| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00382/И |
| Дугаар | 197/ШШ2025/02760 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/02760
2025 03 19 197/ШШ2025/02760
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.650.000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 01-р сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: П.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Б.Алтанзул, бид хоёр жилийн өмнө танилцсан танилууд юм. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.Алтанзул над руу утсаар ярьж ...2 хоногийн хугацаатай 2.100.000 төгрөгийг түр зээлээч, яаралтай хэрэг боллоо гэж гуйхад нь би 2024 оны 07 дугаар 29-ны өдөр Б.Алтанзулын Худалдаа хөгжлийн банкны 413014866 данс руу 800.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөн банкны 413014866 тоот дансанд 1.300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Надтай утсаар ярихдаа ...дүү Австралид тэтгэлэгтэй сургуульд явах болоод дансанд нь 100.0 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна, 2.0 сая төгрөг байна гэсэн, мөн над руу мессеж явуулсан тул би түүнд итгээд яаралтай хэрэгтэй үед нь тус болохоор Б.Алтанзулын хүссэний дагуу 2 удаа мөнгө шилжүүлсэн.
Би мөнгө хүлээж авсан болон хэзээ буцааж төлөх тухайгаа албан бичгээр баталгаажуулахыг шаардсанаар Б.Алтанзул 2024 оны 09 сарын 04-ны өдөр надаас 2.100.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрсөн тухайгаа албан бичгээр баталгаажуулж, зээлсэн дүн дээрээ нэмж 10 хувиар хүү тооцон бүгд 2.310.000 төгрөгийг 2024 оны 09 сарын 06-ны өдөр бүтэн төлөхөөр бичиг үйлдэж өгсөн.
Гэвч энэ хугацаандаа авсан зээлээ хүүгийн хамт бүрэн төлөөгүй шалтгаан тоочсоор 10 дугаар cap гарсан тул би түүнд бөөнөөр төлөлт хийх хэцүү байгааг нь ойлгож байгаагаа хэлж бага багаар цувуулаад хийхийг санал болгосон тул тэр зөвшөөрч 10 дугаар сард нийт 6 удаагийн шилжүүлгээр 450.000 төгрөгийг төлөөд дахин нэмж төлөлт хийсэнгүй өнөөдрийг хүрлээ.
2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн гэрээндээ зээлийн хүү тооцон өгөхийг Б.Алтанзул өөрөө зөвшөөрсөн атлаа одоо болохоор нэмж төлөхөөс татгалзаж, 8 сараас хойш миний мөнгийг ашиглаж өөрийн хэрэгцээгээ хангаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хариуцагч нь хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй байна.
Б.Алтанзулын хүссэнээр яаралтай, хэрэгтэй үед нь тус болсон миний итгэлийг бодож, өөрийн хүн чанарын үүднээс зээлийн хүү нэмж өгөх эсэхийг хариуцагч өөрөө шийдэх биз, миний тухайд хүнтэй маргахыг хүсэхгүй байгаа тул үндсэн зээл 2.100.000 төгрөгөөс төлсөн 450.000 төгрөгийг нь хасаж үлдэгдэл 1.650.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч: Б.Алтанзул нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
П.Оюунгэрэл нэхэмжлэлтэй 1.650.000 төгрөгийг 5 сарын хугацаанд 2025 оны 02 сард 330.000 төгрөг, 2025 оны 03 сард 330.000 төгрөг, 2025 оны 04 сард 330.000 төгрөг, 2025 оны 05 сард 330.000 төгрөг, 2025 оны 06 сард 330.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийн хамт бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Оюунгэрэл нь хариуцагч Б.Алтанзулд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 1.650.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Алтанзул нь нэхэмжлэлийн шаардлага 1.650.000 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2025 оны 02 сард 330.000 төгрөг, 2025 оны 03 сард 330.000 төгрөг, 2025 оны 04 сард 330.000 төгрөг, 2025 оны 05 сард 330.000 төгрөг, 2025 оны 06 сард 330.000 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.Оюунгэрэл нэхэмжлэлийн шаардлага 1.650.000 төгрөгийг хариуцагч Б.Алтанзул 5 сарын хугацаанд буюу 2025 оны 02 сард 330.000 төгрөг, 2025 оны 03 сард 330.000 төгрөг, 2025 оны 04 сард 330.000 төгрөг, 2025 оны 05 сард 330.000 төгрөг, 2025 оны 06 сард 330.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 41.350 төгрөгийн тал хувь болох 20.675 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Алтанзулаас улсын тэмдэгтийн хураамжид 20.675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Оюунгэрэлд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Алтанзул нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД