| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0052/Э/ |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Хохирогч: Б.Б ,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б д холбогдох 1828000000033 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 20-нд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Цогтын хишиг буян” төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Цогт-Овоо сумын Баян хороололд оршин суух, ял шийтгэлгүй, Г.Б , регистрийн дугаар ...
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс зүүн зүгт 23 километрт байрлах Даянгар гэх газар Б.Б ын зүүн дал орчим 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Архи л дэмий уусан юм. Гомдол саналгүй, биеийн байдал сайн байгаа” гэв.
Хохирогч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Намайг гэрээс гарахад араас юмаар цохих шиг л болсон. Гэрээс гарахад ар нуруулуу халуу асгаад байна үзээтэх гээд үзүүлэхэд тийм байна хутгалсан байна гэсэн. Би Г.Б ыг хутга бариад над руу далайж байсныг хараагүй. Цогт-Овоо суман дээр ирээд Оийнд сольж өмссөн. Хамт М.О , О нар байсан. Тухайн үед гайгүй байх гэж бодсон. Ингэж хэрэг төвөг болно гэж бодоогүй. Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж дотуур цус алдахаас урьдчилан сэргийлэх, шархны үрэвсэл арилгах эмчилгээ хийлгэсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад гомдол, санал байхгүй...” гэжээ. /хх-14-15/,
Гэрч Р.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Даянгар дээр ажлын талбайд байж байхад 18 цаг өнгөрч байсан байх харуй бүрий болсон байсан. Яг хэдэн цаг байсан гэдгийг санахгүй байна. Өглөө хүрч ирээд кемп дээр хүмүүс зодолдоод Б.Б хутгалуулчихлаа гэхээр нь хүрээд очиход Б.Б ыг нэг өндөр шар залуу сугадсан байсан. Яасан бэ юу болсон бэ гэхэд намайг хутгалчихлаа гээд байсан. Ар нурууруу нь харахад нилээн цус гарсан, цамц нь цус нэвтэрсэн байсан. Гэр лүүгээ оруулаад эмнэлгийн хэрэгслээ аваад боолт хийж өгөөд яаралтай эмнэлэгт очиж үзүүл, цагдаад мэдэгдээрэй гээд явуулсан. Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт бичил уурхайн зориулалтаар олборлолт, нөхөн сэргээлт хийх зорилгоор зөвшөөрөл авсан “Нутаг уулын замт” нөхөрлөлийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Б.Б намайг хутгалчихдаг байна шүү дээ гээд орилоод байсан. Зүүн далны хэсэгт нь ирмэгтэй зүйлээр үүссэн шарх байсан. Их цус гараад тогтож байсан. Архи уусан байсан. Их согтуу байсан. Б.Б дээгүүрээ ноосон материалтай цэнхэр цамцтай байсан...” гэжээ. /хх-19/,
Гэрч Б.Э ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө намайг Даянгар дээр гэрт байж байхад 10 цагийн үед Г.Б , Б.Х нар сумаас ирсэн. Би Г.Б д урд шөнө талбай дээр ажиллаад нойргүй хоносон шүү, чи өдөр талбайгаа хянаарай гэж хэлчихээд 11 цагийн үед амарсан. 16 цагийн үед босоод талбай дээр очиход Г.Б байхгүй байсан. Г.Б , Б.Х , Б.Б нар гэр рүү орж байгаа харагдсан. Би хажуу айлд техникийн эд анги янзлаад сууж байхад 19 цаг өнгөрч байсан байх. Б.Х хаалгаар шагайгаад Г.Б Б.Б ыг хутгалчихлаа гэсэн. Би баруун гэр рүү ороход Б.Б ын нуруунаас цус гарч байсан. Г.Б байхгүй байхаар нь хайгаад олдохгүй байсан. Б.Х яваад Г.Б ыг олоод ирсэн. Өгөө, Г.Б , Б.Х нар Б.Б ыг аваад сум явсан. Г.Б , Б.Б хоёрыг маргалдсаныг мэдэхгүй. Тэр хоёр архи уусан байсан. Хоёулаа их согтуу байсан. Б.Б ын нурууны зүүн хэсэгт цус гарсан байсан. Яг ямар гэмтэл авсан байсныг би хараагүй Энхбаяр боож цэвэрлэж өгсөн. Цэнхэр өнгийн цамцтай, саарал өнгийн комбинзон өмссөн байсан. Г.Б Б.Б ыг гэмтээсэн гэх хутга гал тогоонд хэрэглэх гээд дэлгүүрээс худалдаж авсан шар иштэй, 20 см урттай хутга байсан. Тэр хутга одоо Даянгар дээр гэрийн гадаа байгаа...” гэжээ. /хх-20/,
Гэрч Б.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед Г.Б , Ц бид гурав Цогт-Овоо сумын Бортээг багийн Баруун Даянгар гэдэг газар очих гээд явсан. Замдаа 0.75 граммын “Ерөөл” архи хувааж уучихаад Даянгар орж Г.Б ыг гэрт нь буулгачихаад ажлын талбайн урд талд хүмүүс байхаар нь очсон. Тэнд Б.Б , У, С.Б , Об /Об гэж дууддаг/, О /О гэж дууддаг/ нар архи уугаад сууж байсан. Тэд нартай нэг шил 0.75 граммын Экс архи уугаад дуусаж байхад Г.Б , М.О хоёр хүрээд ирсэн. Дахин 2 шил 0.75 граммын Экс архи уугаад сууж байхад Б.Б , С.Б хоёр муудалцсан. Г.Б , М.О хоёр Б.Б ыг салгаад гэр рүүгээ аваад явсан. Би араас нь очиход Б.Б 1 шил 0.5 граммын Улаанбаатар архи энгэрээсээ гаргаад ирсэн. Г.Б , Б.Б бид гурав уг архиа хувааж ууж байгаад би согтоод унтсан байсан. Хүн шуугилдаад байхаар нь сэрээд гэрээс гарахад Б.Б гадаа зогсож байсан. “Яасан юу болсон бэ” гэхэд Г.Б миний ар нурууруу хутга шаачихлаа гэхээр нь нурууг нь үзэхэд цус гараад цамц нь нэвтэрсэн байсан. Цусных нь тогтоох арга хэмжээ аваад сум руу Ц, Г.Б бид гурав нэг машинд М.О Б.Б ыг аваад өөр машинаар сум руу явсан. Тэгээд суманд ирээд айлын гадаа Б.Б , Г.Б хоёрыг уулзуулчихаад М.О бид хоёр Даянгар луу буцаад явсан. Б.Б , Г.Б хоёрыг сайн танина. Хамаатан садангийн холбоо байхгүй дотны найзууд. Г.Б , Б.Б хоёр их согтолттой байсан. Б.Б ын биед зүүн дал хавьцаа байсан байх их цус гарсан байсан. Тэр хоёр ямар нэг догшин ширүүн зангүй, архи уусан үедээ ч энгийн л харьцаатай байдаг. Энэ хоёр урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Миний хажууд ямар нэг асуудал гаргаж байгаагүй...” гэжээ. /хх-21/,
Гэрч М.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед намайг Даянгар дээр байж байхад Б.Х , Ц, Г.Б нар хүрээд ирсэн. Б.Х , Ц хоёр хүнтэй уулзана гээд яваад өгсөн. Харин Г.Б халамцуу байсан болохоор гэртээ ороод унтаад өгсөн. Би гадуур явж байгаад өдрийн 15 цаг өнгөрч байхад нөхөрлөлийн гэрт ороход Г.Б босчихсон гэртээ сууж байсан. Дотор муу байна гэхээр нь талбайн урд хүмүүс уугаад сууж байна, очиж дотроо засахгүй юу гээд Г.Б ын хамт очиход Б.Б , Б.Х , Ц, О, С.Б , Об, У ах нар архи уугаад сууж байхад Б.Б согтоод хүмүүстэй муудалцах гээд байхаар нь би машинд суулгаад аваад явсан. Нөхөрлөлийн гэрийн гадаа очоод Б.Б машинаас 1 шил 0.5 граммын Улаанбаатар архи аваад гэр рүү ороод байж байхад нөхөрлөлийн гэрт байсан Г.Б , Б.Х , Б.Б нар дуулж байсан. Удалгүй Б.Б гараад ир гэх дуу чимээ гаргаад байхаар нь би гараад очиход Б.Б намайг Г.Б хутгалчихлаа гэхээр нь “Хаань чинь хутгалсан юм бэ?” гэхэд дал руу гэж заахаар нь үзэхэд дал хавьцаа хэсэгт цамц нь цус болоод нэвтэрсэн байсан. Би гэрт оруулаад хувцасыг нь тайлаад үзэхэд их цус гарсан байсан. Гэрээс гараад Энхбаяр даргад болсон зүйлийн талаар хэлээд боох юм байна уу гэхэд байгаа гээд бид хоёр очиж цус гараад байгаа шархыг боосон. Цус болсон цамцыг тайлж өөрийнхөө малгайтай цамцыг өмсгөсөн. Б.Б ыг сум руу авч явах гээд гараад ирэхэд Б.Б Г.Б намайг хутгалчихлаа муу хулгайчийг ална, зодно гээд байхаар нь Г.Б ыг нуугаад Б.Х ын машинд суулгаад би Б.Б ыг өөрийнх нь машинд суулгаад би унаад сум руу явсан. Суманд очоод Б.Б ад шууд эмнэлэг орох уу гэхэд эмнэлэг орохгүй, гэрт очихгүй эхнэрт мэдэгдэж болохгүй, Г.Б тай намайг уулзуулчих гээд байсан. Г.Б , Б.Б хоёрыг уулзуулчихаад би Б.Х ын хамт Даянгар явсан. Б.Б бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Г.Б тай бол найз. Би хажуу айлд байсан болохоор мэдээгүй. Тэр хоёр хоёулаа их согтуу байсан. Б.Б ын зүүн далан дээр хутга орсон, 4 см орчим урттай хоёр тийшээ дарвайсан нөжирсөн шарх байсан. Ер нь бол Б.Б , Г.Б хоёр хоёулаа даруухан зантай, сайхан залуучууд байдаг. Б.Б архи уухаараа сагсуудуу зантай хүн байгаа юм. Г.Б уусан үедээ ямар нэг муу зангүй, тасрахаараа унтаад өгдөг байсан. Г.Б , Б.Б хоёрыг юунаас болж муудалцсаныг мэдэхгүй, Миний хажууд л хэрэлдэж муудаж байхыг хараагүй. Г.Б Б.Б ыг гэмтээхдээ ашигласан гэх хутга урт, өргөн, шар эрээн иштэй, гал тогтоонд хэрэглэдэг хутга байсан...” гэжээ. /хх-22-23/,
Гэрч Б.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цаг 30 минутын үед жижүүр сувилагч Р.О утсаар холбогдон үзүүлэх хүн ирлээ гэж дуудлага өгсөн. Эмнэлэг рүү ирэхэд Б.Б хутгалуулсан байдалтай хүргэгдэн ирсэн байсан. Цагдаад мэдэгдэж, их эмч Гүнжлхамыг дуудсан. Шархыг үзэхэд 3 орчим см урттай, 1 см гүн, иртэй зүйлээс үүссэн цус их алдаж нөжирсөн шарх байсан. Цус тогтоох, шингэн сэлбэх, өвчин намдаах эмчилгээ хийж 3 оёдол тавьж, аймаг руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх талаар зөвлөсөн. Б.Б Даянгарт байхдаа машиндаа суух гэж байсан чинь араас хутгалчихлаа гэж ярьж байсан. “Хэн хутгалсан юм бэ?” гэхэд хэлээгүй. Цагдаа болон эхнэрт битгий хэлээрэй гэсэн. Мөн их хэмжээний архи уусан гэж хэлж байсан. Биеийн байдал нь дунд зэрэг, даралт өндөртэй, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Их хэмжээний цус алдсан учир шоконд орж их ядарсан байсан. Б.Б ямар нэг урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийлгэх талаар хэлэхэд цаг хугацаандаа ирж идэвхитэй хамрагддаг. Архи уусан үед нь таарч байгаагүй болохоор ямар зан араншин гаргадаг талаар мэдэхгүй байна...” гэжээ. /хх-24/,
Гэрч С.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн баз хүргэн Обын хамт 10 цагийн үед Даянгар дээр очсон. Б.Б ганцаараа машинтайгаа очсон. Б.Б 0.75 граммын савалгаатай Экс архи гаргаж ирээд бид хоёр овоолсон шорооны хажууд гадаа хувааж уугаад сууж байхад Г.Б , Ө /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ хоёр хүрээд ирсэн. Б.Б архи ууж согтчихоод над руу өдөөд ч байгаа юм шиг тоглоод ч байгаа юм шиг олон янзын зан гаргаад үг сөрөөд байхаар нь би босоод явсан. Тэр хэдээс холдоод гадуур явж байгаад тэр хэдийн сууж байсан газар руу харахад босоод явцгаасан байсан. Баз хүргэний хамт 17 цагийн үед сум руу гэртээ ирсэн. Б.Б , Г.Б хоёрыг тийм ч сайн танихгүй. Тааралдвал мэнд устай явдаг хүмүүс. Би 2008 онд Б.Б аас хуучин хятад мотоцикль худалдаж авч байсан юм. Б.Б би чамд шинэ тэргээ хямдхан өгч буян болсондоо гэхээр нь би чиний хэлсэн үнийг өгөөд авсан шүү, тэгээд ч шинэ биш хуучин мотоцикль байсан гэхэд Б.Б хэрүүл хийх аятай болохоор нь би босоод явсан юм. Г.Б эрүүл байсан. Б.Б эрүүл юм шиг байсан мөртөө үг хаяад хэрүүл өдөөд байхыг бодоход архи уусан байсан байх. Бусдаар бол илт согтуу харагдаагүй. Б.Б , Г.Б хоёр эрүүл үедээ мэнд устай хэвийн харьцаатай байдаг. Архи уусан байхад нь уулзаж хамт архи ууж байгаагүй. Архи уусан байхдаа ямар зан ааш гаргадаг талаар мэдэхгүй...” гэжээ. /хх-25/,
Гэрч Д.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг өнгөрч байсан байх сайн санахгүй байна. Г.Б над руу утсаар яриад гэрт хүрээд ир гэсэн. Гэрт нь очиход би Б.Б ыг хутгалчихлаа гэсэн. Г.Б намайг хоёулаа ханиндаа хамт жоохон байя гэхээр нь “Би хүйтэн гэрт байгаад яах вэ?” манайд очоод амарчих гэсэн. Бид хоёр манайд очоод Г.Б гэрт орж ирээд унтаад өгсөн. Төлөөлөгч, Г.Б ын эхнэрийн хамт ирээд Г.Б ыг аваад явсан. Тухайн үед Г.Б айсан, сандарсан байсан. Г.Б тай би найзын холбоотой, харин Б.Б манайхны хүргэн байгаа юм. Г.Б тухайн үед архи уусан байсан. Их согтуу байсан. Б.Б ыг хутгалсан талаар би сайн мэдэхгүй байна. М.О намайг “Чи Б.Б ыг хутгалчихлаа” гэх хэллээ, би архи уугаад тасарсан байна тэнэг юм гэж байсан. Г.Б ын биед ил мэдэгдэх юм байгаагүй. Миний хажууд хэрэлдэж маргаж байсан зүйл байхгүй. Уг нь тэр хоёр найзууд шүү дээ. Хүнийхээ хувьд ямар нэг илүү дутуу зангүй 2 залуу байгаа юм. Хамт архи ууж л байсан, муухай зан авир гаргаж байгаагүй...” гэжээ. /хх-26/,
Гэрч З.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Об, С.Б бид гурав Даянгарт очиход Б.Б байсан. С.Б , Б.Б бид гурав хамт 1 шил 0.75 граммын Экс архи хувааж уучихаад дараагийн шил архиа задлаад ууж байхад Г.Б , М.О хоёр ирсэн. Сүүлийн задалсан архиа тэр хоёртой хувааж уугаад сууж байхад Б.Б, С.Б тай муудалцаад байгаа юм уу, өдөөд байгаа нь мэдэгдэхгүй ташаж унагаагаад л үгээр өдөөд байсан. Б.Б ыг би боль боль гэсэн, чи юу гээд байгаа юм бэ гээд над дээр хүрээд ирэхээр нь зүгээр бай болио гэсэн чинь юм хэлээгүй суусан. Архи дууссан би Об, С.Б хоёртой сум явсан. Маргааш өглөө нь Г.Б Б.Б ын даланд хутгалсан гэж сонссон. Б.Б С.Б тай муудалцаад өдөөд байхаар нь боль гэж хэлсэн чинь над руу чи юу гээд байгаа юм бэ гэж л ам муруйсан, бусдаар сүртэй хэрүүл маргаан хийгээгүй. Б.Б тэнд суугаад архи ууж байгаа хүмүүс дунд илүү хөдөлгөөн хийгээд савсагнаад байсан. Б.Б , Г.Б нар эрүүл байхдаа хэвийн харьцаатай байдаг. Хамт архи ууж байгаагүй болохоор ямар зан авир гаргадаг талаар мэдэхгүй байна...” гэжээ. /хх-27/,
Шүүгдэгч Г.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Цогт-Овоо сумаас С.Х, Ц нартай Баруун Даянгар орох гээд явсан. Явж байхдаа замдаа зогсож хөдөө хэрэглэх гэж дэлгүүрээс авсан нэг шил 0.75 граммын Ерөөл архи бид 3 хувааж уусан. Даянгар дээр 12 цаг өнгөрч байхад очоод хүнтэй уулзчихаад өдөр 13 цагийн үед гэрт орж унтсан. 17 цагийн үед сэрэх үеэр М.О гэрт орж ирээд дотор чинь бүрзгэр байна уу талбайн өмнө Б.Х хэдэн хүмүүстэй ууж байгаа юм шиг байна хоёулаа очъё гэхээр нь очсон. Тэнд Б.Х , Ц, Б.Б , С.Б , У ах, Об нар архи ууж байсан. 0.75 граммын 1 шил Экс архи уугаад дуусахад Б.Б С.Б тай маргалдаж эхэлсэн. Об, З.О 2 тэр 2-г битгий маргалдаад бай боль гэхэд маргалдахаа түр болиод удалгүй Б.Б босч ирээд С.Б ыг сууж байхад барьж байгаад унагасан. Об тэр 2-г салгаад С.Б босоод суусан. Б.Б тэнд байсан Улаанхүү ах, З.О , Об, С.Б нар луу агсараад байсан. М.О Б.Б ыг аваад машинд суулгаад гэр лүү очицгооё гэсэн. Гэрт ирэхэд Б.Б 0.5 граммын Улаанбаатар архи гаргаад Б.Х т өгсөн. Б.Х архи аяглаад гэрт Б.Б бид 3 уугаад сууж байхад Б.Б намайг бацаан минь, чи бол амжихгүй банди шүү дээ гэх зэргээр намайг хорон үгээр өдсөн. Тэгэхээр нь би болио надад битгий агсараад бай гэж хэлж байснаа санадаг тэрнээс хойш юу болсоноо санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд би гадаа зогсож байсан М.О миний мөр лүү цохиод яагаад ингэчихвээ гэж байсныг санадаг. Нэг санахад машинд Б.Х , Ц 2-той хамт явж байсан. Б.Х аас хаана явж байгаа юм бэ гэхэд сум орох гээд Үзүүр овоотын баруун талд явж байна гэсэн. Би эргээд унтаад өгсөн гэсэн. Тухайн үед яаж явсанаа сайн мэдэхгүй байгаа юм. Тэгээд сэрэхэд би гэртээ байсан. Миний хажууд Д.О ирчихсэн байсан. Чи Б.Б ыг хутгалсан байна шүү дээ гээд зэмлэнгээ энэ хүйтэн гэрт ганцаараа байж яах юм бэ манайд дулаахан очиж амар гэсэн. Би Б.Б ын гар утас руу залгахад утсаа аваагүй. Эхнэртэй ярих гээд залгахад утсаа авахгүй байж байгаад утсаа авсан. Эхнэрээс сувилагчийн дугаарыг аваад сувилагч Оюунчимэг рүү залгаж Б.Б очсон уу гэж асуухад дусал хийлгээд эмнэлэг дээр байж байна гэсэн. Би эмнэлэг дээр очъё гэсэн чинь Д.О одоо согтуу байж очиж хэрэггүй өглөө эрүүл болчихоод очихгүй юу гэсэн. Д.О ынд унтаж байгаад сэрчихээд хэвтэж байхад төлөөлөгч эхнэрийн хамт орж ирсэн. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байгаа юм. Би бодохдоо хүмүүстэй байж байхад гэрт авчирлаа гэж агсараад байсан гэж ойлгодог. Б.Б надад агсам тавьж байх үед Б.Х байсан гэхдээ орон дээр унтаж байсан гэдэг юм. Би өөрөө их согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Уг нь бол гэрт Б.Х Б.Б бид 3 орж ирээд архи уугаад сууж байсан. Өөр хүн орж ирээгүй. Би бол зарим зүйлээ мэдэхгүй болтлоо согтсон байсан. Б.Б их согтсон байсан. Б.Б ыг биед гэмтэл учруулахад хэрэглэсэн хутга нөхөрлөлийн гал тогоонд байдаг хутга байсан. Би нэг мэдэхэд гэрт орны хажууд зогсож байсан. Б.Б чи намайг шаачихлаа шүү дээ гээд гараад явахаар нь би араас нь дагаад гарч байснаа санадаг. Тэр үед би баруун гартаа шар иштэй гал тогоонд хэрэглэдэг хутга барьсан зогсож байснаа санадаг. Яг юунаас болж хутгалсан гэдгээ мэдэхгүй байгаа юм. Намайг тасрахаас өмнө Б.Б намайг бацаан банди минь гэх зэргээр дуудаж байсныг санадаг. Би Б.Б ад гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би түүний зүүн далан дээр нь хутгаар гэмтээсэн. Одоо Б.Б тай урьд өмнөх шигээ хэвийн харилцаатай байгаа.”гэжээ./хх-36/,
Шинжээч эмчээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...Би шарханд оёдол тавигдсаны дараа үзсэн учраас гүнийг нь үзээгүй. БОЭТ-ийн гэмтлийн эмчийн үзлэгээр 5-7 см гүн шархтай гэсэн байсан. Рентген шинжилгээний хариутай танилцахад цээжний хөндийд цус, хий хуралдсан шинж байгаагүй. Уг гэмтэл нь Б.Б ын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-28/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-9,50,62/,
Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/,
Хувцсанд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-11/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-29/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №103 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Б.Б ын биед зүүн дал орчмын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-30/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-31,32/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-33/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-34/,
Шүүгдэгч Г.Б ын хүсэлт /хх-37/,
Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-38-39/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/,
Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-41-49/,
Цогт-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-51/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-52-55/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-56,65/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-57,59/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-58,60/,
Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-61/,
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-63-64/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-66,67/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-68/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-69-72/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-73/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс зүүн зүгт 23 километрт байрлах Даянгар гэх газар Б.Б ын зүүн дал орчим 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ын бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №103 тоот шинжээч эмчийн: “Б.Б ын биед зүүн дал орчмын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Улсын яллагч шүүгдэгч Г.Б д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг санал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ад хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Г.Б аас эмчилгээний зардалд 1.000.000 /нэг сая/ төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Цогтын хишиг буян” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг ба 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 3, адуу 5, хонь 26, ямаа 62, нийт 96 толгой мал тоолуулсан болох нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээр багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүний хөрөнгө, орлого зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн малгайтай цамц болон шүүгдэгч Г.Б ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хохирогч Б.Б ын “Би өөрийн комбинзоноо буцааж авах хүсэлтэй байна.” гэсэн хүсэлтийг харгалзан комбинзон хувцасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цэнхэр өнгийн малгайтай цамц, 1 ширхэг хутга зэргийг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 1 ширхэг комбинзон хувцасыг хохирогч Б.Б /Өмнөговь аймаг, Цогт-Овоо сумын 2 дугаар баг, “Сод Монгол” ШТСтанцын байранд оршин суудаг, регистрийн дугаар ЗИ88031812/-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ