Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00829

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00829

 

Б.З-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00795 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.З-ийн хариуцагч НТГ-т холбогдуулан гаргасан тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/85 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь НТГ-ын Авто тээврийн тасагт 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс НТГ-т орон тооны бус байцаагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2016 оны 10 дугаар сараас жирэмсний амралтаа авч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр амаржсан. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулж, ажилдаа орсон бөгөөд дахин жирэмсний амралт авч 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр амаржсан. Намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад НТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/85 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тушаалыг миний гэрийн хаягаар явуулсан ба шуудангаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.1, Төсвийн тухай хуулийн 41.2.2-т заасан үндэслэлүүдийг дурдсан байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогч нь нэхэмжлэгч Б.З-ийг төлбөрийн үйлчилгээний ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай 38 дугаар зүйлийн 38.1.2, 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг үндэслэл болгосон байх тул тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг ажил олгогч зөрчсөн. Иймд Б.З- намайг ажилд эгүүлэн тогтоож, тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/85 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 тоот тушаалаар баталсан Орон тооны бус байцаагч ажиллуулах журам-ыг үндэслэн орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор 2015 онд орон тооны бус байцаагчдыг авч ажиллуулан, цалин хөлс, үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд тус зардал нь Татварын албаны батлагдсан төсөвт хамаарахгүй гэж журамласан.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 захирамжийн 6 дахь заалтаар Албан татвар, төлбөр хураах ажилтнуудыг томилон, удирдлага арга зүйгээр ханган татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөөлөгчдөд хүндрэл чирэгдэлгүйгээр үйлчилгээ үзүүлэх, Улаанбаатар хотын замын цагдаагийн газрыг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг НТГ-т даалгасан. Энэ захирамжийн дагуу тодорхой төрлийн татвар, төлбөр хураамжийг хураах болон зөвлөгөө мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий албан хаагчдыг авч ажиллуулсан бөгөөд цалин хөлс, холбогдох үйл ажиллагааны зардлыг НАЗГ-аас санхүүжүүлэхээр болсон. Дээрх захирамжийн дагуу НТГ-ын даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/57 тоот тушаалаар Б.З-ийг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулж, Нийслэлийн төсвийн татварын орлого бүрдүүлэлтийн тасагт орон тооны бус байцаагчаар ажиллуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүүхэд харах чөлөөнөөс Нийслэлийн Төсвийн татварын орлогын тасагт төлбөрийн үйлчилгээний ажилтнаар томилж ажиллуулсан. Б.З- нь төрийн албан хаагч биш, зөвхөн нийслэлд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төвлөрүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу батлагдсан төсвийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа төлбөрийн үйлчилгээний ажилтан юм. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэхдээ нийтлэг үйлчилгээний төвүүд буюу Улаанбаатар хотын хэмжээнд Дүнжингарав, Сонгинохайрхан, Драгон зэрэг төвүүдэд хуваарийн дагуу хуваарилагдан ажилладаг байсан. Хэрэгт баримтаар хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгсөн. Эдгээр албан хаагчдыг ажиллуулахдаа, ажлын байрны тодорхойлолтод зааснаар зөвхөн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын талаар зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон төлбөр хураамжийг хуулийн дагуу хураахад зөвхөн банкинд төлөх маягаар зохицуулж байсан. Татварын улсын байцаагч нь албан татварыг хураах эрх хэмжээтэй. Монгол Улсын Их Хурал 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хуулийг баталснаар өмнөх хуулийн хүрээнд дагаж мөрдөж байсан журмууд хүчингүй болсон. Татварын ерөнхий хуульд төлбөрийн үйлчилгээний ажилтан гэх нэр, бүтэц, орон тоо байхгүй бөгөөд уг ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дугаартай тогтоолын загварын дагуу НТГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/17 тоот тушаалаар баталж байсан.

Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан Татварын албаны албан хаагчдын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсан ба шинэчилсэн хуулиар зөвхөн татварын улсын ерөнхий байцаагч буюу Татварын ерөнхий газрын дарга ажил албан тушаалд авах зохицуулалттай болсон. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 тоот тушаалаар НТГ-ын бүтэц, чиг үүргийг шинэчлэн баталсан бөгөөд Нийслэлийн төсвийн татварын орлогын тасаг-ийг татан буулгаж, энэ чиг үүргийг хуульд зааснаар татварын улсын байцаагч нараар гүйцэтгүүлэх болсон. Үүний дагуу урьд нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан төлбөрийн үйлчилгээний ажилтан гэх орон тоо байхгүй. Б.З- нь төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгч болзол шалгуурыг хангасан баримтыг татварын албанд ирүүлээгүй болно. Б.З-тэй хөдөлмөрийн гэрээг 2019 онд шинэчлэн байгуулсан ба энэ хугацаанд 2 удаа хүүхэд асрах чөлөө олгосон. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 тоот тушаалаар Татварын ерөнхий газрын болон харьяа нэгжийн орон тоог шинэчлэн баталсан. Албан тушаалын тодорхойлолтод зааснаар төлбөрийн үйлчилгээний ажилтан буюу орон тооны бус байцаагч нар нь Төсвийн татварын орлогын тасагт харьяалагдан ажиллаж байсан бөгөөд тус тасаг татан буугдаж, ажлын чиг үүрэг нь татварын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамаарагдах болсон. НТГ-ын даргын эрх хэмжээний хүрээнд дээрх албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж ажлаас чөлөөлсөн. Б.З- нь төлбөрийн үйлчилгээний албан хаагчийн болзол шалгуур хангаагүй, бүтэц орон тоо байхгүй учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй тул ажлаас чөлөөлсөн. Б.З-ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа нь 2022 оны 02 дугаар сард дуусна. Б.З-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд төлж, ажил олгогчийн хувьд үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.З-ийг НТГ-ын төлбөрийн үйлчилгээний ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар нэхэмжлэгч Б.З-ийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч НТГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Б.З-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Нийслэлийн Татварын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, Б.У нар давж заалдах гомдолдоо:

Монгол Улсын Их Хурал 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Татварын Ерөнхий хуулийг баталснаар 2008 онд батлагдсан хууль хүчингүй болж уг хуулийн хүрээнд дагаж мөрдөж байсан журмууд хүчингүй болсон. Татварын албаны бүтэц орон тоог өөрчлөн баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан бүтэц, орон тоо байхгүй болсон, мөн Төлбөрийн үйлчилгээний албан хаагч нарыг болзол шалгуур хангаагүй учраас хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Энэ талаар шүүхэд тайлбарласан бөгөөд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн боловч мөн хуулийн 100 дугаар зүйлд 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасны дагуу тухайн Төсвийн орлогын тасаг татан буугдаж шинэчлэн өөрчлөгдсөн. Үүний дагуу урд байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй Төлбөрийн үйлчилгээний албан хаагч нарыг болзол шалгуур хангаагүй, бүтэц орон тоо байхгүй учраас хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Б.З-тэй 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонсох ажиллагаа-г зохион байгуулсан. НТГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2-т тус тус заасны дагуу чөлөөлсөн. Иймд уг шүүхийн шийдвэрийг хянан үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.З- нь хариуцагч НТГ-т холбогдуулан тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/85 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

НТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар төлбөрийн үйлчилгээний ажилтан Б.З-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, НТГ-ын даргын 2020 оны А/25 тоот тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 4.9, 5.1.3 дахь заалт, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/18, Б/153 тоот тушаалыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлжээ. /хх5/

 

Ажил олгогч нь Б.З-ийг ажлаас халсан үндэслэлээ ... Төлбөрийн үйлчилгээний албан хаагч-ийн харьяалагдан ажиллаж байсан төсвийн татварын орлогын тасаг шинэ бүтцээр байхгүй болсон, үйлчилгээний албан хаагчийн орон тоо бүхэлдээ хасагдаж, зөвхөн татварын улсын байцаагч ажиллахаар болсон учраас төрийн албан хаагчийн болзол шалгуур хангаагүй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Б.З- нь НТГ-ын татвар хураалтын тасагт орон тооны бус байцаагчаар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс төлбөрийн үйлчилгээний ажилтнаар тус тус томилогдож, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б.Нэгүүнийг төрүүлсэн, тус газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/12 тоот тушаалаар түүнд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөө олгосон үйл баримт тогтоогджээ. /хх68/

 

Б.З- нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан байх бөгөөд үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулахаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан.

 

Иймд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг заах ёстой.

 

Хариуцагч ажилтны ажиллаж байсан орон тоо байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан гэж тайлбарласан боловч тушаалд энэ үндэслэлийг заагаагүй тул хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

 

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 тоот тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг баталж, тус газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 тоот тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа татварын албадын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тооны хязгаарыг тус тус баталсныг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан гэж үзэхгүй.

 

Иймд байгууллагын бүтцийн өөрчлөлт хийгдэх үед нэхэмжлэгч Б.З- нь хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт ажилтан өөрөө хүсвэл ажил олгогч нь ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд ажил олж өгнө гэж, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь ... гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас ... бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасанд нийцэхгүй юм.

 

Дээрхээс дүгнэвэл ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ажилтны хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, тушаал шийдвэрт үндэслэлээ заагаагүйг хууль бус гэж үзэх тул ажилтны хууль бус уг шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхийг нь сэргээж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь зөв байна.

 

Нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/85 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж дүгнэн хүчингүй болгох шаардлагагүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ