Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/ШШ2025/0008

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Т.Энхмаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал ашиглалтын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын журмаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон мөн хуулийн 26.9-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын ашиглалтын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын журмаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон мөн хуулийн 26.9-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, С.Д, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч О.О нар оролцов.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 221/2024/0034/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ”М” ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдуулан “Ашигт малтмал ашиглалтын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын журмаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон мөн хуулийн 26.9-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын ашиглалтын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын журмаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон мөн хуулийн 26.9-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ““М” ХХК нь хариуцагчаар Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулж ашигт малтмалын ашиглалтын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын журмаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын журмаар тус улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн өргөдөл бүхий талбай болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг тодорхойлж бичсэн байгаа. “М” ХХК нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт орших Хандгайт нэртэй 1791 га талбайд ашигт малтмалын хайгуулын 39**Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2003 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тоот шийдвэрийн дагуу эзэмшиж эхэлсэн. Тус компани нь 2007 оны 06 дугаар сараас 2008 оны 10 дугаар сарын хооронд өөрийн хөрөнгөөр эрэл хайгуулын ажил хийж гүйцэтгэн хайгуулын ажилд 4.6 тэрбум төгрөг зарцуулж геологийн тогтоц, хүдрийн биетүүдийн гадаргын хэлбэр хэмжээ, байршлыг тогтоож, геологийн зургийг зохиосон ба тус ордын молибдений бодитой нөөц 4097.97 тонн, газрын ховор элемент ренийн нөөц 178.7 килограмм, боломжит (C) нөөц 16033.44 тонн, түүн дэх ренийн нөөц 699.6 килограммыг тогтоосон. Хандгайтын ордын молибдений ренийн  үндсэн ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцүүлж 01/3 дугаартай дүгнэлт гарч хайгуулын ажлын зардал үр дүнг баталгаажуулсан ба улмаар Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 73 дугаар тогтоолоор нөөцийг хүлээн авч, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхийг зөвшөөрснөөр 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ашигт малтмалын ашиглалтын 14***А тусгай зөвшөөрөл “М” ХХК-ийн нэр дээр 30 жилийн хугацаатай олгогдсон. Тус компани нь 2010 оноос хойш дараагийн шатны Техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ боловсруулах гэх мэт шаардлагатай бичиг баримт бүрдэл хангуулах ажиллагааны явцад бидэнд огт мэдэгдэж санал, хүсэлт авалгүйгээр Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/18 дугаартай тогтоол гарч, тусгай зөвшөөрлийн талбайг хамарсан зэд ханатай бүтээлийн нуруу тэдгээрийн орчмын газар нутаг дэвсгэрийг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т дархан цаазат газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан тул өнөөг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, санхүүгийн хүнд нөхцөлд хүрч бүрэн дампуурахад хүрээд байна. Тус компанийн геологи хайгуулын ажилд 4.6 тэрбум төгрөгийн зардал гаргахаас гадна тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт өнөөг хүртэл 623 сая төгрөг төлснийг тооцвол нийт 5.2 тэрбум гаруй төгрөг зарцуулаад байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш мөн нэг удаа 40.000.000 төгрөгийн зардал гаргасныг тооцвол нийт 5.240.000.000 гаруй төгрөгийн зардал гараад байна. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий тус компанийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авахдаа төрийн аливаа байгууллагаас урьдчилж мэдэгдэн, нөхөн олговор олгогдоогүй. Иймд Улсын Их Хурлын тогтоол, шийдвэр нэгэнт гарсан тул нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд удаа дараа хандаж ирсэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5/577 дугаартай албан бичгээр тус компанийн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсэн гэснээс хойш асуудлыг шийдвэрлэхийг хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам дээрх албан бичигт нөхөн олговрыг олгох талаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн боломжийн талаар тусгасан байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гээд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох гэсний дагуу тусгай зөвшөөрөл олгох хуульд заасан чиг үүрэгтэй боловч аливаа хууль бус үндэслэлгүй шалтаг шалтгаан тооцсоор тухайн асуудлыг шийдвэрлэлгүй өнөөг хүрээд байна. Нөхөн олговрын асуудал шийдэгдсэнээр тус компани нь тусгай зөвшөөрлийн 16 дахь жил болон цаашид жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөр төлж, зардал гаргах шаардлагагүй болох чухал ач холбогдолтой байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайн ашигт малтмалыг хайх, ашиглахыг хуулиар хориглож, нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах боломж бүрдэх юм. Нэхэмжлэлийг гаргах хооронд  хариуцагч байгууллагаас тусгай зөвшөөрлийн ээлж 16 дахь жилийн төлбөрөө төл гэсэн шаардлага тавьсны дагуу 16 дахь жилийн төлбөрийг төлсөн байгаа. Энэ нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл цаашдаа ч мөн адил 30 жилийн хугацааг нь дуустал тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөөр байгаад хугацаа нь дуусах нөхцөл байдалтай байна. Манай компанийн хувьд энэхүү асуудлыг шийдвэрлэхээр холбогдох төр, захиргааны байгууллагад удаа дараа хандсан боловч хүсэлтийг маань хуулийн дагуу шийдвэрлэж өгөхгүй байсан тул нөхөн олговрын асуудлыг эцэслэн шийдэх эрх нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар Засгийн газрын эрх байсан тул Засгийн газарт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хүсэлт гаргасан. Хүсэлтийг Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “Хүсэлт дахин судлуулах тухай” 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/596 дугаартай албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн. Тус албан бичигт дээр дурдсан асуудлыг дахин судалж, хууль зүйн үндэслэл бүхий хариуг хүргүүлэхийг үүгээр мэдэгдэж байна гэсэн боловч Ашигт малтмалын газрын тосны газраас манайд “тус асуудлыг дахин шийдвэрлэх үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий хариу ирүүлсэн. Хариуцагч нарыг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хувийн, өмчийн эрхээ хуулиар хамгаалуулах төр, түүний эрх бүхий байгууллагын нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор үнийг төлүүлэх үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулалтаа нөхөх, шударгаар ашиг олох хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна. Манай компани хэдийгээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа боловч өр, зээл тавин байж тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулахгүйн тулд хариуцагчид жил бүр 40.000.000 орчим төгрөг тусгай зөвшөөрлийн төлбөрийг арга буюу төлж, үргүй зардал гаргаж, хохирол өдөр бүр нэмэгдэж байгаа болно. Дээрх нөхцөл байдлууд нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан хувийн хэвшлийн эрх ашгийг харгалзан үзэж, манай компанийг хохиролгүй болох талаар арга хэмжээ авч өгөхийг хичээнгүйлэн хүсье”,

4. Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь хариу тайлбартаа: “Нэгдүгээрт, “М” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь 2011 оны Улсын Их Хурлын тогтоолоор дархан цаазат газрын тусгай хэрэгцээнд хамрагдсан юм байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Засгийн газраас нөхөн олговор олгох боломж байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсгийн Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор тайлбарласан. Тус тогтоолд “улсын тусгай хэрэгцээнд авахдаа улсын хөгжил, эдийн засгийг дэмжих зорилгоор томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх зорилгоор, эсхүл үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай хэрэгцээнд авсан байвал дээрх заалтыг хэрэглэж нөхөн олговор олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гээд заасан. Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл нь хоёр 2011 оны дархан цаазат газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газар байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны хувьд тусгай зөвшөөрлийг нөхөн олговорт авах эрх зүйн зохицуулалт байхгүй.

 Хоёрдугаарт, тусгай зөвшөөрөл эзэмшигч их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан гэж ярьж байна. Энэ талаарх асуудлаар иргэний журмаар болон бусад журмаараа нэхэмжлэлээ гаргаад, мөнгөн хэлбэрээр нөхөн олговор авах асуудал нь нээлттэй байгаа. 2011 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 2024 оныг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай хэрэгцээнд авсныг мэдээгүй байх үндэслэл байхгүй.  2011 оноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан. Тийм болохоор энэ дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Ийм учраас нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

5. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь хариу тайлбартаа “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмал газрын тосны газрыг татсан. Хамтран хариуцагчид бие даасан шийдвэр гаргах этгээдийг хэлж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт шүүгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54.1.1 дэх хэсэгт захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т татгалзах нөхцөл, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5 дахь хэсэгт  захиргааны хэргийн давж заалдах шатын шүүх Засгийн газар болон Монголбанкнаас гарсан шийдвэртэй холбоотой асуудлыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ гэж хуульд тодорхой заагаад өгсөн. Үүнтэй холбоотой асуудлаар мөн шүүх 1 зарчмыг баримтлах ёстой гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. “А” гэж компани байсан. Энэнтэй холбоотой асуудлаар анхан шатны журмаар шийдвэрлэх зүйтэй. Засгийн газар нь давж заалдах шатны журмаар, Ашигт малтмалтай холбоотой асуудал нь анхан шатны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байдлаар шүүх үзэж “А” ХХК анхан шатны журмаар шийдэгдэж байгаа. Засгийн газартай холбоотой асуудал нь давж заалдах шатны журмаар шийдэгдээд явж байгаа. Шүүх нэгдсэн зарчмын хүрээнд анхан шатны журмаар шийдвэрлэх нь зүйтэй юм болов уу гэдэг байдлаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж хариуцагчийн зүгээс үзэж, Ашигт малтмал газрын тосны газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Ашигт малтмал ашиглалтын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын журмаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон мөн хуулийн 26.9-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын ашиглалтын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын журмаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон мөн хуулийн 26.9-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдуулан гаргажээ.

2. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 410 дугаар шийдвэрээр “М” ХХК-д Булган аймгийн Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдын нутагт орших “Хандгайт” нэртэй газарт 1790.75 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-014*** дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгожээ.

3.3. Үүний дараа Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоол гарч, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, уг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоожээ.

Уг тогтоолын 1-д “Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг дор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай” гээд 1 дэх хэсэгт “Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар” гэж тус тус заасан байна.

3.4. Мөн дараа нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, Ойн сан бүхий газрын хилийн заагийг тус тус баталсан байна.

3.5. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-014*** дугаартай тусгай зөвшөөрлийн 1789.37 га талбай нь дээрх УИХ-ын 18 дугаар тогтоолд заасан улсын тусгай хамгаалалтад авсан дархан цаазат газартай бүхэлдээ, Засгийн газрын 194 дүгээр тогтоолд заасан усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 112.62 га, ойн сан бүхий газрын хилийн зааг, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлдээ давхацсан болох нь тогтоогдсон, үүний улмаас цаашид ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд энэ талаар талууд маргаангүй байна.

3.6. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгч “М” ХХК-иас Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу уг асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн захиргааны төв болон бусад харьяалах төрийн байгууллагуудад удаа дараа хүсэлт гаргаж байсан болох нь доорх байдлаар нотлогдож байна. Үүнд:

- “М” ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 04 тоот албан бичгээр “... Улсын Их Хурлын тогтоолоор талбайг дархан цаазат газрын зэрэглэлд оруулснаар уул уурхайн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжгүй болж манай байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогссон ... зохих арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан байх ба тус яамны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09/1198 тоот албан бичгээр “... хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх зэрэг аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог болно. Иймд танай компаниас ирүүлсэн хүсэлтэд тодорхой чиглэл хүргүүлж, тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргах боломжгүй байна” гэсэн хариу,

- “М” ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 03 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүсэлт гаргасныг тус яамны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05/577 тоот албан бичгээр уг хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсэн,

- “М” ХХК-иас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ИТ/01, 08 дугаар сарын 11-ний өдрийн ИТ/02 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргасан байх ба тус газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/4203 тоот албан бичгээр “... давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй ... хүсэлтээ шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагад гаргаж зардлаа баталгаажуулсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Иймд таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу,

- “М” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ИТ/03 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүсэлт гаргасныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/736 тоот албан бичгээр дахин Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсэн,

- “М” ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ИТ/04 албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргасан байх ба тус газрын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/1804 тоот албан бичгээр “... 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/4203 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн. “М” ХХК нь дээрх хариуг эс зөвшөөрсөн нөхцөлд хуульд заасны дагуу гомдол гаргах, шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй байна” гэсэн хариу,

- “М” ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргасан байх ба тус газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/2252 тоот албан бичгээр “... 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/4203, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1804 тоот албан бичгээр тус тус хариу хүргүүлсэн байх тул тус асуудлыг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй болно” гэсэн хариу,

- “М” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 03 тоот албан бичгээр “... нөхөн олговрын асуудал шийдвэрлэгдсэнээр тус компани нь тусгай зөвшөөрлийн 16 дахь жил болон цаашид жил бүрийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлж, үргүй зардал гаргахгүй болох чухал ач холбогдолтой байгаа ... дээрх нөхцөл байдлыг харгалзан манай компанийг хохиролгүй болгох талаар зохих арга хэмжээг цаг алдалгүй авч өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт гаргасныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” ХЭГ/226 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/596 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

4. Захиргааны байгууллагын дээрх үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал ашиглалтын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын журмаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон мөн хуулийн 26.9-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлон маргасан.

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус зааснаар нэхэмжлэлийн дээрх шаардлагыг шийдвэрлэхийн тулд захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, зохих шийдвэрийг гаргасан эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

4.3. Хэрэгт авагдсан авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл ашигт малтмалын ашиглалтын MV-014*** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК нь уг талбайг улсын тусгай хамгаалалтад авснаар хуульд заасан нөхөх олговор авах, эсхүл өөр талбай дүйцүүлэн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтийг дээр дурдсанчлан Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад удаа дараа гаргасан боловч шийдвэрлээгүй, хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсэн, мөн ижил агуулгатай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч “... давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй ... хүсэлтээ шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагад гаргаж зардлаа баталгаажуулсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Иймд таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн болох нь дээрх байдлаар тогтоогдсон.

4.4. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг ... тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж,

4.5. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна” гээд 16.1.1-д “улсын тусгай хамгаалалттай газар” гэж тус тус заасан.

4.6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг хуульд заасан хугацааны дотор заавал төлөх, эсхүл Засгийн газар газрыг төрийн мэдэлд шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон бол улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхээр байна.

4.7. Гэтэл, хариуцагч Засгийн газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-ийн удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлээгүй, гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэхгүйгээр шийдвэрлэх эрх хэмжээгүй этгээдэд шилжүүлсэн, шилжүүлсэн хүсэлтийг хүлээн авсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас татгалзсан хариу өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

4.8. Учир нь, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-т “Дараахь тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй” гээд 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэж зааснаас үзвэл уг тогтоолд заасан нөхөх олговор олгох харилцаа нь гагцхүү гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрөлд хэрэгжихээр байна.

4.9. Гэтэл, маргаан бүхий “М” ХХК-ийн эзэмшлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, Ойн сан бүхий газрын хилийн заагийг батлахаас өмнө Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоолоор “Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар” улсын тусгай хамгаалалтад авсан газарт хамаарч байх тул Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журам хамаарахгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын ашиглалтын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын журмаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон мөн хуулийн 26.9-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч нарт даалгах шаардлага гаргаж маргасан.

5.1. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 13 дугаар тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан байх ба тус тогтоолын Тайлбарлах нь хэсгийн

1-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол “өөр талбай”-г дүйцүүлэн олгох үндэслэл болно.

2-т “Энэ заалтын “тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонгох боломж” бөгөөд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг ойлгоно.

3-д “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-д ... аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй гэж тайлбарласан.

5.2. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “М” ХХК нь хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор, эсхүл дүйцэх өөр талбай олгохыг шаардах эрхтэй байна.

5.3. Гэхдээ шүүхээс хариуцагч нарт нөхөх олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг заах буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

5.4. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар тусгай хэрэгцээнд авсан талбайд дүйцүүлэн өөр талбайд тусгай зөвшөөрөл олгох, эсхүл нөхөх олговор нь захиргааны байгууллагын сонгох боломж буюу хариуцагч Засгийн газрын бүрэн эрхэд хамаарч байх тул хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар хариуцагчийн татгалзал, эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “М” ХХК-ийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

5.6. Харин нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрыг хамтран хариуцагчаар тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж маргасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан эрх хэмжээ нь зөвхөн Засгийн газрын шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарах тул Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.     

6. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “... тусгай хэрэгцээний газарт авсан бол нөхөн олговор олгож, тусгай зөвшөөрлийг нь цуцалж, асуудлыг хуулийн хүрээнд нэг тийш шийдээсэй. Нэг хууль нь нөгөө хуулиа үгүйсгээд байгаа ойлголтуудыг засч нэг тийш нь болгоод цаашид дахин иргэн, аж ахуй нэгжийг хохиролгүй болгох хуультай болгомоор санагдлаа...” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.13, 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал ашиглалтын 14***А тусгай зөвшөөрлийн талбайд дүйцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-тай хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын журмаар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон мөн хуулийн 26.9-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон өөр талбайд тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгаж, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                             Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧ                                                                             Э.ЛХАГВАСҮРЭН