Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/1153

 

 

 

 

 

 

  2023              12            05                                         2023/ДШМ/1153

 

 

У.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.О,

шүүгдэгч У.Ж-ийн өмгөөлөгч М.Ч,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор У.Ж-д холбогдох .................. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч У.Ж нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...... дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” бааранд хохирогч Т.Э-тай маргалдан, толгойгоороо түүний нүүр хэсэгт мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ....... дүүргийн ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” бааранд хохирогч Б.Б-тай маргалдан, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, төмөр ширээ мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: У.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч У.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж-д оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч У.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Э, Б.Б нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн өмгөөлөгчтэй буруу ойлголцсон учраас сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлээгүй. Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.9 дахин нэмэгдүүлснээр тооцож, хохирлыг У.Ж-ээс гаргуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч У.Ж-ийн өмгөөлөгч М.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Б нь анх мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдаанаар сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан. Одоо сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.О тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт хохирол төлсөн байдал, хувийн байдал зэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдолтой холбоотой хэлэхэд, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ч-оос “анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлыг хэлэлцэхгүй” гэж байна. Энэ нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч нар хохиролтой холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байгаа. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Ж нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” бааранд хохирогч Т.Э-тай маргалдан, толгойгоороо түүний нүүр хэсэгт мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...... дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” бааранд хохирогч Б.Б-тай маргалдан, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, төмөр ширээ мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Т.Э-ын “...Би ..... дүүргийн .....дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “........” бааранд зөөгчийн ажлаа хийгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өглөө үүрээр ажил тарах болсон. Тэгээд баараа хаагаад байж байхад хамт ажилладаг У.Ж гэх залуугийн хамт таньдаг хүмүүс байсныг намайг гаргасан гэх шалтгаанаар У.Ж миний нүүр хэсэгт нэг удаа толгойгоороо мөргөөд, гар, нуруу, гэдэс хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгээд намайг камерын өрөө рүү дагуулж ороод гараараа миний цээж хэсэгт 2 удаа цохисон. ...” /хх 67-68/,

хохирогч Б.Б-ийн “...Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ...Би үлдэгдэл пиво ууж дуусгаад гарах гэж байтал текний хажууд хамгаалагч нар байж байсан ба хажууд нь саарал өнгийн биеийн тамирын хослолтой залуу тэр хамгаалагч нартай маргалдаж байгаад над руу ирээд хаанахын адуучин байна, гар гээд хөөгөөд байсан. Тэгсэн чинь хажууд зогсож байсан хамгаалагч залуу намайг өшиглөсөн. Тэгээд унахдаа ширээ мөргөж унасан. Тэгсэн амнаас хугарсан шүд нил цустай гарч ирээд юм ярьж болдоггүй. Намайг өшиглөсөн залуу наадхаа өргөөд гаргаад хаячих гэхэд намайг хоёр хамгаалагч нь өргөөд гаргасан. Уг бэртсэн гэмтлийг “......” баарны хамгаалагч Ж гэх залуу цохиж зодож учруулсан. ...” /хх 8-9/,

гэрч С.Ө-ийн “...2023 оны 03 сарын 29-ний өдрийн ...03 цагийн орчимд ..... бааранд орсон. би Б ахтай хамт үлдсэн байсан. Тэгсэн зөөгч ирээд манайх хааж байна тооцоогоо хийгээрэй гэхэд бид хоёр мөнгөгүй байсан учир ах намайг “яваад гар утсаа ломбарданд тавиад хүрээд ирээ” гэсэн тэгээд би ломбард хайж яваад олохгүй болохоор буцаад ирсэн. Тэгсэн яг орж ирсэн чинь саарал өнгийн биеийн тамирын хослолтой залуу ахыг өдөөд юм хум яриад байж байсан. Тэгээд харж байхад нэг нүд нь цагаан өнгөтэй Ж гэх залуу ирээд би нэртэй пизда гээд ахын нүүр хэсэгт нь гараараа цохисон тэгээд тэр залуу эргэж хараад миний араас гүйсэн тэгээд би гүйж гараад машинаас утсаа авахад араас зөөгч залуу гарч ирээд миний гар утсыг булаагаад намайг баар руу авч ороод хувцасны өлгүүрийн хажууд аваад очсон өөдөөс Ж гэх залуу ирээд намайг доошоо суу, одоо та хоёрыг ална гээд байсан. Тэгээд хажууд зогсож байгаад яваад өгсөн тэгээд би гараад цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 11/ гэсэн мэдүүлгүүд,

“...Т.Э-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний гадна, зүүн нүдний дотор булан, хамар, дээд уруулын дотор салст, буйл, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн чихний ар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, таславчийн мурийлт нь дангаараа хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11524 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 70-71/,

“...Б.Б-ийн биед эрүү ясны хоёрлосон зөрүүтэй ташуу, хөндлөн далд хугарал, үүдэн зүүн доод 3 дугаар шүдний булгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний цөгцний хугарал, зүүн доод 1, 2 баруун доод 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо бүхий зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн доод 3 дугаар шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Бусад шүдний сулрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4420 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 13-14/,

зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх 2/, хохирогч Б.Б-ийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 15/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч У.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч У.Ж-г хохирогч Т.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч У.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгийн торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж-д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хохирогч Б.Б “...Миний бие У.Ж-д зодуулж эрүүгээ хугалуулан бие махбодь, сэтгэл санааны хувьд их хэмжээгээр хохирсон. Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.9 дахин нэмэгдүүлснээр тооцож гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.

2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоол гарчээ.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Б нь гэмт хэрэгт өртсөний улмаас сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт орсон гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, мөн зүйлийн 40.2-т Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ. 40.2.3. хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж, мөн хуулийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ. Хохирогч Б.Б нь шүүгдэгч У.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч болсон бөгөөд түүний сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхэд нотлох баримт гаргаж өгөөгүй тул холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй орхиж, цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул хохирогчийн эрх ашгийг хязгаарлаагүй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ