Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 118/ШШ2025/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Чулуунбатын Дашцэрэн                    

Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Бямбажавын Цэрэндондов нарын хоорондын багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хууль зөрчин товлож хуралдуулсан гэх  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Дашцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал, Хариуцагч Алдархаан сумын Засаг дарга түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, гуравдагч этгээд Б.Цэрэндондов түүний өмгөөлөгч Б.Баярцогт, гэрч Г.Ганбат,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Аргалант багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.

2. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Алдархаан сумын Аргалант багийн Засаг даргаар жинхэлж томилохыг даалгах.

3. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч нь Алдархаан сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар Алдархаан сумын Аргалант багийн Засаг даргаар томилогдсон ба түүний бүрэн эрхийн хугацаа 2027 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр дуусгавар болохоор байхад хариуцагч Алдархаан сумын Засаг даргаас 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Аргалант багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжийг гаргаж уг захирамжийн дагуу хуралдсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас Б.Цэрэндондовыг Аргалант багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилж сумын Засаг даргаас  гуравдагч этгээд Б.Цэрэндондовыг 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Аргалант багийн Засаг даргын ажилд түр томилсон байна.

4. Нэхэмжлэгч нь Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлох эрхгүй гэж, хариуцагч нь хуульд багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулахаар тухайлан заасан гэж, гуравдагч этгээд нь багийн Засаг даргад нэр дэвшиж 100 хувийн санал авч сонгогдсон тул багийн Засаг даргаар шууд томилох үүрэгтэй байтал түр томилсон нь үндэслэлгүй гэж тус маргаж байна.

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжаар миний Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зарлаж миний хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийн хугацааг дуусаагүй байхад багийн даргыг сонгох хуралдааныг зохион байгуулж миний эрх ашгийг зөрчиж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн." 32.9-т "Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ" гэж заасан байна. Гэвч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга Ч.Тойвгоо нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаартай захирамжаар Аргалант багийн иргэд Нийтийн Хурлыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулахаар товлож 2025 оны 01 сарын 22-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын Хурлыг "Их-Уул" гэдэг газар хууль бусаар зохион байгуулсан байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн иргэд Нийтийн Хуралдааны дарга сонгох, багийн иргэд нийтийн зөвлөл байгуулах, багийн Засаг даргыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж сонгогчдын 62.6 хувийн саналаар хуралдааны даргаар Зандраа овогтой Аз, багийн Засаг даргаар Бямбажав овогтой Цэрэндондов хуралдаанд оролцсон иргэдийн 100 хувийн санал авч багийн Засаг даргаар томилуулахаар дээд шатны Засаг даргад уламжлагдсан байна. Сумын Засаг даргад багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон зарлаж хуралдуулах хуулиар олгосон эрх байхгүй бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлыг "багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл" товлон зарлах үүрэгтэй байдаг. Иймд Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэж байгаа. ... Миний үйлчлүүлэгчийн хувьд 2022 онд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2023 онд 01 дүгээр сард багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын хүрээнд 2023 оны 01 дүгээр сараас эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл 4 жилийн хугацаа 2027 онд дуусгавар болохоор байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд сонгуулийн жил буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болсноос хойш бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэдэг хуульд заагаагүй үндэслэлээр бүрэн эрхийн хугацааг ярьж байна. Тийм учраас тус 17 дугаартай захирамжийг багийн Засаг даргыг сонгох гэдэг асуудлаар оруулж ирсэн гэдгээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй байна. Нөгөө талаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон хуралдуулсан буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7 дугаар зүйлд зааснаар сонгуулийн дараах баг, хорооны багийн Иргэдийн Нийтийн Хурлыг Засаг дарга зохион байгуулна гэж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр 2022 онд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргалагчийг томилсон байна. Тус хуралдаан даргалагч хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд зааснаар товлох үүргийг хэрэгжүүлээд явах боломжтой байхад сумын Засаг дарга томилогдсоны дараа миний эрх хэмжээний асуудал байна. Өөрт олгогдсон эрх хэмжээг өөр байдлаар тайлбарлаж хурал зарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. ... Засаг даргыг томилох асуудал бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.8 дугаар зүйлд зааснаар иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээний асуудал байгаа. ... Тийм учраас энэ захирамж маань үр дагаврын хувьд Ч.Дашцэрэн гэдэг хүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэдэг агуулгыг илэрхийлж байгаа. Нөгөө талаар ... энэ акт хүчин төгөлдөр байх эсэхээс хамаарч дараагийн актуудын хууль ёсны үндэслэлүүд үүсэж байгаа учраас хууль зүйн хувьд эрх ашиг нь зөрчигдөж байна гэж нэхэмжлэл гаргасан байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.10-т зааснаар хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаатай томилохоор заасан байгаа. Хуралдаан даргалагчийг иргэдийн Нийтийн Хурлаас томилохоор байгаа. 2022 онд сонгогдож хуулийн хүрээнд томилогдсон хүнийг 2 жилийн хугацааны дараа 2024 онд дахин сонгох асуудал яригдаж байгаа учраас энэ үүргийг зөвлөлийн эрх хэмжээний асуудлыг сумын Засаг дарга дур мэдэн товлосон байна гэж үзэхээс аргагүй байна. ... Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

7. Хариуцагч Ч.Тойвгоо шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: … Миний бие 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргаар томилогдсон бөгөөд Завхан аймгийн Алдархаан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиглэл хүргүүлэх тухай 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/44 албан тоотын дагуу Алдархаан сумын Засаг даргын зөвлөлийн 2025 оны 01 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-т сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна... гэж тухайлан заасан байсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуульд заасны дагуу тогтмолжуулах зорилгоор хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 тоот "Аргалант багийн иргэд нийтийн хурлын тов зарлах тухай" захирамжийг гаргасан. Аргалант багийн Засаг даргын нэхэмжлэлд бичсэн: ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.9-т Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг хуралдааны дарга тэргүүлнэ гэж заасан байна. … Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуульд зааснаар тогтмолжуулах зорилгоор хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 тоот "Аргалант багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай" захирамжийг гаргасан. Учир нь багийн Засаг даргын нэхэмжлэлд дурдсан шиг зөвлөл товлон зарлах ёстой гэх боловч бодит байдал дээр Аргалант багт хуралдааны дарга гэж 2022 онд сонгогдоогүй, хурлын зөвлөл гэж сонгогдоогүйгээр барахгүй 2022 оноос хойш нэг ч удаа багийн иргэдийн Нийтийн Хурлаа товлон зарлаагүй, багийн Засаг даргын бичсэн шиг хурлыг товлон зарлах зөвлөл нь байхгүй, хуралдааны дарга нь байхгүй байсан тул зөвхөн Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын товыг зарлаж, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг гаргасан юм. Тухайн хуралдаанд сумын Засаг даргын зүгээс багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдаж хурлыг даргалах, шийдвэрт нь нөлөөлөх эрхгүй учраас багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн иргэд өөрсдөө хуралдааны даргаа сонгож, зөвлөлөө байгуулж, багийн Засаг даргын сонгууль явуулж, улмаар сонгуулийн дүнг сумын Засаг даргад уламжилсан байсан. Сумын Засаг даргын зүгээс Аргалант багийн 2025.01.22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол шийдвэрийг үндэслэн Ч.Дашцэрэнг үүрэгт ажлаас чөлөөлөөгүй. Учир нь Ч.Дашцэрэн нь сумын Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байгаа. Гэтэл багийн Засаг дарга нь сонгуульт ажлаа буюу үүрэгт ажлаа багийн Засаг даргын бүрэн эрхээ гүйцэтгэхгүй төрийн ажлыг явуулахгүй өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, улсын хэмжээний судалгааг зохион байгуулахгүй, ажилдаа ирэхгүй, олон өдөр ажил таслах гэх мэт төрийн ажлыг гацааж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүх мөрдөн шалгах зарчимтай. Түүний дагуу захиргааны байгууллага буюу сумын Засаг даргын Тамгын газар болон иргэдийн Хурлын ажлын албанд үзлэг хийсэн байгаа. Үзлэгээр зөвлөл байгуулсан талаар ямар нэгэн тогтоол шийдвэр байхгүй байна. Ийм нөхцөл байдалтай байхад шүүхээс байсан гэж үзэх нь боломжгүй. Шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа явуулаад тогтоол, шийдвэрүүд байхгүй байна гээд байхад нэхэмжлэгч талын оруулж байгаа гэрч нь байгаа, зөвлөл байгуулагдсан, би ажлаа хүлээлгэж өгөхдөө үлдээсэн байгаа гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь боломжгүй гэж үзэж байна. Зөвлөл байхгүй 10 жил ингээд хурал зарлахгүй яваад байх ёстой юм уу. Төрийн ажил явж байгаа. Зөвлөл нь ямар үүрэгтэй юм. Багийн иргэдийг төрийн үйл ажиллагаанд оролцуулах гол гүүр байгаа. Энэ зөвлөлгүй 2-3 жил явсан байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орсон 2024 оны өөрчлөлтөд тодотгож заасан болохоор ээлжит сонгууль болсны дараа сумын Засаг дарга зохион байгуулна гэсэн зохицуулалт орсон байгаа. ... Зөвлөл байхгүй гэдэг талаар сумын Засаг даргын зөвлөлийн хурал болсон байна. Энэ хурлаар тухайн сумын Засаг даргын Тамгын газрын хүмүүсийг оруулсан байна. Багийн хурлыг 2023 оноос хойш хурал хийсэн юм уу гэдэг байдлаар тайлбарыг авсан байна. Ямар ч баримт байхгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7 дугаар зүйлд заасныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

9. Гуравдагч этгээд Б.Цэрэндондов шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль явагдаж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурал 2025.01.22-ны өдөр хуралдаж багийн иргэд Нийтийн Хурлын хуралдааны даргалагч, зөвлөлийн гишүүд багийн Засаг даргыг сонгох сонгуулийг зохион байгуулсан. Миний бие Б.Цэрэндондов нь уг сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж багийн хуралд оролцсон иргэдийн 100%-ийн саналаар багийн Засaг даргаар сонгогдож уламжлагдсан бөгөөд багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2025.02.28-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Миний бие цаашид хуульд заасны дагуу албан үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой. Багийн ИНХ-ыг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 10. Гуравдагч этгээд Б.Цэрэндондов шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа : Миний бие Б.Цэрэндондов нь Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн засаг даргад нэр дэвшин өрсөлдөж хуралд ирсэн нийт иргэдийн 100 хувийн саналаар багийн Засаг даргаар сонгогдон тус иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Алдархаан сумын Аргалант багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлагдсан. Алдархаан сумын Засаг дарга намайг ажилд томилохгүй хүлээлгэж байгаад 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар ажилд түр томилох тухай захирамж гаргаж Аргалант багийн Засаг даргаар түр томилсон боловч тамга тэмдэг, техник хэрэгслээ хүлээлгэн өгөөгүй байна. Нэгэнт иргэдийн Нийтийн Хурал зарлагдаж тус хурлаас миний бие багийн даргад нэр дэвшиж 100 хувийн санал авч сонгогдсон тул намайг Алдархаан сумын Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг үндэслэн багийн Засаг даргаар шууд томилох үүрэгтэй байтал эс үйлдэхүй гаргаж түр томилсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг үндэслэн Б.Цэрэндондов намайг Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн Засаг даргаар жинхэлж томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баярцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-д заасан иргэдийн төлөөллийг хангах зарчим дээр 120 өрхтэй. 120 өрхөөс 40 гаран өрх ирсэн учраас 3 айл тутмын нэг төлөөлөл ирсэн учраас ирц хүрсэн. Иргэдийн Нийтийн Хурал болсон. Иргэдийн Нийтийн Хурал болсон шийдвэрийн тухайд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.10-т зааснаар өмнө нь багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл хурлаа зарлаж шийдвэрлээд явдаг байсан. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар иргэдийн Нийтийн Хурлын даргыг 2 жилийн хугацаагаар сонгохоор шинээр зохицуулалт орж ирсэн. Өмнөх зөвлөл байна уу гэхээр өмнөх зөвлөл байхгүй байсан учраас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д заасан заалтыг үндэслэж иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах захирамж үндэслэл бүхий гарсан. Энэ үндэслэл бүхий захирамжийн дагуу иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны 02 дугаартай тогтоолоор сумын Засаг даргад уламжлуулсан тогтоол бол үндэслэл бүхий гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. ... Шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэхийн тулд сумын Засаг даргын хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д  заасныг үндэслээд Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарласан шийдвэр бол хуульд нийцсэн байна. Энэ шийдвэрийн дагуу хуралдсан иргэдийн Нийтийн Хурлаас Б.Цэрэндондовыг багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан нь хуульд нийцсэн учраас энэ шийдвэрийг үндэслээд сумын Засаг дарга шууд томилох ёстой байсан. Нэхэмжлэгчийн гомдлыг хүлээж байгаа гэсэн хуульд байхгүй шаардлагаар түр томилсон нь үндэслэлгүй шийдвэр юм. Ийм учраас гуравдагч этгээдийг жинхлэн томилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Дашцэрэн нь Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Аргалант багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай”  А/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”, гуравдагч этгээд Б.Цэрэндондов нь  Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “Алдархаан сумын Аргалант багийн Засаг даргаар жинхэлж томилохыг даалгах” бие даасан шаардлага гаргасан байна.

2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч нь “миний багийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурлыг Зөвлөл товлохоор хуульд заасан байхад энэхүү эрхэд халдаж Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зохион байгуулж улмаар тус хуралдаанаас Б.Цэрэндондовыг багийн Засаг даргад уламжилсан нь миний эрх ашгийг зөрчсөн” гэж, хариуцагч нь “хуульд сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна... гэж тухайлан заасан байсан тул Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон зарласан. Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурал Зөвлөлгүй байсан гэж, Гуравдагч этгээд нь Аргалант багийн Засаг даргад нэр дэвшиж 100 хувийн санал авч сонгогдсон тул намайг Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолыг үндэслэн багийн Засаг даргаар шууд томилох үүрэгтэй байтал эс үйлдэхүй гаргаж түр томилсон нь үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.

4. Энэхүү маргааны хувьд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хэн товлон зарлах талаар хэргийн оролцогчдын хооронд хууль хэрэглээний зөрүүтэй маргаан үүссэн ба шүүх маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтад тулгуурлан дүгнэлт өгч шийдвэрлэлээ.

5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэжээ. Нэхэмжлэгч нь Алдархаан сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/04 дүгээр “Ажилд томилох тухай” захирамжаар Аргалант багийн Засаг даргаар томилогдсон ба түүний бүрэн эрхийн хугацаа 2027 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр дуусгавар болохоор байна.

5.1 Багийн Засаг даргыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө чөлөөлөх огцруулах, Засаг дарга огцрох асуудлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлээр  зохицуулсан ба үүнээс өөрөөр Засаг даргын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох зохицуулалт хуульд байхгүй байна.

5.2 Маргаан бүхий дээрх тохиолдолд 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дараах Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан буюу багийн Засаг даргыг сонгох хуралдаан зохион байгуулагдах эрх зүйн үндэслэл бүрдээгүй буюу багийн анхдугаар хуралдаан Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох 2027 оны 1 сарын 4-ний өдрөөс хойш зохион байгуулагдах эрх зүйн үндэслэлтэй байна.

5.3 Иймд нэхэмжлэгч багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад маргаан бүхий А/17 дугаар захирамжаар иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зарлаж хуралдуулсан. Уг захирамжийн гадагш чиглэсэн эрх зүйн үйлчлэл, үр дагавраар уг хэргийн гуравдагч этгээд Б.Цэрэндондов Аргалант багийн Засаг даргаар түр томилогдсон нь нэхэмжлэгч Ч.Дашцэрэнгийн багийн Засаг даргаар ажиллах эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

6. Маргаан бүхий Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/17 дугаар “Аргалант багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай” захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийг үндэслэсэн байна.

6.1 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна” гэжээ.

6.2 Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сумын Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна гэдэг нь цаг хугацааны хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сумын Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна. Сумын Засаг дарга шинээр томилогдохоос өмнө багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зохион байгуулж Засаг даргыг томилохгүй гэх агуулгаар ойлгох нь зүйтээ ба энэхүү заалт нь шинээр томилогдсон сумын Засаг даргад багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг товлон зарлах, зохион байгуулах эрх олгож, үүрэг хүлээлгээгүй байна.

 6.3 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ” гэжээ.

6.4 Дээрх заалтаас үзэхэд зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлд иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүргийг ямар нэгэн шалгуургүйгээр хүлээлгэсэн ба зөвлөл нь багийн иргэдийн төлөөллөөс гадна багийн Засаг дарга болон Хуралдааны дарга … нараас бүрдэхээр байна.

6.5 Иймд хариуцагчийн “… багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сумын Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна гэж хуульд тухайлан заасан тул дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр багийн хурлыг товлон зарласан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

6.6 Хариуцагчаас, бодит байдал дээр Аргалант багт иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга, хурлын Зөвлөл гэж 2022 онд огт сонгогдоогүй, 2022 оноос хойш нэг ч удаа багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаа товлон зарлаагүй тул Хурлын товыг зарласан гэж тайлбарлаж байх боловч Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хуралдаан даргалагч Н.Мөнхсүх баталгаажуулсан болох нь тогтоогдож байх ба багийн хуралдааныг товлон зарлах эрх зүйн үндэслэл үүсээгүй, эрх, үүрэггүй байхад хариуцагч Засаг даргаас хууль буруу хэрэглэн А/17 дугаар захирамжаар багийн Засаг даргыг сонгох хурлыг товлон зарласан нь хуульд нийцэхгүй тул хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.7 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж заасан тул багийн иргэд Нийтийн Хурлыг сумын Засаг дарга товлон зарлах нь ардчилсан ёсны зарчим буюу иргэдийн төлөөлөл, иргэдээс сонгогдсон хуралдааны дарга бүхий Зөвлөл багийн хурлыг товлон зарлах хуулийн үзэл баримтлалд нийцэхгүйн дээр цаашид багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуралдаанаа хуульд заасан журмаар товлон зарлаж ажиллах нь зүйтээ байна.

6.8 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “багийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх … зорилгоор сонгуулийн эрх бүхий иргэд сайн дураараа хамтарч үзэл бодол, хүсэл зоригоо илэрхийлэх эрхтэй гэж” нутгийн өөрийн удирдлага дахь иргэний оролцоог тодорхойлсон ба 31.2-т “Энэ хуулийн 31.1-д заасны дагуу гаргасан санал, зөвлөмжийг багийн иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэх үүрэгтэй” гэж. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Иргэдийн … Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна” гэж зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах, хуралдаанаа товлон зарлах иргэдийн оролцоо хуулиар нээлттэй байна.

7. Гуравдагч этгээд Б.Цэрэндондов нь Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “Аргалант багийн Засаг даргаар жинхэлж томилохыг даалгах” бие даасан шаардлага гаргасан ба шүүхээс Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Аргалант багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул энэхүү шийдвэрийн эрх зүйн үр дагавраар Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрүүд эрх зүйн үр дагаваргүйд тооцогдох тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгож энэ талаар шүүхэд даруй мэдэгдэхээр заасан ба нэхэмжлэгч Ч.Дашцэрэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргалд олгосон итгэмжлэлээсээ шүүх хуралдаан дээр татгалзаж өмгөөлөгчөөр оролцуулах хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ шүүхэд ирүүлсэн тул мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-д зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын ... хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдсоныг дурдах нь зүйтэй байна.

9. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч, хариуцагч нараас Аргалант багийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн болон 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Аргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоол, түүнд холбогдох бусад шийдвэрүүдийг удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй тул шүүхийн журмаар үзлэг хийж холбогдох баримтуудыг нотлох баримтаар авсан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7, 32.9, 57 дугаар зүйлийн 57.1 хэсэгт заасныг тус тус баримтлан Алдархаан сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Аргалант багийн иргэд Нийтийн Хурлын тов зарлах тухай” А/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд А.Цэрэндондовын “Алдархаан сумын Аргалант багийн Засаг даргаар жинхэлж томилохыг даалгах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР