| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/06041/И |
| Дугаар | 191/ШШ2025/03422 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/03422
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 191/ШШ2025/03422 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: **************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
80,940,285 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б. нарын эзгүйд хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн ******* ******* миний бие танай ******* Конс ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр № дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан билээ.
Тус гэрээгээр гүйцэтгэгч ******* Конс ХХК нь Улаанбаатар хотын тоот хаягт 41.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч А.******* нь гэрээгээр тохирсон төлбөрийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
Үүний дагуу захиалагч би "Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2.2-т заасны дагуу орон сууцны төлбөрт 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 62,190,000 төгрөгийг Голомт банкан дахь гүйцэтгэгчийн эзэмшлийн тоот төгрөгийн дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн захиалагчийн үүргээ тогтоосон хугацаанд бүрэн биелүүлсэн.
Гэтэл гүйцэтгэгчийн зүгээс гэрээний 3.2-т Гүйцэтгэгч тал нь... орон сууцны барилгыг 2023 оны 2 улиралд багтаан ашиглалтад оруулна гэж заасныг ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ үл ухамсарлаж, орон сууцны барилгыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулалгүй, захиалагч намайг эдийн засаг, цаг хугацаа, сэтгэл санааны хувьд маш ихээр хохироосоор байгаад туйлын ихээр гомдолтой байна.
Ийм ч учраас захиалагч нь гэрээний 3.1.4-т зааснаар гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, мөн гэрээний 2.2.5-т зааснаар хоног тутамд 0.05 хувь /31,095 төгрөг/-аар алданги тооцон авах эрхтэй бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаа /475 хоног/-ны алданги нь 14,770,125 төгрөг болж байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч А.******* намайг тоот хаягт байрлах 41.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, гэрээний үүрэгт тооцсон алданги 14,770,125 /арван дөрвөн сая долоон зуун далан мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг "******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн "Орон сууцны Дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч А.*******г тоот хаягт байрлах 41.46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн өгөхийг хариуцагчид даалгахыг шаардсан.
Гэтэл хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид маргаан бүхий орон сууцыг хүлээлгэж өгөх 2023 оны 6 дугаар 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй бөгөөд барилгын ажил суурь тавьсанаас хэтрээгүй, 2025 онд ч багтан ашиглалтад орох боломжгүй, ямар нэгэн үр дүн гаргахгүй болох нь илт тодорхой байгаа тул нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулан гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2.9-д Гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүйгээс нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, Орон сууц захиалан бариулан гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2.9 дэх заалтад тус тус заасны дагуу орон сууцны төлбөрт төлсөн 62,190,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэмэмжлэлийн шаардлагыг Орон сууцны төлбөрт төлсөн 62,190,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай" болгон өөрчилж Орон сууцны төлбөрт төлсөн 62,190,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай, Орон сууц захиалан бариулах гэрээ-ний алдангид 18,750,285 төгрөг гаргуулах, нийт 80,940,285 төгрөгийг хариуцагч ******* *******" ХХК-аас гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч А.******* нь Марк Конс-тай Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу гэрээг харилцан тохиролцож 2021 оны 12-р сарын 28-ны өдрийн дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулсан.
Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн үндэслэлдээ 2023 оны 02 дугаар улиралд багтааж барилгыг хүлээлгэж өгнө, үгүй бол өдрийн 0,05 хувийн алданги /31,095/ төлнө гэж зааснаас нэхэмжлэл гаргах хүртэл 475 хоногийн алданги 14,770,125 төгрөгийн алданги болно хэмээн шаардсан байна.
Гэтэл Орон сууц захиалан бариулах" гэрээний 3.1-т Орон сууц захиалан бариулах гэрээний ерөнхий хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ хэмээн заасан ба дээрх гэрээний 5.13 дахь хэсэгт Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн гэрээний 2.2.5 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алданги тооцно. хэмээн тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч А.******* 475 хоногийн буюу 14,770,125 төгрөгийн алданги шаардах эрхгүй байна.
Учир нь 2024.01.01-2024.10.21 буюу нэхэмжлэл гаргах хүртэл нийт 296 өдөр байх ба үүнээс талуудын байгуулсан гэрээний 5.13-т заасан 180 хоног мөн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн:
4.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 өдрүүд 2 удаа нийт=12 өдөр
4.1.3. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-3 өдөр
4.1.4. Шинэ жил: 1 дүгээр сарын 1=1 өдөр
4.1.5. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8=1 өдөр
4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1=1 өдөр
4.1.7. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29=1 өдөр
4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1=1 өдөр
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26=1 өдөр
4.1.10.Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15=1 өдөр
Мөн барилгын тухай хууль
гэж тус тус зааснаар бүх нийтээр амрах амралтын 22 өдөр таарч байгаа бөгөөд хүлээлгийн 180 хоногоо тооцохоор нийт 202 хоногийг хасахаар үлдсэн нь 94 өдөр байна. Үүнийг нийт үнийн дүнгийн 0,05 хувиар бодохоор нэг өдрийн 31,095 төгрөг байх ба үүнийг 94 хоног бодохоор 2.922.930 төгрөгийн алданги байна. Иймд нэхэмжлэгч А.******* нь 11,847,195 төгрөгийг үнэдэслэлгүй буюу илүү шаардсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 14,770,125 төгрөгнөөс 11,847,195 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, Хаан банк ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шилжүүлгийн баримтын хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны төлбөрт төлсөн 62,190,000/жаран хоёр сая нэг зуун ерэн мянга/ төгрөг, алданги 18,750,285/арван найман сая долоон зуун тавин мянга хоёр зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХХК нь алданги болох 14,770,125 төгрөгөөс 11,847,195 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар ирүүлжээ.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр П3-Д-01/40-133 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ гэх гэрээ байгуулсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн П3-Д-01/40-133 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн П3-Д-01/40-133 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-ий 2, 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1, 3.2-т зааснаар хариуцагч нь 41.46 м.кв, 2 өрөө, 1203 тоот орон сууцыг 2023 оны 02 дугаар улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч орон сууцны хөлс 62,190,000/жаран хоёр сая нэг зуун ерэн мянга/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн зардлаар тодорхой ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус П3-Д-01/40-133 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ий шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Гэрээний 2-ын 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны ажлын хөлс 62,190,000/жаран хоёр сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банк ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Банк хоорондын шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 3-ын 3.2-т зааснаар хариуцагч нь орон сууцны барилгыг 2023 оны 02 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нь 41.46 м.кв, 2 өрөө, 1203 орон сууцыг одоог хүртэл нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид Гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.
Хариуцагч нь Гэрээнд заасан 41.46 м.кв, 2 өрөө, 1203 тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээг цуцалж учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., мөн хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн ажлын хөлс болох 62,190,000/жаран хоёр сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг учирсан хохиролд тооцох ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 41.46 м.кв, 2 өрөө, 1203 тоот орон сууцны ажлын хөлс төлсөн 62,190,000/жаран хоёр сая нэг зуун ерэн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 18,750,285/арван найман сая долоон зуун тавин мянга хоёр зуун наян тав/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээний 2-ын 2.2.5-д ... Захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги Захиалагч талд төлнө ... гэжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.
Гэрээний 2-ын 2.2.5-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги тооцох тухай заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч нь алдангийг орон сууц хүлээлгэн өгөх 2 дугаар улирлын дараагийн улирлын эхний өдрөөс буюу 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 603/зургаан зуун гурав/ хоногоор тооцжээ.
Гэрээний 5-ын 5.13-т ... Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн алданги тооцно. гэжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасан.
Зохигчид Гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан байх тул Гэрээний 5-ын 5.13 дахь заалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцжээ.
Алданги тооцох 603/зургаан зуун гурав/ хоногоос Гэрээний 5-ын 5.13-тзаасан 180/нэг зуун ная/ хоногийг хасаж тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 13,153,185/62,190,000х0,05=31,095, 603-180=423, 423x31,095=13,153,185/ /арван гурван сая нэг зуун тавин гурван мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 5,597,100/18,750,285-13,153,185=5,597,100/ /таван сая таван зуун ерэн долоон мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* Конс ХХК-иас нийт 75,343,185/далан таван сая гурван зуун дөчин гурван мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгон, үлдсэн 5,597,100/таван сая таван зуун ерэн долоон мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 621,383.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 534,665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* Конс ХХК-иас нийт 75,343,185/далан таван сая гурван зуун дөчин гурван мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгон, үлдсэн 5,597,100/таван сая таван зуун ерэн долоон мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 621,383.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 534,665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ