Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/1190

 

 

Ц.Бьт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Ө.Сайнбаяр

шүүгдэгч Ц.Бь, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр, Д.Цолмон,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, шүүгч Ч.Алдар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/1169 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бь, түүний өмгөөлөгч Д.Цолмон, Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Бьт холбогдох эрүүгийн 2006000003030 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Цийн Бь, 1969 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “Б” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТИ69080917/.

             Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

            Ц.Бь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед - тоотод иргэн Ч.Дын хүзүү хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Цийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бьт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийн цагдан хоригдсон 360 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Биас гэм хорын хохиролд 13.643.342 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П /ТЕ81110313/-д олгож, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн гэр бүлийн гишүүд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Бь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие талийгаачийн ар гэр, ах дүү нар болон өөрийн гэр бүл үр хүүхэд төрөл төрөгсөд та бүгдийн өмнө шүүн шийтгүүлэх гээд зогсож байгаадаа маш ихээр харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Миний бие хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өглөөний 10 цагт гэрээсээ гараад хамт ажилдаг менежер Д.Бийн гэрт очсон. Бид хамтдаа “Б” ХХК-д ажилдаг бөгөөд уг компани жонш олдворлодог уул уурхайн компани юм. Бид хоёр тухайн үед уурхай руу явуулах хүнс, ногоо, сэлбэг зэргийг өдөржин цуглуулж бэлдээд орой 19 цагийн үед Д.Бийн 13 дугаар хороолол Шинэ монгол сургуулийн хажуу байдаг 45 дугаар байранд оройн хоол хийж идэн, тухайн өдрийн тооцоогоо бодож 1 сав пиво хувааж ууж байх үед 21 цагийн орчим надтай цуг Чех улсад 5 жил хамт сурч байсан Т.Б над руу залгаж, хүний утас асууж “чи хаана байна?” гэхээр нь “Д.Бийнд байна” гэхэд, “за за” гээд утсаа тасалсан. Бийнд тамхи дуусаад тамхинд гарсан. Тэгээд 22 цагийн үед Б гаднаас орж ирэхдээ нэг танихгүй хүнтэй хамт нэг ширхэг архитай орж ирсэн. Тэр хүнийг манай Дарханы найз маань гэж танилцуулж байсан. Би хамт орж ирсэн хүнийг өмнө нь харж байгаагүй, танихгүй хүн байсан. Бид 4 цуг сууцгааж, Бы авчирсан архийг хувааж уусан. Архи ууж байх үедээ, тэр хоёр “мөнгөний хэрэг гараад байна, Бы машиныг зарж мөнгө олох гээд бүтэхгүй байна, мөнгө байна уу? бүтээгээд өг” гээд асуугаад байсан. Юу хийдэг, ямар ажил эрхэлдэг талаар асуухад “онцын ажил хийдэггүй, урьд нь алдаад шоронд сууж байсан” гээд шоронгийн тухай ярьж, “атаман явж байлаа” гээд элдэв юм ярьж байсан. Нэлээн ширүүн догшин харьцаатай хүн байсанд манай Бэ “архиа дууслаа, одоо тарцгаа, би унтаж амарлаа, маргааш ажилтай” гээд 23 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гаргасан. Тэгээд талийгаач болон Бтай гарч гэр гэр рүүгээ явцгаах гээд төв зам руу такси барих гээд алхсан. Б байшингийн буланд бие засаад талийгаач бид хоёр цааш алхаад явж байсан. Надаас “мөнгө хэрэг байна, мөнгө зохицуулчих, чи уурхайд ажилладаг, одоо бэлэн мөнгөтэй байгаа юм байна шүү дээ” гэх зэрэг зүйл ярьж байгаад такси барьсан. Тэгээд би “за та хоёр ингээд таксинд суугаад яв, би өөр таксинд суугаад явлаа” гэж хэлэхэд, Б “хамтдаа цуг явцгаая, манайх ойрхон байгаа” гээд таксинд татаж суулгаад хамт явцгаасан. Аын хороо хавьцаа очсон. Талийгаач түрүүнд явж хаалга онгойлгоод ороход талийгаачийн гэр гэж мэдсэн. Дөнгөж гэр рүү нь ороод бид 3 гадуур хувцсаа тайлж, ширээнд сууцгаасан. Ширээн дээр уугаад дууссан 1 ширхэг архины хоосон шил, 1 шил бүтэн архи байсан. Би ширээний үүдэн талд сууж, Б ширээний баруун талд сууж, талийгаач цай хийж өгч, хиам зүсэж, ширээний зүүн талын буланд хананаас урагш харж суусан. Б утсаа оролдож байгаад утсаа аваад 00-д ороод суучихсан. Тэгээд талийгаач бид 2 юм ярьж байтал талийгаач надад “за чи түрүүний ярианы талаар юу бодож байна, миний саналыг хүлээж авах уу, мөнгө зохицуулаад өгчих” гэж хэлэхэд нь гэнэт миний дургүй хүрээд “чи яагаад надаас мөнгө нэхдэг юм бэ, чамд би ямар өртэй биш” гэж хэлсэн чинь өөдөөс уурлаад “чи намайг танихгүй, мэдэхгүй байна, би урьд шоронгоор явж байсан, би хаана л бол хаана нэртэй хүн шүү, чамд мэдрүүлээд өгөх үү” гэж хэлээд, босоод ир архи хундагал гэж хэлсэн. Би “Быг нойлоос гарч ирэхээр нь болъё” гэж хэлэхэд уурлаад “чи яасан олон үгтэй юм бэ, чи ямар том юм бэ?” гэж хэлээд өөрөө хундагалж, “босоод ир, надтай архи тулга, чамайг яавал ч яана шүү” гэх үгээр дарамталж эвгүй харилцаж эхэлсэн. Тухайн үед би айж цэрвэж очоод талийгаачийн урд талд нь очиж зогссон. Надад хундагатай архи өгөхөд нь би архи уугаагүй, амсаад буцааж өгөхөд “чи хүний өгсөн архийг голдог хэн бэ? чи намайг мэдэхгүй байна, би чамайг яавал ч яана шүү” гэхэд нь би “за за явлаа” гэсэн чинь талийгаач зүүн гартаа хутга бариад далайж “хандыг чинь хага дарна, ална чамайг” гээд баруун гараараа ширээгээ тохойлдоод дээш хагас өндийх агшинд л хутгатай гарыг нь түлхэж дараад хойш огцом ухраад хөргөгчийн хажууд очоод зогссон чинь талийгаач “ална чамайг” гээд цустай хутга өргөөд урагш хагас алхаад өнхөрч унасан. Тухайн үед сөхөрч хэвтэх хооронд Б 00-оос гарч ирээд “хүн үхчихлээ шүү дээ” гээд хүзүүн дээр нь дарсан. Яг энэ үед манай эхнэр над руу залгаж таараад “яасан гэртээ ирж байна уу?” гээд асуухаар нь “хүн үхчихлээ, би хүн алчихжээ” гэж хэлсэн. Би тухайн үед цус хараад айсандаа шоконд орчихсон, юу ч хийж чадахгүй зогсож байсан. Б цагдаад дуудлага өгч, удалгүй цагдаа ирж бид хоёрыг хэлтэс рүү авч явсан. Болсон зүйл ердөө л энэ. Тухайн үед би намайг хутгалах гэж байна гэж бодоод сандарсандаа гарыг нь түлхэж, өөрийгөө хамгаалах зорилгоор хийсэн үйлдэл маань хүний аминд хүрчихсэн байна. Үүнийг би огт үгүйсгээгүй. Болсон үйл явдал маш хоромхон хугацаанд болсон. Энэ үйлдлийг би хуулийн хүрээнд юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байгаа. Хүн алчихсан гэх үү? хүнээс өөрийгөө хамгааллаа гэх үү? санамсар болгоомжгүй гэх үү? тайлбарлаж чадахгүй байна. Нэмж хэлэхэд, талийгаач бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл огт байхгүй. Талийгаачийг огт таньж мэдэхгүй, хэрэг болдог өдөр л танилцсан. Уг нь хэрэг болсон өдрийн өглөө талийгаач Баянзүрх дүүргийн шүүхээр орж торгуулийн ялаар шийтгүүлээд, мөнгөний асуудалтай явж байсан гэсэн. Үүнийг нь хууль ёсны төлөөлөгч А.П мэдүүлэгтээ гэрчилдэг. Шударга шүүхийн өмнө зөвхөн үнэнийг мэдүүлнэ гэж хэлдэг мөртөө огт үндэслэлгүй худал мэдүүлж, хүнийг гүжирдэж, яаж энэ хэргийг өс хонзонгийн сэдэлтэй болгох вэ? гэж улаан цайм хүн рүү дайрч байгаа нь зүйд нийцэхгүй байна. Огт таньдаггүй байсан талийгаачийн гэр бүлийн хүмүүс, ах дүү нар нь бүгд таньдаг мэддэг болоод 6 хүмүүс бүгд гэрчийн мэдүүлэг өгч, хавтаст хэрэгт сүүлд хавсаргасан байх юм. Мөн талийгаачийн ах, дүү, эхнэр, хүүхэд нь байсаар байтал заавал эцэг өөр А.Пг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оруулж байгаа нь цаана өөр агуулгатай харагдаж байгаа юм. Талийгаачийн ах, дүү нар манай гэрийнхэн болон намайг таньж мэддэг гэдэг нь огт үндэслэлгүй. Миний ээж 1981 онд нас барсан. Талийгаач 5 настай П төрөөгүй байсан. Миний аав 1999 онд хүнд өвчний улмаас нас барсан. Мөн эд нарын хэн нь ч танихгүй мэдэхгүй. Би 1986 онд Чех улс руу сургуульд явж, 1991 онд төгсөж ирээд Улаанбаатар суурьшин өнөөг хүртэл амьдарч байна. Тэгэхэд намайг сургуульд явахад талийгаач 11 настай, П гурваас дөрвөн настай байжээ. Эд нар намайг болон манай гэрийнхнийг огт мэдэхгүй. Намайг энэ хэрэгт санаатай болгох гэж дайрч байна. А.П нь одоогоос хориод жилийн өмнөх манай гэр бүлийн хүнтэй хувийн харьцаатай байсан тухайгаа ярьж, хэргийг санаатай болгох гэж дайрч байна. Үүний тод жишээ нь П болон ах, дүү нар мөн талийгаачийн өмгөөлөгч нар цорын ганц гэрчид шууд нөлөөлж, гэрч Быг дарамтлан айлган сүрдүүлж цагдаагийн албан хаагч нартай мэдүүлгийг нь өөрчлүүлж, огт болоогүй зүйлийг мэдүүлж, “Бийг хутгалж байсныг харсан, цустай хутгаа гартаа бариад зогсож байсан гэж мэдүүл, тэгэхгүй бол чамайг хамт шоронд нь цуг хатаана” гэх зэргээр мэдүүлэг өгүүлж дарамталж, нөлөөлсөн гэж гэрч Б шүүх дээр өгсөн мэдүүлэг, сүүлд өгсөн мэдүүлэгт маш тодорхой мэдүүлсэн байдаг. Талийгаачийн эхнэр гэх Хандааг манай дээд ангийн эгч гэхээс өөр зүйлийг мэдэхгүй. Хэнтэй сууж, хэдэн хүүхэдтэй талаар өнөөг хүртэл огт мэдэхгүй. Энэ мэтчилэн над руу дайрсан нотлох баримтгүй ам дамжсан мэдүүлгийг үндэслэл болгон шүүх тогтоолд бичсэн байгаад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харамсаж байна. Миний шүүх хурал 2023 оны 8 дугаар сарын 24-ны өдөр товлогдож, шүүх хурал болохгүй хойшлогдож, 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр болсон ба уг шүүх хурлын тогтоолыг шүүгч уншиж танилцуулахдаа 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тогтоох нь гэж уншиж танилцуулсан. Эндээс харахад хэт нэг талыг барьж, шүүгдэгч талын нотлох баримтыг хэлэлцэлгүй урьдчилсан байдлаар тогтоолоо гаргаад бэлдсэн байсан нь тодорхой байна. Иймд миний холбогдсон хэргийг дахин хянан шалгаж, бүх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөөгч Д.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ц.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд - тоотод иргэн Ч.Дын хүзүүн тус газар хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байхад буюу хүлээж авснаас хойш 5 хоногийн дараа 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хяналтын прокурор М.Оюунбат миний үйлчлүүлэгч Ц.Бьт холбогдох эрүүгийн - дугаартай хавтаст хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ үед өмгөөлөгч нарын зүгээс Нийслэлийн ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч Улсын ерөнхий прокурорын газарт 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг хяналтын прокурор М.Оюунбат нь мэдсээр байж миний үйлчлүүлэгч Ц.Бь болон өмгөөлөгч бидний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3, 2.11 дүгээр зүйл, 15.7 дугаар зүйлд заасан дээд шатны прокурорт хэргийг хянуулах эрхийг ноцтойгоор зөрчиж, хязгаарласан үйл ажиллагааг явуулсан. Энэ асуудлаар анхан шатны шүүхэд урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж хянуулсан ч шүүх прокурорын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн болохыг дурдаад хангуулах арга хэмжээ авалгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан. Шүүх зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан эрхийг минь сэргээх арга хэмжээг авах ёстой байсныг дурдмаар байна. Өмгөөлөгч нарын зүгээс Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалтын” хүрээнд хийгдсэн тул гэмт хэрэгт тооцохгүй байх байр суурьтай мэтгэлцэж оролцсон. Прокурор шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” буюу Ц.Бь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг алах” гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн тухайд үндэслэл бүхий нотолгоо баримтыг дурдаж тайлбарлаж, мэтгэлцэж оролцоогүй, гэм бурууг бүрэн нотолж чадаагүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дамжмал болон бусад нотлох баримтууд болох гэрч Н.Мөнхцэцэг /1хх 80-82/, Х.Тунгалаг /1хх 83-84/, П.Түмэнжаргал /1хх 87/, Э.Батзориг /1хх 93/, Н.Х /5хх 20-22/ нарын мэдүүлэг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, /1хх 1/, дуудлагын лавлагааны хуудас, /1хх 2/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх 3-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 21-25/, цагдаагийн 102 дугаарын утсанд 96083242 дугаараас дуудлага хийсэн мэдээллийн ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 64-65/, шинжээч З.Ганболд /5хх 66/, Н.Энхцолмон /5хх 68-69/, О.Болор /5хх 71-72/, М.Аригунтөгс /1хх 140/ нарын мэдүүлэг, 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн Т.М, Г.Ундрахбулаг, Х.Б нарыг оролцуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийсэн тэмдэглэл, /5хх 73-80, 81-87, 88-91/, гэрч Т.М, Х.Б нарын мэдүүлэг /5хх 96, 98-99/ зэрэг нотлох баримтуудаар Ц.Бийн мэдүүлэг үндэслэлгүй, аргагүй хамгаалалтын үйлдэл хийгээгүй, харин талийгаач Ч.Дын зүүн мөрний дээд хэсэгт чиглэж хутга барьж довтолсон, тодорхой хүч үйлчилсэн санаатай үйлдэл хийсний улмаас амь хохирогчийн зүүн мөрний дээд хэсэг рүү ир үзүүртэй хутга нэвтэрч, зүүнээс баруун ташуу, дээрээс доош чиглэлтэй хүчний үйлчлэлээр хутга 12.5 см босоо ташуу байрлалаар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг гол судсыг гэмтээж, талийгаач цочмог цус алдалтаар амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жил хорих ял шийтгэх шийдвэр гарсан. Шүүх нотлох баримтуудыг шалгах, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитой байдлаар хянаагүй, харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримтуудтай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүйгээс шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд “хүн алчихлаа” гэсэн үгийг эхнэр болон хэргийн газарт очсон цагдаагийн алба хаагч нарт хэлсэн байсныг үгийн утгаар хөөцөлдөж, мэргэжлийн хуульч нарын хэллэгээр санаатай, санамсар болгоомжгүй, аргагүй хамгаалалтын улмаас бусдыг алсан гэж хэлсэнгүй гэж прокурор, шүүх иш татан буруутгаж байгаад харамсаж байна. Ц.Бийн тухайд өөрийгөө хамгаалах гэсэн үйлдлийн улмаас Ч.Дын хутгатай гарыг цааш түлхэхэд зүүн эгэм тус газарт хутгалагдаж нас барсан болох талаар анхнаасаа маргадаггүй. Тэр ч утгаараа эхнэр Н.Мөнхцэцэгийг утсаар залгахад нь “би хүн алчихлаа” гэж хэлсэн байдаг бөгөөд Н.Мөнхцэцэг цааш нь Х.Тунгалаг, П.Түмэнжаргал нарт дамжуулж хэлсэн дамжмал мэдүүлгээр “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх нотлох баримт болгох боломжгүй юм. Ц.Бь нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа тууштай, тогтвортой, мэдүүлэг өгч байсан бөгөөд түүний “ална аа” гээд гартаа хутга бариад өндийхөд нь сандраад гарыг нь буцааж түлхээд суулгасан. ...” гэсэн мэдүүлэг нь хэргийн газарт анх ирсэн цагдаагийн алба хаагч Э.Батзоригийн /1хх 93/ мэдүүлэгтэй нийцэж байгаа бөгөөд бусдыг санаатай алах санаа зорилго байгаагүй болох нь харагддаг. Эдгээр мэдүүлгүүдийг шүүх үнэлж Ц.Бийг гэм буруутайд тооцсон дамжмал нотлох баримтууд нь Ц.Бийг талийгаач Ч.Дын зүүн мөрний дээд хэсэгт чиглэсэн довтолж хутгалах үйлдэл санаатай хийсэн болохыг нотлоогүй бөгөөд харин талийгаач нь зүүн гартаа атгасан хутгаар хутгалагдаж, улмаар өөрөө сугалж атгасан чигтээ нас барсан үйл баримтыг гэрчилсэн байгааг онцлон дурдмаар байна. Энэ хэрэгт хамгийн чухал нотлох баримт бол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх 3-10-д байгаа “зүүн тохой хэсгээр нугаларч гарын бугалга тэнийн гарын сарвуу хагас атгасан. Сарвууны дотор хэсэгт ил харагдах боломжгүй, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байх ба хутганы үзүүр баруун урд зүгт ир хэсэг зүүн дээш харсан. Криминалистик мэргэжилтэн цогцсын зүүн гарт байсан хутгыг 3 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв.” /14 хуудас ар талын гэрэл зураг/. Шүүх шинжилгээний шинжээч нарын 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 569 тоот дүгнэлтийн 1 дэх заалтад зааснаар /4хх 211/ “хэргийн газрын үзлэгт буй хутганы өргөн цогцсын хүзүүний дор байх шархны урттай ойролцоо байгаа тул дээрх хутгаар үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээс талийгаачийн зүүн гарт атгаастай хутгаар талийгаач хутгалагдсан болох нь нотлогддог. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ уг нөхцөл байдал, болон үүнтэй холбоотой нотлох баримтуудад үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй. Тиймээс дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй. Дээрх 569 тоот дүгнэлтийн 2-т “хутга атгаж байгаад нас барсан бол тэр хэвээр байж болно”, 3-т “нас барсны дараа хутга атгуулах боломж байхгүй, булчин сулардаг” гэсэн байдаг. Тэгэхээр энэ дүгнэлтээс талийгаачийг нас барсны хойно хэргийн газрын үзлэг дээрх шиг нөхцөл байдлыг буюу талийгаачийн зүүн гарт хутга атгуулж гэмт хэргийн ул мөрийг Ц.Бь баллах ямар ч боломжгүй байсан гэдэг нь нотлогдоно. Мөн талийгаач өөрт нь хутга зоогдсон үед өөрөө сугалах боломжтой талаар шинжээч Ц.Ганболд мэдүүлсэн. Тухайлбал, “хэрэг дээрх байдлаар гаднын нөлөөтэй хутгалагдсан байх үед буюу хүзүүнд зоосон хутгыг амь хохирогч өөрөө татаж авах, сугалах боломжтой эсэх, хариулт, хүзүүнд зоосон хутгыг өөрөө татаж авах, сугалах боломжтой.” /5хх 66/. Хэрэв Ц.Бь талийгаачийг санаатайгаар хутгаар довтолж /шүүхийн дүгнэлт шиг/ алаад зориуд хэргийн газрын зургаар бэхжигдсэн нөхцөл байдлыг хуурамчаар бий болгосон гэх юм бол түүнийг харах, үзэх боломжтой ганц хүн нь гэрч Т.Б байсан. Тиймээс Т.Бы 6 удаагийн мэдүүлгээс 5 удаагийн мэдүүлэгт Ц.Бь талийгаачийн зүүн гарт хутга шургуулаагүй, хэргийн бодит байдлыг өөрчлөөгүй гэдэг нь нотлогдоно. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн /1хх 90-91/ мэдүүлгийг эрүүдэн шүүлт явуулж хууль бусаар тулгаж, авсан талаар шүүхэд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Б удаа дараа мэдүүлж ирсэн байгааг шүүх үнэлэхдээ харьцуулалт огт хийгээгүй. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Гантуяагийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128 дугаар дүгнэлтийн 2-т “Ч.Дын зүүн гарын 1 ширхэг хумс, Т.Бы зүүн гарын 2 ширхэг хумсан дээр цус илэрсэн. Ц.Бийн баруун болон зүүн гарын 10 ширхэг хумсанд цус илрээгүй.”, /2хх 2-3/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 65 тоот дүгнэлтийн 1-т “шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутганаас гарын мөр илрээгүй.”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 127 тоот дүгнэлтийн 1-т “холбогдогч Ц.Бийн өмсөж явсан гэх хар өнгийн малгайтай куртик, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн цамц хар өнгийн дотуур өмд, саарал өнгийн дотоож, ногоон өнгийн пүүз, цагаан өнгийн майк дээр цус биологийн гаралтай ул мөр илрээгүй.” 2-т “саарал өнгийн оймс дээр цус илэрсэн.” /1хх 239-240/, шинжээч М.Аригунтөгсийн “Цусаар бохирлогдсон гарыг угаавал хумсны завсраас цусны ул мөр илэрнэ...” /3хх-138/ гэсэн мэдүүлэг, дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас харвал Ц.Бь талийгаачийг санаатайгаар довтолж хутгалсан гэх үйлдэл оролцооны ул мөр, толбо, гарын хээ болон хэргийн ул мөрийг баллах оролдлого хийсэн гэх ул мөр илрээгүй байдаг. Өмнөх шүүх хуралдааны явцад прокурор хутгыг талийгаачийн гарт Ц.Бь шургуулсан гэж таамаг дэвшүүлж мэтгэлцэж ирсэн байдаг. Үүнийгээ нотлох үүрэгтэй гэдэг байдлаар шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мэтгэлцэж оролцсон. Гэвч эцсийн улсын яллагчийн дүгнэлтэд прокурор аргагүй байдалд орж, талийгаачийн хутгатай гарыг санаатай түлхэх үйлдэл хийсэн нь санаатай алах гэмт хэргийн үйлдэл гэж эргэж буцаж мэлзсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ Гэтэл шүүх прокурорын ялласан нөхцөл байдлаас огт өөр байдлаар дүгнэлт хийж миний үйлчлүүлэгчид ял шийтгэсэн. Уг нь талийгаач хутгалагдсан гэх эд мөрийн баримтын хутга яаж яваад талийгаачийн гарт очив. Уг хутгыг түүний гарт шургуулах боломжтой юу гэдэг асуудалд шүүх бодитой дүгнэлт хийх үүрэгтэй байсан. Энэ хэргийн гол гогцоо бол энэ нөхцөл байдал. Тэгэхээр хэрэгт ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч дүгнэж үзээгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байгаа нь шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байгааг дээр дурдсан нотлох баримтууд харуулж байна. Шүүх яллах талыг барьж санаачилгаар хууль зөрчсөн нотлох баримтыг шүүрч авч дүгнэж, Ц.Бийг буруутгахыг урьтал болгосонд гүнээ харамсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч Монгол улсын үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй. Шүүхийн Ц.Бийг голлон буруутгаж үнэлсэн нотлох баримт нь 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн Т.М, Г.Ундрахбулаг, Х.Б нарыг оролцуулж явуулсан мөрдөн шалгах ажиллагааны туршилт /5хх 73-80, 81-87, 88-91/, тэдгээрийг гэрчээр асуусан Т.М, Х.Б нарын мэдүүлэг /5хх 96, 98-99/ гэж маш ойлгомжтой байна. Уг туршилтаар Ц.Бийн мэдүүлээд байгаа талийгаач хутга барьж өндийж довтлох гэх үед гарын түлхэж хутгалагдаж нас барсан гэх үйлдэл боломжгүй гэдэг байдал нотлогдсон гэж үзэж түүний мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт гэж үнэлсэн байдаг. Тэгвэл 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн яллагдагч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч, прокурорыг оролцуулан хийсэн туршилтын тэмдэглэл, /4хх 235-237/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны явцад хийсэн туршилт, тэмдэглэл /4хх 52-78/ зэрэг нотлох баримтуудыг яагаад үнэлэх боломжгүй гэж үзсэн тухайд шүүх үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй. Уг туршилтад оролцвол зохих хуульд заасан бүхий л оролцогч нар орж нүдээр үзэж Ц.Бийн мэдүүлээд буй үйлдэл хийгдэх боломжтой гэдгийг гэрчилж нотолсон. Дахин туршилт хийх ямар бодит шаардлага шалтгаан цагдаагийн мөрдөгч нарын хувьд үүссэн бэ гэдэг нь ч тодорхойгүй байдаг. Тэр тусмаа хамт ажилладаг, нэг үйл хэргийн төлөө явдаг нэг байгууллагын алба хаагч нар маргалдагч талуудыг оролцуулахгүй далд үйл ажиллагаа явуулж Ц.Бийн мэдүүлэгт дурдаад буй үйлдэл хийгдэх боломжгүй тэмдэглэл гаргасанд үнэхээр хардлага, эргэлзээ төрдөг. Энэ асуудлаар Улсын Ерөнхий прокурорт хандахад хяналтын прокурор эрхийг зөрчдөг, шүүхэд гомдол гаргахад авч хэлэлцэхгүй үнэлж байгаа зэргээс шүүх шударга шийдвэр гаргаагүй, нөлөөлөлд орсон гэдэг дүгнэлтийг хийхэд хүрч байна. Мөрдөгч нарын тухайд гэрч Т.Бд анхнаасаа нөлөөлөх, хууль бусаар мэдүүлэг гаргуулах зэргээр Ц.Бийг буруутгах гэсэн хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь Т.Бы мэдүүлгээс харагддаг. Тухайлбал, Т.Баас анх 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг авсны дараа мөрдөгч болон эрүүгийн төлөөлөгч нар тухайн өдрийн орой нь Ц.Бийн саатуулагдаж байсан өрөөнд оруулж уулзуулсан байдаг. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн/. Үүний дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин мэдүүлэг авахад түүний мэдүүлэг эрс өөрчлөгдөж, Ц.Бийг цустай хутга бариад зогсож байсан гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгээ дараа дараагийн мэдүүлэгтээ үгүйсгэж эрүүгийн төлөөлөгч, мөрдөгч нар болон хохирогч талынхан айлган сүрдүүлж, худал мэдүүлэг өгөх талаар нөлөөлж байсан талаар тодорхой тайлбарлаж мэдүүлдэг. Цагдаагийн ажилтнууд эрүүдэн шүүсэн байж болзошгүй энэ нөхцөл байдлыг прокуророос огт шалгаагүй. Тийм ч учраас мөрдөгч нар хуйвалдаж талуудыг оролцуулалгүйгээр өөрсдөө зохиомол туршилтыг явуулсан гэж үзэж байна. Уг туршилт нь ихээхэн онцлогтой. Архи ууж бие нь суларсан хүний булчингийн чангарлыг том фитнес булчин бүхий эрүүл, үйлдлийг эсэргүүцсэн хүнтэй харьцуулсан нь учир дутагдалтай байдаг. Түүнчлэн, талийгаачийн булчингийн хэмжээ болон оролцогч нарын булчингийн хэмжээг ч нарийвчлан тогтоогоогүй байж хийсэн зэргээс хууль бус туршилт гэдэг нь тодорхой харагддаг. Түүнчлэн мөрдөгч нар нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангаж бэхжүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.15-т Прокурорын эрх хэмжээг тодорхойлохдоо “мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцож хяналт тавих” эрх хэмжээтэйг тусгасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан тэмдэглэлээр баталгаажиж бэхжигдэж байх ёстой. 28.3 дугаар зүйлийн 1-т “мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.”, 3-т тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон хүн тэмдэглэлтэй танилцахдаа мөрдөн шалгах ажиллагааны нөхцөл байдал, авсан арга хэмжээ, ажиллагааны үр дүн зэргийг үнэн зөв бүрэн тусгасан эсэхийг хянаж үзнэ” гэж хуулиар заавал оролцогчоор гарын үсэг зуруулахыг үүрэг болгосон. Үнэхээр ажиллагаанд оролцсон прокурор буюу оролцож гарын үсэг зураагүй бол уг нотлох баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй учраас хууль ёсны нотлох баримт болохгүй. Нэгэнт оролцсон бол оролцогч нар бүрэн гарын үсэг зурагдаж байж нотлох баримт хууль ёсны болох ёстой. Ийм зүйлийг шүүх мэдсээр байж прокурорыг заавал оролцуулах ёсгүй гэж шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтаар үнэлж байгааг нөлөөлөл гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй байна. Энэ бүхнээс үзвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үнэлбэл зохих нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, харилцан зөрүүтэй баримтуудыг авахдаа нөгөөг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, хууль зөрчсөн нотлох баримтыг үндэслэсэн байх тул шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, /1хх-03-10/ үүнээс /1хх 7/, гэрч Т.Бы 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэг /1хх 88-89/, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2-р мэдүүлэг /1хх 90-91/, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг /4хх 52-78/, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлэг /5хх 244-250/, Шүүх шинжилгээний шинжээч нарын 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 569 тоот дүгнэлт /4хх 211/, шинжээч Ц.Ганболдын мэдүүлэг /5хх 66/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Гантуяагийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128 дугаар дүгнэлт /2хх 2-3/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 65 тоот дүгнэлт /1хх 142-143/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 127 тоот дүгнэлт /1хх 239-240/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт /1хх 128-132/, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн туршилтын тэмдэглэл, /4хх 235-237/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны явцад хийсэн туршилт, тэмдэглэл /4хх-52-78 тал/, шүүгдэгч Ц.Бийн яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн /мөрдөн байцаалтын шатанд/ /2хх 24-27/, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт /Зхх 109-110/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт /4хх-55-56/, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд /5-хх-08-09/, 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шүүхийн шатанд тус тус гаргасан мэдүүлэг зэргийг бодитойгоор үнэлж, талийгаач Д нь хутга гарган Ц.Бь руу довтолж, түүний довтолгооныг Ц.Бь зайлуулж, өөрийгөө хамгаалах явцад амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-т заасан үйлдэл хийсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/1169 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогчийг хутгалсан хутга хаанаас гарч ирсэн, хэн довтолгоо эхлүүлсэн талаар, шийтгэх тогтоолын 17 дугаар талд: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрч Н.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би талийгаач нөхөр Чимидийн Дтай 2002 оны 03 дугаар сард танилцаж байсан бөгөөд тэр цагаас хойш хамт амьдарч байсан, ...талийгаач нөхөр маань баруун гараараа хоол хийдэг, хоолоо иддэг, баруун гараараа юм бичдэг, оёдог, ер нь бүх л зүйлийг баруун гараараа хийдэг байсан. Солгой гараараа юм хийх байтугай, солгой гараараа юм огт барьдаггүй байсан. ...” гэж мэдүүлэг, /5хх 20-22/, “...шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн өгсөн “...манай талийгаач ах Ч.Д нь бүх зүйлийг баруун гараараа хийдэг байсан. ...” гэж мэдүүлсэн,” гэх мэдүүлгүүдийг шүүх үнэлсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Ц.Бь “...талийгаач баруун гараараа архи хундагалж өгсөн, зүүн гартаа хутгаа нууж байгаад гэнэт далайсан архи хундагалж байх үед нь зүүн гартаа хутга нууж байсныг хараагүй.” гэж мөрдөн байцаалтын шатнаас эхлээд тогтвортой мэдүүлдэг. Гэрч нарын мэдүүлж байгаагаар бол амь хохирогч хэрэв хутгатай байсан бол баруун гартаа хутгаа барьж довтолгоо эхлүүлэх байсан мэтээр мэдүүлжээ. Тэгвэл Ц.Бийн мэдүүлсэн “зүүн гартаа хутгаа нуусан байсан” гэснийг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж ирээгүй. Гэрч болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдийг хооронд нь харьцуулж дүгнэлт хийгээгүй. Нэг ёсондоо Ц.Бийн мэдүүлгийг үгүйсгэж чадаагүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон шинжээч нар мэдүүлэгтээ “...сурмаг дадмаг хөдөлгөөнөөр үйлдэгдэх боломжгүй. Гарыг хөшиж дарах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй...” гэсэн байдаг. Үүнээс харахад Ц.Бь амь хохирогчийг гэнэдүүлээд юм уу араас нь хутгалаагүй нь ойлгомжтой байна. Гэрч Т.Б шүүхийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Хэрэв Ц.Бь амь хохирогчтой зодолдвол дийлэхгүй. Амь хохирогч том биетэй Ц.Бь жижиг биетэй” гэсэн мэдүүлэг өгдөг. Бас тэр хоёр хоорондоо маргалдсан, зодолдсон, ноцолдсон дуу чимээ гаргаагүй гэсэн байдаг. Тэгэхээр шүүгдэгч болон амь хохирогч нарын дунд маргаан, зодоон, ноцолдсон ул мөр байхгүй байхад тухайн үед ямар үйл явдал болсон талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Шийтгэх тогтоолын 20 дугаар талд “...шүүх дүгнэхдээ амь хохирогч Д.Д, шүүгдэгч Ц.Бь нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, тухайн нөхцөл байдалд эрүүл ухамсарт ухаанаар хандалгүй, тухайн нөхцөлд тэдгээрийн хооронд үүссэн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн гэж үзэв.”, мөн шийтгэх тогтоолын 21 дүгээр талд “...Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч Ц.Бь нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Ч.Дын зүүн мөрний дээд хэсэгт хутгалсан үйлдлийн улмаас Ч.Дын амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоотой байна.” гэжээ. Таарамжгүй харилцаа гэдгийг ямар утгаар шүүхийн шийтгэх тогтоолд оруулсныг ойлгохгүй байна. шүүгдэгч Ц.Бийн мэдүүлгээр амь хохирогч мөнгө нэхэж дарамталсан гэдэг. Өөрөөр, энэ 2 этгээдийн дунд харилцаа үүсээгүй. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар хоорондоо муудалцсан, таарч тохирохгүй үг хэрэглэж хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэсэн мэт ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Ц.Бийг Ч.Дын амь насыг санаатай хохироосон нь тогтоогдсон гэх боловч шүүгдэгч амь хохирогч хоёрын хооронд ямар харилцаа үүссэн, амь хохирогчийн гарт байсан хутга хэний хутга болох, хэн хутга гаргаж ирсэн бэ? /үүнийг тогтоох боломжгүй бол хэн хутга гаргаж довтолгоо эхлэх боломжтой вэ? гэдэг асуултад бүрэн дүгнэлт хийх ёстой байсан/, хэн довтолгооныг эхлүүлсэн бэ? зэрэг нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж, нотлоогүй. Шүүгдэгч Ц.Бийг түрүүлж хутга барьж довтолгоон эхлүүлсэн талаар хэн ч гэрчлээгүй. Амь хохирогчийг хутга анх барьж довтолсон гэдгийг үгүйсгэж прокурор болон хохирогч талаас мэтгэлцээгүй болохыг анхаарах хэрэгтэй. Туршилтуудыг харьцуулсан талаар шийтгэх тогтоолын 19 дүгээр талд “...2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Т.М, Г.У, Х.Б нарыг оролцуулж мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийсэн тэмдэглэлд...” гээд дээрх оролцогч нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэтэл туршилтад оролцсон Т.М, П.Ундрахбулаг, Х.Б нар нь цагдаагийн байгууллагад ажилладаг сонирхлын зөрчилтэй этгээдүүд гэдгийг гэрчийн мэдүүлгүүдээс харж болно. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч, шинжээч, прокурор, шүүх бүрэлдэхүүнийг оролцуулан хийсэн туршилтыг /4 дүгээр хавтаст хэргийн 52-78 дугаар хуудас/, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газар хийсэн туршилт /4 дүгээр хавтаст хэргийн 235-237 дугаар хуудас/-уудыг үнэлэхгүй яагаад ганцхан хэргийн оролцогчдыг оролцуулалгүй хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр хийсэн туршилтыг үнэн, зөв гэж үнэлэх болов, энэ талаар дүгнэлт хийгээгүй. Хэргийн оролцогчдыг оролцуулсан 2 туршилтаар шүүгдэгч Ц.Бийн мэдүүлэг нотлогдож байна гэж үздэг. Харин хэргийн оролцогчдыг оролцуулалгүй хийсэн туршилтаар Ц.Бийн мэдүүлэг нотлогдох боломжгүй гэж үзжээ. Тэгвэл яагаад сүүлд хийсэн туршилт нь урд хийсэн 2 туршилтаас илүү хуульд нийцэж байгаа талаар дүгнэлт хийхгүй байна. Хэргийн оролцогчдыг оролцуулалгүй мөрдөгч нар өөрсдийн санаачилгаараа хийсэн сүүлчийн туршилтыг хууль зүйн үндэслэлгүй, үр дагавар үүсгэхгүй туршилт гэж маргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг яаж няцаасан талаараа дүгнэлт хийгээгүй. Иймд тухайн үед шүүгдэгч амь хохирогч хоёрын хооронд ямар харилцаа үүссэн, амь хохирогчийн гарт байсан хутга хэний хутга болох, хутгыг анх хэн гаргаж довтолгооныг эхлүүлсэн, хэн довтолгоог эхлүүлэх боломжтой байсан бэ? зэрэг асуудлуудыг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэг, хэргийн газар хийсэн туршилтуудыг үгүйсгэлгүй сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн хийсэн туршилтыг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгон дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/1169 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бьт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 45 минутад Ц.Биас мэдүүлэг авсан байдаг. Уг мэдүүлэг дээр Ц.Биас “яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, ойлгож байна. Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн байдаг. Мөн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Б өөрийн утаснаас цагдаагийн байгууллага руу залгаад “манай найз, манай найзыг хутгалаад алчих юм аа” гэсэн байдаг. Шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх энэ талаар хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дамжмал нотлох баримт, үүсмэл нотлох баримт гэж гэрч нарын мэдүүлгийг янз янзаар тайлбарлаж ярьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дамжмал, үүсмэл нотлох баримт гэж заасан зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрч гэдгийг “эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тодорхойлсон. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Мөнхцэцэг, Тунгалаг, Түмэнжаргал, Батзориг нарын мэдүүлгийг дамжмал мэдүүлэг байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн гэрч нар хэрэг гарсан даруй бусдаас сонссон зүйлээ мэдүүлсэн байдаг. Үүсмэл гэх байдлаар тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй. Хэргийн газраас олдсон хутгаар уг хэргийг үйлдсэн гэдэгтэй хэн аль нь маргаагүй. Гагцхүү энэ гэмт хэргийг хэн үйлдсэн тухайн амь хохирогчийн биед учирсан гэмтлийг хэн үүсгэсэн асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа төвлөрч, үүнтэй холбоотой шалгалтын ажиллагааг хийж тогтоосон байгаа. Ц.Бь гэх хүн санаатайгаар уг гэмт хэргийг үйлдсэн болохыг шалгаж тогтоосон. Шинжээч нарын дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, холбогдох баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэлүүд, туршилт хийсэн тэмдэглэлүүд хэрэгт авагдсан. Эдгээр нөхцөл байдлуудыг хянаж үзээд бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд хийгдсэн мөрдөгчийн хийсэн туршилтын ажиллагааг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, прокурор гарын үсгээ зураагүй гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно” гэж заасан. Гол тавьж буй шалгуур нь хөндлөнгийн хоёр гэрч байлцуулна гэж заасан. Тэгэхээр хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулаад мөрдөн шалгах туршилтын ажиллагааг хийсэн байдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Прокурор гарын үсэг зураагүй нь тухайн туршилтыг шууд үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн туршилтыг хийхдээ фото зургаар бэхжүүлээд, мөн туршилтад орсон хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөн хөндлөнгийн гэрчийг оролцуулсан. Хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэгт ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Энэ дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулаад явсан. Мөн “хутга хэнийх вэ, хутгаа нуусан байсан талаар гэрч Батзориг мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй. Батзориг хэрэг гарах үед гаднаас хутга авч ороогүй. Ширээн дээр талх зүсэж байсан хутга байсан. Энэ нь хэргийн газрын үзлэгээр нотлогддог. Амь хохирогчийн гарт нь хутга байсан. Түүнийг хэн авчирсан бэ гэдгийг шалгаж тогтоогоогүй” гэж тайлбарлаж байна. 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн Ц.Бийн мэдүүлэгт “ширээн дээрээс юм авах шиг болоод”, мөн “миний бодож байгаагаар зүүн талаасаа авсан” гэсэн байдаг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд “ар талдаа хутгаа нуусан байсан” гэж байна. Өмнө нь ширээн дээрээс авах шиг болсон гэж хэлж байсан бол дараа нь ардаа нуусан байсан гэж тайлбарлаж байгаа нь Ц.Бийн мэдүүлэг үндэслэлгүй гэж харагдаж байна. Шинжээч нарын удаа дараагийн мэдүүлэг, тайлбаруудаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хутганы байрлал, чиглэл, гартаа атгасан байдал, үүсгэгдсэн шарх зэргийг харьцуулаад талийгаачийн хувьд тухайн шархыг өөртөө учруулах боломжгүй гэж тогтоосон. Мөн урдаас нь буюу хойноос нь довтолгоо эхлэх замаар хэргийг үйлдэх боломжтой талаар тайлбарлаж мэдүүлсэн байдаг. Талийгаачийн хувьд зүүн биш баруун гараараа аливаа зүйлийг хийдэг байсан болох гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт 102 цагдаагийн дуудлага мэдээллийн төвд дуудлага өгсөн тэмдэглэл болон сиди авагдсан байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг баримтуудыг шинжлэн судалсан. Эхний дуудлага дээр Б цагдаад дуудлага өгөөд ярьж байхад цаанаас нь Ц.Бь “юун цагдаа” гэдэг байдлаар яриад дуудлага тасарсан байдаг. Хоёр дахь дуудлага дээр маш тодорхой байдлаар Б нь “миний Суурь гэдэг найз, Д гэдэг найзыг минь хутгалчихлаа” гэдэг байдлаар маш тодорхой хэлсэн байдаг. Ингэж ярьж байхад цаана нь Ц.Бийн дуу ч гэсэн гардаг. Энэ нь гэмт хэрэг гарсан тухайн нөхцөл байдал дээрээс шууд хийгдсэн дуудлага байдаг. Үүнийг ямар нэгэн байдлаар дамжмал баримт гэж тайлбарлах боломжгүй. Дуудлага өгч байх явцад шүүгдэгч Ц.Бь эхнэртэйгээ утсаар ярьсан байдаг. Эхнэртэйгээ утсаар ярихдаа “би хүнд хутгалчихлаа” гэсэн байдаг. Эхнэр нь мэдүүлэх өгөхдөө “хүн хутгалчихлаа” гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Энэ нь үйлдлийг нь шууд нотлоод байгаа баримтууд юм. Нөгөөтэйгүүр, мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зүгээс болон мөрдөгчийн зүгээс цагаатгах баримтыг шалгасан. Амь хохирогч 180 см өндөртэй, 108 кг жинтэй, биерхүү хүн байсан. Туршилтад амь хохирогчийн биетэй ижил хүнийг сонгож оруулсан, туранхай бие жижиг хүнийг ч оруулсан. Ингээд туршилт хийхэд зүүн гарт байсан хутганы ир өөр рүү нь харсан байдалтай атгасан байсан нь тодорхой болсон. Ингээд хутгыг хүзүү хэсэгт байрлуулахад хутганы ир доош харж байгаа байрлал үүссэн. Туршилтаар яг ийм байрлалаар доош дарахад хүзүү хэсэгт ч хүрэхгүй эгмийн хэсэгт хутга нь ирээд байдаг. Хүнд жинтэй хүн дээр болон хөнгөн жинтэй хүн дээр аль алин дээр нь туршихад хутга хүзүү хэсэгт очихгүй, эгмийн хэсэгт очоод байдаг. Ийм байдлаар хэлсэн. Хутганы ир дээш, доош харсан гэдгээс гадна тухайн байрлалд ч очих боломжгүй нөхцөл байдал туршилтаар харагдсан. Ямар байдлаар хутгалагдсан байх боломжтой юм бэ гэж шинжээчид асуулт тавихад шинжээч нар ардаас, урдаас хутгалах боломжтой гэсэн. Суугаа байдалд урдаас хутгалах нь илүү боломжтой гэдэг байдлаар Болор гэх шинжээч тогтоосон байдаг. Эдгээр нөхцөл байдлууд байна. Хутга дээрээс шүүгдэгч Ц.Бийн хурууны хээ олдоогүй талаар гомдолдоо дурдсан байна. Хутга цусаар бохирлогдсон байсан. Цусаар бохирлогдсон учраас хурууны хээ авах боломжгүй гэсэн болохоос биш цусаар бохирлогдсон хутганы иш дээрээс хурууны хээ олдсонгүй гэх дүгнэлт гараагүй. Хутганы иш дээрээс хурууны хээ олдоогүй нь тухайн хутгаар хутгалаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрч Б анхнаасаа “гараад ирэхэд хутгалагдсан байсан. Хажууд нь Ц.Бь зогсож байсан” гэсэн нөхцөл байдлыг тогтвортой мэдүүлсэн байдаг. Өөр өөрийгөө хутгалах боломжтой юу гэдгийг шинжээчээс асуухад “өөр өөрийгөө хутгалах боломж маш бага” гэдэг байдлаар хариулсан. Иймд амь хохирогч өөрийгөө хутгалах боломжгүй, мөн урдаас нь суугаа байрлалд хутгалах боломжтой гэдэг байдлаар шинжээчийн дүгнэлт гарсан гэж харж байна. Санаа сэдэлт зорилгын талаар маргаж байна. Гэхдээ гэрчүүдийн мэдүүлэг дээрээс талийгаачийн эхнэртэй талийгаачийн дүү П нь хамтран амьдарч байсан нөхцөл байдал нь өөрөө энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн байж болзошгүй талаар мэдүүлсэн. Үүнийг нь батлаад Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө үүнийг мэдүүлсэн байдаг. Огт санаа зорилго байгаагүй гэдэг байдлаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, амь хохирогчийн Урангоо гэдэг охин нь байдаг. Хандаа гээд талийгаачийн эхнэрээс төрсөн хүүхэд байдаг. Гэвч Урангоо нь насанд хүрээгүй, мөн эхээрээ овоглодог. Иймд талийгаачийн хууль ёсны төлөөлөгч гэж тогтоогдоход бичиг баримтын хүрээнд боломжгүй байсан. Талийгаачийн төрсөн эцэг, эх нь нас барсан тул төрсөн дүү нь төлөөлөөд явсан. Төрсөн дүү гэдэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд байх баримтаар нотлогдоно. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад маргаан үүсээгүй. Ингээд прокуророос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Туршилтад Д, Нгэж хоёр хүн оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д, Ннарыг шаардлага хангахгүй хөндлөнгийн гэрч гэж үзэж байгаа бол гомдлыг нь шийдвэрлэсэн байх ёстой. Тийм ямар нэгэн гомдол байхгүй. 5 дугаар хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд Д, Ннарын регистрийн дугаар, гэрийн хаяг нь тодорхой бичигдсэн байдаг. Миний оролцож байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудад хөндлөнгийн гэрчийн иргэний үнэмлэхийг нь хуулбарлаад хэрэгт хавсаргасан тохиолдол байгаагүй. Шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн гэрчүүдээс холбогдох утасны дугаараар нь лавлаад явдаг нөхцөл байдал байгаа. Иймд туршилтын ажиллагаа хууль зөрчсөн зүйл байхгүй. Цагаатгах бүхий л баримтыг шалгаж тогтооход цагаатгах баримтууд нь бодит шинжлэх ухааны мэдлэгт тулгуурласан, бодит туршилтаар үгүйсгэгдэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Мөрдөгч хуульд заасан журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч Ц.Бийг аргагүй хамгаалалт хийсэн гэж маргадаг. Шинжээчийн дүгнэлт дээр “амь хохирогч Дын зүүн мөрөнд 12.5 см гүн хутгалсан шарх үүссэнээс амь нас нь хохирсон” гэсэн байдаг. Аргагүй хамгаалалтыг өөрөөр хийх боломж бололцоо Ц.Бьт байсан. Тийм боломж байсаар байтал санаатайгаар хүний зүүн мөрөнд нь хутгалсан. Туршилтаар 12.5 см гүн буюу дээрээс доошоо чиглэлтэй цээжин тус газар нь хутгалсан санаатай үйдлийн улмаас амь хохирсон гэж прокурорын зүгээс үзэж санаатай хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлд заасан хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Туршилтад цагдаагийн алба хаагч нар оролцсон талаар ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн үед болсон процессийг сэргээн дүрслэх зорилгоор цагдаагийн албан хаагчийг оролцуулахыг хориглоно гэсэн хуулийн заалт байхгүй. Тус албан хаагч нараас Ундрахбулаг, М нараас гэрчийн мэдүүлэг авсан. Мөн тус туршилтаар Д нь өөрийгөө хутгалах боломжгүй, Ц.Бийн санаатай үйлдлийн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдэж хүний амь нас хохирсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ....” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Бийг “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ-Үе хотхоны 102 дугаар байрны 41 тоотод иргэн Ч.Дын хүзүү хэсэгт нь хутгалж алсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, “...шүүгдэгч нь хуульд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийгээгүй, харин талийгаачийн зүүн мөрний дээд хэсэгт чиглэж, хутга барьж довтолсон, тодорхой хүч үйлчилсэн санаатай үйлдэл хийсний улмаас амь хохирогчийн зүүн мөрний дээд хэсэг рүү ир үзүүртэй хутга нэвтэрч, зүүнээс баруун ташуу, дээрээс доош чиглэлтэй хүчний үйлчлэлээр хутга 12.5 см босоо ташуу байрлалаар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, гол судсыг гэмтээж, талийгаачид цочмог цус алдалт явагдаж, хоромхон хугацаанд амь насыг нь хохироосон. ...” гэж дүгнэж, Ц.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нарийвчлан тогтоож болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг.

Гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал гэдэг нь гэмт хэргийн илрэх хэлбэр, агуулгын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан боловч нэн тэргүүнд өөрийн болон бусдын эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хийсэн үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ.

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх” ...болон бусад эрхээ эдлэх эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой асуудал юм.

Шүүх хохирогчийн санаатай, зүй бус, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, улмаар хохирогч, эсхүл түүнтэй хамт байсан бусад этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан буюу учирч болох байсан нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн объектив шалгуур буюу үйлдэл, үр дагавар /хохирол/-ын хоорондын шалтгаант холбоогоор, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим баримт, үйл баримтыг бусад нотлох баримттай харьцуулан дүгнээгүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан бүхий нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн мөрний дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч, гол судас гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хурц ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр дээрээс доош чиглэлтэй үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч, гол судас гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цочмогоор цус алдаж нас баржээ. Талийгаач нь АВО системээр О /I/ бүлгийн цустай байна. ...” гэсэн 30 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 128-132/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 130 дугаар дүгнэлтээр “хар өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь О /1/ бүлгийн харьяалалтай байна. Модон иштэй хутга дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 569 дугаар дүгнэлтээр “...хэргийн газрын үзлэгт буй хутганы өргөн, цогцосны хүзүүний зүүн дор байх шархны урттай ойролцоо байгаа тул дээрх хутгаар үүсгэгдсэн байж болно. Хутга атгаж байгаад нас барсан бол тэр хэвээрээ байж болно. Нас барсны дараа хутга атгуулах боломж байхгүй, булчин сулардаг... ” гэх дүгнэлтүүдээс үзэхэд  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хавсаргасан гэрэл зурагт амь хохирогч Ч.Дын зүүн гарт атгаатай байсан хутгаар уг хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.

Мөн шинжээч М.Аригунтөгсийн “...Дээрх гэмтлийг сурмаг, дадмаг хөдөлгөөнөөр үйлдэгдэх богино хугацаанд үүсгэхэд маш хэцүү, бэршээлтэй. Дээрх шархны байрлал, гүн, чиглэл зэргээс үзэхэд өөрөө өөртөө учруулах бэрхшээлтэй...” гэх мэдүүлэг /1хх 140/,

Шинжээч М.Аригунтөгсийн “...Шархны хурц ирмэг дээд талдаа, зургаас харахад хутганы ирийг доош харуулан барьсан байна. Иймд сурмаг, дадмаг хөдөлгөөнөөр үйлдэгдэх боломжгүй. Нас барах үедээ ямар байрлалтай байдалтай байсан тэр чигээрээ байна. Гэхдээ нас барсны дараа булчин суларч 2-4 цагийн дараа хөшиж эхэлдэг. Нас барсны дараа хутга атгуулахаар бол бүрэн чанга атгахгүй. Харин гарыг нь давхар барих, ямар нэгэн зүйлээр боосон тохиолдолд тэр байрлалдаа хөшиж болно. Хүн нас барах үедээ ямар байдалтай байсан тэр чигтээ байдаг учир гарыг хагас атгасан байдалтай нас барсан тохиолдолд хутгыг шургуулан хийх боломжтой. ...” гэсэн тайлбар /4хх  228/

Шинжээч О.Болороогийн “...Гэрэл зургийн үзүүлэлтүүдээс харахад хутганы ирийг доош харуулан цавчиж барьсан байх бөгөөд хохирогчийн хүзүүн дэх шарх ир тал нь дээд талдаа байрласан байна. Үүнээс үзэхэд сурмаг дадмаг хөдөлгөөнөөр үйлдэгдэх боломжгүй. Гарыг хөшиж дарах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй ч боломж багатай байна. ...Дүгнэлтэд дурдсан байна. Нас барах үедээ гартаа хутга атгасан тохиолдолд тэр хэвээрээ байх боломжтой бөгөөд нас барсны дараа булчин сулардаг. ...Булчингийн хөшилт дээд мөчид 2-4 цагийн хооронд хөшдөг. Хөшилт үүсэхээс өмнө нас барсан даруйд булчин сулардаг бөгөөд энэ үед нас барсан байрлал үлдэх боломжтой. Гарын атгасан буюу хагас атгасан байрлалтай нас барсан тохиолдолд хөшилт үүсэхээс өмнө хутгыг гарт атгуулах буюу шургуулах боломжтой. ...Гар атгаагүй, гарын сарвуу тэнийсэн байрлалд нас барсан тохиолдолд хутгыг атгуулах боломжгүй. ...Хүн нас барах үедээ хийж байгаа үйлдлийн дагуу тухайн байрлал хадгалагдан үлдэж болдог. Нас барах үед гарын хагас атгасан байдалтай нас барсан бол тухайн байрлал хадгалагдан үлдэх боломжтой. ...Амь хохирогчийг сууж байх үед нь урд болон ард талаас нь хутгалсан тохиолдолд аль аль тохиолдолд үүсгэх боломжтой бөгөөд шархны байрлал, чиглэлээс харахад урдаас үүсгэгдсэн байх боломж илүүтэй. ...Хүзүүнд зоосон хутгыг амь хохирогч өөрөө сугалсан байхыг үгүйсгэхгүй. ...” гэсэн тайлбар /4хх 231, 5хх 71/,

Шинжээч Ц.Ганболдын “...Амьд байх үедээ гараа атгасан байдалд байвал тэр чигээрээ байна. ...Урд болон ард талаас /сууж байгаа үед/ хутгалсан байдлаар дээрх гэмтлийг учруулах боломжтой. ...Хүзүүнд зоосон хутгыг өөрөө татаж авах, сугалах боломжтой. ...Үхэх процесс явах үед таталт өгч хэл хазагддаг. Дээрх хоёр тохиолдлын аль алинд нас барсан байдалтай байж болно. ...” гэсэн тайлбар /5хх 66/

Шинжээч Н.Энхцолмонгийн “...Хүн нас барах үед булчингийн үйл ажиллагаа зогсож булчингийн хөшилтийн улмаас янз бүрийн байрлалд орж болно. Гарыг атгасан болон хагас атгасан аль ч байдлаар хөшилт үүсэж болно. ...Талийгаачид үүсгэгдсэн үхэлд хүргэсэн хутганы нь дээрээс доош чиглэлд зүүнээс баруун тийш ташсан байдалтай явсан байна, Шархнаас үзэхэд уг гэмтлийг урдаас болон ардаас аль алинаар нь үүсгэгдэж болно. Асуулт: Хэрэгт дээрх байдлаар гадны нөлөөтэй хутгалагдсан байх үед буюу хүзүүнд зоосон хутгыг амь хохирогч тухайн нөхцөлд өөрөө татаж авах, сугалах боломжтой эсэх? Хариулт: Өөрөө сугалсан байхыг үгүйсгэхгүй. ...Хэлээ хазаж нас барсан байдал нь хутганы шархтай ямар нэг холбоогүй. ...” гэсэн тайлбар /5хх 68/ зэрэг тайлбараар давхар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт "Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээрийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” боловч шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...талийгаач бид 2 юм ярьж байтал талийгаач надад “за чи түрүүний ярианы талаар юу бодож байна, миний саналыг хүлээж авах уу, мөнгө зохицуулаад өгчих” гэж хэлэхэд нь гэнэт миний дургүй хүрээд “чи яагаад надаас мөнгө нэхдэг юм бэ, чамд би ямар өртэй биш” гэж хэлсэн чинь өөдөөс уурлаад “чи намайг танихгүй, мэдэхгүй байна, би урьд шоронгоор явж байсан, би хаана л бол хаана нэртэй хүн шүү, чамд мэдрүүлээд өгөх үү” гэж хэлээд, босоод ир архи хундагал гэж хэлсэн. Би “Быг нойлоос гарч ирэхээр нь болъё” гэж хэлэхэд уурлаад “чи яасан олон үгтэй юм бэ, чи ямар том юм бэ?” гэж хэлээд өөрөө хундагалж, “босоод ир, надтай архи тулга, чамайг яавал ч яана шүү” гэх үгээр дарамталж эвгүй харилцаж эхэлсэн. Тухайн үед би айж цэрвэж очоод талийгаачийн урд талд нь очиж зогссон. Надад хундагатай архи өгөхөд нь би архи уугаагүй, амсаад буцааж өгөхөд “чи хүний өгсөн архийг голдог хэн бэ? чи намайг мэдэхгүй байна, би чамайг яавал ч яана шүү” гэхэд нь би “за за явлаа” гэсэн чинь талийгаач зүүн гартаа хутга бариад далайж “хандыг чинь хага дарна, ална чамайг” гээд баруун гараараа ширээгээ тохойлдоод дээш хагас өндийх агшинд л хутгатай гарыг нь түлхэж дараад хойш огцом ухраад хөргөгчийн хажууд очоод зогссон чинь талийгаач “ална чамайг” гээд цустай хутга өргөөд урагш хагас алхаад өнхөрч унасан...” гэх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдвол нотлох баримтаар үнэлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж, 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.” гэж, 16.3 зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.” гэж, 16.3 зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад эрхийг нь зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул түүний мэдүүлгийг үнэлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.Бийн аргагүй хамгаалалтын нөхцөл байдал байсан талаарх мэдүүлэгт үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдөр талуудыг оролцуулан прокурорын хяналт дор мөрдөн шалгах туршилтаар Ч.Дыг хутгалсан гэх үйлдэл нь шүүгдэгч Ц.Бийн мэдүүлгээр аргагүй хамгаалалтын улмаас хутгалсан болохыг няцаан үгүйсгэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин 5 дахь хавтаст хэргийн 73, 81, 88 хуудсанд авагдсан “мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл” нь ямар үндэслэлээр хийх болсон тодорхойгүй, хэрэгт хяналт тавьж буй прокурорыг оролцуулаагүй, мөрдөн шалгах чиг үүрэгтэй албан тушаалтнууд хийсэн байх тул нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлaас дүгнэлт хийхэд, амь хохирогч Ч.Д нь шүүгдэгч Ц.Бьтай мөнгөний асуудлаар маргаан үүсгэж, түүний хундагалж өгсөн архийг уусангүй гэх шалтгаанаар шоронгийн талаар ярьж, үг хэлээр айлган сүрдүүлж, хутга гарган далайж, босох үед Ц.Бь айж сандран хутгатай гарыг нь дарж суулгаж, хутга нь хүзүүнд нь хатгагдаж амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Бийн дээрх үйлдэл нь амь хохирогч Ч.Дын өөр рүү нь чиглэсэн хууль бус халдлага, довтолгооноос өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд хийгдсэн аргагүй хамгаалалтын шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Амь хохирогч Ч.Д нь Ц.Бьт хутгалуулж амь нас хохирсон болохыг хажууд нь хамт байсан гэрч Т.Б гэрчилсэн төдийгүй гэрч Д.Бийн гэрт байх үед амь хохирогч Ч.Д нь харилцаа муутай, шоронгийн атамануудын талаар ярьж байсан талаар гэрч Д.Бэ тодорхой мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл, Ц.Бь нь Ч.Дын амь насыг санамсаргүй хохироосон гол хүчин зүйл, шалтгаан нь шүүгдэгч бусдын хуулиар хамгаалагдсан “Халдашгүй чөлөөтэй байх эрх”-ийг ноцтойгоор зөрчиж халдсан зүй бус үйлдэл бөгөөд энэхүү үйлдлээс хамгаалах, таслан зогсоох үйлдэл хийхдээ шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаас гадна хутга булаацалдах үедээ хана налуулж байсан сандал дээр хохирогч Ч.Д түлхэгдэн суухдаа уг эрчиндээ хүзүү хэсэгт хутгалагдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учруулсан нь “Аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарч байх тул Ц.Бьт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Бьт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд Ц.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Бьт холбогдох хэргийг “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бьт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй суллаж, шүүгдэгч Ц.Бь, түүний өмгөөлөгч Д.Цолмон, Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Бь нь гэмт хэргийг үйлдэхдээ аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршигтай холбоотой хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хавсарган үлдээж, Redmi гэх бичиглэл бүхий гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пд буцаан олгох, мөн шийтгэх тогтоолоор устгахаар заасан эд зүйлийг устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газарт даалгахаар шийтгэх тогтоолд заалт нэмэлт заалт оруулж байна.

Ц.Бь нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 97 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/1169 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Бьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр Б овгийн Цийн Бьт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, “Redmi” гэсэн бичиглэл бүхий гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пд буцаан олгож, хөвөн бамбар бүхий арчдас, бор өнгийн бариул бүхий 1 ширхэг хутга, хар цагаан өнгийн бариул бүхий хутга 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж байсан улаан судалтай хар өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн нимгэн дотуур өмд, саарал өнгийн саарал судалтай дотуур хувцас, оймс 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгасугай. ...” гэсэн,

“...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршигтай холбоотой хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Ц.Бь нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 97 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ