| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0023/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 24
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагваас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 1823000000020 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хянга овогт Ц-ийн Б РД:/ИД********/ Шүүгдэгч Ц.Б- нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Улиастай зочид буудлын 108 тоот өрөөнд М.Г-ы нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 07-ны орой Улиастай буудлын ресторанд манай сумын хэсэг залуус баяр тэмдэглээд жаахан ууцгаасан юм. Би тэндээ нэг давхрын 108 тоот өрөөг аваад орондоо орчихсон амарч байсан чинь шөнө Б- согтуу орж ирээд намайг сэрээх гээд татаад байхаар нь би нойроо хамарлаад уурласан... би тэр үед согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа юм нэг мэдсэн Б- намайг хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан юм. Б- миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон байх нүүр хавдсан, хүзүү улайсан байсан.” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас М.Г-ы биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 201820071 дугаартай дүгнэлтэнд “...Хэсэг газрын үзлэгт: Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай. Хамрын нуруу зүүн талдаа дотогш цөмөрсөн, Хүзүүний урд хэсэгт хүзүү ороосон 2х3см, 2х7см улаан өнгийн зулгаралттай... Дүгнэлт: Иргэн М.Г-ы биед: Тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, хамрын нурууны мурийлт, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...шинэ гэмтэл байна. ...гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэснээр тогтоогдож байна. Хохирогч М.Г- мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд түүний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Ц.Б-ын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч Ц.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч М.Г- “Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” Гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол болон хор уршиггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хянга овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Б- 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдэж дуустал түүний эзэмшлийн хөрөнгө гэх 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн IPhone-5 маркийн гар утасны битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Б- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ