Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,  

улсын яллагч Г.Ганхөлөг

хохирогч Г.Л, Х.М тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат

шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Э.Б-д холбогдох эрүүгийн 1705002300113 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Б согтуурсан үедээ 2017 оны 7 дугаар сарын 23-ны шөнө 2 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Л, Х.М нартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа биед нь халдаж улмаар иргэн Г.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, иргэн Х.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б” 2017 оны 7 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн орчим би эхнэр Наванянзен, Чулуунчимэг, Баатар бид нар 3 дугаар эмнэлгийн зүүн талын хаалганы орчим байж байгаад эхнэр Наванянзен бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхэд М, Л, Сайнтүшиг, Сарнай нар хажуу талаар өнгөрч явахдаа М намайг “чи яахаараа эмэгтэй зоддог юм бэ” гэснээс болж бидний дунд маргаан эхэлж би Мтэй гар зөрөлцөж муудалцсан юм. Над руу чиглэж дайрсан М, Л, Сайнтүшиг нар намайг зодсон. Тэгээд М бид хоёр зодолдож дууссан байхад Л над дээр ирж хирүүл хийсэн.  Тэгэхэд М буцаж ирээд, харин Сайнтүшиг миний гуя, цээж, толгой руу өшиглөхөд нь би толгойгоо хамгаалж гараараа хаахад гар руу өшиглөснөөс болж миний баруун гарын ядам хурууны савх яс хугарсан. Тэгээд цагдаа дуудаад би эхнэрээ гэртээ хүргэж өгчихөөд цагдаа дээр очсон юм. Тухайн үед М бид хоёр эвлэлдээд салъя гэж яриад цагдаа дээр очтол Л цагдаад хэлэхдээ Б миний  эгэм рүү 5 удаа цохисон гэж хэлсэн. Лгийн биед хүндэвтэр хохирол учирсан гэж байгааг би зөвшөөрөхгүй. Харин Маргад-Эрдэнийн биед хөнгөн хохирол учруулсан гэж байгааг би зөвшөөрнө. Ер нь бол М бид хоёр хоорондоо харилцан зодолдсон байгаа. Би архи ууж маргаан гаргасандаа харамсаж байна. Сайнтүшиг, М нар намайг бүлэглэж зодсонд би гомдолтой байна. Шүүх үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Л  мэдүүлэхдээ” 2017 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Сарнай, Сайнтүшиг, М бид дөрөв хамт караокед байж байгаад харих гээд 3 дугаар эмнэлгийн хажуугаар явж байтал нэг эмэгтэй болиоч ээ гэж хашгирсан.  Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг болиоч гэтэл цаанаас Баатар гэж залуу “нэг гэр бүлийн улс байгаа юм” гэсэн. Тэгтэл Б цаанаас цээж нүцгэн гарч ирээд манай нөхрийг шууд цохиж унагаад Сайнтүшиг рүү ирэхэд Сайнтүшиг зугатсан байсан. Тэгээд Б буцаж ирээд Б манай нөхрийн толгой руу нь өшиглөхөд нь би очоод болиулах гэтэл Б намайг хоёр удаа цохиход би арагшаа ТҮЦ мөргөөд унасан. Намайг унасан байхад Б миний эгэм рүү өшиглөсөн. Тухайн үед манай нөхөр ухаан алдаад уначихсан байсан.  Ингээд би гэмтлийн эмнэлэгт 2017 оны 7 сарын 26-ны өглөө гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Одоо би биедээ 5 хадаас, ялтсан төмөр суулгуулсан явж байна. Одоогийн байдлаар миний эмчилгээний бодит зардал 261.400 төгрөг гарчихсан байгаа. Цаашид дахин хагалгаанд орж 5 хадаас, ялтсан төмрөө авахуулахад 3 сая төгрөг шаардлагатай байгаа. Би гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.М мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 23-ны шөнө би эхнэр Л, түүний үеэл Сарнай, Сарнайгийн найз Сайнтүшиг бид нарын хамт караокед орчихоод гэртээ харих гээд 3 дугаар эмнэлгийн хажуугаар явж байтал тус эмнэлгийн хашаан дотор нэг эмэгтэй орилсон. Тэгэхээр нь бид “юу болоод байгаа юм бэ болиоч” гэж хэлэхэд цаана машинаас Баатар “эр, эм хүн юм ярьж байна та нарт хамаагүй” гэсэн. Тэгтэл цаанаас Б гарч ирээд над руу дайрахад нь би зугатах гэхэд намайг цохиход миний нүдэнд оч үсрээд л би ухаан алдалтын байдалд орсон. Энэ явдлаас хойш байнга хамар битүүрнэ, толгой өвдөнө, одоог хүртэл зовиуртай байна. Миний бодит хохирол 2.528.000 төгрөг гарсан байгаа. Үүнээс хамрын зураг авахуулахад 100.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг зарцуулсан. Ажилгүй байсан хугацааны цалинд 2.400.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид би хагалгаанд ороход 3.368.000 төгрөг шаардлагатай байна гэв.  

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Л мөрдөн байцаалтанд”...3 дугаар эмнэлэгийн лабораторын хашаан дотор явж байхад нэг эмэгтэй хүн төмөр хашааны цаана болиочээ гээд орилоод байхаар нь хэн ямар үйлдэл хийж байгааг ч мэдэлгүй, эмэгтэй хүн шөнийн цагаар хүчирхийлүүлж байгаа юм байна гэж ойлгоод больцгоогооч гэж бид дөрвийн хэн нь билээ хэлсэн. Тэгээд явж байсан чинь удалгүй машины зогсоолоос нэг махлаг залуу өөдөөс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гарч ирээд “та нарт ямар хамаатай юм бэ, эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм, өөрсдөө явах замаараа явцгаа” гэж хэлсэн. Бид түүнтэй харьцалгүй хажуугаар нь өнгөрөхөд араас Б гэх залуу хувцасаа тайлчихсан цээж хэсгээрээ нүцгэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн залуу гарч ирээд араас бид нар руу “хөөё пизда нараа, гичий янханууд минь өөрсдөөрөө мөрөөрөө яваач” гэж хэлээд гүйж ирснээ манай нөхрийн араас татаад цохих гэхэд М зугатаах гээд хойшоо болсон. Тэгээд М хөгшөөн одоо боль өөр өөрсдийнхөө замаар явъя гэж хэлэхэд гэнэт нүүр рүү нь 2 удаа гараараа цохиход нөхөр газар унасан. Тэгээд Сайнтүшиг бид хоёр очиж салгаж Б-г болиулах гэхэд Б, Сайнтүшигийг цохих гээд дайрахад нь Сайнтүшиг зугатаад гүйсэн. Б хөөж байснаа буцаж М бид хоёр дээр ирсэн. Тэр үед М ухаан алдаад уначихсан байсан.  Б эргэж гүйж ууртай ирснээ газар унасан байсан хүнийг үсдээд дээшлүүлж байгаад нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би голоор нь салгах гэхэд намайг шууд барьж аваад нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унах үед түцний хананд толгойгоо саваад унасан. Тэр үед Б гэх танхай согтуу залуу намайг дээрээс цээж, эгэм хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би ганцаараа зодуулсан. Сарнай тэр үед цагдаа дуудсан...би баруун эгэмдээ хагалгаанд орсон. Үүндээ эмчилгээний зардалд 390000 төгрөгийн хагалгааны төлбөр тушаасан ингээд эмчилгээ эм тарианд их үнэтэй өвчин намдаах эм тариа хэрэглэдэг байсан үүнд 3000000 гаруй төгрөг зарцуулсан мөн одоо дахин хагалгаанд орох гэж байгаа 6500000 төгрөгийн давтан хагалгаанд орох гээд байна. Өмнөх эгэмний хагалгаа 2 газар хугаралтай байсан учраас эмчилгээ мэс засал дутуу хийгдсэн учраас давтан орно. Би одоо давтан хагалгаанд 2 хугарсан эгэмээ нийлүүлж хадуулна. Ингээд мөн 1 жил 6 сарын дараа бүх боолт, төмрөө авахуулдаг гэсэн. Энэ хүний буруутай үйлдлээс болж би эрүүл мэндээрээ хохирч бага насны хүүхдээ асарч хандаж чадахаа больсон. Мөн нөхрийн ажил алдалтын 2400.000 төгрөгийн цалин аваагүй. Бэс нийт 13000000 төгрөг нэхэмжлэх болно” /хх-ийн 37-39/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9390 дугаартай” Г.Лгийн биед баруун эгэмний зөрөөтэй далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шууны зулгаралт,  зүүн хөлийн 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт /хумс унасан/ бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 11/ гэсэн дүгнэлт,

 

Хохирогч Х.М мөрдөн байцаалтанд “Б гэх залуу эхлээд намайг өөрийн гараараа миний хамар руу 2 удаа цохисон. Би тухайн үедээ ухаан алдаад уначихсан. Намайг өмөөрч манай эхнэр Л зууралдахад Б эхнэрийн эрх чөлөөнд нь халдаж биед нь гэмтэл учруулсан байсан. Ингээд хэсэг хугацааны дараа ухаан ороход Л зодуулчихсан уйлчихсан байсан. Б бас нэг найзтайгаа байсан ба тэр залуу нь Сайнтүшигийг хөөгөөд явсан байсан. Сайнтүшиг намайг Бд эхлээд хамар руугаа 2 удаа цохиулахад хажууд байсан. 2500000 төгрөг зарцуулагдах байх. Би нийт 3.330.000 төгрөг нэхэмжилж байна” /хх-ийн 25/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9389 дугаартай “Х.Маргад-Эрдэнийн биед дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн тохой, баруун бугалга, тохой шуу, зүүн мөр, зүүн баруун дал, зүүн өвдөг, баруун өвдөг, шилбэний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын цус хуралт, доод уруул, зүүн чихний дэлбэн, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн бугалга, цус хуралт, зулгаралт, хамрын ясны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацанд үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид  гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Сайнтүшиг мөрдөн байцаалтанд ”2017 оны 7 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн орчимд найз Л, М, Сарнай нартай 10 хорооллын Сэлбэ нэртэй караокед орж 1 цаг 30 минут авч дуулсан. Ороод бид нар нэг нэг ундаа захиалж уусан ба М нэг шил 0,5 гр Сэнгүр пиво уусан. Тэгээд дуулцгааж байгаад гэртээ харихаар гарцгаасан. Манай найз Л үеэл эгч Сарнайгаа Австрали улс руу явах гэж байгаа гаргаж өгнө гээд хэсэг хугацаанд хөгжилдсөн. Ингээд гараад явж байхад 3 дугаар эмнэлгийн хашааны хажуугаар явж байхад хашаан дотор эмэгтэй хүн болиочээ гээд аймаар орилсон тэгэхээр нь бид нар зүгээр үү гэхэд хашааны гадна нэг машин дотроос эрэгтэй эмэгтэй 2 хүн бууж ирснээ “наад 2 чинь хосууд байгаа юм учраа өөрсдөө олно, эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж хэлэхээр нь цаашаа алхаж явахад хашаан дотроос найз охинтойгоо муудалцаж байсан залуу согтуу гарч ирснээ та нар яагаад байгаа юм гэснээ М рүү дайрсан. Тэгсэн М за за больё гээд зай барьсан. Тэгтэл Б гэх залуу Маргад-Эрдэнийг шууд нүүр рүү нь цохиод авсан. М шууд газарт унасан. Тэгээд би Лтэй очоод салгах гээд ойрттол над руу дайрахаар нь би зугатаагаад Б буцаад явахаар нь эргэж явж түцний араас харахад М газар унасан хэвээрээ, Л түцний яг хажууд бас унасан Лг өшиглөж байсан...миний харснаар Маргад-Эрдэнийг гараараа нүүр рүү нь 2 удаа цохиж ухаан алдуулсан, Лг түцний хажууд унагаагаад дээрээс нь 2-3 удаа өшиглөж байхыг нь харсан” /хх-ийн 41/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.Наванянзен мөрдөн байцаалтанд ”2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр найз Чулуунчимэг, түүний найз Баатараа, манай найз залуу Б бид 4 уулзахаар 14 цаг өнгөрч байхад 10 дугаар хорооллын 105 дугаар байрны урд уулзсан. Бид дөрөв Баатараагийн машинтай 2.5 л нийслэл пиво, 0.75 гр соёрхол нэртэй архи байрны гадаа ууцгаасан. Тэгээд оройхон болохоор нь Чулуунчимэг, Баатараа хоёр архи уусан болохоор машинаа үлдээгээд такси аваад гэртээ харихаар 3 дугаар эмнэлэгийн хажуу талын зам дээр байрлуулаад хоорондоо юм яриад Б бид хоёр 3 дугаар эмнэлгийн хашаа тойроод дотор нь орсон. Нөгөө 2 машиндаа үлдсэн. Намайг гэр рүүгээ орох гэхэд Б оруулахгүй жаахан байж байгаад орьё гээд шалгаагаад байсан. Тухайн үед би согтсон бие өвдөөд байхаар нь гэртээ орох гээд Бтэй зууралдаад жоохон өндөр дуутай хэрэлдсэн. Б за за гээд уурлаад нөгөө хоёр руу явж байна гэж бодсон. Тэгтэл хашааны цаана эмэгтэй хүний эрэгтэй хүний дуу хэрүүл маргаан гарсан. Миний хувьд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Б согтуу бид хоёрын дунд жаахан маргаан болсон” /хх-ийн 42/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Чулуунчимэг мөрдөн байцаалтанд “2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр найз Баатартай 17 цагийн орчимд Баянхошуунд уулзаад байж байгаад найз Наванянзен, Б нартай уулзахаар Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороололд ирсэн. Тэгээд бид дөрөв Тэмүүлэл хотхоны урд талын сааданд уулзаж хоорондоо юм ярьж байгаад 22 цагийн үед архи уухаар болсон. Ингээд мөнгө нийлүүлээд 0.75 гр соёрхол архи 1 шил, 2.5 л савтай пиво аваад сааданд уугаад дуусгасан. Тэгээд Наванянзен, Б нар хоорондоо архи уугаад хирэлдээд 3 дугаар эмнэлгийн хажуу талын хашаа руу орсон. Би Баатартай сааданд үлдээд нөгөө 2-ыг ирэхгүй болохоор нь араас нь очих гээд явж байсан. Тухайн үед 00 цаг өнгөрсөн байсан байх сайн санахгүй байна. Б ганцаараа хашааны урд хаалганы тэнд согтуу 2 залуу 2 эмэгтэйтэй муудалцаад зогсож байхаар нь би Баатарыг дуудаж бид 2 очиход  намхан эрэгтэй залуу нь надад хандан хашаан дотор нэг эмэгтэй хашгираад амь авраарай гэж орилоод байсан гэж хэлсэн. Тэгтэл нэг эмэгтэй нь орилоод байсан охин нь энэ биш юм уу гэж хэлсэн. Тэгэхэд зодоон болсон бололтой нэг эмэгтэй “найз чинь манай нөхөр бид хоёрыг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд одоо ингээд салаад явцгаая гэж хэлсэн. Тэгээд Наванянзен дээр очих гээд хашаа руу очсон чинь найз минь модны хажууд ухаан алдаад унтаж байх шиг байсан. Сэрээгээд “Б тэнд хүнтэй зодолдоод байна, одоо би Б-г дагуулаад байна ирье гэж хэлээд тэнд үлдээгээд зодолдсон газар руу эргээд очиход нэг эмэгтэй миний эгэм хугарчихсан байна, одоо цагдаа дуудсан, чи хугарчихсан  байгааг харж байгаа  биз дээ гэж хэлэхээр нь би тийм байна аа уучилаарай, одоо ингээд явъя гэж хэлсэн” /хх-ийн 43 / гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Баатар мөрдөн байцаалтанд ”2017 оны 7 сарын 23-ны өдөр Чулуунчимэгтэй цагийг нь сайн санахгүй Баянхошуунд уулзсан. Тэгтэл Чулуунчимэг найзтайгаа уулзах ажилтай гээд 3 дугаар эмнэлгийн хажуугийн хотхонд ирсэн. Тэгээд найзтай нь уулзаад танилцаад сааданд сууцгааж байгаад архи, пиво уусан. Тухайн үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Чулуунчимэг бид хоёр гэртээ харих гээд бид дөрөв таксинд суух гээд тэр хоёр гаргаж өгсөн. Тэгээд замын хажууд ирэхэд ТҮЦ байхаар нь би орж тамхи аваад гараад ирэхэд Чулуунчимэгийн хоёр найз нь байхгүй ганцаараа байсан. Тэгээд бид хоёр замын хажууд тамхи татаад зогсож байхад Чулуунчимэг найзуудынхаа араас түрүүлээд явсан. Би араас нь очиход Б нэг залуутай  зодолдож байсан. Миний хувьд юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй. Очоод салгах гэхэд Б намхан залуутай зодолдоод салахгүй байсан. Б-г би салгаад М гэх залууг тэнд байсан хүмүүс салгах гэтэл мөн салахгүй байсан. Тэгтэл эхнэр нь бололтой эмэгтэй мөн Б рүү дайраад байсан” /хх-ийн 44/ гэсэн мэдүүлэг,

 

Сэжигтнээр Э.Б мөрдөн байцаалтанд “2017 оны 7 дугаар сарын 23-ны шөнө цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна 23 цагийн орчим шиг санаж байна. Найз охин Наванянзентайгаа гэртээ байж байхад Чулуунчимэг гэх найз нь Наванянзен руу залгаж “уулзах уу” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр удалгүй гэрээс гараад байрны сааданд Чулуунчимэг, нэрийг нь сайн санахгүй Баатартай уулзсан. Бид дөрөв хоорондоо юм ярьж байгаад пиво уухаар болоод 6500 төгрөг би гаргаад 2.5 литр пиво аваад сааданд сууцгаасан. Баатар гэх залуу машин барьж байгаа гээд уугаагүй. Пиво ууж дуусаад тарцгаах гэхэд Баатараа гэх залуу би машинаа тавьчихъя бүгдээрээ мөнгөө нийлүүлээд архи ууцгаая гээд 0.75 л сархад нэртэй архи авч авсан архиа 3 дугаар эмнэлгийн хажуугийн зогсоол дээр Баатараа машинаа байрлуулаад сааданд орж ууцгаасан. Тухайн үед 00 цаг өнгөрсөн байсан байх. Нэлээн орой болсон байсан. Сааданд ууцгаах гэснээ “энд арай болохгүй юм байна гээд 4-лээ машин руу явсан. Тэгээд машинд очиж бүгдээрээ хувааж уусан. Тэгтэл Наванянзен маргааш өглөө ажилтай гэр рүүгээ явъя гэж надад хэлэхэд би найз охиндоо жаахан байж байя энд хүмүүстэй танилцчихаад гэсэн чинь маргалдаж байснаа Наванянзен уурлаад машинаас буугаад 3 дугаар эмнэлгийн хашаа руу орсон. Би араас нь найз охиноо аргадах гээд араас нь 3 дугаар эмнэлгийн хашаа руу орсон. Тэгээд би найз охинтойгоо маргалдсан. Наванянзен “ээж гэрт ирчихсэн байна, гэртээ орьё гэхэд би жаахан байя, нэг бол чи орж бай гэхэд тэгвэл наанаа үлдэхгүй юу” гэж орилсон. Тэгээд би харих гээд 3 дугаар эмнэлгийн хашааны хаалгаар гараад мэргэжил сургалт үйлдвэрлэлийн зүг явахад 2 эмэгтэй, 2 эрэгтэй өөдөөс ирснээ нэг залуу /М/ ирээд “чи одоо хаашаа юм эмэгтэй хүн зодоод байдаг юм уу” гээд над руу дайрсан мөн эхнэр  нь бас дайрсан. Тэгтэл Баатар машинаас бууж ирээд “та нар одоо болиочээ, 2 хос зүгээр жаахан маргалдсан байна, наад залуугаараа яах гээд дайраад байгаа юм больцгоо эр эмийн хооронд битгий оролц” гэхэд М намайг “чи яасан овоо юм” гээд намайг өөдөөс заадмсан. Би тэгтэл гарыг нь тавиулах гээд гараа савахад намайг нүүр рүү цохисон. Тэгээд би Мтэй зодолдож байхад Сайнтүшиг ирээд намайг цохисон. Тэгээд л тэнд юу болж байгаа нь мэдэгдэхгүй юм болсон. М намайг ална гэсэн. Тэгээд би одоо больё гээд боссон. Босч зогсоод та нар намайг яаж байгаа юм бэ найз охинтойгоо маргалдсан байхад та нарт ямр хамаатай юм гэхэд дахин намайг зодож зодоон эхэлсэн. Тэгтэл нэг таксины жолооч огт танихгүй хүн больцгоо гэж хэлсэн. Тэгээд болиод Сайнтүшигийн араас би хөөсөн. Гүйцэхгүй болохоор эргээд зодоо болсон газар очсон. Миний хувьд тэр эмэгтэйд гар хүрээгүй. Мтэй л зодоон эхлэхэд зодолдсон” /хх-ийн 61/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12209 дугаартай “Бат-Эрдэнийн биед эрүү, баруун хацар, хүзүү, нуруу, зүүн мөрний зулгаралт, уруулын салстын шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн хугацааг тогтоох боломжгүй” /хх-ийн 59/ гэх дүгнэлт,

 

Шинжээч эмч Б.Ундармаа мөрдөн байцаалтанд “...Би Г.Лг үзэж, дүгнэлт гаргасан. Тухайн үед бид ажлын ачаалал ихтэй шинжээч эмч нар ээлжийн амралттай байсан ба цөөн эмч ажиллаж байх үед гарын үсэг зуруулаагүй явсан байсан. Дүгнэлтийн урд хуудсанд гарын үсэг зурж тэмдэг дарсан байна. Энэ дүгнэлт ямар нэгэн өөрчлөлт засвар ороогүй учраас би нөхөн зурж баталгаажуулав” /хх-ийн 117/ гэсэн  мэдүүлэг,

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд “би Б-г өөрийн биед нь үзлэг хийж, тухайн хүний авч ирсэн хувийн фото зураг биш БГДЦХ-ийн мөрдөн байцаах тасгийн тамга, тэмдэгтэй фото зургийг үндэслэн дүгнэлт гаргасан. Зурганд он сар бичигдээгүй, тухайн хүн эмнэлэгт үзүүлсэн ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт байхгүй байсан учир дээрх гэмтэл нь хэзээ үүссэн хугацааг тогтоох боломжгүй байсан хувь хүн фото зураг авч ирвэл дүгнэлт гаргахгүй” /хх-ийн 119/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн хувийн байдалтай холбоотойгоор түүний ял шалгах хуудас /хх-ийн 21/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 79/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 86/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б согтуугаар 2017 оны 7 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Л, Х.М нартай маргалдах явцдаа Г.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Х.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:  

хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж, шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Г.Лгийн”... Б гэх залуу ... М-н нүүр рүү нь 2 удаа гараараа цохиход нөхөр газар унасан...Б эргэж гүйж ууртай ирснээ газар унасан байсан хүнийг үстээд дээшлүүлж байгаад нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би голоор нь салгах гэхэд намайг шууд барьж аваад нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унах үед түцний хананд толгойгоо саваад унасан. Тэр үед Б гэх танхай согтуу залуу намайг дээрээс цээж, эгэм хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн...” /хх-ийн 37-39/,

хохирогч Х.М”... Б гэх залуу эхлээд намайг өөрийн гараараа миний хамар руу 2 удаа цохисон...Б эхнэрийн эрх чөлөөнд нь халдаж биед нь гэмтэл учруулсан байсан. Ингээд хэсэг хугацааны дараа ухаан ороход Л зодуулчихсан уйлчихсан байсан...” /хх-ийн 25/,

гэрч М.Сайнтүшигийн”...Б гэх залуу М шууд нүүр рүү нь цохиод авсан. М шууд газарт унасан...түцний араас харахад М газар унасан хэвээрээ, Л түцний яг хажууд бас унасан Лг өшиглөж байсан...миний харснаар М гараараа нүүр рүү нь 2 удаа цохиж ухаан алдуулсан, Лг түцний хажууд унагаагаад дээрээс нь 2-3 удаа өшиглөж байхыг нь харсан...” /хх-ийн 41/,

гэрч Э.Чулуунчимэгийн”...нэг эмэгтэй найз чинь манай нөхөр бид хоёрыг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр би тэр эмэгтэйд одоо ингээд салаад явцгаая гэж хэлсэн...зодолдсон газар руу нь эргээд очиход нэг эмэгтэй миний эгэм хугарчихсан байна...харж байгаа биз дээ гэж хэлэхээр нь би тийм байна аа уучлаарай гэж хэлсэн” /хх-ийн 43/,

гэрч Т.Баатарын”...Б нэг залуутай  зодолдож байсан...Очоод салгах гэхэд Б намхан залуутай зодолдоод салахгүй байсан...”/хх-ийн 44/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9390,  9389 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 11, 19/,  хохиролын баримтууд /хх-ийн 26-30/ хохирогч Г.Лгийн картын хуулбар /хх-ийн 31-36/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Э.Б-г хохирогч Х.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Г.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж  шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгч Э.Б нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүний холбогдсон гэмт хэргийн үйлдэл тус бүрт торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтоолоо.

 

Хохирол төлбөрийн талаар:

Х.М хохиролтой холбогдох баримтуудаас хэрэгт авагдсан баримтын шаардлага хангасан хүрээнд хэргийн 26, 28 дугаар талд авагдсан 8000 төгрөг, 120.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж нийт 128.000 төгрөгийг шүүгдэгч Э.Бэс гаргуулж хохирогчид олгох,   

Г.Лгийн хохиролтой холбогдох баримтуудаас хэрэгт авагдсан баримтын шаардлага хангасан хүрээнд хэргийн 27, 29 дүгээр талд авагдсан      8000 төгрөг, 44.500 төгрөг, шүүх хуралдаан дээр гаргасан 30000 төгрөг, 13000 төгрөг, 30000 төгрөг, 75000 төгрөг, 60900 төгрөгийн баримтуудыг тус тус шүүх үнэлж нийт 261.400 төгрөгийг шүүгдэгч Э.Бэс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. 

 

Харин хохирогч Х.М хамрын хугаралаа эмчлүүлэхэд шаардагдах  Эм Би Жи Мед ХХК-ийн 3.360.000 төгрөгийн нэхэмжлэх, хохирогч Г.Л баруун талын эгэмний ялтас авах хагалгааны зардалд шаардагдах мөн компанийн  3.000.000 төгрөгийн нэхэмжлэхийг тус тус шүүхэд гаргасныг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж хохирогч нар цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь: