| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2025/0009/З |
| Дугаар | 109/ШШ2025/0016 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 109/ШШ2025/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Д /РД:**********/
Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын хоорондын “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/08 дугаар захирамжийн О.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Ч.Б, гэрч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч О.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/08 дугаар захирамжийн О.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/256 дугаар захирамжаар нэр бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулсны хавсралт 2 дугаарт иргэн О.Т-д Цэнхэр сумын Тамир багт нийтийн орон сууцны зориулалтаар 600м2 газрыг 15 жилийн хугацаатай олгожээ. (Хавтаст хэргийн 8-9 дэх тал)
2.2. Үүнээс хойш Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Тамир багийн Их зам хороололд байрлах О.Т-гийн 600м2 газрыг О.Д- болгон өөрчилсөн байна. (Хавтаст хэргийн 7 дахь тал)
2.3. Улмаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Ч-гийн Б, О-ийн Т-гийн Их зам хороололд байрлах 600м2 газрыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг улсын бүртгэлд бүртгэж, мэдээллийн сангаас хасахыг газрын даамалд үүрэг болгож, 3 дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/256 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсон байна.
2.4. Иргэн О.Д-өөс “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаар захирамжийн О.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулснаар 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Д миний бие Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаартай захирамжаар тус сумын Тамир багийн Их зам хороололд 600 метр квадрат газар эзэмших эрх авсан. Миний уг газрыг эзэмших эрх баталгаажиж цахим санд бүртгэгдсэн. Миний бие оюутан бөгөөд 2025 оны хавар сургуулиа төгсөж нутаг орондоо ирж ажиллаж амьдрах хүсэлттэй ба өөрийн эзэмшил газарт хашаа орон сууц барих төлөвлөгөөтэй. Гэтэл уг газар эзэмших эрхийг минь надад хэлж мэдэгдэхгүйгээр Цэнхэр сумын Засаг дарга захирамж гаргаж миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акт нь хууль зөрчсөн, миний Үндсэн хуулиар олгогдсон газар эзэмших эрхэд бүдүүлгээр халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаартай захирамж нь урьд өмнө буюу Цэнхэр сумын Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр захирамж гаргаж шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэсэн байгаа төдийгүй бүхэлдээ ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Учир нь Цэнхэр сумын Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн асуудлыг яагаад дахин шийдвэрлэх болсон, энэ захирамжийг яагаад хүчингүй болгох болсон үндэслэлээ тайлбарлаагүй, мөн миний бие Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байхад миний эрхэд халдсан сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргасан атлаа энэ талаар надад мэдэгдээгүй, нөхцөл байдлыг судлаагүй зэргээр хууль зөрчсөн. Миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаартай захирамжийн хувийг надад гардуулж өгөөгүй. Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/08 дугаар захирамжийн О.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав байхдаа дүү бид хоёрт газар авч өгөх юмсан гэж ярьдаг байсан. Би Улаанбаатар хотод оюутан байсан. Дүүгийн нэрийг андуурч өгсөн гэх асуудал яригдаж байсан. Тэгээд 2024 оны хавар дүүгийн нэр дээрх газрыг цуцаллаа гэхэд нь би ирж өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтээ бичгээр сумын Засаг даргад өгсөн. Тэгээд ямартай ч өөрийн газартай болсон. Сургуулиа төгсөөд сум орон нутагтаа мэргэжлээрээ ажиллах, газартай юм чинь байшин бариад амьдарна гэж бодож байтал 2025 онд газар хүчингүй болсон гэж ээж надад хэлсэн. Тэгээд шүүхэд хандсан. Энэ хугацаанд надад ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Би энэ өвөл хөдөө малтайгаа байсан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/08 тоот захирамжийн О.Д-ий эрх ашигт халдсан хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мэдээж захиргааны байгууллага хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 захирамжаар О.Д газар эзэмших эрх олж авсан. Тухайн захирамжийг сумын Засаг дарга захирамжаар хүчингүй болгохдоо нөхцөл байдлыг судлах, сонсох ажиллагаа явуулаагүй. Энэ хүн захиргааны байгууллагадаа итгээд явж байгаа. Захиргааны байгууллага нь үл хайхраад ямар ч сонсох ажиллагаа хийлгүйгээр, нөхцөл байдлыг судлалгүйгээр захирамжийг хүчингүй болгосон. Үүнээс үүдээд О.Д-ий эрх ашиг зөрчигдсөн. Захиргааны ерөнхий хууль нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах гол эх сурвалж, гол хууль юм. Анх Э.Б гэдэг хүн О.Т гэдэг хүний нэр дээр өргөдөл өгсөн. О.Т гэдэг хүний нэр дээр захирамж гарсан. Тэр захирамж гаргаад байгаа үйл ажиллагаандаа зөвтгөх хүрээндээ хүчингүй болгох асуудал яригдахаар нь энэ хүн нэрээ өөрчлүүлэх өргөдөл өгсөн. Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд өргөдөл аваад шийдвэрлэсэн асуудал. Гэтэл Засаг дарга өөрөө энэ үйл ажиллагаагаа хууль бус гэж үзэж байгаа бол О.Д-ий эрх ашиг хөндөгдөж байгаа учраас заавал энэ хүнийг дуудаж уулзана. Нөхцөл байдлыг судлах, сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Хамаарал бүхий гэж ярьж байна. Хамаарал бүхий гэдгийг ярьснаараа тогтоодог асуудал биш, нөхцөл байдлыг тогтооно гэдэг нь баримтжуулах, ямар хамааралтай юм бэ гэдгийг тогтоох ёстой. Гэтэл энэ үйл ажиллагаанууд хийгээгүй учраас О.Д-ий эрх ашгийг зөрчсөн захиргааны байгууллагын акт гарч байгаа нь хууль бус байна. Иймд 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/08 тоот захирамжийн О.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.4. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын иргэн О.Д-ий Их зам хороололд байршилтай 600м2 газар нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/256 дугаар захирамжаар олгохдоо Газрын тухай хуулийн 6.1 дүгээр заалтыг зөрчсөн мөн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаартай захирамжаар газар эзэмшигчийн овог нэрийг өөрчлөх шийдвэр гаргасан нь хууль бус учир газар эзэмших эрхийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн А/08 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно гэжээ.
3.5. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цэнхэр сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэр, орон сууцны зориулалтаар гэсэн чиглэлийн дагуу энэ 8 айлын газрыг баталж өгсөн билээ. Үүний дагуу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/256 дугаар захирамж гарсан. Уг захирамжаар эдгээр 8 хүнд олгохдоо, орон сууцны зориулалтаар гэж тухай газрын зориулалтыг өөрчилж, нийтийн орон сууцны зориулалт гэсэн нь хууль зөрчсөн. Тухайн үед би сумандаа иргэнээр ажиллаж байсан. Би газар хүсэж өргөдөл гаргаж өгөөгүй байхад, миний нэр тухайн 8 айлын орон сууцны дээр орсон байсан. Би тухайн үед нь өргөдөл гаргаад би татгалзаж байна гээд сумын Засаг даргаар цуцлуулж байсан. Үүнтэй холбоотойгоор О.Т буюу насанд хүрээгүй хүүхдэд газар эзэмшүүлсэн байна гэдэг асуудал яригдсан байдаг. Энэ дагуу тухайн үед Засаг дарга газрын даамалд үүрэг өгөөд энэ 2 хүний газрыг цуцалъя гэдэг шийдвэр гаргаад, тухайн үед манай газрын даамал захирамжийн төсөл бэлдээд Засаг даргад танилцуулсан байдаг. Ч.Б-ын газрыг өөрөө хүсэлт гаргасан учраас цуцалъя, О.Т-д насан хүрээгүй хүүхдэд эзэмшлээр газар олгохыг хориглосон хуулийн заалт байгаа. Үүний дагуу О.Т-гийн газрыг цуцалъя гээд өөрөө зөвшөөрөөд захирамж гаргасан байдаг. Газрын даамлын баримтад хадгалагдаж байсан. Шүүхийн баримтад авагдсан байгаа. Үүний дараа газрын даамалд мэдэгдээгүйгээр А/82 дугаар захирамж гарсан байдаг. Энэ захирамж нь Ч.Б-ын газрыг цуцлаад, О.Т-гийн газрыг О.Д болгож өөрчилсөн захирамж гарсан юм билээ. Үүнээс харахад захиргааны гэхээсээ илүү ашиг сонирхлын зөрчил харагдаж байгаа. Учир нь О.Д, О.Т нарын ээж нь сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг. Сумын Засаг даргын захирамжийг төлөвлөдөг, чиглүүлдэг ийм хүн байгаа. Хуучин Засаг дарга Д.Г нь хүргэн, хадмын холбоотой, хамаарал бүхий этгээд гэж үзэж байгаа. О.Д-ий өмгөөлөгч хэлж байна. Нэрээ өөрчлүүлэх хүсэлт өгсөн гэж, ямар нэг хүсэлт, өргөдөл манай архиваас олдоогүй. Анх өргөдөл өгөхдөө хүүхдийнхээ нэрийг андуураад өгсөн гэдэг. Тухайн өргөдлийн ард нь хүүхдийн төрсний гэрчилгээг нь канондоод гар өргөдөл бичиж өгсөн. Хүүхдийнхээ нэрийг андуурч бичиж өгсөн гэж бодохгүй байна. Энэ бүх нөхцөл байдлыг үндэслээд газрын даамал бид хоёр ярилцаад, ямар нэг байдлаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн. Тухайн үед өөрт нь дуулгах гэсэн О.Д-ий утас холбогдоогүй. Харин ээжид нь дамжуулаад захирамжийн төслийг танилцуулсан байдаг. Тэгээд 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаар захирамж гарч газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тухайн үеийн Засаг дарга Д.Г гэрчээр тайлбар, мэдүүлэг өсгөн байна. Мэдүүлгээс харахад овог, нэрийг андуураад өгсөн гэж байна. Тухайн үеийн шийдвэр гаргаж байгаа хүн насанд хүрсэн эсэх асуудлыг хуулийн бүх зүйл заалтаар хараад гаргах ёстой. Засаг даргад овог, нэр өөрчлөх эрх байдаг уу гэдэг дээр байдаг гэж мэдүүлэг өгсөн байсан. Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг харахад хүний овог, нэрийг өөрчилж захирамж гаргана гэсэн зүйл, заалт байхгүй байгаа. Тэгэхээр Засаг даргын ингэж шилжүүлсэн нөхцөл байдал нь өөрөө хууль зөрчөөд гарсан захирамж гэж үзсэн үүднээс тухайн захирамжийг хууль ёсны болгохын тулд А/08 дугаар захирамжийг төлөвлөж гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Газар олгосон асуудлыг судлалгүйгээр захирамж гаргасан гэж байна. Энэ судалгааны ажил нэлээдгүй явуулсан. Манай сумын хувьд газар олголттой холбоотой зөрчлүүд нэлээдгүй байдаг. Энэ дагуу О.Д болон бусад газрын асуудлуудад холбогдох захирамжийн хүрээнд судалсан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Иргэн О.Д-өөс Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаар захирамжийн О.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “ ... газар эзэмших эрхийг минь надад хэлж мэдэгдэхгүйгээр Цэнхэр сумын Засаг дарга захирамж гаргаж цуцалсан, захиргааны байгууллага захиргааны акт гаргасан үйл ажиллагаа хууль зөрчсөн, Үндсэн хуулиар олгогдсон миний газар эзэмших эрхэд бүдүүлгээр халдсан нь хууль бус үйлдэл ...” гэж дурджээ.
1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан ба маргаан бүхий дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн /газар эзэмших/ эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
1.3. Иймд иргэн О.Д-ий шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
1.4. Учир нь, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох, овог нэр өөрчлөх тухай” А/82 дугаар захирамжийн 2-т заасан О.Д-д холбогдох захиргааны акт нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа тул уг захиргааны актанд холбогдох иргэн О.Д нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
1.5. Иймд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр. Уг хэргийн маргааны үйл баримтын талаар
2.1. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаар тогтоолоор сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны 4 дүгээр хавсралтаар гэр, орон сууцны зориулалтаар олгох газрын хэмжээ, байршлыг баталжээ. (Хавтаст хэргийн 43-55 дахь тал)
2.2. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/256 дугаар захирамжаар нэр бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулсны хавсралт 2 дугаарт иргэн О.Т-д Цэнхэр сумын Тамир багт нийтийн орон сууцны зориулалтаар 600м2 газрыг 15 жилийн хугацаатай олгожээ. (Хавтаст хэргийн 8-9 дэх тал)
2.3. Үүнээс хойш Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Тамир багийн Их зам хороололд байрлах О.Т-гийн 600м2 газрыг О.Д болгон өөрчилсөн байна. (Хавтаст хэргийн 7 дахь тал)
2.4. Улмаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Ч-гийн Б, О-ийн Т-гийн Их зам хороололд байрлах 600м2 газрыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг улсын бүртгэлд бүртгэж, мэдээллийн сангаас хасахыг газрын даамалд үүрэг болгож, 3 дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/256 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцжээ.
2.5. Шүүхийн үзлэгийн явцад, нэхэмжлэгч О.Д-ий эзэмшиж байсан газрын тухайд газрын хувийн хэрэг цаасаар хадгалагдаагүй бөгөөд газрын цахим системд үзлэг хийхэд газрын кадастрын зураг хийгдэж бүртгэгдсэн, уг газрыг хүчингүй болгосон төлөвтэй гэх тул гэрээ, гэрчилгээ хэвлэгдэх боломжгүй байсан болно.
2.6. Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаартай Ч-гийн Б, О-ийн Т нарын Тамир багийн Их зам хороололд байрлах 600м2 газрыг хүчингүй болгосон агуулга бүхий захирамж гарсан боловч уг захирамж нь Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаагүй гэх бөгөөд дээрх агуулга бүхий захирамжийн талаар хэргийн оролцогч нар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй байна.
Гурав. Маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар
3.1. Маргаан бүхий 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 6.1, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтыг тус тус баримталжээ.
3.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 66.3. дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.”, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.”, 39 дүгээр зүйлийн 39.1. дэх хэсэг Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.3.-т “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” гэж тус тус зохицуулжээ.
3.3. Улмаар хариуцагчаас “ ... 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/256 дугаар захирамжаар насанд хүрээгүй хүүхдэд нийтийн орон сууцны зориулалтаар газар олгосон ... мөн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаартай захирамжаар Ч.Б, О.Т нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ч дахин ижил дугаартай захирамж гарган О.Т-гийн газрыг О.Д болгон өөрчилсөн нь Газрын тухай хуульд зохицуулсан заалт байхгүй (газар эзэмшигч нь сумын Засаг даргатай хамаарал бүхий этгээд) хууль бус шийдвэр гаргасан ...” хэмээн захирамжийн үндэслэлээ тайлбарлаж байна.
3.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж зааж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.” хэмээн зохицуулжээ.
3.5. Маргаан бүхий уг хэргийн тухайд, анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/256 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар иргэн О.Т-д Цэнхэр сумын Тамир багт нийтийн орон сууцны зориулалтаар 600м2 газрыг 15 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд иргэн О.Т /***********/нь 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн, дээрх захирамж гарах үед 18 насанд хүрээгүй байжээ.
3.6. Улмаар иргэн О.Т-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгох талаар захирамжийн төсөл танилцуулагдах явцад, иргэнээс газар эзэмшүүлэх тухай хүсэлт гаргахдаа буруу хүсэлт гаргасан талаар тайлбар хүсэлт гаргаж, иргэн О.Д буюу О.Т-гийн төрсөн ах нь газар эзэмших хүсэлтэй байсан болохоо залруулж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад хүсэлт гаргасан болох нь гэрч Д.Г-гийн мэдүүлгээр тогтоогдож байна.
3.7. Тодруулбал, гэрч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа “ ... О-ийн Т-д 2023 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгосон. Гэтэл дүүгийнхээ нэрийг андуурч сольж өгсөн байна, О.Т-д газар эзэмших эрх олгосон захирамжийн нэрийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг О.Д бичгээр гаргасан. Тэгээд О-ийн Т-д газар олгосон захирамжийн нэрийг өөрчилж, О-ийн Д болгож өөрчилсөн юм. О.Д өөрөө надад хүсэлтээ оруулж ирж өгсөн гэж санаж байна, 2024 онд бичгээр хүсэлт гаргаж байсан. Хүсэлтийг хүлээж аваад бичиг хэрэг юм уу, газрын даамалд цохсон байгаа, яг хэнд цохож байснаа сайн санахгүй байна ...” гэж мэдүүлжээ. (Хавтаст хэргийн 86-88 дахь тал)
3.8. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, маргаан бүхий газар нь тус сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд иргэн захиргааны байгууллагад алдаатай хүсэлт гаргасны улмаас захиргааны байгууллага алдаатай шийдвэр гаргасан, улмаар дээрх захиргааны актын алдааг залруулж Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцүүлэхээр 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Тамир багийн Их зам хороололд байрлах О.Т-гийн 600м2 газрыг О.Д болгон өөрчилсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Газрын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.
3.9. Нөгөөтээгүүр, уг хэргийн маргааны үйл баримтад дурдагдаж буй 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/256, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/82 дугаар захирамжийн иргэн /О.Т/ О.Д нарт холбогдох хэсэгт нь уг иргэдэд эрх зүйн эерэг нөлөөллийг бий болгосон, эдгээр захирамжийг гаргах явцад нэхэмжлэгч О.Д нь газар эзэмших хүсэл зоригоо захиргааны байгууллагад илэрхийлсээр байсан бөгөөд уг захирамжийн улмаас бусад иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл тогтоогдохгүй байна.
3.10. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар захиргааны байгууллага болохын хувьд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд мөн хуулийн зохицуулалтыг баримтлан ажиллах үүрэгтэй.
3.11. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг тусгасан.
3.12. Захиргааны байгууллага /сумын Засаг дарга/ маргаан бүхий 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
3.13. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд зааснаар сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд /нэхэмжлэгч О.Д/ хүргүүлж, түүнийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй, хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй энэ талаар ямар нэгэн нотлох баримт, тайлбар гаргаагүй, нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх үүргээ зөрчсөн байна.
3.14. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална.” гэж зааснаар шийдвэрийн хувийн хэрэг хөтлөөгүй болох нь нотлох баримтад хийсэн шүүхийн үзлэг, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
3.15. Түүнчлэн маргаан бүхий А/08 дугаар захирамжийг гаргах үед Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. дэх хэсэгт зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх, захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаарх шийдвэрийг тухайн иргэнд мэдэгдэх үүрэгтэй.
3.16. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт зааснаар “ Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасан.
3.17. Уг хуулийн “... мэдэгдэнэ ..." гэдэгт Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг газар эзэмшиж байсан этгээдэд өөрт нь гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс баримтжуулах, захиргааны актыг гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулсныг ойлгоно.
3.18. Хариуцагч маргаан бүхий 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/08 дугаартай захирамжийг дээрх хуульд зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар мэдүүлгээр нотлогдож байна.
3.19. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч О.Д-ий тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээ.
3.20. Шүүхээс маргаан бүхий А/08 дугаар захирамжийн О.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул газар эзэмшигч О.Д-ий газар эзэмших эрх нь шууд сэргэх бөгөөд нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулж газрын төлбөрөө төлөх эрхтэй. Мөн хариуцагч 30 хоногийн дотор газрын гэрээг шинэчлэн байгуулж, газрын мэдээллийн санд өөрчлөлтийг хийх нь зүйтэй.
3.21. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.3., 45 дугаар зүйлийн 45.2., 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн үзлэг явуулахад гарсан шүүхийн зардал /газрын цэг тогтоож, хэмжилт хийсэн зардал/ болох 154.700 (нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуу) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нөхөн төлүүлэхээр хуваарилав.
3.22. Түүнчлэн хариуцагч талаас шүүхэд “... газар эзэмшигч нь тухайн засаг даргатай хамаарал бүхий этгээд...” гэж тайлбар гаргасан бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг эх, төрсөн ах, эгч, дүү бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” гэж хуульчилсан бөгөөд уг хэргийн оролцогч О.Д- нь дээрх хуулийн зохицуулалтад хамааралгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 106.5 дахь хэсэг, 107, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., 4.2.6. дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.2., 26 дугаар зүйлийн 26.1., 29 дүгээр зүйлийн 29.1., 45 дугаар зүйлийн 45.1., Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2. дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Д-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/08 дугаар захирамжийн О.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.3, 45 дугаар зүйлийн 45.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүхийн зардалд 154.700 (нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуу) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Төрийн сангийн 100010000941 тоот дансанд нөхөн төлөхийг хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА