Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2025/0037

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: М.Ц,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Булган сумын Засаг дарга,

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С нарын  хоорондын  төрийн албаны  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч М.Ц нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн  Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Булган сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх”-ээр маргаж байна.

           2. Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар М.Ц сумын Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

           3. Уг Б/01 дүгээр  захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.Ц нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  дээд шатны захиргааны байгууллагад гаргасан гомдлын хариу болох аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1-01/238 дугаартай  “хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх” гэсэн албан  бичгийг  өгснөөр  тус шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр  захиргааны хэрэг үүсгэсэн болно.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

 “Миний бие 2020-2024 оны хооронд 4 жил Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын орлогчоор ажилласан. Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар намайг өвчтэй байхад ажлаас халсан байна. Намайг үүрэгт ажлаас чөлөөлөх  гэж байгаа талаар урьдчилж мэдэгдээгүй, намайг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүнээр дамжуулан 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй. Эмнэлгийн магадалгаатай байхад намайг чөлөөлж, миний эрхийг зөрчсөн учраас Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр М.Ц намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, Булган сумын Засаг даргын орлогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С:.Н  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

М.Ц хувьд  хуулийн дагуу Булган сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хоёр удаа гаргасан байдаг.  Сүүлийн захирамжийг гардаж авснаас хойш аймгийн Засаг даргад 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр ба 02 дугаар сарын эхээр гомдол гаргасан. 2025 оны 02 дугаар сарын  27-ны өдөр аймгийн Засаг даргаас тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, шүүхэд хандаарай гэсэн хариуг өгсний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд дээд шатны Засаг даргад гомдол гаргаж, түүнийг хариуг авсны дараа  эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Булган сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий захирамж дараах  үндэслэлээр хүчингүй болох ёстой. Нэгдүгээрт,  эмчийн магадалгаатай өвчтэй байсан. М.Ц хувьд элэгний В вирусийн гаралтай өвчтэй, түүнийг эмчлүүлэх шаардлагатай болсон учраас Ховд аймаг,  Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан. Иймд энэхүү хугацаанд Засаг даргын орлогчийн ажлаас  чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, эмчийн магадалгаатай байх хугацаанд ажил олгогчийн зүгээс ажилтны ажлын байрыг хадгалах үүрэг хүлээнэ. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заасан. М.Ц нь хэчнээн улс төрийн албан тушаалтан байсан ч гэсэн тухайн хүний хөдөлмөрлөх эрхийн асуудалд хамааралтай  эмчийн магадалгааг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн, хүргүүлсэн. Нэгэнт эмчийн магадалгаатай, өвчтэй байсан хүнд зайлшгүй тушаал, шийдвэр гаргаж, ажлаас чөлөөлөх шаардлага байсан юм уу. Засаг даргын хувьд эмчийн магадалгаатай ажилтны оронд өөр бусад ажилтныг түр томилж, ажил үүргийг нь гүйцэтгүүлэх боломж байсан.

М.Ц нь 4 жилийн хугацаанд орлогчийн ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн, ямар нэгэн алдаа, зөрчил гаргаагүй, хууль зөрчөөгүй, өвчтэй зовлонтой болоод эмчилгээ хийлгэж байсан хугацаанд тухайн хүнийг сонсох ажиллагаанд оролцуулахгүйгээр,  мэдэгдэхгүйгээр, шууд шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт, Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  хуралдаан анхнаасаа хууль бусаар явагдсан. Түүнтэй холбоотой тус шүүхэд маргаан үүсээд, өнөөдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Я.С хариуцагч нарын өмгөөлөгчөөр оролцож,  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүнд,  Засаг дарга хууль бусаар томилогдсон, анхдугаар хуралдаан хууль бусаар явагдсан гэдэг нь тогтоогдсон. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Б.Р гэдэг хүн тухайн маргаан бүхий шийдвэрийг гаргах эрхгүй байсан. Өөрөө хууль бусаар томилогдсон хүн байсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан.  М.Ц нь маргаан үүссэн үед Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой байсан. Тэгэхээр хууль бус томилгоотой хүн орлогчийг хууль бусаар чөлөөлсөн асуудал гарсан гэж үзэж байна. Б.Р хувьд 2025 оны 03 дугаар сараас эхлэн хуульд заасан Булган сумын Засаг даргын бүрэн эрх нь үүссэн. Тэгэхээр М.Ц ажлаас хууль бусаар чөлөөлсөн байна. Хариуцагч талын зүгээс Засаг даргын орлогчийг 4 жилийн хугацаагаар, томилж чөлөөлнө гэдэг зүйлийг хариу тайлбарт дурдсан байна. Энэ нь үндэслэлгүй байна. Засаг даргыг 4  жилийн хугацаагаар томилдог болохоос биш орлогчийг хугацаа зааж томилдоггүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

            5. Хариуцагч  Булган сумын  Засаг дарга  хариу тайлбартаа:

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна, 10.1.1 улс төрийн албан тушаал, 10.1.2 төрийн захиргааны албан тушаал, 10.1.3 төрийн тусгай албан тушаал, 10.1.4 төрийн үйлчилгээний албан тушаал,  11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалтанд Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүн томилолтын журмаар ажиллах мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна”, 11.1.9-д бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэл сум дүүргийн Засаг даргын орлогч гэж тус тус хуульчилсан байна. Ингэхээр нэхэмжлэгч М.Ц хашиж байсан Булган сумын Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтанд хамаарч байна.

Монгол Улсын засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байна” гэж заасан. М.Ц нь уг албан тушаалд Булган сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн томилогдсон уг албан тушаалыг 4 жил 12 хоног хашсан байна.

Хариуцагч буюу Булган сумын Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр  зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч М.Ц хашиж байсан албан тушаалын бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэсэн хууль зүйн үндэслэлээр Булган сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Я.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар төрийн улс төрийн албан тушаалтан тодорхой хугацаагаар томилогдож, тодорхой хугацааны бүрэн эрх нь баталгаажсан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц хашиж байсан Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь  улс төрийн албан тушаалд хамаарч байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэж заасан. М.Ц уг албан тушаалд Булган сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар томилогдоод, уг албан тушаалыг 4 жил 12 хоног хашсан байна. Хариуцагч Булган сумын Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.Цэрэнчимэдийн хашиж байсан албан тушаалын бүрэн эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр түүнийг тус сумын Засаг даргын орлогч даргын албан тушаалаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.  Эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдолд бүрэн эрх нь сунгагдана гэдэг ойлголт байхгүй. Тухайн үед Б.Р материалыг  Авлигатай тэмцэх газарт  явуулаад, журмын дагуу  томилогдоод сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж, зохих шийдвэрүүдийг гаргаж, цалин хөлс авч байсан. Ийм учраас нэхэмжлэгч М.Ц нэхэмжлэл үндэслэлгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

1. Нэхэмжлэгч М.Ц “Баян-Өлгий аймгийн  Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Булган сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Булган сумын Засаг дарга /Б.Р/-ын  2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр  захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг  тус тус үндэслэн М.Ц сумын Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 16,25,28-47 дах тал/ орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдаанаас гаргасан 05 дугаар  тогтоолоор Б.Р сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлснээр аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  Б/45 дугаар захирамжаар Булган сумын Засаг даргаар томилж, Б.Е Булган сумын Засаг даргын ажлаас  чөлөөлсөн болох нь тус тус тогтоогдож байна.

3. Төрийн албаны  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11 дүгээр зүйлийн  11.1-т “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: 11.1.9.бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер”  гэж тус  тус заажээ.

4. Нэхэмжлэгч  М.Ц  Булган сумын Засаг дарга /Б.Е/ -ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилсон /Хавтаст хэргийн 12 дах тал/ байх ба  энэхүү сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “...сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, ... орон тооны” улс төрийн албан тушаал  байна.

Нэхэмжлэгч М.Ц нь 2020 оны 12 дугаар сард Булган сумын Засаг даргын орлогчоор томилогдож, маргаан бүхий захиргааны актаар  2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр 4 жилийн хугацаанд  Засаг даргын орлогчийн албан тушаалыг эрхэлсэн болох нь тогтоогдож байна.

5. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба, төрийн албан тушаалыг  улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний  гэж 4 ангилан,  төрийн захиргааны болон тусгай албыг “төрийн жинхэнэ алба” гэж нарийвчлан тодорхойлсон бөгөөд төрийн албыг ингэж ангилсан нь  тухайн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг ялгаатай тогтоох хууль зүйн үндсийг тавьсан тул төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг бусад төрийн албан хаагчийн эрх зүйн байдлаас ялгаатай байдлаар  хуульчлан тогтоосон байна.

Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар /төрийн албан тушаалд томилох нийтлэг журам/, 46 дугаар /төрийн албанаас чөлөөлөх/ зүйлүүдэд заасан зохицуулалт нь “төрийн жинхэнэ албан хаагч”-д л хамаарахаар,  төрийн улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа этгээд нь төрд албан тушаал эрхэлж байгаагийн хувьд  Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан баталгаагаар хангагдах боловч 62 дугаар зүйлийн 62.1-д заасан нэмэлт баталгааг эдлэхгүй байхаар хуулиар тусгайлан заажээ.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос  төрийн улс төрийн болон төрийн үйлчилгээний  албыг “төрийн жинхэнэ алба”-д тооцохгүй, эдгээр ангиллын албан тушаалуудын хувьд “албан тушаалд авах”, ”төрийн албанаас чөлөөлөх” талаарх  Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтууд үйлчлэхгүй байхаар хуульчилсан байна.

Тийм ч учраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу улс төрийн албан тушаалтныг  томилох, чөлөөлөхтэй холбогдсон асуудлууд нь Төрийн албаны тухай хуулиар бус  тус тусын хуулиар зохицуулагддаг, үүний дотор бүх шатны Засаг дарга болон Засаг даргын орлогчийг  томилж, чөлөөлөх асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар  зохицуулагдахаар хуульчилжээ.

6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуульд ямар болзол хангасан этгээдийг Засаг даргын орлогчийн  албан тушаалд томилох, ямар тохиолдолд түүнийг албан тушаалаас чөлөөлөх талаар  нарийвчлан заагаагүй бөгөөд хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1-т “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:  59.1.22.сумын Засаг даргын орлогчийг  томилох, чөлөөлөх, огцруулах”  гэж  заасан нь уг албан тушаалтныг   томилох, чөлөөлөх  “хуулиар тогтоосон”  журам  байна.

7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан ба  дээрх  нөхцөл байдлуудаас үзэхэд  энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд  М.Ц сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлсөн  Булган сумын Засаг даргын шийдвэр нь  Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй, “эрх хэмжээний хүрээнд” гаргасан, хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байна гэж дүгнэлээ.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 57  дугаар зүйлийн 57.1-д зааснаар Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил бөгөөд 2024 оны орон нутгийн Хурлын  сонгуулийн үр дүнд Булган сумын Засаг дарга шинээр томилогдож,  өмнөх Засаг даргын бүрэн эрх дуусгавар болсон тул шинээр томилогдсон Засаг дарга  Б.Р нь   улс төрийн албан тушаал болох Засаг даргын орлогчийн албан тушаалд ажиллаж байсан  М.Ц  бүрэн эрхийн  хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг  буруутгах үндэслэлгүй байна.

8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь  сонгуулийн үр дүнд мандат авсан олонхи нь  мөрийн хөтөлбөрөө тодорхой  бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор засаглах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг тогтолцоонд хамаарах бөгөөд  уг тогтолцоо нь тодорхой бүрэн эрхийн хугацаанд захирагддаг тул   энэ хугацаанд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх  багийг томилон итгэл үзүүлж ажиллах, хэрэгжүүлж чадахгүй гэж үзвэл  улс төрийн хариуцлага тооцон чөлөөлөх эрхтэй байдаг.

Иймээс ч  Төрийн албаны тухай хуульд эдгээр ялгаатай байдлыг нарийвчлан зохицуулж,  сумын Засаг даргын орлогч нь  төрийн улс төрийн албан тушаалтан болохыг, улс төрийн албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байх үүднээс  түнийг чөлөөлөх харилцаанд  Төрийн албаны тухай хуулийн бус , харин тухайлсан хуулийн зохицуулалт хэрэглэгдэхийг хууль тогтоогч  тодорхой зааж, журамласан байна.

9. Хэдийгээр нэхэмжлэгч талаас  нэхэмжлэлийн үндэслэлээ “...Эмнэлгийн магадалгаатай байхад ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг зөрчсөн” гэж тайлбарлан маргасан боловч  тухайн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

Учир нь,  төрийн  улс төрийн алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуульд ямар тохиолдолд Засаг даргын орлогчийг албан тушаалаас чөлөөлөх талаар  нарийвчлан заагаагүй бөгөөд  харин орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон Засаг даргад  уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны улс төрийн албан тушаалтныг, тухайлбал  сумын Засаг даргын орлогчийг  сонгон томилох, чөлөөлөх эрхийг  олгосон байна.

Тодруулбал,сумын Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөх, ажилд томилохыг  Төрийн албаны тухай хуулийн   4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22 дэх заалтаар тусгайлан зохицуулсан тул  төрийн улс төрийн албан  тушаалтан болох   сумын Засаг даргын орлогчийн хувьд  Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан “ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгалах”  зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй юм.

10. Мөн  “Булган сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бусаар явагдсан, Засаг дарга хууль бусаар томилогдсон гэдэг нь тогтоогдсон ба шүүхийн шийдвэрээр томилсон захирамжийг хүчингүй болгосон. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, Б.Р гэдэг хүн өөрөө хууль бусаар томилогдсон  тул тухайн маргаан бүхий шийдвэрийг гаргах эрхгүй байсан” гэсэн тайлбар нэхэмжлэгч талаас гаргасан.

Дээр  дурдсанаар Баян-Өлгий  аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  Б/45 дугаар захирамжаар Б.Р Булган сумын Засаг даргаар томилсон бөгөөд  Баян-Өлгий  аймаг дахь Захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 110/ШШ2025/0008 дугаар шийдвэрээр Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдааны “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  “Булган сумын Засаг дарга Б.Ерболатыг ажлаас чөлөөлж,Б.Р Булган сумын Засаг даргаар томилох тухай”  Б/45 дугаар захирамжийн Б.Р холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин  төгөлдөр болсноор 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Булган сумын  иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын ээлжит бус хуралдаанаар  Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, мөн өдрийн 15 дугаар тогтоолоор Б.Р сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлснээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар  Булган сумын  Засаг даргаар томилсон нь  тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн 62,104-109 дэх тал/ тогтоогдож байна.

Эдгээр нөхцөл  байдлаас үзэхэд  нэхэмжлэгч М.Ц сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас  чөлөөлсөн шийдвэр гаргах үед  буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.Р нь  Булган сумын Засаг даргын  бүрэн эрхийг хэрэгжүүлж, албан үүргийг гүйцэтгэж байсан тул маргаан бүхий захирамжийг эрх  хэмжээгүй этгээдээс гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл,  2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн анхан шатны  шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Р Булган сумын Засаг даргаар  томилсон аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/45 дугаар захирамж хүчинтэй байсан бөгөөд уг шүүхийн  шийдвэрээр энэхүү Б/45 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоогоогүй, харин хүчингүй болгосон байгаа.

Иймээс  аймгийн Засаг даргын Б/45 дугаар захирамжийг гарсан цагаасаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс  эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэлгүй  бөгөөд  Булган сумын  Засаг даргыг томилсон аймгийн Засаг даргын захирамж хүчинтэй байх хугацаанд  маргаан бүхий захиргааны актыг  Булган сумын  Засаг даргаас гаргасан байна гэж дүгнэлээ.

11.Түүнчлэн   Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд  сонсох ажиллагаа явуулах  процессыг хуульчлан тогтоосон, хариуцагч  талаас сонсох ажиллагаа явуулсан талаар  тайлбар,  нотлох баримт ирүүлээгүй боловч  энэ  маргааны тохиолдолд  ийнхүү сонсох ажиллагаа хийгээгүй нь  дангаараа  маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

12. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь  нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө  хууль зөрчөөгүй, дээрх захиргааны актын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдөөгүй байх тул  нэхэмжлэгчийн  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн  шаардлагыг,  уг шаардлагатай холбоотой  “сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх”  шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1–д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч М.Ц “Баян-Өлгий аймгийн  Булган сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Булган сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ