Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Д даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Г.Г

хохирогч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Г-д холбогдох 1705006350298 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Г 2012 оноос Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар гудамжны 115 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох 72 настай эх Т.Д байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхэд халдах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би олон жил архи уугаад архины хамааралтай болчихсон. Шүүхээс надад хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсье гэв.

 

Хохирогч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Г бол миний төрсөн хүү байгаа юм. Г гэрийнхээ эд зүйлийн өнгөтэй болгоныг зарж архи ууж архи уухаараа муухай ааш гаргадаг. Би одоо 72 настай хэн нэгний муухай харцан дор айж амьдармааргүй байна. Хэдэн жилийн өмнө намайг Ардчилсан холбоог дэмжлээ гэж миний толгой руу ганбанзаар цохиж намайг сорвитой болгож байсан. Тухайн үед нь би цагдаад мэдэгдэх гэсэн боловч манай гэр бүлийн хүн намайг хүүхдийн амьдралд хар толбо суулгачихна хэрэггүй гэхээр нь би цагдаад мэдэгдэлгүй өнгөрч байсан. Г дөрвөн удаа архины эмчилгээнд явж байсан. Манай гэр бүлийн их сайн, танил тал ихтэй хүн байсан. Сайн эцгийн буянд Г юмаар дутаагүй тэгэхэд Г эцгийгээ бас гомдоож байсан. Өвгөнийг нас барснаас хойш энэ намайг байнга дарамталж байна. Надад Г нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас Г холдуулаад өгөөч гэж хүсэх байна. Г надад өш хонзон санана гэхээс би айж байна. Би Г гомдолтой байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.Д мөрдөн байцаалтанд ”Манай хоёр дахь хүүхэд болох Г нь 1992 оноос хойш архи ууж эхэлсэн. Архи ууж согтохоороо талийгаач нөхөр бид хоёрт агсам тавьдаг болсон. Сүүлд 1998 оноос архинд эрчимтэй орж гэртээ орж ирэхээрээ нөхөр бид хоёрыг дарамталж хашгирна, гэрийн эд зүйлсийг авч бид нар руу авч шиддэг байсан. Тухайн үед аав нь байсан болохоор гайгүй байсан. Аавыгаа хараад айдаг байсан юм. 2006 оноос хойш Г согтохоороо гэрийнхээ эд зүйлсийг авч зарж мөнгөөрөө архи авч уудаг болсон хүүхдийн дугуй, гражид байсан машины эд анги зараад л архи худалдаж аваад уудаг тэгээд согтохоороо надад агсам тавьдаг  болсон. 2010 оноос хойш гэрийнхээ аавынхаа Алтангадас одонг зарсан бас хоёр ширхэг плитка, хоёр ширхэг ус буцалгагч, хөгжим, компьютер, шарах шүүгээ, будаа агшаагч, хөргөгч, хөлдөөгчинд байсан махыг аваад гараад л явна тэгээд л согтуу орж ирээд л надад агсам тавьдаг надад үнэхээр хэцүү байна. Би Г гэрийнхээ эд зүйлс болон өөрийнхөө ээмэг, бөгжийг гэртээ нуугаад тавьдаг одоод л зараад архи уучихна, бас үнэтэй гар утсыг маань аваад л зараад архи олоод уучихдаг юм. Надад үнэхээр хэцүү байна энэ хүн дахиж хэзээ архи уугаад надад агсам тавих бол гэхээс айж байна. Гэрэлт-Од нийт 4 удаа архины эмчилгээнд явж байсан. Бас баривчилгаанд 4-5 удаа явж байсан. Ухаан ороод засрах болов уу гэж бодохоор л үгүй архи уугаад л согтоод агсам тавьдаг. Мөнгөгүй болчихвол гэрийнхээ эд зүйлсийг аваад зардаг болсон...Анхандаа Г согтохоороо цохиж зоддог байсан. 2012 онд миний дух руу гамбанз авч шидээд дух  оноод би духандаа 6 оёдол тавиулж байсан” /хх-ийн 43/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Сарангэрэл мөрдөн байцаалтанд” Би Г.Г төрсөн эгч нь байгаа юм...2005 оноос хойш Г хамт байж байх хугацаанд их догшин ширүүн авиртай, нэг удаа намайг цохиж зодон шүд хүртэл унагааж байсан...архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ согтуу орж ирээд ээжийгээ хайрлаж байгаа хүн болоод гэдсэн дээр нь хэвтчихээд ээжээ гээд орилоод байдаг юм худлаа хайрлаж байгаа хүн болж байгаа мэт. Мөн ээжийн толгойг нэг удаа хагалж байсан юм. Архи уухаараа гэрийнхээ эд зүйлийг байнга аваачиж зардаг. Би 2010 оноос хойш ажлын байран дээрээ амьдарч байна.  Манай хүүхэд болохоор эгчийндээ амьдарч байгаа...” /хх-ийн 50/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2 дугаар хэлтэсийн хэсгийн байцаагч А.Алтансүх мөрдөн байцаалтанд “Г нь эх Должинсүрэнгийн хамт амьдардаг. Хорооны хэсгийн байцаагчийн архаг архичны судалгаанд байдаг Мааньт дахь архины албадан эмчилгээнд 6 сараар 2 удаа явж байсан. 2012 онд Г аав нь нас барснаас хойш өдөр шөнөгүй архи уудаг архи уусан үедээ биеэ хянах чадваргүй орчин тойрны хүмүүс ээждээ агсам тавьж сэтгэл санааны болон гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг”/хх-ийн 53/ гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Г.Г мөрдөн байцаалтанд ” Би 2000 оноос хойш архи уудаг болсон бөгөөд байнга бол архи уудаггүй. Нэг удаа уухаараа 2-7 хоногийн хугацааны давтамжтай байнга уучихдаг болсон юм. Архи уух шалтгаан нь донтоно гэдэг нь болчихсон юм шиг байгаа юм зүгээр байж байтал архи уумаар санагдаад уучихдаг. Архи уухаараа ухаан мэдрэлээ алдаад хийсэн үйлдлээ ухамсарлаж мэдэхээ байдаг юм. Дараа нь ээжээс сонсохоор хэрүүл хийж гэрийнхээ эд зүйлсийг аваачиж зараад архи уучихдаг байгаа юм...Тухайн үедээ өөрийгөө тийм үйлдэл хийж байгааг ухамсарлаж ойлгож чаддагүй юм. Тэрнээс биш цохиж зодсон асуудал байхгүй...” /хх-ийн 46-47/  гэсэн мэдүүлэг,

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 65-69/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Г.Г холбогдох  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 625 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 17/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г 2012 оноос Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар гудамжны 115 тоотод гэр бүлийн хамаарал бүхий 72 настай эх Т.Должинсүрэнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхэд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Д “...надад үнэхээр хэцүү байна энэ хүн дахиж хэзээ архи уугаад надад агсам тавих бол гэхээс айж байна...архи уугаад л согтоод агсам тавьдаг. Мөнгөгүй болчихвол гэрийнхээ эд зүйлсийг аваад зардаг болсон....намайг дарамталдаг...миний дух руу гамбанз авч шидээд дух  оноод би духандаа 6 оёдол тавиулж байсан. /хх-ийн 43/,  гэрч Г.Сарангэрэлийн”..Г хамт байж байх хугацаанд их догшин ширүүн авиртай, нэг удаа намайг цохиж зодон шүд хүртэл унагааж байсан...ээжийн толгойг нэг удаа хагалж байсан юм. Архи уухаараа гэрийнхээ эд зүйлийг байнга аваачиж зардаг. /хх-ийн 50/,

гэрч Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2 дугаар хэлтэсийн хэсгийн байцаагч А.Алтансүхийн”...Г аав нь нас барснаас хойш өдөр шөнөгүй архи уудаг архи уусан үедээ биеэ хянах чадваргүй орчин тойрны хүмүүс ээждээ агсам тавьж сэтгэл санааны болон гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг. /хх-ийн 53/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон  гэр бүлийн хүчирхийлэлийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 65-69/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй бөгөөд

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл”

“...хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл”

“...хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ” гэж заасан байна.

 

Өөрөөр хэлбэл Прокуророос Г.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Г гэм буруугийн санаатай хэлбэрээр “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг  ахмад настан хүний эсрэг үйлдсэн   гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг нь харгалзаж хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх,  Г.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг “шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, хохирогч Т.Должинсүрэнг дарамталсан” үндэслэлээр өөрчилж цагдан хорьсон болохыг дурьдах нь зүйтэй.