| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2331000000199 |
| Дугаар | 2023/ДШМ/82 |
| Огноо | 2023-12-20 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/82
эрүүгийн хэргийн тухай
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгч Л.Болдбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
Иргэний нэхэмжлэгч Г.Аргачулуун
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Л.Болдбаатарт холбогдох 2331000000199 дугаартай, 175/2023/0191/Э/208/2023/0064 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: МТ87102611/,
Шүүгдэгч Л.Болдбаатар нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Хьюндай Робекс ЛС-3” загварын экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “35-н ам” гэх нэршилтэй газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 49,8 м.кв эрүүл талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 489,743 төгрөгийн шууд хохирол, 1,434,815 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Л.Болдбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Боржигон овогт Лувсаншаравын Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Болдбаатарт оногдуулсан 1 /нэг/жил 3 /гурав/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч Л.Болдбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгийн бүртгэлгүй, улсын дугааргүй 8.700.000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Нyundai 2900 LCЗ” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий Honda WB30XT загварын ус татах насос 2 ширхэг, 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий 20 метр урт 80 тойрогтой усны шланк 1 ширхэгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг устгахтай холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний нэхэмжпэгч Г.Аргачулуун нь “Нyundai 2900 LCЗ” маркийн экскаватор эсвэл түүний үнийг шүүгдэгч Л.Болдбаатараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч Л.Болдбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, экскаваторыг хурааж, алт угаах төхөөрөмж, ус татах насос, усны шланкийг устгахаар шийдвэрлэсэн. Шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан, учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулах нь зүйтэй гэжээ.
Л.Болдбаатар нь 2019 онд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн ба уг хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй, албадлагын арга хэмжээг зөрчөөгүй байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлон заагаагүй байхад Л.Болдбаатарын үйлдлийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагатай болсон үндэслэлээ тайлбарлаагүй. “Эрдэнийн ногоолин” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ...дугаартай хохирлын үнэлгээний : “...газрын хэвлийд 134,460 төгрөг, эдэлбэр газарт 2,730 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 302,531 төгрөг, ургамлын нөмрөгт 50,022 төгрөг, нийт 489,743 төгрөгийн хохирол учруулсан байна” гэжээ. Өөрөөр хэлбэл байгаль орчинд учруулсан шууд хохирлыг тодорхойлсон.
Харин түүнийг нөхөн төлүүлэхдээ Байгаль орчны тухай хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тооцсон, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27 -ны өдрийн А-156 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан аргачлалын 3 дугаарт Байгалийн нөөц баялгийг ашиглах, боловсруулах явцад байгаль орчинд учруулсан хохирол нь байгалийн бүрэлдэхүүн (агаар, ус, хөрс, газар, газрын хэвлий, ургамал, ой, ан амьтад г.м) хэсэг тус бүрийн нийлбэр хохирлоор илэрхийлэгдэнэ гэж заасан ба шинжээчийн дүгнэлтээр хөрс газрын хэвлий, ургамлаас бусад агаар, ус, ой, ан амьтны аймагт тус тус хохирол учруулаагүй болохыг анхаарч үзээгүй.
Миний үйлчлүүлэгч 2019 оноос хойш гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар хичээн ажиллаж, амьдарч ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд өөрийн төрсөн болон хадам эцэг нь хоёул хавдрын хүнд өвчнөөр өвдөж, тэднийг асарч байсан боловч нас барсан ба их хэмжээний өр төлбөр, зээл төлөх шаардлагатай болсон байдаг. Энэ гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан нөхцөлийн талаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад тодорхой хэлж мэдүүлээгүй бөгөөд мөрдөгч ч мөн үүнийг нэг мөр шалгаж тогтоогоогүй.
Л.Болдбаатарт Бугант тосгоны 35-н ам гэх газарт ойн санг гэрээгээр эзэмшдэг н.Заяа гэгч нь өөрийн талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгснөөр тухайн үйл баримт болсон талбайд нэвтэрсэн байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Л.Болдбаатар нь гэмт хэрэгт холбогдсоноос хойш байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, болсон үйл баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өр ширний асуудал маш их байгаа. Надаас өөр хүн энэ өрийг төлөх боломжгүй. Заяа эгч надад эвдэгдсэн газар байгаа гэж хэлээд тухайн газар луу орсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ талаар намайг мөрдөн байцаалтын шатанд хэлээрэй гэж Заяа эгч хэлсэн. Гэвч Заяа эгчийн нөхөр нь нас барсан, ажил явдалтай байсан тул явдал чирэгдэл учруулаад яахав гэж үзээд мөрдөн байцаалтын шатанд хэлээгүй юм гэв.
Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Лувсандорж гэх хүнээс би техникээ худалдаж авсан. Шилжүүлгээ хийж амжаагүй байсан. Экскаватораа авмаар байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Энэ хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол шаарддаггүй гэмт хэрэг байгаа. Заяагийн гаргаж өгсөн баримтаар ойн санд нөхөн сэргээлт хийх нь Л.Болдбаатарын хэрэгтэй хамааралгүй. Тэр тодорхойлолтыг нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй. Мөнгөний асуудалд орсон үүднээс гэмт хэрэг үйлдсэн гэж тайлбарлаж байна. Хэнд ч асуудал гарч болно. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаа ингэж тайлбарлаж болохгүй. Тусгай зөвшөөрөл байхгүй байхад гэмт хэрэг үйлдсэн. Газар бол төрийн өмч. Эрх олгогдсоны үндсэн дээр зөвшөөрөл олгодог. Л.Болдбаатарт зөвшөөрөл байхгүй. Эрүүл газар, эвдрэлд орсон эсэх ямар хамааралтай вэ гэхээр эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээлтийн замаар засах боломжтой. Эвдрээгүй газар нь нөхөн сэргээгдэх боломжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Л.Болдбаатарт холбогдох эрүүгийн 2331000000199 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Шүүгдэгч Л.Болдбаатар нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “35-н ам” гэх нэршилтэй газар Хьюндай робекс ЛС-3” загварын экскаватор, алт угаах төхөөрөмж зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 49,8 м.кв эрүүл талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 489,743 төгрөгийн шууд хохирол, 1,434,815 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан
-Шүүгдэгч Л.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний буруу. Тухайн үед би хүнээс экскаватор аваад өр зээлтэй ажил жоохон асуудалтай байсан учир мөнгөний хэрэг гарч ар гэрээ тэжээх гэж хийсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Хасагийн 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болдбаатар өөрөө Robex 2900 LC-3 гээд экскаватораар тэнд урьд өмнө ухагдаж эвдэгдсэн байсан газрын наана залгаа эрүүл газрыг ухаж эхэлсэн бараг 1 цаг гаран ухаад алтны баяжмалтай шороог гаргаад байж байтал нөгөө ухаж байсан Robex 2900 LC-3 гээд экскаваторын явах, гидрийн насос нь эвдрээд ажиллахаа байчихсан... цагдаа нар ирээд Болдбаатарыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гээд байсан. Би хууль бусаар ашигт малтмал алт олборлож байгааг нь мэдээгүй цалингийн өгье цуг ажиллах хүн байхгүй туслаад өгөөч гэхээр нь л цуг явсан.” гэх мэдүүлэг
-Гэрч Р.Отгонбаярын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз болох Болдбаатар нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө би гэртээ байж байтал ирсэн тэгээд найз нь орой Бугант тосгоны 35 Ам гэх газар луу экскаватор, алт угаах төхөөрөмж гитаран буу зэрэг эд зүйлүүдийг авч явах гэж байгаа юмаа тэнд очиж ашигт малтмал /алт/ олборлох гэж байгаа юмаа гэж хэлсэн... би 3ил-131 маркийн машинаараа алт угаах төхөөрөмж гитаран буу, дизель түлш 200 литрийг ачаад хүргээд өгсөн....” гэх мэдүүлэг
-Иргэний нэхэмжлэгч Г.Аргачулууны 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2018 онд дээрх Hyundai Robex 2900 LC-3 экскаваторыг Лувсандорж гээд хүнээс худалдаж авсан боловч бичиг баримтаа шилжүүлж чадаагүй байсан. Л.Болдбаатарт өөрийн Hyundai Robex 2900 LC-3 экскаваторыг зарсан тэгэхдээ надад 09 дүгээр сарын 01-ний дотор мөнгөө өгөх ёстой байсан боловч хууль зөрчсөн үйлдэл хийж арга хэмжээ хуулийн дагуу тооцуулж байх шиг байна. Би өөрийн эзэмшлийн экскаватораа ямар нэгэн байдлаар хураалгамааргүй байна буцаагаад Л.Болдбаатараас авмаар байна...” гэх мэдүүлэг,
“Эрдэнийн ногоолин” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 22/043 дугаартай экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний: “...иргэн Л.Болдбаатар нь 49.8 м2 бүхий эрүүл талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 134,460 төгрөг, эдэлбэр газарт 2,730 төгрөг, хөрсөн бүрхэвчид 302,531 төгрөг, ургамлын нөмрөгт 50,022 төгрөг, нийт 489,743 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу үржүүлэн тооцоход 1,434,815 төгрөг болж байна. Эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 94,725 төгрөг гарсан болно...” гэх дүгнэлт,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/29/01/068/21 дугаартай: “...Иргэн Л.Болдбаатар нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил гаргасан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоох нь: 1. Бугант тосгон “35-ын ам” гэх газарт хууль бусаар олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баалсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”-ыг үндэслэн гаргасан “Эрдэнийн ногоолин” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1, 49.5.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газарт учруулсан хохирол 2730.04*3=8190.12 төгрөг, газрын хэвийд учруулсан хохирол 302.531.64*3=907.594.92 төгрөг, ургамлын нөмрөгт учруулсан хохирол 50.022.12*5=250.110.6 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 1.434.815.64 төгрөг болж байна...” гэх акт болон бусад баримтаар нотлон тогтоогдсон байна.
3.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
4. Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
5. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдбаатарт нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл заалтад заасан ялын төрөл хэмжээнд багтсан, оногдуулсан ял шийтгэл тохирсон байгаа боловч давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан прокуророос санал болгосон ялын хэмжээнд түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай 2900 ЛС-3” маркийн экскаватор нь авто тээврийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, техникийн бичиг баримтгүй, хэний өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдоогүй, гэрч иргэний нэхэмжлэгч Г.Аргачулуун нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө Замын хөдөлгөөний дүрэм, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журамд заасны дагуу бүртгүүлж өөрийн өмчлөлийн эд зүйл болохоо гэрчилсэн баримт бичиг аваагүй, тухайн экскаваторын өмчлөгч болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр уг техникийг хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Учир нь Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхэд техник хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүйн дээр, өөрөө ухагч, тээвэрлэгч, шороо угаах усан буу гэх мэтийн хэрэгслүүдийг гэмт хэргийн явцыг түргэсгэх, өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг.
Өөрөөр хэлбэл гэмт үйлдэлдээ ашигласан техник хэрэгсэл нь хэний өмчлөлийн эд зүйл болох нь тогтоогдоогүй нөхцөлд хурааж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэх ба харин тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч хууль ёсоор тогтоогдвол гэм буруутай этгээдүүдээс хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолын
2 дахь заалтыг:
“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Болдбаатарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг:
“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Болдбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН