| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 182/2025/00043/И |
| Дугаар | 197/ШШ2025/00969 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/00969
2025 02 10 197/ШШ2025/00969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******,*******,*******, Ийзи Кар Лизинг ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,,,,,,
Хариуцагч: Төв аймаг, Эрлэнэ сум, 1-р баг, Өгөөмөр гэх оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн*******, Согоотын 61-815 тоотод оршин суудаг гэх, /РД:НУ97031516/, Түвшинжаргалын Нэргүйбаатар нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашин барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт 13.192.393,81 төгрөг гаргуулна гэх шаардлага бүхий иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/00745 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ийзи Кар Лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганцэцэг, хариуцагч Т.Нэргүйбаатар, хариуцагч Б.Хүрэлчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сэлэнгэ нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ийзи кар лизинг ХХК нь хариуцагч Б.Хүрэлчулуун, Т.Нэргүйбаатар нарт холбогдуулан автомашин барьцаалсан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж үндсэн төлбөрийн 8.323.704 төгрөг, үндсэн хүү 3.954.340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 390.349 төгрөг, машины журмын хашааны төлбөр 340.000 төгрөг, ачилтын төлбөр 60.000 төгрөг, зогсоолын төлбөр хүү 54.000 төгрөг, шүүхэд эрэн хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 13.192.393 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
...Хариуцагч нар нь манай компанитай 2022 оны 04 сарын 07-ны өдөр ...тоот лизингийн гэрээ байгуулан, автомашин барьцаалах нөхцөлөөр 14.400.000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд мөнгөлөг өнгийн 49-31 УНӨ улсын дугаартай, ZVW305391096 арлын дугаартай, тоёото приус-30 маркийн автомашиныг өөрөө унаж явах нөхцөлтэй барьцаалж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Б.Хүрэлчулуун, Т.Нэргүйбаатар нар нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөр тооцоо гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, 2022 оны 11 сараас үүргийн зөрчил үүсгэсэн. Мөн Нэргүйбаатар нь барьцааны автомашиныг жолоодон хөдөлгөөнд орохоо зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулж, журмын хашаанд хураалгасан байсан. Зээлдүүлэгчийн зүгээс Баянгол дүүргийн Замын цагдаагийн газартай холбогдож 2023 оны 04 сарын 04-ны өдөр автомашиныг журмын хашааны төлбөр, зогсоолын төлбөр, машин ачилтын төлбөр зэргийг төлж, авсан.
Тухайн авто машины үнэлгээг хараат бус хөрөнгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгоход 2023 оны 04 сарын 18-ны өдрийн байдлаар 8.530.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд тухайн мөргөлдсөн машины үнэлгээний тайланг танилцуулахаар зээлдэгчийн хаягаар гэрт нь очиход хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу Сэлэнгэд танилцуулж, үнэлгээний тайлангийн хувийг гардуулан өгсөн. Дээрх мөргөлдсөн автомашиныг 2023 оны 07 сарын 06-ны өдөр 8.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, зээлийн төлбөрөөс 7.306.000 төгрөг, тээврийн хэрэгслийн торгууль 540.000 төгрөг, татвар 84.000 төгрөг, оношилгооны зардлын 70.000 төгрөгийн /694.000 төгрөг/ төлбөр зэрэгт суутган тооцуулсан. Мөн хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй байснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд тэднийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу Налайх дүүргийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж, хаягийг тодруулснаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Т.Нэргүйбаатар, Б.Хүрэлчулуун нараас лизингийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн төлбөрийн үлдэгдэл 8.323.704 төгрөг, хүү 4.344.965 төгрөг, бусад зардлын 524.200 төгрөг, нийт 13.192.398 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу үндсэн үүрэг гүйцэтгэгч нь Хүрэлчулуун байсан ба Нэргүйбаатар нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд оролцсон. Хариуцагч Нэргүйбаатар нь гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөх мөнгөн дүнг багасгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагын дүнг 4.174.890 төгрөгөөр багасгаж, 9.017.704 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг хариуцагч Нэргүйбаатар хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэмжээнд эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү. Харин хариуцагч Хүрэлчулуунаас төлбөр гаргуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч Т.Нэргүйбаатараас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ийзи кар лизинг ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх шаардлагатай гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ нэхэмжлэлийн үнийн дүн хэт өндөр байна. Бидний зүгээс тээврийн хэрэгслээ буцааж аваад, төлбөрөө гэрээний дагуу төлөөд явъя гэдгээ удаа дараа хэлж байсан боловч нэхэмжлэгч тал нь машиныг журмын хашаанаас авч, үнэлгээ хийлгээд худалдан борлуулсан гэсэн тул төлбөр хаагдсан гэсэн ойлголттой байсан. Гэрээний дагуу төлбөрийг би хариуцан төлөх ёстой юм. Аавын нэрээр зээл авч, би хамтран зээлдэгч болсон. Мөн зээлээр авсан автомашиныг би жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, ослын хохирогчид төлбөр төлөх болоод төлбөрийг удаашруулсан, мөн миний хувьд бас өөр зээлийн төлөлт хийдэг учир бага төлөлтөөр тодорхой хуваарь гаргаад төлөөд барагдуулах боломжтой байна.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 8.323.704 төгрөг, үүн дээр машин татвар, журмын хашааны төлбөр, ачилтын үнэ зэрэг нэхэмжилсэн 634.000 төгрөг, нийт 9.017.704 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ үнийн дүн дээр маргах зүйл байхгүй. гэсэн,
3. Хариуцагч Б.Хүрэлчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сэлэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...нэхэмжлэлийн шаардлагыг манай хүүхэд төлнө гэж хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Б.Хүрэлчулуунд холбогдох шаардлагаас татгалзсаныг ойлголоо. гэсэн тайлбар өгч тус тус мэтгэлцсэн.
4. Нэхэмжлэгч Ийзи Кар Лизинг ХХК нь хариуцагч Б.Хүрэлчулуун, Т.Нэргүйбаатар нарт холбогдуулан автомашин барьцаалсан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж үндсэн төлбөрийн 8.323.704 төгрөг, үндсэн хүү 3.954.340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 390.349 төгрөг, машины журмын хашааны төлбөр 340.000 төгрөг, ачилтын төлбөр 60.000 төгрөг, зогсоолын төлбөр хүү 54.000 төгрөг, шүүхэд эрэн хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 13.192.393 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Б.Хүрэлчулуунд холбогдох шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагаас 4.174.890 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, 9.017.170 төгрөгийг хариуцагч Т.Нэргүйбаатараас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцсэн.
Түүнчлэн нэхэмжлэгч Ийзи Кар Лизинг ХХК-ийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганцэцэгт тус компанийн гүйцэтгэх захирлаас олгосон 2024 оны 12 сарын 18-ны өдрийн №24/591 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн буюу зохигчийн бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг нэг жилийн хугацаатай олгосон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эвлэрэх эрхтэй байна.
Дээрх зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, хуулиар хамгаалагдсан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, үндэслэл бүхий байх тул шүүх талуудын эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ийзи Кар Лизинг ХХК нь нэхэмжлэлтэй хариуцагч Б.Хүрэлчулуун, Т.Нэргүйбаатар нарт холбогдох автомашин барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт 13.192.393 төгрөг гаргуулах нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч Ийзи Кар лизинг ХХК нь хариуцагч Б.Хүрэлчулуунд холбогдох шаардлагаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 4.174.890 төгрөгөөр багасгаж, 9.017.170 төгрөгийг Т.Нэргүйбаатараас нэхэмжилснийг хариуцагч Т.Нэргүйбаатар нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 223.912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нэргүйбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 159.224 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ийзи Кар лизинг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД