| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Баясгалан |
| Хэргийн индекс | 127/2025/0007/з |
| Дугаар | 127/ШШ/2025/0003 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 127/ШШ/2025/0003
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 127/2025/0007/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан би ХАНЭ-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох “...Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/106 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХАНЭ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... ХАНЭ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хамтын шийдвэр гаргадаг бөгөөд дарга, гишүүд нь Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн дүрэм болон бусад хууль тогтоомж, журмаар олгогдсон эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой.
Манай эмнэлгийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10-т заасан эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг батлах, эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлах, эмнэлгийн тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг батлах, эмнэлгийн тухайн жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах эрх бүхий зөвлөл юм.
Мөн тухайн зөвлөл нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг батлах, эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлах, эмнэлгийн тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох, эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг батлах, эмнэлгийн тухайн жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлэлт, дүгнэлт гаргах, эмнэлгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах, эмнэлгийн захиралтай байгуулсан гэрээг дүгнэх, эмнэлгийн санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн болон аудитын тайланг хэлэлцэх зэрэг үүрэг бүхий манай байгууллагын чухал чиг үүрэг бүхий зөвлөл юм.
Энэхүү зөвлөлийг Хэнтий аймгийн Засаг дарга нь хууль бусаар батламжилснаар манай байгууллагын дээрх эрхүүд зөрчигдөж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх чиг үүрэг алдагдана гэж үзэж байна.
Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/106 дугаартай захирамжаар ХАНЭ-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батламжилсан гэх бөгөөд уг захирамж нь дараах хуулиудыг зөрчсөн гэж үзэж байна.
Тус захирамжид Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.30 дахь заалт буюу ... орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг аймаг, сум, дүүргийн Засаг дарга шууд батламжилна гэсэн заалтыг баримталжээ.
Тухайн заалтад дурдагдсан “нэр дэвшигч” гэдэг нь хэн болох, тэдгээрийг хэрхэн нэр дэвшүүлж, сонгох эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааныг хэрхэн зохион байгуулах, зар мэдэгдэх талаар Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйл, Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2020.12.08-ны өдрийн А/1565 дугаартай тушаалаар батлагдсан “төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулах журам”, Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2018.11.21-ний өдрийн А/476 дугаартай “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-д дараах байдлаар хуульчилсан байдаг.
... Гэтэл Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/106 дугаартай захирамж нь дээрх хуулийн заалтуудыг зөрчин зохих журмын дагуу Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшигчийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүй, нэр дэвшигчдийн материалыг зохих журмын дагуу хүлээн авч авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хариу авалгүй, хуралдааны зар, хэлэлцэх асуудлын талаар ажлын 5 хоногоос доошгүй хоногийн өмнө зар тараагаагүй бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлд орсон гэх хүмүүсийг манай эмнэлэг болон ажилчид мэдээгүй, санал хүсэлт хэлэх боломж олгоогүй, тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх хүмүүс сонгон шалгаруулалт зарлаагүй байхад үндэслэлгүйгээр батламжлагдсан, зохих журмын дагуу нэр дэвшиж орж ирээгүй, аль хуулийн хүрээнд нэр дэвшиж сонгогдсон эсэх нь тодорхойгүй холбогдох хууль болон дүрэмд заасан шалгуур хангаагүй хүмүүс байна.
Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/106 дугаартай захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, хүчин төгөлдөр бус, ХАНЭ-ийн болон нийт ажилчдын дээр дурдсан эрх, ашгийг зөрчсөн, дээрх дурдсан захиргааны байгууллагын чиг үүрэгт сөргөөр нөлөөлсөн захиргааны акт гэж үзэж байгаа тул тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-с шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлд зааснаар тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга хүчингүй болгоно.” гэж заасны дагуу Аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/203 дугаар захирамжаар дээрх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ХАНЭ-ээс Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “...Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/106 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-с нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлснийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хэнтий аймгийн Засаг дарга 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “ХАНЭ-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батламжлах тухай” А/106 дугаартай захирамжийг гаргасан.
3.1 Уг захирамжийг ХАНЭ эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргахад Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Бүс нутгийн удирдлага зохицуулалтын газрын даргаас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн х/337 дугаартай албан бичгээр “...гомдолд дурдсан асуудлуудыг шүүхийн байгууллагаар хянан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн байна.
4. Нэхэмжлэгч ХАНЭнь “...Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/106 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хэнтий аймгийн Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/203 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж гаргаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгожээ.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-с нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна”, 28.2 дахь хэсэг Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ” гэж заасан ба уг хуулийн 28.2.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” гэсэн эрхийг Хэнтий аймгийн Засаг дарга итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа олгожээ.
6. Дээрх хуулийн заалтуудаас дүгнэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэг “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
7. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч ХАНЭ-ээс гаргасан “...Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/106 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч ХАНЭ-ээс Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/106 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХАНЭ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга /аймгийн Засаг даргын тамгын газар/-аас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН