Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00364

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00364

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  0 дугаар хороо, үйлдвэр хэсэгт байрлах Багануур дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, 0  дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, Гомбын Батбаярт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 666.149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Багануур дулааны станц ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь иргэн ******* "Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээ байгуулан ажиллаж байна. Г.Батбаяр нь "Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээний дагуу 2023 оны 11-р сараас эхлэн 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн ******* дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 512734.20 (таван зуун арван хоёр мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг, хорин мөнгө) төгрөг, алданги 153414.80 (нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун арван дөрвөн төгрөг, наян мөнгө) төгрөг, нийт 666149 (зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун дөчин есөн) төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Батбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Гомбын Батбаяр нь Багануур дулааны станцын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 666.149 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Батбаяр нь 666.149 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Багануур дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Гомбын Батбаярт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 666.149 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Батбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.537 төгрөгөөс 10.269 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 10.269 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 10.269 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Багануур дулааны станц ТӨХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО