| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2331002220191 |
| Дугаар | 2023/ДШМ/83 |
| Огноо | 2023-12-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/83
Х.Батзоригт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Т.Нансалмаа
Шүүгдэгч Х.Батзориг
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Х.Батзоригт холбогдох эрүүгийн 2331002220191 дугаартай 175/2023/0178/Э/208/2023/0065 индекстэй 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Хишигсүрэнгийн Батзориг, Монгол Улсын иргэн, ****** оны ****** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн,**** настай, ******эгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын *******хэсэг, ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:***************/, урьд
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан.
Шүүгдэгч Х.Батзориг нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн О.Нандин-Эрдэнийн гээгдүүлсэн “Самсунг галакси А04s” загварын гар утсыг олж бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Х.Батзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Боржигон овогт Хишигсүрэнгийн Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батзоригт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батзоригт оногдуулсан торгох ялаас чөлөөлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг Галакси А04s” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид биет байдлаар буцаан олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гар утсанд учирсан сэв арилгуулсан баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн,
Шүүгдэгч Х.Батзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
Энхтуяа овогтой Болорцэцэг миний бие нь 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 187 шийтгэх тогтоолтой танилцаад дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Хэзээ эвдэрнэ гэж ийм сэвтэй утас хүүхэддээ бариулмааргүй байна. Ийм шийдвэр гаргасанд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхэд маань утасгүй хичээл номоо хийж чадахгүй байгаа тул энд хэн хариуцлага хүлээх вэ? Би дахиж утас худалдан авч өгч чадахгүй. Иймд хүүхдийнхээ утсыг төлүүлэх хүсэлтэй байна. Ер нь бол гэрээс ороод хулгайлсан байх магадлалтай. Иймд дахин гомдол гаргаж байна. Ер нь бол би энэ хүнээр утсыг 2-3 хүн барьсан төлбөрийг гаргуулмаар байна гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгийг нь өгнө гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Х.Батзоригт холбогдох эрүүгийн 2331002220191 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Х.Батзориг нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн О.Нандин-Эрдэнийн гээгдүүлсэн “Самсунг галакси А04s” загварын гар утсыг олж бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч О.Нандин-Эрдэнийн “...Өөрийн самсунг маркийн гар утсаа орой алга болсныг мэдсэн...” гэх /хх-ийн 18-20, 26-27 тал/, насанд хүрээгүй гэрч Э.Амаржаргалын “...Нандин-Эрдэнэ утсаа алга болгосон гэж ярьж байсан...” гэх /хх-ийн 31-32 тал/, гэрч П.Ариунжаргалын “...чамд бариулах гээд хүнээс хямдхан утас худалдаж авлаа гээд надад утас өгсөн. Тэгэхээр нь би өөрийн 99465082 дугаарыг хийж ашиглаж байгаа...” гэх /хх-ийн 39-40 тал/ мэдүүлгүүд, Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон үнэлгээ /хх-ийн 45-46 тал/, Мобиком ХХК-ийн албан бичиг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж түүнээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болорцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ийм шийдвэр гаргасанд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхэд маань утасгүй хичээл номоо хийж чадахгүй байгаа тул энд хэн хариуцлага хүлээх вэ? Би дахиж утас худалдан авч өгч чадахгүй. Иймд хүүхдийнхээ утсыг төлүүлэх хүсэлтэй байна. Ер нь бол гэрээс ороод хулгайлсан байх магадлалтай. Иймд дахин гомдол гаргаж байна. Ер нь бол би энэ хүнээр утсыг 2-3 хүн барьсан төлбөрийг гаргуулмаар байна” гэжээ.
Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн гомдлыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болорцэцэгийн зүгээс эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, халдлагын зүйл болсон гар утсыг хүлээн авахгүй талаар байр сууриа илэрхийлсэн, уг гар утсанд шинжилгээний эрх бүхий байгууллагаас гар утасны үнийг зах зээлийн ханшаар үнэлж дүгнэлт ирүүлсэн байхад уг гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гэж үзнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байдаг.
Гэтэл шүүгдэгч Х.Батзориг нь насанд хүрээгүй хохирогчийн гээгдүүлсэн эд хөрөнгийг олж авч ашиглаад зогсохгүй, эд хөрөнгийн чанар байдлыг дордуулсан байхад түүнийг засуулж хэвийн байдалд оруулах үүргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хариуцуулсан шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн агуулга буюу Эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгах үүргийн хуваарилалт буруу болсон байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд өөрчлөлт оруулж, уг гар утасны үнэлгээгээр тогтоогдсон 500.000 төгрөгийг шүүгдэгч Х.Батзоригоос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж, гар утсыг шүүгдэгчид буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолын
4 дэх заалтыг:
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг Галакси А045” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Батзоригт олгож, түүнээс 500.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай” гэж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ