| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2202001640204 |
| Дугаар | 2023/ДШМ/1152 |
| Огноо | 2023-12-05 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2023/ДШМ/1152
2023 12 05 2023/ДШМ/1152
С.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Э,
шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Э.У,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/1244 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Э.У-ын гаргасан давж заалдах гомдлоор С.С-д холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.С нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “нийтийн албан тушаалтан”/-ээр томилогдон ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-т заасан “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “Техникийн хороо нь итгэмжлэлийн шалгуур тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах, техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байна” гэснийг, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан “Итгэмжлэлийн шинжээч нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх хууль болон стандарт, техникийн зохицуулалтын шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана” гэснийг, Итгэмжлэлийн үйл явцын журам /MNAS 701Р №3, хяналттай хувь/-ын 7.8 5 дахь хэсэгт заасан “Итгэмжлэлийн шийдвэрийг ажлын 5 хоногт багтаан МNАS-ийн дарга батална” гэснийг, Тус журмын үйл явцын диаграмм схемийн “техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэх, итгэмжлэх эсэх, тийм-техникийн хорооны дүгнэлт, шийдвэрийг итгэмжлэлийн байгууллагын /ИБ/ даргаар албажуулах, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, Итгэмжлэлийн гэрчилгээ, тушаал гэрээг ТҮБ олгох, үгүй-Баримт бичгийг хадгалах” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “.......” ХХК-ийн эмнэл зүйн лаборатори нь МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангахгүй гэх техникийн хорооны зөвлөмж дүгнэлт гарсан байхад МL18 дугаартай МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг өөрийн ажлын байр .................... байранд байрлах Үндэсний итгэмжлэлийн төвд хууль бусаар олгож “.................” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: С.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.С-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Э.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бичгээр гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлүүлэх зорилготой давж заалдах гомдлыг гаргасан. Прокуророос “С.С нь итгэмжлэл олгохдоо техникийн хорооны дүгнэлт гараагүй байхад итгэмжлэл олгож бусдад давуу байдал үүсгэсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэнийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг дээрээ “стандартын шаардлага хангаагүй гэх техникийн хорооны дүгнэлт гарсан байхад итгэмжлэл олгож байгаа үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон” гэж шүүх дүгнэсэн атлаа дараагийн дүгнэлтдээ “...дүгнэлт гараагүй байхад” гэж хоёр янзаар дүгнэсэн байдаг. Техникийн хорооны дүгнэлт гарсан уу, гараагүй юу гэдэг дээр хоёр зөрүүтэй дүгнэлт хийж шүүх гэм буруутайд тооцсон. Хэргийн нөхцөл байдлаас харахад тухайн дүгнэлт гарах ёстой юм уу, гарах ёсгүй юм уу гэдэг хууль эрх зүйн орчны талаар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Техникийн хороо нь итгэмжлэлийн шалгуур тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах, техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байна” гэж заасан, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “итгэмжлэлийн шинжээч /цаашид “шинжээч” гэх/ нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх хууль болон стандарт, техникийн зохицуулалтын шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана” гэж заасан. Тэгэхээр 2017 оноос өмнө үйлчилж байсан хуульд “техникийн хорооны дүгнэлтийг үндэслээд гэрчилгээ олгох ёстой” гэж заасан байсан. Гэтэл шүүгдэгч С.С-ын ажиллаж байх хугацаанд үйлчилж байгаа хуулийн хүрээнд “дүгнэлт гаргах, мөн техникийн зөвөлгөө өгөх чиг үүрэгтэй” гэж заасан. Дүгнэлт гарсан, гараагүй гээд маш олон үнэлгээний тайлангууд байдаг. Тухайн байгууллага нь шаардлага хангаж байна уу, хангахгүй байна уу гэдэг асуудал дээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтүүд нь нийтдээ 12 ширхэг үнэлгээний тайлан гэж байдаг. Анхан шатны шүүх уг 12 тайлангийн алийг нь үнэлээд С.С-ыг буруутгасан болохоо шийтгэх тогтоолд тусгаагүй. Хэргийн бодит байдал дээр юу болсон гэхээр 6 дугаар хавтас хэргийн 53 дугаар талд журмынхаа дагуу гаргасан 170 дугаартай сүүлийн хуудсан дээр байгаа М гэх итгэмжлэлийн шинжээч ганцаараа тайланг гаргах ёстой. Тайлангаа гаргаад “үл тохирол байхгүй байна, хурлаар оруулъя” гэдэг үйл баримт болсон. Техникийн хорооны дүгнэлт гарах ёстой юу, үгүй юу гэдэг дээр хуучин хуулийн дагуу дүгнэлтийг үндэслээд олгоно гэдэг гэрч нарын мэдүүлгийг үндэслээд ялласан гэж үзэж байна. 2017 оноос эхэлж мөрдөгдөж эхэлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар “техникийн зөвөлгөө өгнө. Энэ алдаагаа засаад ирвэл олгож болно” гэсэн асуудал яригддаг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай биш эргэлзээтэй байна. “Дүгнэлтийг үндэслээд итгэмжлэлийг олгох ёстой” гэх гэрчийн мэдүүлэг нь хуучин ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг болохоос биш яг одоо хэрэгжиж байгаа шинэчлэгдэн батлагдсан хуульд заасантай үл нийцсэн мэдүүлэг байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокуророос яллаад байгаа гол баримт болох “.......” ХХК эмнэл зүйн лаборатори нь ММЗ 15015189:2015 стандартын шаардлагыг хангаагүй гэх техникийн хорооны зөвлөмж дүгнэлт гарсан гэх баримт хэрэгт байхгүй, шаардлагыг хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгосон гэх итгэмжлэлээр техникийн хорооны хурлын тэмдэглэлд тусгасан молекул биологийн шинжилгээг хийх шаардлага хангаагүй хэсгээс бусад байдлаар олгосон эсэх, шаардлага хангаагүй хэсгийг хангасан мэтээр хууль бусаар олгосон эсэхийг хэрэгт тогтоогоогүй, нөгөөтэйгүүр эрх зүйн хэм хэмжээ үйлчлэх хүчин чадлын хувьд Монгол Улс нь “Олон Улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага ILАС-д жинхэнэ гишүүнээр 2007 онд элссэн, ILAC МRА харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт 2012 онд нэгдсэн”, “Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага жинхэнэ гишүүн, ILAC МRА харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт 2012 онд нэгдэн” орсон гишүүн улс, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 заалтыг баримтлан МNS ISO 17011:2018 олон улсын стандартын 5.5, 6.4.2, 7.6.7, 7.7.2 зааснаар итгэмжлэл олгосон нь холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн гэж үзэхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байдал байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэсэн байр суурьтай мэтгэлцэж оролцсон. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл бичээгүй нь хуулийн шаардлага хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн. Иймд С.Сод холбогдох хэргийг бүхэлд нь хянан, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг Нийслэлийн прокурорын газраас “техникийн хорооноос стандарт шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гарсан байхад “шаардлага хангасан” гэж итгэмжлэлийн гэрчилгээг олгосон гэдэг. Тухайн үед “шаардлага хангаагүй” гэх дүгнэлт гараагүй юм. Дүгнэлт байхгүй байхад намайг ялласан. 2003 оноос хойш мөрдөгдөж байсан хууль, 2017 онд хүчин төгөлдөр болсон хууль гэж хоёр хууль байдаг. Хуучин хуульд “техникийн хорооны дүгнэлтийг үндэслэж итгэмжлэлийн гэрчилгээг олгоно” гэж заасан байдаг. Шинэ хуулиараа буюу Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт техникийн хороо дүгнэлт гаргасан эсэхээс үл хамаараад итгэмжлэлийн байгууллага бие даан гэрчилгээ олгож болохоор хуульчилсан. Хуучин хууль үйлчилж байх үед ажиллаж байсан хүмүүсийн өгсөн мэдүүлгээс болж би уг хэрэгт холбогдсон. Техникийн хорооны дүгнэлт нь байгууллагад л зөвөлгөө өгсөн баримт бичиг болохоос биш тэр дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргах ёсгүй юм. Техникийн хорооны дүгнэлтийг надад өгөөд уг дүгнэлтэд “шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Үүний эсрэг зөвшөөрсөн гэрчилгээ олговол чи өөрөө буруутна” гэсэн бол би хүлээж авна. Надад тийм дүгнэлт байхгүй байсан. Анхан шатны шүүхэд энэ талаар зөндөө хэлсэн. Прокуророос “стандартын шаардлага хангаагүй” гэх дүгнэлт нь гарсан байхад гэрчилгээ олгосон гэж ялласан. Тэгтэл анхан шатны шүүхээс “стандартын шаардлага хангаагүй” гэх дүгнэлт нь байхгүй байна. Дүгнэлт гараагүй байхад итгэмжлэлийн гэрчилгээ олгосон гэж буруутгасан. Гэтэл энэ хоёр тусдаа ойлголт байхад прокуророос “шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байдаг. Би бол дүгнэлт гараагүй, байхгүй байхад нь гэрчилгээг олгосон. Дүгнэлт байхгүй байна гэдэг нь “стандартын шаардлага хангаагүй” гэсэн зүйл биш. Би гэрчилгээ олгосон нь зөв байсан. Манай журам дээр итгэмжлэлийн шийдвэр гаргах А, Б гэсэн хоёр үйл ажиллагаа байдаг. Би байгууллагынхаа журмын дагуу хараат бусаар бие дааж шийдвэр гаргаж болно гэх хоёрдугаар үйл ажиллагаанд зааснаар дараа нь техникийн хороондоо танилцуулж болно гэсэн заалтыг бариад итгэмжлэлээ олгосон. Итгэмжлэлийн гэрчилгээ олгох гэхээр техникийн хорооноос гацаадаг. Манай байгууллагыг хараат бусаар шийдвэр гаргана гэж 2017 оны шинэчилсэн хуульд тусгасан. Би 2021 онд байгууллагынхаа дарга болчихоод техникийн хороо яагаад бид нарын ажилд хөндлөнгөөс нөлөөлдөг юм гэж хэлж байсан боловч хөндлөнгөөс оролцож байсан. Би журмынхаа дагуу л ажилласан. Би төрийн байгууллагад 19 жил ажиллаж байна. Хуучин хууль үйлчилж байхад ажиллаж байсан техникийн хорооны ажилчдын мэдлэг дутуу, аль эсхүл ямар нэг өөр шалтгаантай байдаг юм уу буруу тийш нь л гүтгээд байдаг. Итгэмжлэл олгосон лабораторийн хувьд шаардлага хангаагүй гэх зүйл байгаагүй. Манайхаас итгэмжлэл олгосны дараа Америкийн итгэмжлэлийн байгууллага итгэмжлэл олгосон байдаг. Учир нь, Монгол улс маш их хүнд сурталтай байна гээд гадаадын итгэмжлэл авсан байсан. Би шаардлага хангаагүй байхад итгэмжлэл олгосон бол Америкийн итгэмжлэлийн байгууллага итгэмжлэлээ олгохгүй байсан. Итгэмжлэл бол сайн дурын үйл ажиллагаа. Заавал авах ёстой биш. Техникийн хорооноос “алдаагаа засчихвал итгэмжлэл олгоорой” гэж хэлсэн болохоос биш “итгэмжлэл олгож болохгүй, муу байна” гэх дүгнэлт гаргаагүй. Дараа нь итгэмжлэлийн гэрчилгээ авсан байгууллагаас алдаа зөрчлөө зассан шүү гэх баримтыг авчирч өгсөн. Би зөрчилтэй байгууллагад итгэмжлэлийн гэрчилгээ олгоогүй. Шинэ хуулиараа техникийн хороо манай ажилд хөндлөнгөөс оролцох боломжгүй болсон байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Техникийн хорооны дүгнэлтийг харгалзахгүйгээр хараат бусаар шийдвэр гаргах боломжтой гэж ярьж байна. Шүүгдэгч С.С нь ганцаараа уг байгууллагыг төлөөлөх эрхтэй субъект биш. С.С нь өөрөө техникийн хорооны шинжээч нар болон үнэлгээний хороог томилж, хурал хийчихээд түүнийхээ эсрэг байгууллагын эрх ашгийн төлөө итгэмжлэл олгосон болох нь хангалттай тогтоогдсон. Хууль, дүрэм журманд нь шаардлага хангахгүй бол итгэмжлэл олгохгүй, шаардлага хангасан бол итгэмжлэл олгоно гэсэн зүйлийг тусгасан байдаг. Би ганцаараа байгууллагыг төлөөлдөг, би ганцхан эрх мэдэлтэй гэсэн утгатай зүйл ярьдаг. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар хангалттай мэтгэлцсэн. Өөрөө хууль зөрчсөн атлаа өөрийгөө хаацайлаад байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Э.У-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.С нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “нийтийн албан тушаалтан”/-ээр томилогдон ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-т заасан “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “Техникийн хороо нь итгэмжлэлийн шалгуур тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах, техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байна” гэснийг, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан “Итгэмжлэлийн шинжээч нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх хууль болон стандарт, техникийн зохицуулалтын шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана” гэснийг, Итгэмжлэлийн үйл явцын журам /MNAS 701Р №3, хяналттай хувь/-ын 7.8 5 дахь хэсэгт заасан “Итгэмжлэлийн шийдвэрийг ажлын 5 хоногт багтаан МNАS-ийн дарга батална” гэснийг, Тус журмын үйл явцын диаграмм схемийн “техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэх, итгэмжлэх эсэх, тийм-техникийн хорооны дүгнэлт, шийдвэрийг итгэмжлэлийн байгууллагын /ИБ/ даргаар албажуулах, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, Итгэмжлэлийн гэрчилгээ, тушаал гэрээг ТҮБ олгох, үгүй-Баримт бичгийг хадгалах” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “..........” ХХК-ийн эмнэл зүйн лаборатори нь МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангахгүй гэх техникийн хорооны зөвлөмж дүгнэлт гарсан байхад 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр МL18 дугаартай МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг өөрийн ажлын байр болох ............... байранд байрлах Үндэсний итгэмжлэлийн төвд хууль бусаар олгож “.................” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч М.Ц-ийн “...Би 2021 оны 10 билүү 11 дүгээр сард “.........” ХХК-ийн итгэмжлэлтэй холбоотой МNS ISO 15189:2015 стандартын үнэлгээний техникийн шинжээчээр оролцож байсан. Яг нарийн мэргэжлийн шинжээчээр миний бие болон Ч, И бид гурав оролцсон. М нь үндэсний итгэмжлэлийн төвийг төлөөлж, О.А нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын лабораторийн мэргэжилтний хувьд оролцсон. Техникийн шинжилгээг “................” ХХК дээр 3 хоногийн хугацаанд хийсэн. Тэгэхэд “...................” ХХК-ийн “Молекул биологийн хэсэг”-ийг МNS IS0 15189:2015 стандартын шаардлага хангахгүй байгаа учраас итгэмжлэлийн хүрээнээс хасаж, бусад хэсэгт нь итгэмжлэл олгоё гэсэн саналыг техникийн 5 шинжээчээс санал нэгтэйгээр бичгээр буюу тайлан хэлбэрээр техникийн хороонд хүргүүлсэн. Техникийн хорооноос ямар дүгнэлт гарсан вэ гэвэл “..................” ХХК нь стандартын шаардлага хангах болоогүй байна, тодорхой хугацаа буюу 3-6 сарын хугацаа өгье, энэ хугацаанд бүх дутуу зүйлсээ залруулаад дахин орж ирвэл итгэмжлэл олгоё, хэрэв 6 сарын хугацаанд багтахгүй бол дахин техникийн шинжээч очиж газар дээр нь үнэлсний дараа итгэмжлэл олгох эсэх асуудлыг хэлэлцье гэж шийдвэрлэсэн. Манай шинжээчийн дүгнэлтээр “Молекул биологийн хэсэг”-ийг хасаад итгэмжлэл олгох саналыг техникийн хороонд оруулсан. Техникийн хороо бол зөвхөн “Молекул биологийн хэсэг”-ээс гадна бусад хэсгүүдийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй. Шинжээчийн дүгнэлтээр болон техникийн хорооны хурлаар “................” ХХК-д итгэмжлэл олгох үндэслэл бүрдээгүй гэсэн үг. Техникийн хорооны хурлын тэмдэглэл нь Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв дээр байгаа байх. “.................” ХХК-д тодорхой хугацаа өгч, дахин техникийн хорооны хурлаар оруулъя гэж шийдвэрлэсэн байсан. “.....................” ХХК нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд ковид-19 вирусын ПСР-ын шинжилгээ хийх боломжгүй байна гэж үзсэн. “Молекул биологийн хэсэг” нь ковид-19 вирусын ПСР-ын шинжилгээ хийдэг лаборатори нь юм. “.......................” ХХК-ийн “Молекул биологийн хэсэг” нь Зайсанд байрладаг бөгөөд тухайн газарт нь очиж шинжээчийн хувьд үзлэг хийсэн. Уг үзлэгээр МNS ISO 15189:2015 стандартын 5 дахь хэсэгт заасан “ажлын байр, лабораторийн орчин” гэх хэсгийг хангаагүй. Тодруулбал “Молекул биологийн хэсэг” нь агааржуулалтын систем бүрэн хийгдээгүй, шинжилгээний урсгал буруу, био аюулгүйн кабинет байхгүй /ковид-19-ийн ПСР-ын шинжилгээг агааржуулалтын систем хангалтгүй тохиолдолд био аюулгүйн кабинет ашиглаж болно, гэвч био аюулгүй кабинет байхгүй байсан/, хог хаягдлыг устгах зайлуулах хэсэг нь шаардлагад нийцэхгүй зэрэг стандартын шаардлагыг хангаагүй. Миний хариуцсан чиглэлээр “.......................” ХХК нь чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрт хамрагдаагүй, иммунологийн шинжилгээний протокол хангалтгүй гэсэн 2 үл тохирол илэрснийг 2021 оны 12 сард залруулж, би түүнийг нягталж үзээд залруулсан гэж тооцож гарын үсэг зурж өгсөн. Харин “Молекул биологийн хэсэг” нь агааржуулалтын систем бүрэн хийгдээгүй, шинжилгээний урсгал буруу, био аюулгүйн кабинет байхгүй, хог хаягдлыг устгах зайлуулах хэсэг нь шаардлагад нийцэхгүй байсныг Ч шинжээчээр дахин шалгуулсан боловч шаардлага хангаагүй гэж хурал дээр хэлэлцэгдсэн. Техникийн хорооны хурал дээр М гуай “..........................” ХХК нь зарим үл тохирлыг залруулаагүй орж ирсэн гэж хэлсэн шүү дээ. Техникийн хороо итгэмжлэл олгох үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн тохиолдолд “..............................” ХХК нь үл тохирлуудыг залруулсны дараа дахин хүсэлт гаргаж, дахин техникийн хорооны хурлаар орсны дараа техникийн хорооны шийдвэрээр итгэмжлэл олгох ёстой. ...” /1хх 10-11/,
гэрч С.Ч-ийн “...Би “............” ХХК-тай ямар ч нэгдмэл ашиг сонирхол байхгүй. Би Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын тушаалаар шинжээчээр томилогдож ажилласан. Би 2021 оны 11 дүгээр сард “.....................” ХХК-ийн итгэмжлэлтэй холбоотой МNS ISO 15189:2015 стандартын үнэлгээний техникийн шинжээчээр оролцсон. Тус эмнэлгийн лабораторид итгэмжлэл олгохтой холбоотой шинжээчээр оролцсон. Эмнэлгийн үйл ажиллагаа нь энэ итгэмжлэлийн үйл ажиллагаанд хамаарахгүй, зөвхөн лаборатори нь хамаардаг. Техникийн шинжээчийн баг 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. “....................” ХХК нь итгэмжлэлийн хүрээнд цус судлал, эмнэл зүйн хими судлал, микробиологи, молекул биологи, дархлаа судлал гэсэн 5 хэсэгтэй, эдгээрээс молекул биологи нь стандартын шаардлага хангахгүй байсан. “...................” ХХК нь 20 гаруй үл тохирол гарч, залруулж сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг шинжээчдээс “....................” ХХК-ийн лабораторид өгөөд явсан юм. Би одоогоор бүгдийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан Молекул биологийн хэсэг нь агааржуулалт систем нь бүрэн ажиллаагүй, орц гарц нь нийтийн орц гарцтай, лабораторийн мэдээллийн системд холбогдоогүй байсан. Ковид-19 вирусын ПСР-ын шинжилгээ хийх лаборатори учраас орц гарц нь тусдаа байх ёстой, агааржуулалтын систем нь бүрэн ажиллах ёстой, био аюулгүй кабинет байхгүй, хог хаягдал устгах зайлуулах хэсэг байхгүй, ариутгагч байхгүй, учир нь ковид-19 вирус шинжлэх учраас хог хаягдлыг өдөр бүр ариутган, халдваргүйжүүлж байгаад устгах ёстой байдаг. Үл тохирлыг том, жижиг гэж 2 ангилдаг бөгөөд, үүнийг бид нар том үл тохирол гэж үзсэн. Шинжээчдийн дүгнэлтээр “Молекул биологийн хэсэг”-ийг хасаад лабораторийн бусад хэсгүүдэд итгэмжлэл олгох саналыг техникийн хороонд оруулсан. Техникийн хорооны шийдвэрийг шинжээч нар мэдэхгүй. Техникийн хорооны гишүүд нь шинжээч нараас тодруулж асуух зүйлээ асуугаад бид нарыг гарсны дараа хоорондоо хэлэлцэж шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргах үйл явцад манай шинжээч нар оролцохгүй. Гэхдээ шинжээч нарын газар дээр нь хийсэн үнэлгээний тайланг үндэслэж шийдвэр гаргадаг. Эрүүл мэндийн лаборатори нь итгэмжлэлгүй ч гэсэн ковид-19 вирусийн ПСР-ын шинжилгээ хийж болно. Гэхдээ МNS ISO 15189:2015 итгэмжлэлийн гэрчилгээ авсан бол нэг давуу тал болно. Түүнээс заавал итгэмжлэгдсэн байж шинжилгээ хийнэ гэсэн зүйл байхгүй. Яагаад ч юм мэдэхгүй “....................” ХХК нь яараад л байх шиг байсан. Үл тохирлыг засах 2 сар хүртэлх хугацаа өгөхөд 7-10 хоноогүй байхад үл тохирлыг засчихсан гээд л ирээд байсан юм. Түүнийг үзэхээр дутуу хийгээд ирчихсэн байсан. Тэгээд юмаа гүйцэд хийгээд ир гээд буцаасан. Шинжээч нар түүний дараагийн долоо хоногт нь очиж үзэхэд дахиад л шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Түүний дараа үл тохирлоо залрууллаа гэж хоёр ч удаа над дээр ирээд миний ирүүлсэн үл тохирлыг залруулсан гэж гарын үсэг зуруулж аваад явсан юм. Техникийн хорооны хурлаар “...................” ХХК нь 3 сарын хугацаатайгаар буцсан гэж би сонссон. Би “Молекул биологийн хэсэг” нь итгэмжлэгдэхгүй байж магадгүй гэж бодож байтал лабораторийг бүхэлд нь итгэмжлэхгүйгээр 3 сараар хойшлуулсан байсан. Би эмнэл зүйн хими болон цус судлалын хэсгийг нарийвчлан үзсэн. “.........." ХХК-д эмнэл зүйн лабораторийн гэрчилгээ олгох эсэхийг техникийн хорооны хурлаар шийдвэрлэж, Итгэмжлэлийн үндэсний төвийн даргын тушаал гарч итгэмжлэл олгодог. Техникийн хороо нь итгэмжлэлийг 1 жилээр, 2 жилээр, 4 жилээр олгох эсэх, эсхүл итгэмжлэл олгох боломжгүй, тодорхой хугацаагаар хойшлуулах гэсэн шийдвэрүүдийн аль нэгийг нь гаргана. Техникийн хороо нь шинжээчийн үнэлгээний хэсгийн тайлан, дүгнэлт үндэслэж шийдвэр гаргадаг. ...” /1хх 13-14/,
гэрч Б.И-ийн “...Манай Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн био технологи, инновацын албанд Молекул биологийн лаборатори, полиомелитийн лаборатори, био бэлдмэлийн үйлдвэр гэсэн 3 үндсэн хэсэгтэй. Энэ хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй. Би “.................” ХХК-тай ямар нэгдмэл ашиг сонирхол байхгүй. Итгэмжлэлийн үндэсний төвийн даргын ажлын хэсэг байгуулсан тушаалыг 2021 оны 11 дүгээр сард хүлээж авсан. Би түүнээс 2-3 хоногийн дараа “......................” ХХК-ийн итгэмжлэлтэй холбоотой МNS IS0 15189:2015 стандартын үнэлгээний техникийн шинжээчээр оролцсон. Би тус эмнэлгийн Молекул биологийн лаборатори буюу ковидын шинжилгээ хийдэг лабораторид, мөн микробиологийн лабораторид шинжээчээр оролцсон. Техникийн шинжээчээр 5 хүн оролцсон. Чанар талаас нь М, А нар, нарийн мэргэшсэн чиглэлээр Ч, Ц бид гурав оролцсон. Тухайн үед “...............” ХХК-ийн лабораторийн микробиологийн лаборатори нь стандартад нийцнэ, харин “Молекул биологийн лабораторид” нь стандартад нийцэхгүй байсан. Молекул биологийн лабораторийн урсгал буруу, био аюулгүй ажиллагааны кабинет байхгүй, агааржуулалтын систем нь шаардлага хангахгүй байсан. Үүнийг том үл тохирол гэж үзсэн, энэ удаад “Молекул биологийн чиглэлээр итгэмжлэлд оруулах боломжгүй” гэсэн дүгнэлт өгсөн. Шаардлагатай тодорхой зөвлөгөөнүүдийг өгсөн. Мөн миний бие “................” ХХК-ийн лабораторид сорьц шинжлүүлж үзсэн. Манай Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Молекул биологийн лабораториор шинжилж хариу нь гарсан. Ковид-19 вирусын 3 сорьцийг “..........” ХХК-ийн Молекул, биологийн лабораториор шинжлүүлэхэд 1 сорьцыг алдаатай шинжилсэн. 2 эерэг, 1 сөрөг сорьцыг шинжлүүлэхэд 3 сорьцыг бүгдийг нь эерэг гэж шинжилсэн. Өөрөөр хэлбэл, сөрөг сорьцыг эерэг гэж буруу шинжилсэн. Энэ нь бас үл тохиролд орно. Энэ лаборатори нь мэргэжилтний ур чадвараа сайжруулах шаардлагатай, үл тохирлуудыг арилгах шаардлагатай гэсэн үг юм. Итгэмжлэлийн гэрчилгээгүйгээр шинжилгээ хийж болохгүй гэсэн ямар нэгэн хориглосон заалт байхгүй. Харин үл тохирол байгаа тохиолдолд тухайн лабораторид итгэмжлэлийн гэрчилгээ олгохгүй. ...” /1хх 16-17/,
гэрч З.Ү-ийн “...Цагдаа нар ирэхээс өмнө С.С дарга надаар “..........” ХХК-ийн эмнэл зүйн лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээг гаргуулчихсан байсан. Тэгээд тушаалыг нь бол гаргаагүй байсан. Үүнийг зөвхөн С.С дарга бид хоёр л мэдэж байсан, өөр хүмүүс мэдэхгүй байсан. Гэхдээ М гэх хүн “С дээр гэрчилгээ тушаал гарчихсан юм уу” гэж надаас асуусан. Тэгэхэд нь би мэдэхгүй гэж хэлсэн. С.С дарга надад “..........” ХХК-ийн лаборатори дээр гэрчилгээ гаргачихгүй юу даа З” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “болох юм уу” гэж асуусан. Тэгэхэд “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд л би уг итгэмжлэлийн МL18 дугаар гэрчилгээг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж С.С даргад өрөөнд нь оруулаад өгсөн. Тэгэхэд С.С даргын өрөөнд уг гэрчилгээг авах гээд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн байж байсан юм. Гэрчилгээ авснаас хойш 2 долоо хоногийн дараа “С”-ийн хүмүүс хурлын тэмдэглэлээ авъя гээд А эгчээр дамжуулж надаас 1 удаа асуусан. Мөн С.С дарга надаас нэг удаа уг хурлын тэмдэглэлийг унших гээд асуусан. Тэгэхэд би хурлын тэмдэглэл бичиж амжаагүй байсан. М ах ирээд “хурлын тэмдэглэлийг нь бичсэн юм уу, бичээгүй бол ах нь биччихье” гээд видео бичлэгийг хуулбарлаж 5 дахь өдөр надаас аваад дараагийн 1 дэх өдөр надад цаасаар хэвлэж авч ирж өгсөн. Тэгэхэд М ах надад “хурлын тэмдэглэл үнэн зөв бичсэн гэдэг хэсэгт гарын үсэг зурчхаарай, ах нь хянасан гэдэг дээр нь гарын үсэг зурчихъя” гэж хэлээд бүх хуудас дээр нь гарын үсэг зураад надад өгсөн. Тэгээд би рекордтой нь тулгаж үзэж байгаад гарын үсэг зуръя даа гэж бодоод одоо хүртэл гарын үсэг зураагүй байгаа, рекорд нь миний компьютер дээр байгаа. Энэ хурлын тэмдэглэлийг С.С дарга намайг бичсэн гэж бодоод байсан юм байна лээ. Одоогоос 7 хоногийн өмнө С.С дарга надаас “Үүнийг чи бичээгүй юм уу, М ах бичсэн юм уу” гэж надаас асуусан. Би үнэнээ л хэлсэн. Харин тушаалын төслийн хувьд цагдаа нар ирээд явсны маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр С.С дарга надад “тушаал гаргахаас” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гаргачих юм уу, яаж гаргах юм бэ /манайх анхдагч бол 2 жил, давтан бол 4 жилийн итгэмжлэлийн гэрчилгээ гаргадаг/” гэж асуусан. Тэгэхэд С.С дарга “тэгээд л гаргачихгүй юу” гэж хэлсэн. Тэгээд би урьд ийм төрлийн тушаал, гэрчилгээг зөндөө хянаж гаргаж байсан болохоор нь ямархуу загвартай байдаг вэ гэдгийг мэдэж байсан. Тэгээд л тушаалын төслийг нь 1 жилийн хугацаатайгаар бэлдэж С.С дарга руу орсон. Тэгэхэд тушаалын төслийг болж байна гэсэн. Тэгэхэд нь би “Боловсруулсан гэдэг дээр О ахыг биччих үү” гэсэн. Тэгэхэд С.С дарга “тэг тэг” гэсэн. Тэгээд А эгчтэй хамт нэг өрөөнд суудаг учраас “А эгч “С”-ийн итгэмжлэлийн хүрээг танаас авах юм уу” гэж асуусан. Тэгэхэд А эгч “тиймээ, эгч нь одоо аble-ээр явууллаа” гэж хэлээд ирүүлсэн. Тэгээд би тушаал төсөл, хавсралтыг нийлүүлээд тушаалын бланк дээр хэвлэж гаргаад С.С даргаар гарын үсэг зуруулаад тамга даруулаад тушаалыг хавсралтын хамт хадгалсан. Би анх уг тушаалын төслийг боловсруулсны дараа С.С даргаар гарын үсэг зуруулаад өрөөнөөс нь гарч ирээд Ц.О ахад “Та энэ тушаалын төсөл дээр гарын үсэг зурчих, дарга таныг зурчих гэж байна” гэж хэлсэн. Тэгэхэд О ах надаас “Зурчих юм уу, хариуцсан мэргэжилтэн А эмч юм биш үү” гэж асуусан. Тэгэхэд би бодохдоо С-тай холбоотой асуудал М ахыг гаргахад О ах руу шилжсэн болохоор О ахын нэрийг биччихсэн. А эгч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үед манай Үндэсний итгэмжлэлийн төвд томилогдсон, ямар ч байсан 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш бол биш, тэгээд С-ийн хурал нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болсон болохоор Ц.О-ээр гарын үсэг зуруулъя гэж би тооцон, даргаас О ахыг биччих үү гэж асуухад С.С дарга “тэгээ тэг” гэсэн юм. ...” /1хх 28-29/,
гэрч Л.С-ийн “...Ковидтой холбогдоод манай “..........” ХХК-ийн С .......... эмнэлэгт өөрийн лабораторид гишүүн байгууллагууд болон гишүүддээ ковид-19 вирус илрүүлэх шинжилгээ хийх шаардлагатай болсон. Тэгэхийн тулд заавал молекул биологийн оношилгоо, шинжилгээ хийлгэх тусгай зөвшөөрөл шаардагдсан. Би тусгай зөвшөөрөл гэж Үндэсний итгэмжлэлийн төвөөс олгодог МNS IS0 15189:2015 стандартын шаардлагыг хангасан гэсэн итгэмжлэлийн гэрчилгээг хэлээд байгаа юм. Тухайн итгэмжлэлийн гэрчилгээг гаргуулан авахын тулд хамгийн анх 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн шинжээч Д.А нь Эрүүл мэндийн яаманд “С .......... эмнэлэг нь Молекул биологийн оношилгоо хийх эрхтэй байна” гэсэн саналыг гаргасан. Түүний дараа Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтарсан шалгалт 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ирж хяналт үнэлгээ хийсэн. Тэгэхдээ манай молекул биологийн лабораторид тайлан гаргаж, тодорхой зүйлсийг залруулахаар зөвлөмж өгсөн. Түүний дагуу манай эмнэлэг зөвлөмжийн дагуу залруулга хийж, тайлангаа өгсөн. Дахин ХӨСҮТ-ээс ирж шалгаад 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Хяналтын ажлын хэсгийн дүгнэлтээр тус лаборатори нь ковид-19 халдварыг бх-ПГУ аргаар илрүүлэх молекул биологийн шинжилгээ хийх шаардлагыг бүрэн хангасан байна” гэсэн албан бичиг манайд ирүүлсэн. Мөн О ХХК нь манай эмнэлгээс МNS IS0 15189:2015 стандартын шаардлагыг хангасан байхыг шаардаж эхэлсэн. Ийм учраас манай “..........” ХХК нь тухайн стандартыг хангасан эсэх талаар гэрчилгээ авахын тулд Үндэсний итгэмжлэлийн төвд хандсан. Үндэсний итгэмжлэлийн төвөөс 2021.11.04, 2021.11.08, 2021.11.17-ны өдрүүдэд манай эмнэлгийн эмнэл зүйн лабораторид 3 удаа ирж хяналт шалгалт хийсэн. Шалгалтын эхний үе шатанд манай эмнэл зүйн лабораторид 19 үл тохирол илэрч, түүнийг залруулж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар тайланд 4 үл тохиролтой болсон. Тухайн 4 үл тохирлыг засаж залруулаад тайлангаа өгч техникийн хорооны хурлаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орсон. Энэ талаар манай эмнэлгийн лабораторийн эрхлэгч Д, лабораторийн эмч С нараас тодруулж болно. Үүний дараа 4 үл тохирол байсныг залруулаад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр залруулсан тухай албан бичгийг Үндэсний итгэмжлэлийн төвд хүргүүлсэн. Тэгсэн боловч манай асуудал шийдэгдэхгүй, Үндэсний итгэмжлэлийн төвд манай эсрэг хуйвалдаан явагдаад байна гэж үзсэн учраас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.С-д 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргаж, гомдлыг Д, С нараар хүргүүлсэн. Түүнээс 4 хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.С-ын гарын үсэгтэй, МL18 дугаартай “МNS IS0 15189:2015 стандартын шаардлагыг хангасан “..........” ХХК-ийн эмнэл зүйн лабораторийг хавсралтад заасан итгэмжлэлийн хүрээнд сорилт гүйцэтгүүлэхээр итгэмжлэв” гэсэн итгэмжлэлийн гэрчилгээг олгосон. Үүнээс хойш манай эмнэл зүйн лаборатори тухайн стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Би тэр үед шадар сайд А-д бас гомдол гаргасан байгаа. Би одоо ч гэсэн энэ асуудлаар 1111 төвд гомдол гаргана. Ерөөсөө манай лабораториор ажил хийлгэхгүй энд тэнд гомдол гаргаад байна. Цагдаагаас ч гэсэн дуудаж байна. Авлигатай тэмцэх газраас ч гэсэн дуудаж байна. Ерөөсөө ажил хийлэхгүй байна. Ер нь энэ бүх шалгалт, байцаалтууд үйл ажиллагаа явуулахад дарамттай байна. Би яг үнэндээ С.С гэх хүний царайг ч хараагүй. Би тухайн итгэмжлэлийн гэрчилгээг гаргуулан авахын тулд Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.С болон бусад эрх бүхий албан тушаалтнуудад мөнгө болон эд зүйл өгсөн зүйл байхгүй. ...” /2хх 203-205/,
гэрч О.А-ийн “...Манай Үндэсний итгэмжлэлийн төвийн эмнэлгийн чиглэлийн лабораторийн чиглэлээр шинжээчээр ажиллах эрх бүхий 20-оод хүн байгаа. Эдгээрт С.Ч, М.Ц, Б.И нар нь “..............” ХХК-ийн эмнэл зүйн лабораторийг итгэмжлэх үйл явцад шинжээчээр оролцох эрхтэй хүмүүс байсан. Энэ 3 хүн нь манайд олон жил техникийн шинжээчээр ажиллаж байсан хүмүүс юм. Ер нь бол энэ 3 хүн олон жилийн туршлагатай, зөвхөн итгэмжлэл дээр ч биш. Эрүүл мэндийн яамны шинжээчээр ч ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа юм. Тийм учраас манай Үндэсний итгэмжлэлийн төвөөс тухайн хүмүүстэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Үндэсний итгэмжлэлийн төв нь 2020 онд байгуулагдсан, эдгээр хүмүүстэй 2017 онд Стандартчилал хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газар гэх нэртэй байхад тухайн 3 шинжээчтэй гэрээ байгуулж байсан. “..........” ХХК-ийн эмнэл зүйн лабораторийг итгэмжлэлийн үйл явцад С.Ч, М.Ц, Б.И нараас нууцыг хамгаалах болон шударга ёсны мэдэгдэл гэсэн хуудас бөглүүлж авсан. Тэгэхэд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй учраас шинжээчээр ажиллуулсан. ...” /5хх 240-241/ гэх мэдүүлгүүд,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Молекул биологийн лабораторид шинжилсэн 3 сорьцын дүнгийн хуулбар /1хх 39-41/,
“С..........” эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинжилсэн 3 сорьцын дүнгийн хуулбар /1хх 42-43/,
ML 18 дугаар итгэмжлэлийн гэрчилгээний хуулбар /1хх 52/,
Итгэмжлэлийн үйл явцын журам /1хх 53-74, 2хх 25-68/,
Халдварт өвчин судлалын үндэсний төв, “..........” ХХК-ийн нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан УСҮ/21/08 дугаар гэрээний хуулбар /1хх 75-77/,
Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлсэн ПСР шинжилгээний хариуг өөрийн харилцагч нарт өөрийн компанийн нэрээр хэвлэж өгсөн баримт /1хх 78-80/,
Үндэсний итгэмжлэлийн төв “С ..........” лаборатортой холбоотой баримт бичиг үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 82-83/,
“..........” ХХК нь Үндэсний итгэмжлэлийн төвд “С ..........” лабораторт итгэмжлэлийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлт болон холбогдох баримтын хуулбар /1хх 84-237/,
Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/16 дугаар тушаал /2х 10-17/,
“С ..........” лабораторийн анхдагч итгэмжлэлийн асуудлыг хэлэлцүүлгийн тэмдэглэл /2хх 72-92/,
Итгэмжлэлийн үнэлгээний тайлан /2хх 93-250, Зхх 01-07, 249-250, 4хх 53-98, 6хх 142-152/,
Монгол Улсын Шадар сайдын тушаал /Зхх 15/,
Албан тушаалын тодорхойлолтын маягт /Зхх 16-19/,
Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/219 дугаартай “Үнэлгээний ажлын хэсэг томилох тухай” тушаал, хавсралтын хуулбарууд /1хх 226-227, Зхх 221-222/,
Хүн эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны тайлан хэлэлцүүлэх цахим хурлын тэмдэглэлийн хуулбар /4хх 01-25, 5хх 118-138/,
“СОС ..........” Улаанбаатар Олон улсын эмнэлгийн эмнэл зүйн лабораторийн үл тохирол залруулсан тухай /4хх 35-43/,
Монгол Улсын стандарт /4хх 162-165/,
Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын “2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай Итгэмжлэлийн шинжээчийн эрх олгох тухай” тушаал, хавсралтын хуулбарууд /6хх 243-250/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.С-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С-ыг нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Э.У “...С.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
“..........” ХХК нь MNS ISO 15189:2015 стандартын шаардлагыг хангасан эсэх талаар гэрчилгээ авахын тулд Үндэсний итгэмжлэлийн төвд ханджээ. Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.С-ын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/219 дугаар тушаал /1хх 226/-аар О.А, М.М, С.Ч, М.Ц, Б.И нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж улмаар 2021 оны 11 дүгээр сарын 04, 08, 17-ны өдрүүдэд тус эмнэлзүйн лабораторид үнэлгээ хийхэд нийт 19 үл тохирол гарсан байна. Уг үл тохирлуудыг залруулсан гэж “..........” ХХК-аас үзэж Үндэсний итгэмжлэлийн төвд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 21/10/275 дугаар албан бичиг /1хх 230/-ээр ханджээ. Уг хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хүн эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны хурал /1хх 238-250, 2хх 1-8/-аар хэлэлцэж, олонхийн саналаар ISO 15189 эмнэлгийн лабораторийн чанар, чадавхид тавигдах онцлог шаардлагуудын хэрэгжилт жигдрээгүй гэж үзэж, тодорхой хугацаагаар үл тохирлоо залруулаад дахин тайлан дүгнэлтээ өгөөд, үүний дараа хурлаар оруулах шийдвэрийг гаргаж, хамгийн багадаа 3 сарын хугацаагаар хойшлуулсан шийдвэр гарсан байхад нийтийн албан тушаалтан С.С нь “..........” ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр МL18 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч С.С нь Үндэсний итгэмжлэлийн үндэсний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан бөгөөд төрийн тусгай албан хаагч буюу нийтийн албан тушаалтан байжээ.
Шүүгдэгч С.С нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “...................” ХХК-ийн эмнэл зүйн лаборатори МNS ISO 15189:2015 стандартын шаардлагыг хангасан эсэх талаар техникийн хорооны зөвлөмж дүгнэлт гараагүй байхад МL18 дугаартай МNS ISO 15189:2015 стандартын шаардлагыг хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгож “.................” ХХК-д давуу байдал бий болгосон үйлдэл хийсэн болох нь хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсан болохыг илэрхийлэх үндсэн шалгууруудын нэг бөгөөд хэрэв хуульд заасан ялын хамгийн доод, эсхүл дээд хэмжээг оногдуулсан бол үүнийхээ үндэслэлийг заавал тайлбарлавал зохино.
Орчин үеийн эрүүгийн эрх зүйд ялын бодлогыг илүү хүмүүнлэг, энэрэнгүй байх хандлага зонхилж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С-ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Э.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/1244 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Э.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ