Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/01287

 

С.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00180 дугаар шийдвэртэй,                                                                                                                     

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1452 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : С.Эрдэнэцогт

Хариуцагч : Автотээврийн үндэсний төв Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар /ТӨҮГ/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, 2.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, нарийн бичгийн дагар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015.10.23-ны өдрийн Б/567 тоот тушаалаар ажлаасаа  халагдсан. Би ажлаа зохих ёсоор хийдэг. Хов живийн чанартай өргөдөл гомдол ирүүлсэнийг хариуцагч  баримтаар тогтоогоогүй намайг ажлаас халсан. Би 2015 оны 7 дугаар сард Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Автотээврийн 90 жилийн ойн баяр, ахмад тээвэрчдийн хүндэтгэлд зориулан өгсөн 15 сая төгрөгийг С.Алтанхуяг  завшсан асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулсан.Үүнтэй холбоотой С.Алтанхуяг нь үндэслэлгүй гүтгэлэг явуулах болсон. Тээвэрчдийн эрхийг хамгаалж үг хэлсэн намайг шахан зайлуулахын тулд гарын үсэг хүчээр болон дуурайлган зуруулах байдлаар цуглуулж, “өргөх бичиг” явуулсан байхад хариуцагч энэ байдлыг шалгалгүй зөрчил гаргасан гэж үзсэн. Өргөх бичигт гарын үсэг зурсан гэх хүмүүсийн тодорхойлолтоор С.Алтанхуягийн  хууль бус ажиллагаа нотлогдоно.  Ёс зүйн хорооны хуралд би орсон боловч ямар дүгнэлт гарсныг надад хэлээгүй. Сүүлд  сүлжээнд тавьсан байсныг хүнээс дуулж, 2015.12.02-ны өдөр энэ дүгнэлтийг олж үзсэн. Дүгнэлтэд албан тоотыг үндэслэн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь харамсалтай. Ёс зүйн зөрчил гаргасан гэж шууд халах зохицуулалтгүй байхад дотоод журмын заалтуудаа хариуцагч өөрөө зөрчсөн. Сануулга ч өгөөгүй шууд халсан. Иймд Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, нөхөх олговорт 2.2 сая төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Зөрчил гаргасан нь ёс зүйн хорооны тогтоолоор тогтоогдсон. Ажилчид гомдол гаргасан. Хурал дээр энэ талаар ч гэсэн ажилчид ярьсан. Энэ хурлын тэмдэглэлээ өөрсдөө ирүүлсэн. Бусад аж ахуйн нэгжүүд ч тэр гомдол гаргасан. Эдгээрийг үндэслэн С.Эрдэнэцогтын ёс зүйн зөрчлийг шийдвэрлэсэн байгаа. Ёс зүйн хорооны дүгнэлт гарах үед аж ахуйн нэгжүүд гарын үсэг, тамга дараагүй асуудал гараагүй, харин сүүлд энэ асуудал гарсан юм билээ. Бид бусдын гомдол, санал, ёс зүйн зөрчлийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Энэ зөрчил нь байгууллагын нэр хүндэд харшлах зөрчил мөн гэж үзсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 181/ШШ2016/00180 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Эрдэнэцогтыг Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2.2 сая  төгрөг гаргуулж С.Эрдэнэцогтод олгож, С.Эрдэнэцогтын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх ажил олгогчид  үүрэг болгосон байна.   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1452 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Автотээврийн үндсэний төв ТӨҮГ-ын захирал нь Орхон аймгийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулж, зохион байгуулах үйл ажиллагааг зохин байгуулах үүргээ хэрэгжүүлэх явцдаа хамт олон болон Орхон аймгийн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагатай харилцахдаа хэл амаар доромжлох, үл хүндэтгэх, бүдүүлэг зан авир гаргах зэрэг ёс зүйн алдаа гаргасан болохыг тус төвийн ёс зүйн хороо дүгнэлт гаргаж тогтоосон учраас С.Эрдэнэцогттой хөдөлмөрийн харилцаагаа цуцалсан. Ажилчиддаа найрсаг, асуудлыг зөв зохистой зохицуулах үүрэгтэй болохоос дээрэнгүй хандаж, үйлчлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай бүдүүлэг дээрэнгүй харьцаж ажлаа хийх эрх, үүрэг олгогдоогүй. Гэтэл нэхэмжлэгчийн үл ойлголцол үүсэх нөхцөл байдал бүрдэх нөхцөл байдал үүсч эхэлсэн. Байгууллагын ёс зүйн хороо нь харилцагч байгууллага, хамт олны гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн гэрээний 4.8.13-т заасан ноцтой зөрчил гарсан. Гэхдээ шууд гэрээ цуцлаагүй бөгөөд зөрчлийг шалгаж, дүгнэлт гаргаж эрх бүхий бие даасан байгууллагын ёс зүйн дүгнэлт гарсан. Өөрөөр ч тэр хуралд оролцсон ба өнөөдрийг хүртэл ямар ч гомдол гаргаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу харилцааг цуцалсан. Мөн Зам тээврийн яамны сайд, төрийн өмчийн хорооны албан бичгийг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Мөн байгууллагын удирдан явж байж ажилтны хувьд ажил хүнтэй харьцах харилцаа нь бүгдэд үлгэр жишээ байх ёстой ба нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргаж байна гэж үзэхээс өөр арга байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

С.Эрдэнэцогт нь Орхон аймгийн Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын даргын  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх нэхэмжлэл гаргахдаа ажил олгогчийн  2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн  Б/567 дугаар тушаалыг үндэслэсэн байна.  Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэлийг бүрэн хангасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/567 дугаартай тушаал гаргаж Xөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан С.Эрдэнэцогтыг “...дотоод журмын 3.17.1, хөдөлмөрийн гэрээний 4.8.13-г зөрчсөн...” гэсэн үндэслэлээр Орхон аймгийн Автотээврийн үндэсний төв  ТӨҮГ-ын  даргын  ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г баримтлан С.Эрдэнэцогтыг ажлаас нь халсан тул “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” нь нотлогдсон тохиолдолд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны Б/567дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн  гэж үзэх үндэслэл бүрдэх юм.   

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б/567дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г баримталсан боловч С.Эрдэнэцогт  ямар зөрчил гаргасныг дурдаагүйгээс гадна зөрчлийг “давтан” эсхүл “ноцтой” гэж үзсэн эсэх нь тодорхойгүй тул гомдлыг хангах боломжгүй.  

Хариуцагч нэхэмжлэгчийг халахдаа хөдөлмөрийн гэрээний 4.8-ын 13-ын “... байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан...”, дотоод журмын 3.17.1-ийн “...байгууллагын дотоод журмын заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн, ёс зүйн болон сахилгын зөрчил давтан гаргасан, хууль дүрэм, журамд харшлах үйл ажиллагаа явуулсан...” гэснийг үндэслэсэн боловч С.Эрдэнэцогтын ямар алдааг уг заалтад хамааруулж буйг тушаалд заагаагүй, ажил олгогчийн тайлбар болон гаргасан баримтаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл тогтоогдоогүй байна. 

 Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00180 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1452 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ