Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00828

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00828

 

А ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00511 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А ХХК--ийн хариуцагч БА ХХК-д холбогдуулан гаргасан 92 856 527 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.С, түүний өмгөөлөгч Б.Г, О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, UBH center оффиссын 3 дугаар давхарт 384.23 м.кв талбайг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, гэрээний дагуу түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн. 2014 оны 9 дүгээр сард 46 000 000 төгрөгийг шилжүүлсэн.Тэр үед намайг дарамталж мөнгө авдаг байсан. Мөн 2015 оны 02 дугаар сард 472 000 төгрөг, 3 дугаар сард 472 000 төгрөгүүдийг дулааны төлбөр гэж төлүүлсэн. Дараа танайх мөнгө нэмж өг гэсэн би 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг шилжүүлсэн, тэгтэл манай талбайд олигтой засвар хийгээгүй, манай талбай гэж хүлээлгэж өгсөн акт байхгүй, бидэнд ийм албан бичиг бичээд өгчих, тийм албан бичиг бичээд өгчих гэдэг байсан. Сингапурын хүмүүс нь ирж үзээд 60 000 долларын гүйлтийн аппарат, 10 000 долларын үнэтэй аппарат бэлэглэсэн. Тийм хүмүүс бидэнд хөрөнгө оруулна гэж хэлсэн учраас би тэрэнд нь итгэсэн. Тэгээд 2016 оны 10 сараас үйл ажиллагаа эхэлсэн. БА ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.С- нь захиалгын гэрээний явцад 14 000 000 төгрөгийг авсан, энэ 14 000 000 төгрөгийг хасаад өгөөч гэсэн албан бичгийг явуулж байсан. Түрээсэлсэн хугацаанд хийсэн 11 000 000 төгрөгийн засвар хийсэн, энэ нь өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдээгүй орхигдсон байна. Өмнөх шүүх хурлаар ороход хариуцагч тал 300 000 000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Тооцоо нийлэх болохоор манайх одоо аудитын шалгалт орох гэж байна, орж ирээд гарын үсэг зураад өгөөч гээд тооцооны баримт дээрх миний шилжүүлсэн мөнгийг харуулж надаар гарын үсэг зуруулсан. Одоо тэр баримтуудыг шүүхэд өөрөө сайн дураар тооцоо нийлсэн гэж байна. Манайх өмнөх шүүх хурлаар 109 000 000 төгрөг хасуулсан ч засвар бол тэрнээс их гарсан. Энэ нэхэмжилж байгаа 11 000 000 төгрөг өмнөх шүүх хурал дээр ярьсантай огт давхцаагүй, бид нар өөрсдөө тухайн компаниар хийгдээгүй зүйлийг нэхэмжилж байгаа. Өнөөдрийн нэхэмжилсэн 92 856 527 төгрөг нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй бол хамааралгүй. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээ байсан. Энэ гэрээний хүрээнд үүссэн маргааныг шийдвэрлэсэн. Өнөөдрийн шүүх хуралд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 5/1 дугаартай, 3/03 дугаартай талбай түрээслэх захиалгын гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн асуудал яригдаж байна. Захиалгын гэрээний хугацаанд ямар нэг төлбөр тооцох, авлага үүсгэх эрх зүйн харилцаа бүрдээгүй байсан гэж үзэж байна. Учир нь талбай түрээслэх, захиалгын гэрээнд 46 440 000 төгрөгийг барьцаа болгож байршуулна гэдэг зохицуулалт тусгасан. Үүнийхээ хариуд 384.23 м.кв талбайг ашиглалтад орсноос хойш түрээсэлнэ гэж талбай захиалгын гэрээний дагуу тохиролцож, 2 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний 4-т төлбөр төлөх агуулга огт тусгагдаагүй, менежментийн төлбөр 39 000 төгрөг гэж бичигдсэн. Түрээсийн талбайг огт хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгсөн талаар акт байдаггүй. Гэрээний түрээсийн хугацаанд нийт 191 371 305 төгрөг төлсөн боловч тооцоо нийлэх үед манай түрээсийн төлбөрөөс дараах төлбөрийг хасч тооцоогүй байна. Иймээс бид БА ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн дараах төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 46 440 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 472 950 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 472 946 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. БА ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.С-т 14 000 000 төгрөг бэлнээр түрээсийн төлбөрт өгсөн. Түрээсэлсэн хугацаанд засвар хийсэн 11 470 631 төгрөг, нийт 92 856 527 төгрөгийг БА ХХК-аас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь БА ХХК нь А ХХК--тай 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээг байгуулан 384.23 м.кв талбай бүхий ажлын байрыг тус компанид түрээслүүлж хамтран ажилласан. Гэвч түрээслэгч А ХХК- нь гэрээний үүргээ зөрчиж, 2018 оны 7 дугаар сарын байдлаар 329 826 574 төгрөгийн түрээсийн төлбөрийн өртэй болсон. Бид А ХХК--нд удаа дараа шаардлага тавьж, үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа, боломжийг олгож байсан боловч тус компанийн захирал А.Солонго нь гадны хөрөнгө оруулалт удахгүй орж ирнэ, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлнэ гэх мэтээр манай компанийг хуурч мэхлэн, улмаар удаан хугацаагаар холбоо тасарч ажлын байрандаа ирэхээ байсан юм. Иймд манай компанийн зүгээс А ХХК--д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ubh Center оффисын барилгын 3 дугаар давхрын 384.23 м.кв талбай бүхий ажлын байрны түрээсийн үлдэгдэл төлбөрт 329 826 574 төгрөг гаргуулахаар 2018 оны 8 дугаар сард тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК--ийн талаас түрээсийн гэрээний төлбөр, ашиглалтын зардлын талаар тайлбар, нотлох баримтуудыг шүүхэд гаргаж, түүнчлэн ажлын байрны тохижилт, засварын зардалд 128 320 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх маргааныг хянан хэлэлцээд А ХХК--аас 319 749 283 төгрөг гаргуулж БА ХХК-д, БА ХХК-аас 119 354 600 төгрөг гаргуулж А ХХК--д тус тус олгохоор шийдвэрлэж 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 181/ШШ2019/00086 дугаартай шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Талууд анх 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр талбай түрээслэх захиалгын гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 2 сарын хугацаанд түрээсийн талбайн дотоод засвар хийх агуулгатай гэрээ байгаа. Энэ гэрээний 4.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дулааны төлбөрт төлсөн 472 950 төгрөг, мөн оны 3 дугаар сард төлсөн дулааны төлбөр 472 950 төгрөг нь гэсэн нь өөрсдийнхөө ашиглалт, хэрэглээний төлбөрийг төлсөн. Үүнийг буцааж олгох хууль зүйн үндэслэл байхгүй. 2015 оны 4 дүгээр сард гэрээний хугацаа дуусах ёстой байтал дотоод засал ерөөсөө явагдаагүй, дуусаагүй. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч тал түрээслүүлэгч болох БА ХХК-д албан бичгүүдийг удаа дараа хүргүүлснийг өнөөдөр нотлох баримтаар өгсөн. Хугацаандаа дотоод заслаа хийхгүй бол хугацаа хэтрүүлсэн ашиглалтын төлбөр тооцогдоно гэх агуулгыг талууд анх гэрээ байгуулахдаа тохирсон байна. Нэхэмжлэгч тал 8 дугаар сарын албан бичгээр захиалгын гэрээнд заасан хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтээ өгдөг. Ингээд хугацаа хэтрүүлсэн сар болгоны ашиглалтын болон хадгалалтын төлбөр тооцохыг зөвшөөрч 2015 оны 11 дүгээр сард үүснэ гэдэг агуулгатай албан бичиг өгсөн. Энэ хооронд ямар нэг үндэслэлгүйгээр төлбөр тооцсон зүйл байхгүй. Яг журмынхаа дагуу ашиглалт болон хадгалалтын төлбөрөө тооцсон. Д.С- түрээслэгч А ХХК-аас 14 000 000 төгрөгийг өөртөө авсан гэж гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь Компанийн тухай хуультай нийцсэн бөгөөд уг асуудал Улсын дээд шүүхээр тогтоогдсон. Тухайн үед 14 000 000 төгрөгийг түрээсийн төлбөртөө өгсөн гэж байгаа бол албан ёсоор санхүүгээс түрээсийн төлбөрөөс хасалт хийлгэх ёстой байсан. 119 000 000 төгрөг буюу засвар хийсэн бүх тооцоондоо энэ мөнгөн дүнгээ оруулаагүй гэдэг нь ойлгомжгүй байна. Тухайн үед шийдвэрлүүлээгүй, засвартай холбоотой асуудлыг шүүх нэгэнт тогтоогдсон баримт тул боломжгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 00086 дугаартай шийдвэрээр 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн 46 440 000 төгрөг, түрээсэлсэн хугацааны засварт зарцуулсан зардал бүгд шийдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.2.5, 289.5 дахь хэсэгт зааснаар 92 856 527 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК--ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.С давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч А ХХК- нь БА ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг баримтлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 92 856 527 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байхад эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтаар шийдвэрлэсэн нь талуудын хоорондын эрх зүйн харилцааг буруу тайлбарлан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Цаг хугацааны хувьд өөр хугацаанд байгуулагдсан гэрээний харилцааг шүүх 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээтэй нэг агуулгаар адилтган үзэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 86 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн маргаан болон бидний одоо гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 92 856 527 төгрөг гаргуулах тухай маргаан нь хоорондоо холбоогүй, шаардсан мөнгөний давхардал байхгүй юм. 46 440 000 төгрөгийг уг шийдвэрт дүгнээгүй, мөн түрээсийн харилцаа үүсэхээс өмнө буюу БА ХХК-ийн бусдад худалдана гэх хууль бус шаардлагаар 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 46 440 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл, хариуцагч БА ХХК нь захиалгын гэрээний үүргээ ноцтой зөрчиж огт түрээслэн ашиглаагүй байх үеийн хугацаа болох 2016 оны 01, 02 дугаар сарын түрээсийн төлбөрт гэж суутган тооцсон гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ажлын байрны түрээсийн гэрээний 1.7-д тодорхой заасан бөгөөд түүнээс өмнө төлсөн мөнгө нь гэрээний үүрэг хожим дуусгавар болсон, гэрээний харилцаа үүсээгүй байсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой харилцаа байна. Түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар 2016 оны 7 дугаар сараас эхлэн тооцож төлөх тохиролцоотой байсан тул түрээслүүлэгчээс ашиглаагүй хугацаагаар түрээсийн төлбөр тооцож авсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 46 440 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэж үзэж байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ талаарх гаргасан нэхэмжлэл нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа юм. Мөн, тус шүүхийн 86 дугаар шийдвэрт 46 440 000 төгрөгтэй холбоотой үйл баримтыг огт дурдагдаж-дүгнээгүй байна. Дээр дурдсан хоёр гэрээнд зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж түрээсийн үйл ажиллагаа явуулж эхлэх хугацааг 2016 оны 7 дугаар сараас эхлэн тооцохоор тохиролцож, түрээслэгч түрээсийн төлбөр төлөх үүрэг 2016 оны 7 дугаар сараас эхлэн тооцогдох ёстой байсан ба энэ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байсан юм. Бидний шаардаж байгаа 46 440 000 төгрөг болон 20 000 000 төгрөг нь агуулгын хувьд адил бөгөөд түрээсийн харилцаа үүсээгүй байхад шилжүүлсэн мөнгөний тухай асуудал юм. Уг 20 000 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үйл ажиллагааны зардлын төлбөр гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тухайн үед үйл ажиллагааны зардал гэх зүйл гараагүй байсан ба түрээсийн харилцаа бодитойгоор эхлээгүй байсан болно. Хэдийгээр талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдсан боловч уг гэрээнд зааснаар түрээсийн талбайг 2016 оны 7 дугаар сараас ашиглаж эхлэх, мөн түрээсийн төлбөрийг энэ хугацаанаас төлөх үүрэг хүлээсэн байхад 2015 онд түрээсийн зүйлийг нэхэмжлэгч тал ашиглан түрээсэлж байсан мэтээр түрээсийн төлбөрт суутган авч байсан нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хангалттай үндэслэл болно. Мөн талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан захиалгын гэрээнд ч энэ талаар харилцан тохиролцсон байхад шүүх хэрэгт авагдсан уг гэрээнүүдийг өөр хооронд нь харьцуулах замаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв байх талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Шүүх энэ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийхдээ гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар дүгнэлт хийж хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Нэг агуулга бүхий хоёр шаардлагын нэгд нь хүчин төгөлдөр шийдвэртэй, нөгөө шаардлагад нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж зөрүүтэй дүгнэжээ. Бид гэрээний үүрэг шаардаагүй, харин гэрээний харилцаа үүсэхээс өмнө буюу түрээсийн төлбөр төлж эхлэх хугацаанаас өмнө шилжүүлсэн, ямар нэгэн гэрээний дагуу төлбөр төлөхгүй байх хугацаанд үндэслэлгүйгээр шилжүүлсэн мөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардаж байгаа. Гэтэл, уг мөнгийг гэрээний үүрэг гэж дүгнэн, хөөн хэлэлцэх хугацаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн, хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэснийг огт анхаарч үзээгүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт илтэд үндэслэлгүй болжээ. Хэрэгт Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 00382 дугаар тогтоолыг нотлох баримтаар гаргуулан авагдсан ба уг тогтоолд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт тодорхой заасан. н.Г- нь ӨБ ХХК-ийн захирал гэх боловч БА ХХК-ийн бүх асуудлыг шийдвэрлэдэг, надтай БА ХХК-ийг төлөөлөн харилцаж байсан нь бидний хооронд бичсэн захидлаас харагдах юм. н.Г- нь Д.С-т өгсөн гэх 14 000 000 төгрөгийг бичлэг өгсөн тохиолдолд буцаан өгнө гэж хэлсэн захидал байхад ямар ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хэрэв, БА ХХК нь төлөх үүрэггүй байсан бол надад байсан Д.С-т мөнгө өгч буй бичлэгийг байгаа талаар албан бичиг хийлгэж авах, улмаар тооцооноос хасах шаардлага байгаагүй болно. Д.С- нь надаас мөнгө авах цаг хугацаанд БА ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байсан бөгөөд түрээсийг баталгаажуулах зорилгоор авсан гэж тайлбарласан тул миний бие БА ХХК-д төлсөн гэж ойлгож өгсөн тул БА ХХК-аас шаардсан болно. Энэ нөхцөл байдал нь тухайн үед БА ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.С- нэхэмжлэлийн шаардлага болж буй 14 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан ба бид БА ХХК-д өгч байгаа л гэж ойлгосон ба БА ХХК нь өмнө нь түрээсийн гэрээний үүрэгтэй маргаан үүсгэж түрээсийн төлбөр нэхэмжлэхдээ уг мөнгийг тооцооноос хасаж тооцоогүй, энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байдаг тул уг компанийг 14 000 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх мөнгөний талаар дүгнэлт хийхдээ баримтанд тулгуурлаагүй гэж үзэж гомдол гаргаж байна. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрийн талаар урьдчилан хэлсэн нь бид эргэлзэх, шүүгчээс татгалзах нөхцөл болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагчаас гаргасан тооцоо нийлсэн акт гэх баримт нь бүр хоорондоо зөрүүтэй байгаа тухай баримтыг огт дүгнээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр хэн оролцсон нь тодорхойгүй бөгөөд оролцоогүй хүнийг бичиж, уг үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтын чадвар алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байх агуулгаар ойлгогдож байна. Нэхэмжлэгчээс гаргасан гэрч асуулгах хүсэлт, баримт гаргуулах зарим хүсэлтийг хангаагүй нь урьдчилсан итгэл үнэмшилтэй болсон, мөн тооцоо нийлсэн актыг урьдаас хөтөлбөргүй үнэн гэж итгэсэн байдалтай шууд холбоотой гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Шүүх нь өөрийн баримт буюу шүүхийн шийдвэр, захирамж, тэмдэглэл болон бусад ажиллагаатай холбоотой баримтад хуулбар үнэн тэмдэг дарах бөгөөд бусад баримтад хуулбар үнэн тэмдэг дарах боломжгүй. Хэргийн 234 дэх талд авагдсан баримтад шүүхийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч А ХХК- нь хариуцагч БА ХХК-д холбогдуулан 92 856 527 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хөрөнгийг буцаан шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчид шилжүүлсэн мөнгөн дүнгээс 81 385 896 төгрөгийг нь талуудын хооронд үүрэг үүсээгүй үндэслэлээр, 11 470 631 төгрөгийг засварт гаргасан зардал гэж тайлбарласан бол хариуцагч татгалзлаа нэхэмжлэлд дурдсан 46 440 000 төгрөг, 472 950 төгрөг, 472 946 төгрөг, 20 000 000 төгрөг болон засварын зардал нь шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, 14 000 000 төгрөгийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.С-т өгсөн, компанид төлөөгүй мөнгөн хөрөнгийг компаниас шаардах эрхгүй тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

БА ХХК-ийн нэхэмжлэлтэй, А ХХК--д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 181/ШШ2019/00086 дугаар шийдвэр, мөн уг хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч нь тус хоёр компанийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан, шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг үүссэн гэж үзэж, уг гэрээнээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэжээ. /хх46-52, 156-158/

 

Харин нэхэмжлэгч А ХХК- нь БА ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Талбай түрээслэх захиалгын гэрээ-нээс үүдсэн маргаан гэж тайлбарлаж байх бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан шүүхэд хэлэлцэгдээгүй байхад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх талуудын тайлбар, мэтгэлцээнийг холбогдох баримттай харьцуулан үнэлж, маргааныг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай ба А ХХК--ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаас нотлох баримтаар гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны Өглөг авлагын дэлгэрэнгүй-д /хх-76, 77/ тусгагдсан тоон мэдээллүүд нь нэхэмжлэгчийн шүүхэд баримтаар гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны Авлага, өглөгийн дэлгэрэнгүй /хх-144/ -д тусгагдсанаас цаг хугацааны хувьд адил атал зөрүүтэй байна.

 

Иймд авлага, өглөгийн дэлгэрэнгүй дэх тоонууд өөрөөр тусгагдсан шалтгаан, тодорхой үндэслэлээр өөрчилсөн бол нөгөө талд мэдэгдэж, харилцан зөвшилцсөн эсэх, үүнээс үүдэн тооцоо нийлсэн актад өөрчлөлт орох эсэхийг тодруулж, маргааны үйл баримтыг тогтоох шаардлагатай, үйл баримт тогтоогдсоноор эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой болно.

 

Түүнчлэн, талуудын хооронд үүссэн авлага өглөгийн дэлгэрэнгүйд нэхэмжлэлд дурдсан төлбөр үлдэгдэл байдлаар тусгагдаж, өсөх дүнгээр нийт төлбөрийг тооцсон байгаа нь 2015 оны гэрээний үүрэгт хамааралтай эсэх, хэрэв хамааралтай бол уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх хэзээнээс үүсэх талаар дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх шаардлагатай юм.

 

Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.С-т А ХХК--аас өгсөн 14 000 000 төгрөг нь байрны түрээсийн төлбөрт зориулагдсан байхад төлбөрөөс хасч тооцоогүй гэж нэхэмжлэгч тайлбарласан ба уг мөнгийг Б.С авсан болохыг хариуцагч үгүйсгээгүй, үүнтэй холбоотой ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагджээ.

 

Хөдөлмөрийн маргааны үндэслэл болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг үндэслэн компани 14 000 000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж шүүх дүгнэснийг үндэслэл бүхий гэж үзэхгүй. Уг мөнгийг түрээсийн төлбөрт төлсөн гэх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах, ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээх үндэслэл байгаа эсэх талаар талуудыг мэтгэлцүүлж, маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх, улмаар гэм хорыг шаардсан нөхцөлд бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэх маргаанд хамаарахыг анхаарах байжээ.

 

Дээрхээс гадна шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийж, нотлох баримтыг бүрдүүлэхдээ хөндлөнгийн гэрчээр шүүхийн нарийн бичгийн дарга Ч.Б-ийг оролцуулсан нь /хх1-134, 135, 95, 105/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан хөндлөнгийн гэрч нь ...албаны сонирхолгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй бөгөөд үзлэгээр баталгаажуулсан баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн гэж үзэхгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг тодруулаагүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, эдгээр байдлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00511 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ