| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00110/И |
| Дугаар | 137/ШШ2025/00193 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2025/00193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, 0-р хороо, У 0-р хэсэг, 2000 тоотод оршин суух, З ХХК-ийн нягтлан бодогч ажилтай, Х овогт Т-ийн А /РД:ХХ00000000, утас: 00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум, 0-р баг, 000-000 тоотод оршин суух, Б овогт Б-ын Б /РД: ХХ00000000, утас:00000000/-д холбогдох
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д аймгийн З сум 0-р баг, 000-0 тоотод оршин суух, Г овогт С-ын Э.
35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Т.А, хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Нэхэмжлэгч Т.А миний бие нь хариуцагч Б.Б-аас 2000 оны 00 сарын 00-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ланд крүзер 200 маркийн авто машиныг худалдан авч, урьдчилгаанд Лексус 250 маркийн авто машиныг 20,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Уг автомашинд 22,000,000 төгрөгийн засвар хийсэн. Тухайн Ланд крүзер 200 машин эрхийн доголдолтой, эвдрэл гэмттэл ихтэй байсан учир тухайн автомашиныг хариуцагч Б-т 2000 оны 00 сарын 00-ний өдөр буцаан өгч урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөг, засварт зарцуулсан 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг 2000 оны 00 сарын 00-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, үл маргах журмаар хариуцагч Б.Б нь төлөх үүрэг хүлээсэн болох нь нэхэмжлэлд хавсаргасан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Иймд хариуцагч Б.Б-аас 35,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2000 оны 00 сарын 00-нд нөхрийн найз Б.Б-аас машиныг нь худалдан авсан. Ланд крүзер 200 маркийн машиныг урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг өгч авто машиныг нь авч явсан. Тэгтэл сар гарангийн дараа машин нь асахгүй болсон. Тэгсэн мотор нь цохисон байсан. Тэгээд засварт 22,000,000 төгрөгийг зарцуулсан юм. Тэгээд Б.Б-тай ярилцаад бидний өгсөн урьдчилгаа 20,000,000 төгрөг, засварт зарцуулсан мөнгөнөөс 15,000,000 төгрөгийг авахаар тохиролцоод Б.Б машинаа аваад явсан. Тэгээд 35,000,000 төгрөгийг үл маргах журмаар төлөхөөр тохирсон. Тэгтэл мөнгө өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Г-аар машиныг засуулсан гэрчийн мэдүүлэг авсан баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. 2000 оны 00 сарын 00-нд гэрээ хийж машиныг авсан. 2000 оны 00 сарын 00-ны өдрийн хавьцаа мотор эвдэрсэн. Иймд миний урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөг, засварт зарцуулсан 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Т.А-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч нь Б.Б-аас 2000 оны 00 сарын 00-нд байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр Ланд Крузейр 200 маркийн автомашиныг худалдан авч урьдчилгаа 20,000,000 /хорин сая/ төгрөгт тооцож Лексус 250 маркийн автомашиныг өгсөн, уг автомашинд 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийн засвар хийсэн, гэмтэл ихтэй байсан тул 2000 оны 00 дугаар сарын 00-нд буцаан өгч урьдчилгаанд өгсөн 20,000,000 /хорин сая/ төгрөг, засварт зарцуулсан 15,000,000 /арван таван сая/ төгрөг, нийт 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг 2000 оны 00 сарын 00-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохирсон хэмээн нэхэмжлэлдээ дурджээ. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаад буй Ланд Крузейр 200 маркийн автомашиныг 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийж хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн өдрөөс хойш бүтэн 8 сар Т.А тус автомашиныг унаж хэрэглэсэн. Машин хүлээж авсан өдрөөс хойш автомашиныг эвдрэл гэмтэлтэй байна гэх үг нэг ч удаа надад хэлж байгаагүй. Харин энэ хугацаанд унаж хэрэглэхдээ тус автомашины доторх эд ангийг гэмтээж эвдэлсэн байсан. Нэхэмжлэлд хавсаргасан 15,550,000 төгрөгөөр автомашинд засвар үйлчилгээ хийсэн гэх нотлох баримт нь тамга тэмдэггүй, төлбөр төлсөн баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.А нь тус автомашинд засвар үйлчилгээ хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.
2. Нэхэмжлэгч нь 2000 оны 00 сарын 00-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр автомашины үнийг 2000 оны 00 сарын 00-ны өдөр 20,000,000 /хорин сая/ төгрөг, 2000 оны 00 сарын 00-ны өдөр 25,000,000 /хорин таван сая/ төгрөг төлөхөөр тохиролцсон байсан боловч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг шаардахад мөнгө төгрөг орж ирээгүй байна гэх шалтаг, шалтгаан хэлж хойшлуулж 2000 оны 00 сарын 00-ний өдрийг хүртэл явсан. Т.А нь өөрөө хохирсон мэтээр 35,000,000 /гучин таван сая/ төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Жич: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж, нэмэлт тайлбар гаргах болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Урьдчилгаанд авсан 20,000,000 төгрөгийг төлнө, засварын 15,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад авч яваад 8 сарын дараа буцаан авчирч хүлээлгэн өгсөн байдаг. 8 сарын хугацаанд өөрийн өмчлөлд байлгаж байгаад буцаасан. Грашдаа байлгаж байсан гэх боловч энэ талаар баримт байхгүй. Анх авахдаа эрхийн доголдолтой байсан гэдгийг нотлоогүй байгаа. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар 6 сарын дотор доголдлыг илрүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг гаргах ёстой. Засвар хийсэн гэх гэрч Г-т 15,550,000 төгрөгийг төлсөн эсэх нь эргэлзээтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас:
Улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг төлсөн баримт
Зарлагын падаан
Э ХХК-ийн гүйлгээ хийсэн баримт
Ланд Крузейр 200 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
2000 оны 00 сарын 00-ны өдрийн зарлагын баримт
2000 оны 00 сарын 00-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ
Д ХХК-ийн үйлчилгээний тайлан
Тээврийн хэрэгслийг буцаасан баримт
Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн 2000 оны 00 сарын 00-ны өдрийн 137/ШЗ2023/00000 дугаартай шүүгчийн захирамж
Лексус 250 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч талаас нотлох баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон:
2000 оны 00 сарын 00-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ланд крүзер 200 маркийн авто машиныг худалдан авч, урьдчилгаанд Лексус 250 маркийн авто машиныг 20,000,000 төгрөгөөр тооцож Б.Б-т өгсөн. Тухайн автомашинд 22,000,000 төгрөгийн засвар хийсэн ба Ланд крүзер 200 машин эрхийн доголдолтой, эвдрэл гэмтэл ихтэй байсан учир тухайн автомашиныг хариуцагч Б-т 2000 оны 00 сарын 00-ний өдөр буцаан өгч урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөг, засварт зарцуулсан 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг 2000 оны 00 сарын 00-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, үл маргах журмаар хариуцагч Б.Б нь төлөх үүрэг хүлээсэн тул Б.Б-аас 35,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ланд Крузейр 200 маркийн автомашиныг 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр худалдах, худалдан гэрээ хийж хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн өдрөөс хойш бүтэн 8 сар Т.А тус автомашиныг унаж хэрэглэсэн. Энэ хугацаанд унаж хэрэглэхдээ тус автомашины доторх эд ангийг гэмтээж эвдэлсэн байсан. Нэхэмжлэлд хавсаргасан 15,550,000 төгрөгөөр автомашинд засвар үйлчилгээ хийсэн гэх нотлох баримт нь тамга тэмдэггүй, төлбөр төлсөн баримт байхгүй. Иймд урьдчилгаанд авсан 20,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, засварт зарцуулсан 15,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд 2000 оны 00 сарын 00-ны өдөр Ланд крузер-200 маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 65,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгийн хэлбэрээр хэлцэл байгуулсан байх ба энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх үзлээ. Гэрээний дагуу худалдагч тал болох хариуцагч Б.Б нь гэрээний 4.1-д заасан эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгслийг худалдан авах талд шилжүүлэх, худалдан авагч тал буюу нэхэмжлэгч Т.А нь гэрээний 3.1, 3.2-т зааснаар үнийг төлөх үүрэг хүлээн тээврийн хэрэгслийг 2000 оны 00 сарын 00-нд хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ үйл баримт дээр талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч Т.А нь 2000 оны 00 сарын 00-ны өдрөөс эхлэн маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь асахгүй эвдэрсэн талаар хариуцагч Б.Б-т мэдэгдэж хэлж байсан гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй. Түүнчлэн маргаан бүхий тээврийн хэрэгсэлд нэхэмжлэгч тал засвар үйлчилгээ хийлгэж 2000 оны 00 сарын 00-ны өдөр Б.Б-т тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн болох нь тэдний хооронд хийгдсэн “Машин буцаасан баримт” /хх-ийн 15/-аар тогтогдож байна.
Нэхэмжлэгч Т.А нь Ланд крузер-200 маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 15,550,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан “Land засвар” гэх газрын зарлагын падан /хх-ийн 9/, Б.Г-ын гэрчийн “2 жилийн өмнө шахуу саарал өнгийн Ланд 200 маркийн автомашины мотор, консны аппарат, моторын зарим эд ангийг сольж заримыг нь шинээр тавьсан. Мотор нь цохисон, зуурсан ирсэн. Мотор нь бараг машиныхаа ар багажид задлаад задгай ирсэн байсан. Т.А-ийн нөхөр С.Б нь хүүхэдтэйгээ цуг авчирч өгсөн. Засаад С.Б авч явсан. Засуулж авч яваад дахиад доголдоод 2 түлш тоосруулагч хошуу дахин сольсон. Тэгээд жигдэрсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. 2000 оны 00 сарын 00-ны өдрийн “Машин буцаасан баримт” /хх-ийн 15/ дээр урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөг дээр сэлбэгийн төлбөр 15,000,000 төгрөгийг өгч авалцахаар талууд тохирсон, уг тохиролцоогоо бичгээр үйлдэн зохигчид нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 2000 оны 00 сарын 00-нд тээврийн хэрэгслийн урьдчилгаа 20,000,000 төгрөг дээр нэмж сэлбэг засварын 15,000,000 төгрөг яригдаж байхад хариуцагч Б.Б нь маргаж байгаагүй, өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрч баримт дээр гарын үсэг зурсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн засвар үйлчилгээнд 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн гэдэгт эргэлзэж байна гэх тайлбар нь дээр дурдагдсан үйл баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар нэхэмжлэгч тал тээврийн хэрэгсэлд гарсан доголдлыг арилгахад гарсан зардлаа хариуцагч талаас шаардах эрхтэй. Хариуцагч Б.Б нь 2000 оны 00 сарын 00-ны өдөр нэхэмжлэгч Т.А-т худалдсан 00-00 ХХХ улсын дугаартай Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг авч явснаар 2000 оны 00 сарын 00-ны өдөр зохигчдын хооронд хийгдсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Т.А-т учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээх нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд хариуцагч Б.Б-аас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.А-т олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар хариуцагч Б.Б-аас 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б