Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

2023        12           14                                           2023/ДШМ/43

 

 

         Ч.Б-д холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

прокурор Б.Батцоож, шүүгдэгч Ч.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Ч.Б-д холбогдох, 2235001280204 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 16-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ц овогт Ч-ын Б /РД:.......... /.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутагт байрлах өөрийн  гэртээ 2022 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Х.Б нь өөрийн хоолойг нь заамдах үед шар өнгийн хуванцар сандлаар зүүн гар луу нь цохисны улмаас заамдаж байсан гар нь алдуурч хойшоо савж унахдаа тухайн гэрт байсан хувцасны шүүгээг толгойны ар дагз хэсгээр мөргөж, улмаар биед нь гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал, хуйханд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд дурьдсанаар/

2. Увс аймгийн Прокурорын газраас: Ч.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар цагаатгах тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235001280204 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц овогт Ч-ын Б-г цагаатгаж,

- Шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х-ийн 75.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

- шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  бор будагтай модон сандал 1 /нэг/ ширхэг, шар өнгийн хуванцар сандал 1 /нэг/ ширхгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ. 

4. Прокурор Б.Батцоож давж заалдах журмаар бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хуульзүйн үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгахдаа шүүгдэгч Ч.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан “ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тухайн гэмт хэрэг гарах үед гэрт Ч.Б түүний эхнэр Б.Ц, амь хохирогч Х.Б түүний эхнэр Б.У нар байсан. Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.У-тай маргасан бөгөөд тухайн маргааныг Ч.Б, Б.Ц нар таслан зогсоодог. Б.Ц нь Б.Уг дагуулан гэрийн баруун талаас зүүн талд ирэх үед Ч.Б нь амь хохирогчийн зүүн гарын бугалга хэсэгт хуванцар сандлаар цохиход  амь хохирогчийн  Ч.Б-гийн хоолойны хэсгээс барьсан байсан гар алдуурч тухайн гэрийн баруун талд байсан модон шүүгээг толгойны ар дагз хэсгээр мөргөж унасан үйл баримт болж өнгөрсөн. Гэрч Б.У-гийн удаа дараагийн мэдүүлгээс дүгнэвэл амь хохирогч Х.Б-ийн хоолойг шүүгдэгч Ч.Б түрүүлж заамдсан үйл баримт тогтоогдсон.  

...Мөн шүүгдэгч Ч.Б нь амь хохирогчийг арагшаа савж унасны дараа орондоо ороод шууд унтсан буюу тухайн үед шүүгдэгч Ч.Б-гийн бие эрүүл мэндэд ямар нэгэн хүндрэл учраагүй, амь биед нь аюултай нөхцөл байдал үүсээгүй талаар гэрч Б.У мэдүүлсэн.

Шүүгдэгч Ч.Б нь амь хохирогчийн амь насыг хохироох хор уршигт зориуд хүргэх субъектив санаа зорилго агуулаагүй, амь хохирогчийн зүгээс өөрт чиглэсэн довтолгооныг зогсоох зорилгоор зүүн гар луу цохисон үйлдлийн үр дагавраар амь хохирогч арагшаа савж унахдаа авсан гэмтлийн улмаас амь насаа алдсан. Шүүгдэгч нь амь хохирогчийн зүүн гар луу цохисон үйлдэлдээ санаатай, харин уг үйлдлийн улмаас бий болох үр дагаварт болгоомжгүй хандсан.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэх хуулийн агуулгад нийцэж байна.

Шүүгдэгч Ч.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

            Шүүгдэгч Ч.Б нь амь хохирогчийн гар луу хуванцар сандлаар цохисон үйлдэл нь шууд санаатай байх ба уг үйлдлийн улмаас үүссэн үр дагавраас амь хохирогч биедээ хүнд зэргийн гэмтэл авч улмаар нас барсан байна.

            Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн 22350001280204 дугаартай яллагдагч Ч.Б-д холбогдоход хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

            Иймд Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ч.Б миний хүүгийн амь насыг хохироосон болох нь тодорхой байгаа. Миний хүү Х.Батцоож нь эрүүл саруул биетэй ямар нэг өвчингүй залуу байсан. Угийн мэдүүлгээс Ч.Б цохиж унагаасан гэдэг нь тодорхой байгаа.

Тухайн үед Ч.Б, Б.Ц, Б.У нар миний хүүг зодож амь насыг нь хохироочхоод Б-гийнд очоогүй гэх мэтээр хоорондоо үгсэн тохирч хуйвалдаан зохион байгуулсан бөгөөд сүүлд охин маань Б.У, Ч.Б нарын чатаас хэргийг илрүүлсэн. Хүүгийн минь амь насыг хохироосон Б-д туйлын гомдолтой байгаа тул шүүхэд гомдол гаргаж байна. Иймд гомдлыг минь хангаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Ч.Б-д Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд цагаатгах тогтоол гаргасан.

 Ч.Б-н хоолойг амь хохирогч нь боож амь биед нь халдаж байхад өөрт тулгарсан аюулыг зайлуулж бие махбодид нь халдсан үйлдэл гаргасан. Шүүгдэгчийн хийсэн үйлдлийг Эрүүгийн хуульд аргагүй хамгаалалт гэж заасан. Тухайн үед Ч.Б нь амь хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байдаг.

Амь хохирогч согтуу байсан учраас өөрийн үйлдлээ хянах боломжгүй байсан. Хэрэв амь хохирогч нь эрүүл байсан бол шүүгдэгчийн хийсэн үйлдлийн улмаас хувцасны шүүгээг мөргөж унахгүй байх нөхцөл байдал байна. Амь хохирогчийн ар гэрийнхэн маш их гомдолтой байгаа гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь хэлсэн. Гэтэл амь хохирогчийн ар гэрийнхэн нь шүүгдэгч Ч.Бг санаатайгаар хүний амь насыг хохироосон, ял шийтгэлийг нь эдлүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлээгүй. Харин энэ хэргийг нуусан тухай ярьсан байдаг. Яагаад гэвэл гэрч Б.У нь айж сандраад аав ээждээ хэлэхгүй нуун дарагдуулсан байдаг. Ч.Бн эхнэр Ц, гэрч У нар нь төрсөн ах дүү нарын хүүхдүүд байдаг.

Энэ хэргийг прокурорын газраас хоёр удаа аргагүй хамгаалалт гэж үзэж хэрэгсэхгүй болгож байсан. Шүүгдэгч Ч.Б нь хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан. Болгоомжгүйгээр хүний амь нас хохироох гэмт хэрэг, аргагүй хамгаалалт хоёр нь хоёр өөр шинжтэй. Аргагүй хамгаалалт гэдэг нь өөрийн болон бусдын эрх ашиг сонирхолд халдсан хууль бус үйлдэл, гаднын гэмт халдлагыг таслан зогсоох зорилгоор халдагч этгээдийн эсрэг хийж байгаа хариу үйлдлийг хэлнэ. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь амь хохирогч амьд явах эрхтэй учраас шүүгдэгчийн хийсэн үйлдлийг буруу гэж үзсэн.

Гэтэл Ч.Б-н хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулиар аргагүй хамгаалалт гэж үзнэ гэж хуульчилсан. Шүүгдэгчийн амь насанд нь заналхийлэхэд газарт байсан сандлаар гарыг цохиход согтуу байсан хүн хойшоо савж унаад хувцасны шүүгээ мөргөсөн үйлдэл байгаа. Харин шүүгдэгчийн хийсэн үйлдэл нь болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон үйлдлийн шинж байхгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн  хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй тул 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 186 дугаартай эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 186 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг үндэслэж аргагүй хамгаалалт гэж үзсэн. Шүүхээс амь хохирогч Х.Батцоож нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Б-н халдашгүй чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж хоолойг нь боож байгаа үйлдэл нь түүний амь нас эрүүл мэндэд шууд аюул учруулж буй хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж буй довтолгоо гэх мэтээр тайлбарлаж байгааг хуульд нийцээгүй дүгнэлт  гэж үзэж байна.

Шүүгдэгч Ч.Б нь үнэхээр өөрийгөө хамгаалж ийм үйлдэл хийсэн бол болсон үйл явдлыг эцэг эх, ар гэрийн хүмүүст нь үнэн зөвөөр хэлэх ёстой байсан. Шүүгдэгч нь өөрийн   эхнэр Ц болон Б. У нартай үгсэн тохиролцож, хийсэн хэргээ нуун далдалсан гэж үзэх бүрэн боломжтой байна. Амь хохирогч нь  хэн нэгэн хүн рүү дайрч довтолсон гэх баримт нотолгоо хэрэгт байхгүй.

Мөн орондоо хэвтэж байсан амь хохирогчийг Ч.Б нь очиж заамдаж авсныг эсрэгээр нь шүүгдэгчийг заамдаж авсан мэтээр гуйвуулж цагаатгах тогтоолдоо дурдсан нь үндэслэлгүй байна.

 Энэ хэрэг нь 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө үйлдэгдсэн.Хохирогч нар нь талийгаачийг ямар байдлаар өнгөрсөн гэдгийг мэдээгүй учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. 2022 оны 5 дугаар сарын 20-нд амь хохирогчийн дүү Б нь Б. У, Ч.Б Б, түүний эхнэр Б.Ц нарын хоорондоо фейсбүүк чатаар харьцаж байсан чатыг уншиж энэ хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдсан гэдгийг мэдээд 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр цагдаад гомдлоо гаргасан.

Тухайн үед амь хохирогчийн эхнэр, шүүгдэгчийн эхнэр Ц нар нь үнэн зөв мэдүүлсэн бол задлан шинжилгээ хийлгэж хохирогчийн биед ямар, ямар гэмтэл авсныг тогтоох бүрэн боломжтой байсан. Задлан шинжилгээ хийж шинжээчийн дүгнэлт гараагүй учраас 5 сарын дараа амь хохирогчийн цогцост  үзлэг хийхэд гавал ясандаа гэмтэл авсан, цогцос нь удсан учраас бусад гэмтлийг нь тогтоох боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг сүүлд гаргасан. Энэ дүгнэлтээс үзэхэд тархины гавал ясандаа хүнд гэмтэл авсан учраас амь нас нь хохирсон гэдэг нь тодорхой байна.

Прокуророос шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэж зүйлчилсэн. Амь хохирогч нь өөрөө толгойгоороо хувцасны шүүгээг мөргөсний улмаас тархиндаа гэмтэл аваагүй. Шүүгдэгч Ч.Б-н үйлдлийн улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон амь хохирогчийн ар гэрийнхэн маш их гомдолтой байгаа. Яагаад гэвэл амь хохирогч болон шүүгдэгч нар нь хоорондоо садан төрлийн холбоотой хүмүүс байгаа. Амь хохирогч нь шүүгдэгч Ч.Бд тусалж дэмжиж байсан. Харин энэ хэрэг гарснаас хойш орж гарч, уулзахгүй байгаа. Ч.Бн буруутай үйл ажиллагаанаас болж амь нас нь хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон гэж үзэж гомдол гаргасан” гэв.

9. Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батцоож давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Амь хохирогч нь шүүгдэгчтэй садан төрлийн холбоотойгоос гадна гэр бүлийн сайн найз нөхдийн холбоотой, нэг нэгнийхээ аж амьдрал, ажил төрөлд тусалж дэмждэг, орж гардаг хүмүүс байсан. Амь хохирогч нь шүүгдэгчийн биед халдаж хор уршиг учруулах, амь насыг хохироох санаа зорилго, сэдэлт байгаагүй.

Тухайн хэрэг гарах үед амь хохирогч болон түүний эхнэр Б.У, шүүгдэгч Ч.Б, шүүгдэгчийн эхнэр Б.Ц зэрэг насанд хүрсэн 4 хүн байсан. Шүүгдэгч Ч.Бн хоолойг амь хохирогч нь боосон гэх үйл баримт хэрэгт авагдсан хэдий ч тухайн үйлдлийн улмаас шүүгдэгч Ч.Бн эрүүл мэндэд хохирсон зүйл байхгүй. Амь хохирогч нь Бг заамдаж авахад түүний гар луу нь хуванцар сандлаар цохиж, хохирогч нь хойшоо савж унасан. Үүний дараа Б нь орондоо орж унтсан нөхцөл байдал байдаг.

Хохирогчийн довтолгооны улмаас шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн байх ёстой. Гэтэл гэрч Б.Угийн мэдүүлэгт ийм зүйл болоогүй гэдгийг хэлсэн. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Ч.Бн хүүхэд, түүний эхнэр хоёрын өгсөн мэдүүлгийг үндэслэсэн.

Хэрэг нь Ч.Бн гэрт болсон учраас тухайн үед түүний гэр бүлийн хүмүүс байсан. Хэрэгт ач холбогдолтой мэдүүлгийг гэрч Б.У өгсөн. Гэтэл анхан шатны шүүх гэрч Б.Угийн мэдүүлгийг үнэлэхгүйгээр цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн.

 Амь хохирогчийн эсрэг шүүгдэгчийн хийсэн үйлдлийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзсэн нь хуульзүйн үндэслэлгүй байна. Гэтэл тухайн гэрт болж байгаа үйл явдлыг дүрслээд харвал хохирогчын хийсэн үйлдэл нь Ч.Б-гийн амь насыг хохироохоор чиглэсэн довтолгоо мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Тухайн үед шүүгдэгч нь Б.У, Х.Батцоож нарын маргааныг салгах гэж барьцалдсан үйл баримт байгаа. Энэ үйл явдалд хэт ач холбогдол өгч гэмт хэрэг биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ийм учраас давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээ дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ч.Бд  холбогдох, 22350012800204 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бг 2022 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Х.Батцоожийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

           3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан Ч.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичжээ.

           4. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-д холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн цагаатгах тогтоол  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

            4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр,

           мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т: “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан ба анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дээрхи хуулийн шаардлага хангаагүй байна.

           Тодруулбал, шүүгдэгчийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж ялласан прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болон яллах үндэслэл болгосон нотлох баримтуудыг шүүхээс хэрхэн үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

          4.2. Хэрэгт, гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 5 удаагийн мэдүүлэг авагдсан байх ба тэрээр 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:  ...тэр үед Ц босч ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед Б босч ирээд талийгаачийг заамдсан бөгөөд талийгаач мөн Бг заамдаад барьчихсан байсан. Түүний гар луу Б шар өнгийн хуванцар сандлаар зүүн гарын хэсэгт цохиход талийгаач нөхөр Батцоож нь хойшоо саваад хувцасны шкаб толгойгоороо савж цохиод унасан “ /1 дүгээр хх-ийн 59-61 дэх тал/ гэж,

        - 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ”...Б-г талийгаач нөхөр Х.Батцоож цамцны захаар нь заамдаад хоолойг боож байхыг би харсан. Б манай нөхрийг татаад, Ц намайг татаж аваад салгасан. Тэр үед нөхөр Х.Батцоож чи яахаараа энийг өмөөрдөг юм гээд Б руу дайраад хоолойг нь цамцны захаар боосон. Б гараа салгах гэж оролдсон боловч чадахгүй байсан тул хажууд байсан хуванцар шар өнгийн сандлаар талийгаачийн зүүн гарны хэсэгт цохиход талийгаачийн Б-гийн цамцнаас барьсан гар тавигдахад хойшоо савж унаад модон тавилга толгойгоороо цохиод унасан. Унасан газартаа талийгаач унтсан ба өглөө сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан” / 1 дүгээр хх-ийн 63-64 дэх тал/ гэж,

        - 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн өдөр Х.Б, Ч.Б нар харилцан заамдалцсан. Талийгаач түрүүлж Ч.Бг заамдаад түүний дараагаар И.Б талийгаачийг заамдсан”  /1 дүгээр хх-ийн 191-195 дугаар тал/ гэж ,

        -  2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ:” ..эхлээд тэр хоёр хоёулаа нэгнийгээ харилцан заамдсан юм. ..сандлаар цохисны дараагаар Б амьсгаадсан, хоолой нь боогдсон зүйл байгаагүй, би сайн анзаарч хараагүй. Ч.Б шууд орлуугаа ороод хэвтчихсэн. Түүний дараа бүгд унтсан” /2 дугаар хх-ийн 89-90 дүгээр тал/ гэж,

        - 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Ч.Б, Х.Батцоож нар хоорондоо маргалдсан, талийгаач Ч.Бг намайг өмөөрлөө гэж хэлж уурлаж түүнрүү дайрсан юм...Ч.Б гэрийн баруун дээд хэсэгт байсан ширээний хажууд байсан сандлаар баруун гараараа цохисон,талийгаач нэг гараараа эсхүл хоёр гараараа заамдсан байсан эсэхийг санахгүй байна” / 2 дугаар хх-ийн 173-174 дугаар тал/ гэж тус тус мэдүүлсэн байна.

          Шүүхээс гэрч Б.У /талийгаачийн эхнэр/-ийн дээрх мэдүүлгүүдээс 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэг / 1-р хх-ийн 63, 64-р тал/, мөн гэрч Б.Ц /Ч.Б-гийн эхнэр/-ийн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Б-гийн мэдүүлгийг тус тус үнэлж, амь хохирогч Х.Батцоож нь шүүгдэгч Ч.Б-гийн цамцны захаар хоолойг нь боож, амьсгалыг боогдуулсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэхдээ бусад нотлох баримтын харилцан хамаарал, ач холбогдолтой эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Мөн гэрч Б.Угийн удаа дараа өгсөн мэдүүлгүүдээс зарим хэсгийг үнэлж шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болгохдоо түүний бусад мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэж няцааж буй үндэслэлээ заагаагүй байна.

            5. Нөгөө талаар, өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т заасан бөгөөд хүч хэрэглэсэн довтолгоон эхэлж буй нь илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол шууд аюул учрах аргагүй нөхцөл байдалд хамгаалалт хийгдсэнийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцохоор байна.

           Тодруулбал, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед хамгаалалт хийгдсэн бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.  

           Харин ийм бодит аюул тулгараагүй нөхцөлд хийсэн үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй болно.  

           Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг  “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Ч.Б-гийн хохирогчийн эсрэг тухайн цаг хугацаанд хийсэн үйлдэл нь гэмт хэргийн үгүйсгэх шинжийг хэрхэн хангасан үндэслэлийг тодорхой дүгнэж тайлбарлахгүйгээр хэт ерөнхий дүгнэлт хийсэн байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

           6. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 7. Шүүгдэгч Ч.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.          

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/186 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.АЛТАН

                 ШҮҮГЧИД                                        Д.ЖАМБАЛСҮРЭН  

                                                                         Н.МӨНХЖАРГАЛ