Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар  314/ШШ2025/00296

 

 

 

 

 

  2025         05               07                                             314/ШШ2025/00296

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, “Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар”-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 1-1 тоотод оршин суух, *******ийн *******д холбогдох

“Гэм хорын хохиролд 456,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг соёлын төвийн байранд Ц.*******тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, гар хөлөөрөө цохиж Өшиглөх зэрэг байдлаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх үйлдэлд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Л.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Л.*******ын буруутай гэм үйлдлийн улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багц гэх үйлчилгээ үзүүлсэн, тус үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 456,500 төгрөг гаргуулан авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим бүртгэлийн программаас гаргасан лавлагаагаар тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг Л.*******аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад зааснаар "эрүүл мэндийн даатгал" гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг; 3.1.6 дахь заалтад "Эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг" хэлнэ гэж хуульчилсан. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэж эрүүл мэндийн даатгалд даатгуулах зорилгоор иргэн болон түүний нэрийн өмнөөс төр, хуулийн этгээд эрүүл мэндийн даатгалын санд хуульд заасан хувь хэмжээгээр төлөх төлбөрийг хэлнэ. Төрийн байгууллага гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ" гэж тодорхойлжээ.  Дээрхээс дүгнэхэд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь төрийн байгууллага байх ба Л.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 456,500 төгрөгийг хохирогч Ц. *******гийн эмчилгээний зардалд  зарцуулсан эрүүл мэндийн даатгалын сан буюу төрд учруулсан хохирол байх хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* гэдэг хүнтэй таарамжгүй харилцааны улмаас эрүүгийн хэрэгт холбогдож 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс торгох шийтгэл оногдуулсан. Энэ гэмт хэргийн улмаас хүний биед хөнгөн гэмтэл учруулсан эрүү мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсны төлбөр болох 456,500 төгрөгийг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 114,125 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар” нь хариуцагч Л.*******д холбогдуулан “гэм хорын хохиролд 456,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 1-3 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нэхэмжлэлийн шаардлага 456,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгс-Очир нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар”-ын нэхэмжлэлтэй Л.*******д холбогдох “гэм хорын хохиролд 456,500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагч Л.*******аас 7,165 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

             ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА