Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1172

 

  2023            12              07                                       2023/ДШМ/1172       

                                   

Д.П, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

цагаатгагдсан этгээд Д.Пийн өмгөөлөгч Х.Чинбат, Д.Цэрэнханд,

цагаатгагдсан этгээд Б.Дын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/796 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 66 дугаар эсэргүүцлээр Д.П, Б.Д нарт холбогдох эрүүгийн 2302000500110 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.П, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүний их эмч мэргэжилтэй, ****** тасгийн эрхлэгч ажилтай байсан, ам бүл 0, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0/0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: **0000000/;

2. Б.Д, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Математикийн багш мэргэжилтэй, “** ***” ХХК-д менежер ажилтай, ам бүл 0, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: **00000000/;

Д.П нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” гэснийг, 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаартай тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн ослын улмаас гэмтэл авч 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус тасагт ирж хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К С Бийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад хүргэхдээ Ким Су Бинийг Монгол Улсад урьж ирүүлсэн “Очир тэнүүн” ХХК-ийн менежер Б.Дын 88035219 дугаарын утас руу өөрийн эзэмшлийн 98118995 дугаарын утаснаас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өвчтөн К С Бийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд өөрт нь 2000 ам.доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй гэх мэтээр хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд оруулж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчим байхдаа тухайн өдрөө Б.Даас Хаан банкин дахь 5029779349 дансаар 4.900.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

Б.Д нь “Очир тэнүүн” ХХК-ийн менежерээр ажиллаж байхдаа тус компанийн урилгаар Монгол Улсад аялалаар ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К С Б нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу буцах замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байх үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.П “өвчтөн К С Бийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд өөрт нь 2000 ам.доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй” гэж хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, К С Бд давуу байдал бий болгох зорилгоор Д.Пийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчим байхдаа 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөг, мөн 3.400.000 төгрөг, нийт 4.900.000 төгрөгийг Д.Пийн эзэмшлийн Хаан банкны 5029779349 данс руу шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Пийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль авсан гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэргийг, Б.Дыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.П, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.П, Б.Д нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн цагаатгах тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс “...Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К С Бийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад хүргүүлэхийн тулд Д.Пид 4.900.000 төгрөг өгсөн үйлдэл тогтоогдсон гэж дүгнэв. Гэхдээ прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. ... шүүгдэгч Д.Пийн хувьд хэдийгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан боловч гадаад улс руу өвчтөн зөөвөрлөх үйл ажиллагаа нь түүний албаны чиг үүрэгт хамаарахгүй байна гэж үзлээ. ... шүүгдэгч Б.Дын шүүгдэгч Д.Пид 4.900.000 төгрөг шилжүүлсэн нь түүний албаны чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагаанд зориулж өгсөн ба хувь хүмүүсийн хоорондын тохиролцооны үндсэн дээр уг мөнгийг шилжүүлсэн гэж үзэв...” гэж дүгнэжээ.

Гэтэл шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэх нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэхэд нөлөөлөхгүй харин хүндрүүлэн зүйлчлэхэд хамаарах ойлголт юм.

Д.П нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл (Хориглох зүйл)-ийн 7.1 дэх хэсэг (Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно)-ийн 7.1.5-д заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” гэснийг, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн A/406 дугаартай тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 4.15-д заасан “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн ослын улмаас гэмтэл авч 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус тасагт хяналтад хүргэхдээ К С Бийг Монгол Улсад урьж ирүүлэн “Очир тэнүүн” ХХК-ийн менежер Б.Дын 88035219 дугаарын утас руу өөрийн эзэмшлийн 98118995 дугаарын утаснаас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “өвчтөн К С Бийг Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд өөрт нь 2000 ам.доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй” гэх мэтээр хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд оруулж, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчим байхдаа тухайн өдрөө Б.Даас өөрийн Хаан банкин дахь 5029779349 дансаар 4.900.000 төгрөгийг шилжүүлэн авч буюу хясан боогдуулах аргаар хахууль авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, эмч Д.П нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдах албан тушаалтан гэрч Б.Бын зөвшөөрсний дагуу Бүгд Найрамдах Солонгос Улс руу өвчтөнийг хүргэсэн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Д.П нь албаны чиг үүрэг болох өвчтөн эмнэлгийн тусламж үзүүлэх нийтлэг үүргээ хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Улмаар өвчтөнийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүргэж өгөхийн өмнөх өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.Даас эмч, сувилагч нарын онгоцны тийз, байрлах буудал, хэрэглээний төлбөрийг шилжүүлсээр атал өөрийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан хясан боогдуулж хахууль авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон.

Иймд Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.П, Б.Д нарыг гэм буруугүйд тооцож хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт цугларсан баримтуудад дүгнэлт хийгээгүй гэж дүгнэхээр байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.П Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн 10030033401 дугаартай дансанд 4.900.000 төгрөг байршуулсан нь ямар зорилгоор уг мөнгийг байршуулсан болох нь тодорхойгүй, энэ талаар мөрдөгч, прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байх тул уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.П нь сайн дурын үндсэн дээр, хохиролд тооцуулах зорилгоор өөрийн бусдаас хясан боогдуулах аргаар хахууль авсан мөнгийг мөрдөх байгууллагын дансанд тушаасан ба энэ талаар мөрдөгч, прокуророос аливаа хэлбэрээр шийдвэр гаргах үндэслэлгүй юм.

Үүнээс гадна анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Тодруулбал 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр товлон зарлагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрч Т.А нь яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу оролцож хэргийн талаар мэдүүлэг өгсөн ба цагаатгах тогтоолд оролцсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон оролцогчийг дурдаагүй нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчжээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/796 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Пийн өмгөөлөгч Х.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Д.П нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтын журам зэрэгт эмч өвчтөнийг өөрийн болон гэр бүлийнх нь хүсэлтээр гадаад улсад зөөвөрлөн хүргэх чиг үүрэг байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад дээрх үйл баримт тогтоогдсон. Прокурорын зүгээс аль дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргийг хаана тусгасан болохыг тодорхой заахгүйгээр ерөнхийд нь нийтлэг байдлаар тайлбарладаг. Тухайн кейс 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болсон. Үүний дараа буюу 3 сарын дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс албан ёсоор төлбөртэй тусламж үйлчилгээний жагсаалтыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталсан байдаг. Тус жагсаалтын 99-д өвчтөнийг гадаад улс руу зөөвөрлөж тээвэрлэх зардлыг 1 километр тутамд 2.000 төгрөг байна гэж тодорхойлсон байдаг. Мөн тухайн үйл баримт болсноос хойш 10 сарын дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэх журам баталсан. Уг журмаар өвчтөнийг гадаад улсад болон улс дотроо тээвэрлэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар нарийвчлан зохицуулсан. Хэрэг гарах өвчтөнийг тээвэрлэх нь албан ёсны эмчийн үүрэгт хамааралгүй асуудал байсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Д.Пийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Прокурор “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу эмч өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй” гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн өвчтөн нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж 5 хоногийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд Монгол Улсын эмч нараар хагалгаа хийлгэх шийдвэр гарсан байхад К С Б нь “Би Монгол Улсын эмнэлгийн төвөөс тусламж үйлчилгээ авахгүй. Би Монгол Улсын эмч нараар хагалгаа хийлгэхгүй. Би өөрийн нутагтаа буцмаар байна” гэж хэлж Монгол Улсын эмнэлгийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авахаас татгалзсан байдаг. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Тухайн үед өвчтөнийг гадаад улс руу тээвэрлэх талаар зохицуулсан хуулийн зохицуулалт байгаагүй. Монгол Улсад өвчтөнийг албан ёсоор гадаад улс руу тээвэрлэдэг “СОС Медика Монголиа” гэж эмнэлэг байдаг. Энэ эмнэлгийг эмч нар өвчтөнд санал болгосон бөгөөд тухайн эмнэлэг нь 10.000-80.000 долларын төлбөртэй байсан. Мөн Д.П нь тухайн үед өвчтөн К С Бий эмчлэгч эмч нь байгаагүй. Харин өвчтөн К С Бий эмч нь Т.А гэж хүн байсан. Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайд болон өвчтөний гэр бүл, аялалын компани зэргээс хүмүүс төлөөлж ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нараас өвчтөн К С Бийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүргэж өгөөч гэж гуйсан. Тухайн үед эмч Д.П нийт 34 удаа гадаад улс руу өвчтөнийг зөөвөрлөж хүргэж өгч байсан туршлагатай эмч байсан. Иймд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагаас эмч Д.Пид санал тавьсан. Уг саналыг эмч Д.П зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Д.П нь “надад мөнгө өгөхгүй бол би явахгүй” гэж огт хандаагүй. Энэ бол албаны чиг үүрэгт нь хамааралгүй зүйл байсан учраас тухайн “Очир тэнүүн” ХХК-ийн менежер Б.Д нь Бүгд Найрамдах Солонгос Улсад очоод байрлах зочид буудал, хоол, тээвэр зэргийн зардлуудыг тооцож өгсөн. Мөн тухайн үед “Ковид-19” цар тахлын улмаас халдвар тархсан байсан бөгөөд эмч Д.П нь 4 хүний амь насыг хариуцаж байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр талд зочид буудлын баримт авагдсан байдаг. Уг баримтаас үзэхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын хамгийн хямд буудал, хоолны баримтыг өнгөтөөр хэвлэсэн байдаг. Тухайн хүмүүс авсан мөнгөө зочид буудалд эсхүл хоол, тээврийн хөлс зэрэгт зарцуулсан эсэхийг тогтоож, үгүйсгэж чаддаггүй. Энэ баримтыг үндэслэж Д.Пийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн тухайн үед хамт явсан эмч Т.А нь “эмч Д.Пийн авч явсан мөнгөөр Бүгд Найрамдах Солонгос Улсад буудал, хоол, тээврийн зардал дууссан. Хамгийн сүүлд 100.000 вон үлдсэн. Бид нисэх онгоцны буудал руу такси барьсан” гэж мэдүүлдэг. Гэтэл прокурор “Д.Пийг 4.900.000 төгрөгийг авлигал авсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Мөн прокуророос миний үйлчлүүлэгчийг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж буруутгадаг. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.17 дахь хэсэгт “Гэмтлийн эмнэлгийн албан хаагч нь удирдах албан тушаалтны зөвшөөрлийн үндсэн дээр бусад гэрээний ажил үүргийг гүйцэтгэж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад ажиллаж байгаа эмч нар хувийн эмнэлэгтэй байдаг. Энэ тохиолдолд эмнэлгийн удирдлагаасаа зөвшөөрөл авч гэрээнийхээ зардлыг гаргуулж бусдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой. 1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар талд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан бичиг авагдсан. Уг албан бичигт “нэр бүхий 3 албан хаагч, 2 эмч, 1 сувилагч нь албан бус байдлаар ямар нэгэн томилолт цалин хөлс авахгүйгээр гадаад улсад өвчтөн тээвэрлэсэн тохиолдол гарсныг албан ёсоор мэдэгдэж байна.” гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, эмч Д.П, Т.А нар нь тухайн өвчтөнийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу хүргэж өгснийхөө төлөө цалин, хөлс, томилолтын мөнгө, ямар нэгэн байдлаар цалин мөнгөтэй дүйцэх зүйл огт аваагүй. Урьд нь эмч Д.П нь албан бусаар 34 удаа өвчтөнийг гадаад улс руу тээвэрлэж байсан учраас маш туршлагатай эмч гэж ярьдаг. Энэ үед дандаа өвчтөний гэр бүлийнх нь хамт явж эмчийн зардлыг гаргаж өгдөг байсан. Эмч Д.П нь урьд ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Олон хүний амь нас аварч байсан бөгөөд нэг ч удаа хахуулийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мөн байгууллагынхаа ёс зүйн хорооны гишүүнээр ажилладаг. Иймд Д.Пийг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчиж хясан боогдуулж хахууль авсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөн прокуророос “Д.П нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4.900.000 төгрөгийг хохиролд төлсөн” гэж тайлбарлаж байна. Гэтэл Д.П, Б.Д нар нь өмгөөлөгч аваагүй байхад нь мөрдөгч Ариунсайхан нь “таны үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон. Та хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичиж өг. Б.Д бичиж өгсөн. Одоо та бичиж өгөөрэй. Энэ данс руу мөнгөө төлөөрэй” гэж дансны дугаар өгсөн байдаг. Үүний дагуу Д.П нь мөрдөгчийн өгсөн данс руу мөнгө хийж тушаасан байдаг. Удаагүй хэрэг шилжихийн өмнө өмгөөлөгч авч, ямар гэмт хэрэгт холбогдсоноо ойлгосон байдаг. Өмгөөлөгч нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээс нь татгалзуулахаар хүсэлт өгсөн байдаг. Мөн гэрчийн мэдүүлэг шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна гэдэг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч ямар мэдүүлэг өгсөн талаар бүгд тодорхой, ойлгомжтой тусгагдсан байсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд гэрч Т.А ямар мэдүүлэг өгсөн талаар тусгагдсан байдаг. Анхан шатны шүүхээс гэрч Т.Аын мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Мөн энэ талаар Улсын Дээд шүүхийн цагаатгах тогтоол бичих аргачлал, зөвлөмжид “шүүх хуралдаанд ирсэн гэрчийг заавал шийтгэх болон цагаатгах тогтоолд нэрлэн зааж бичнэ” гэж заасан зүйл байхгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Пийн өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Прокурорын зүгээс Д.Пийг албаны чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэж үздэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар өвчтөнийг гадаад улс руу тээвэрлэх нь эмчийн албаны чиг үүрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон. Прокурорын эсэргүүцэлд “шүүх хуралдаанд оролцсон гэрчийг шүүхийн шийдвэрт тусгаагүй” гэж тайлбарлаж байна. Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр Шийтгэх /цагаатгах/ тогтоол үйлдэхэд анхаарах зарим асуудлын тухай зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.2.5 дахь заалтад “Шүүх хуралдаанд асуугдаагүй гэрч, хохирогчийн мэдүүлгийг тэдгээр нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцоогүй бөгөөд урьд гаргасан мэдүүлгийг нь шүүх хуралдаанд уншин сонсгож, шүүхийн хэлэлцүүлгээр шинжилсэн тохиолдолд л тогтоолд бичнэ.” гэж заасан. Гэрч Т.А анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд түүний гаргасан тайлбар, мэдүүлэг тусгагдсан. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоол боловсруулах аргачлал”-ын 2 дахь хэсэгт “цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл бүрийг тусгана” гэж заасан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд маш тодорхой дурдсан байдаг. Тухайлбал, шүүгдэгч Д.Пийн хувьд хэдийгээр Гэмтэл согог судлалын төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан боловч гадаад улс руу өвчтөн зөөвөрлөх үйл ажиллагаа нь түүний албаны чиг үүрэгт хамаарахгүй байна” гэж дүгнэсэн. Тухайлбал, албан тушаалтны тодорхойлолтын албан тушаалын чиг үүрэг болон Хөдөлмөрийн гэрээнд өвчтөнийг гадаад улс руу онгоцоор тээвэрлэж хүргэхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ явуулах үйл ажиллагааг тусгаагүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5-т “албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг” ойлгоно гэж заасан. Гэтэл Д.Пийн онгоцоор гадаад улс руу өвчтөн тээвэрлэх явцад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх албаны чиг үүргийг баталгаажуулсан баримт бичиг байхгүй. Харин гэмт хэрэг гарсан гэх 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн сайдын А/220 дугаартай журмаар Үйлчлүүлэгчийг аюулгүй тээвэрлэх журам баталж, албаны чиг үүргийг баталгаажуулсан албан бичиг гаргасан нь шүүгдэгч Д.Пийн үйлдэлтэй цаг хугацааны хувьд хамаарахгүй юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Дын өмгөөлөгч Ж.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Б.Д нь тухайн үед эмч Д.Пийг өвчтөнийг гадаад улс руу өөрийн хяналтад тээвэрлэх, зөөвөрлөх үүрэгтэй. Энэ нь түүний заавал гүйцэтгэх ёстой ажил гэж бодсон байдаг. Өөрөөр хэлбэл, Миний үйлчлүүлэгч Б.Д  нь өвчтөнийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу тээвэрлэх ажлыг албан томилолтын дагуу зохих цалин хөлсөө авч явж байгаа атлаа биднээс дахин төлбөр нэхэж мөнгө авсан гэж бодож гомдол гаргасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн эмчийг ямар нэгэн албан томилолтын дагуу явуулаагүй болохыг мэдсэн. Мөн өвчтөнийг гадаад улс руу тээвэрлэх үүрэгтэй талаар зохих хууль дүрэм, журам байхгүй талаар мэдсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Б.Д нь анхан шатны шүүх хуралдаанд буруу ойлгож байсан талаараа тайлбарласан. Мөн өвчтөнийг хүргэж өгсөн эмч нар Бүгд Найрамдах Солонгос Улсад очиж хэдэн төгрөгийн зардал гаргасан болохыг нарийвчлан тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс Б.Дд “Бүгд Найрамдах Солонгос Улсад очоод хонох зочид буудал, хоол хүнсний зардал нь ямар байдаг болохыг судлаад аваад ир” гэж хэлсний дагуу Б.Д интернэтээс авсан мэдээллээ хэвлэж өгсөн байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлдэг. Б.Д нь эхний өгсөн 1.500.000 төгрөгийг зөвхөн өөрийн тооцооллоор буюу 1 хүнд 500.000 төгрөг байхад болно гэж бодож шилжүүлсэн байдаг. Эмч Д.П нь Б.Даас авсан мөнгийг Бүгд Найрамдах Солонгос Улсад очиж зочид буудал, хоол хүнс, унааны зардалд зарцуулсан байдаг. Мөн прокурор шүүхийн шийдвэрт гэрчийг дурдаагүй гэж тайлбарлаж байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд “шийтгэх, цагаатгах тогтоолд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурор, нарийн бичгийн дарга, шүүгч нарын нэрийг тусгана. Харин хэргийн бусад оролцогчид буюу иргэний нэхэмжлэгч, гэрч, хохирогч нарыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэж заасан байдаг. Уг тогтоолын дагуу шүүх хуралдааны тэмдэглэлд тухайн гэрчийн мэдүүлэг тусгагдсан байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 208-226 дугаар талд авагдсан байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэлийн толгой хэсэгт шүүгч, нарийн бичгийн дарга, улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын нэрийг дурдсан байдаг. Шүүх хуралдаан эхэлсний дараа даргалагчаас “ирцтэй холбоотой санал байна уу” гэхэд өмгөөлөгч Х.Чинбатаас “гэрч Т.Аыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна” гэж хэлсэн байдаг. Уг хүсэлтийг бусад өмгөөлөгч нар дэмжсэн. Улсын яллагчаас “урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч нар энэ гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй. Гэрч өнөөдрийн шүүх хуралдаанд сайн дураараа ирсэн байна. Нэгэнт ирсэн байгаа учраас оролцуулахад татгалзах зүйлгүй” гэж хэлсэн байдаг. Шүүх хуралдаан эхэлсэн байхад тухайн гэрч хуралдааны дундаас оролцсон учраас түүний нэрийг тэмдэглэлийн толгой хэсэгт бичээгүй. Прокурор шүүхийн өмнө шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Д, Д.П нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж хөдөлбөргүй тогтоосон баримтууд байдаггүй. Дандаа эргэлзээ бүхий баримтууд байдаг. Өөрөөр хэлбэл, эргэлзээтэй нотлох баримтуудаар тухайн хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд дүгнэж болохгүй. Энэ тохиолдолд хэргийг яллагдагч, шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэнэ. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс “...Д.Пийн Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Су Бинийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад онгоцоор тээвэрлэх явцад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нь түүний албаны чиг үүрэгт хамааралгүй тул Хахууль авах гэмт хэргийнхахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэсэн шинж үгүйсгэгдэж байгаа тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр,

харин Б.Дын Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Су Бинийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад онгоцоор тээвэрлэх явцад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Поос эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор 4.900.000 төгрөгийг түүнд өгсөн үйлдэлд Хахуул өгөх гэмт хэргийн өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан мөнгө өгсөн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд Д.П нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” гэснийг, 7.1.6 дахь заалтад заасан “албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаартай тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн талаар заажээ.

Дээрх Авлигын эсрэг хуулийн заалтууд нь тухайн албан тушаалтаны эрхэлж буй ажлынх нь харилцааг зохицуулсан хуулиар олгогдсон эрх, үүргээр тодорхойлогдох бол Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн дээрх заалт нь эмч хуульд заасан эмнэлгийн тусламж үйчилгээ үзүүлснийхээ хариуд тусламж, үйлчилгээ авснаар ёс зүйн дүрмийн хүрээнд тайлбарлагдахаар байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн дүрмийг батлахдаа тус эмнэлгийг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг гэж тодорхойлжээ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, амаржих газар нь эмнэлгийн мэргэшсэн болон эх барихын тусламж, үйлчилгээ, түргэн тусламжийн үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах, донорын зориулалтаар эд, эрхтэн бэлтгэх, хэрэглэх, хадгалах, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, эмнэлгийн үндсэн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ явуулна” гэж заажээ.

Гэрч Б.Б ... Тухайн үед би эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. ... К С Бийг БНСУ руу хүргэж өгөх зөвшөөрөл бол өгөөгүй, ер нь бол Очир тэнүүн ХХК-ийн удирдлагуудын гуйлт, бас өвчтөн К С Бий хүсэлтээр БНСУ руу явсан юм шиг байна лээ. Яг өвчтөн гадаад улс руу хүргэж өгөхийг зохицуулж баталсан журам байхгүй /1хх 159/ гэж мэдүүлсэн байх бөгөөд өвчтөнг гадаад улс руу онгоцоор тээвэрлэх талаар харилцан тохиролцсон /Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон Очир тэнүүн ХХК-ийн хооронд/ баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захиралд тухайн байгууллагын эмчид амаар үүрэг даалгавар өгч улс хоорондын нислэгийн онгоцонд эмчийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр томилох эрх олгогдоогүй бөгөөд эмнэлгийн зориулалтын бус зорчигч тээврийн онгоцонд мэс заслын заалттай өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээлгэх нь хуулиар тодорхойлон заасан Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үйл ажиллагаанд хамаарахгүй болно.

Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд тус тус заасан эмчийн үүрэгт хувь хүний гуйлтаар, албан томилолтгүйгээр /эрх, үүрэг нь тодорхой бус нөхцөл байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх багаж хэрэгсэлгүй/ улс хоорондын нислэгийн онгоцонд эмчийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар заагаагүй байна.  

  Д.Пид холбогдох хэргийн үйл баримтын цаг хугацаанд хамаарахгүй боловч түүний үйлдлийн шинж чанарт дүгнэлт хийж болохуйц журмыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/163 дугаар тушаалаар баталжээ.

Тус журмын 2.11-т Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний өртгийн тооцоололд ороогүй, ЭМДЕГ болон эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан гэрээнд тусгайлан заагдсан, иргэний хүсэлтийн дагуу үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрийг 100 хувь иргэн өөрөө төлнө гэж заажээ.

“Очир тэнүүн” ХХК-ийн урилгаар Монгол Улсад аялалаар ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К С Б зам тээврийн осолд орсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн, улмаар өвчтөн болон “Очир тэнүүн” ХХК-ийн менежер Б.Д нар өвчтөн К С Бийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчийн хяналтад хүргэж өгөх тухай хүсэлтийг амаар гаргасан талаар гэрч, яллагдагч нар мэдүүлжээ.  

            Д.П нь уг хүсэлтийг хүлээн авахдаа “2000 ам.доллар өгвөл бид явъя, хэрвээ өгөхгүй бол бид нар явахгүй, заавал явах чиг үүрэг бид нарт байхгүй” гэдгээ илэрхийлснийг “Очир тэнүүн” ХХК-ийн менежер Б.Д нь зөвшөөрч түүний дансанд 4.900.000 төгрөгийг шилжүүлжээ.

            Д.Пийн үйлдэлд албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эсхүл албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомжоор өөрт нь үүрэг болгоогүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хожим хийхээ амлаж, хахууль өгөхийг шаардсан, авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хахууль авсан гэх Д.Пийн хэргийг хэрэгсэхгүй болгож буйтай холбогдуулан хахууль өгсөн гэх Б.Дын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь зүйтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь мөн л өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой үйлдэгддэг бөгөөд эдгээр шинж Б.Дын үйлдэлд тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлийн удиртгал хэсэгт гэрчийн нэрийг бичээгүй алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй боловч цаашид анхаарвал зохино. Харин гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн үйл явц шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжүүлэгдсэн болохыг дурдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Билгүүжингийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/796 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 66 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР