц.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/619 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ,

                  ШҮҮГЧ                                              М.АЛДАР

                  ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                  ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР