Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0270

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ж******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах асуудлыг, 67 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох, 68 дугаар зүйлд эвлэрэх асуудлыг зохицуулсан байдаг. Дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад *******гээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Иймд зөвшөөрсөн гэдгийг хариуцагч зөвшөөрсөн гэж ойлгож байгаа, зөвшөөрсөн баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдөр ямар нэгэн зөвшөөрсөн тайлбар, хүсэлт гаргах албагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн нь гуравдагч *******гээдийн эрх, ашгийг хөндсөн үү гэдгийг харж үзээд, зөрчөөгүй, хуульд харшлахааргүй байвал хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Бид яагаад заавал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан хүсэлт гаргахгүй байгаа хоёр шалтгаан байна.

1-т дээрх хуулийн 67 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах хуулийн үүрэг байхгүй.

2-т нэхэмжлэгч компанийн захирал нэхэмжлэлээсээ татгалзахыг хүсэхгүй байгаа. Яагаад гэхээр 1990-ээд оны үед тухайн үеийн нэг яамны төсөвтэй тэнцэх хэмжээний үнээр, урт хугацааны зээл зарцуулж тус газрыг авсан, одоог хүртэл зээлээ төлдөг. Г*******эл өнөөдөр маргаан бүхий газрыг эзэмших эрхийг цуцлахтай холбоотойгоос гадна зам барих асуудлаар өөр маргаан энэ шүүх дээр явж байгаа нь эмзэг асуудал юм. Мөн газар эзэмших эрхийг хугацааг сунгахтай холбоотой торгуулиа төлчхөөд байхад сунгахгүй байгаа үйлдлээс хамаараад төрд итгэх аргагүй гэдгээ илэрхийлдэг. Газар эзэмших эрхийг хугацааг шүүхийн шатанд сунгасан. Иймд бид маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлмээр байна.

Нэхэмжлэлээ бид дэмжиж байна. Дэмжиж байгаа нэхэмжлэлийг маань хариуцагч биелүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардлага хангагдсан гэж тайлбар хэлж байна. Тэгэхээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Нэхэмжлэлээс татгалзах гэхээр энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг нэхэмжлэгчээс ойлгоод болгоомжлоод байгаа. Хэрэв нэхэмжлэлээсээ татгалзаж шийдвэрлүүлсэн тохиолдолд маргааш өөр шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй шүү дээ. Өөр маргаан дээр хариуцагчийн өөр мэргэжилтэн газар эзэмших эрхийн хугацаа дууссан гэдэг тайлбарыг хэлээд төрийн байгууллагаас хамааралтай бидний эргэлзүүлдэг. Тэгэхээр бидний зүгээс маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх сонирхолтой байгаа.

Манай үйлчлүүлэгчийн хүсээд байгаа өнцөг нь хариуцагчийн зөвшөөрлийг батлуулсан шийдвэр гаргуулах. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасныг хариуцагчийн зөвшөөрсөн үйлдэл буюу захиргааны актаар зөвшөөрсөн гэдэг агуулгаар тайлбарлаж нэхэмжлэгчээс хүсэлтээ гаргасан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрын эзэмших эрхийн хугацааг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/26 дугаартай захирамжаар сунгасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Зам тавихтай холбоотой маргааны хувьд таван шарын тэнд нүхэн гарц хийхтэй холбоотой асуудал байдаг. Хариуцсан мэргэжилтэнтэй нь уулзахад газрын эзэмших эрхийн хугацааг сунгасны дараа ярилцах боломжтой гэдэг зүйл яригдсан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“Х*******” ХХК-иас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан ““Х*******” ХХК-ийн Б*******, *******нд байрлах нэгж талбарын 16******* дугаартай, 79,903 мкв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01-05/5797 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаар захирамжаар “Х*******” ХХК-д Б*******, *******, Н*******ийн гудамж, ******* хаягт, нэгж талбарын 16******* дугаартай, 79903 мкв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01-05/5797 тоот албан бичгээр “Х*******” ХХК-д “... тус албанд ирүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхэд тухайн байршилд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төслөөр Баянгол дүүргийн *******ны төмөр зам доогуур Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас урагш эрчим хүчний гудамжтай холбох авто зам, нүхэн гарц шинээр барихаар төлөвлөгдсөн. Дээрх авто замын нүхэн гарцын трассыг зөвшилцсөний дараа танай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх боломжтой ...” гэсэн хариу хүргүүлж байсан боловч мөн албаны даргын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/26 дугаар тушаалын хавсралтын 1-д ““Х*******” ХХК-ийн нэгж талбарын 16******* дугаартай 79903 мкв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... зөвшөөрсөн гэдгийг хариуцагч зөвшөөрсөн гэж ойлгож байгаа, зөвшөөрсөн баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ... Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн нь гуравдагч *******гээдийн эрх, ашгийг хөндсөн үү гэдгийг харж үзээд, зөрчөөгүй, хуульд харшлахааргүй байвал хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрын эзэмших эрхийн хугацааг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/26 дугаартай захирамжаар сунгасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын А/26 дугаар тушаал зэргээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг шийдвэрээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын А/26 дугаар тушаалд дурьдсан газар нь “Х*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2009 оны 210 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газартай нэгж талбарын хувьд ижил дугаартай, нэг газар болох тухайд хэргийн оролцогчид маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд харшлахгүй.

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад *******гээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “Х*******” ХХК-иас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан ““Х*******” ХХК-ийн Б*******, *******нд байрлах нэгж талбарын 16******* дугаартай, 79,903 мкв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01-05/5797 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ