Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 125/ШШ2025/0019

 

 

 

 

 

 

   2025         04           23                                                125/ШШ2025/0019

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч:  Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 52,839,540 /тавин хоёр сая найман зуун гучин есөн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 52,839,540 /тавин хоёр сая найман зуун гучин есөн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1 Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар *******ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулж шийдвэрлэсэн байна.

2.2. Тус захирамжийг *******ын зүгээс эс хүлээн зөвшөөрч Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 125/ШШ2024/0017 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ын  урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0292 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0268 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

2.3 Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/44 дугаар захирамжаар *******ыг тус өдрөөс эхлэн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар эгүүлэн томилсон байна.

2.4 Нэхэмжлэгч *******аас Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 52,839,540 /тавин хоёр сая найман зуун гучин есөн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар захирамжаар Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргаар томилогдон ажиллаж байгаад Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар "Албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлөх тухай" захирамжаар хууль бусаар ажлаас халагдсан юм. Улмаар Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаж, 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа эргэн томилогдсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-т "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг ажил олгогч нөхөн олгоно"-гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны олговорыг нэхэмжилж байна.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/Ш32024/02456 дугаар захирамжаар УДШ-ийн 2024 оны тайлбарыг үндэслэн цалин хөлсний маргааныг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж татгалзсан. Гэвч би 2025 оны 01 дүгээр сараас эхлэн үйлчилсэн ИХШХШТХуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Иргэний хэргийн шүүх цалин хөлсний маргааныг тусгайлсан журмаар шийдвэрлэх ёстой гэж гомдол гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоол гарсны дараа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Миний хувьд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс 46,334,010 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд сүүлд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж “ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 52,839,540 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэл гаргасан.

Тухайн үед би ажлаас чөлөөлөгдөөд сэтгэл санааны хувьд хүнд цохилтод орсон. Яагаад гэвэл гэнэт хамт олондоо хүндлэгдэн ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөхөд хууль бус зүйл хийсэн ч юм шиг, хамт олон болон найз нөхөд хардаж сэрдсэн байдалтай сэтгэл санааны хувьд хүнд байсан. Миний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа сэтгэл санааны болон өөр хохирол нэхэмжлээгүй, зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл цалингаа нэхэмжилсэн гэдгийг хэлмээр байна гэв.

 

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 125/ШШ2024/0017 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж 2024 оны 10 дугаар сарын 10-ны Б/44 дүгээр захирамжаар *******ыг урьд эрхэлж байсан ажил болох аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өөртэй нь тохиролцсоны дагуу аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар шилжүүлэн томилсон. Нэгэнт шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн, одоогоор Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд ажиллахгүй байгаа, Биеийн тамир, спортын газрын даргыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга томилж, чөлөөлдөг болсон, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 125/ШШ2024/0017 дугаар шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх талаар аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй болно. Нэхэмжлэгчийн хувьд тухайн буруутай шийдвэрийг гаргасан албан тушаалтнаас хохирлоо нэхэмжлэх боломжтой байна. Иймд хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд тус нэхэмжлэлийг шийдвэрлэнэ үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан. Уг заалтын хүрээнд шүүх цалин хөлсийг нь үнэлж дүгнэж, бодит байдлаар нь тогтоох нь зүйтэй байх гэж бодож байна гэв.

 

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульд заасан.

Хариуцагчийн зүгээс *******ын нөхөн олговрыг олгохдоо уг журмын дагуу тооцоолох нь зүйтэй гэж санал гаргасан. Үүнийг бид нарын зүгээс үгүйсгэхгүй, хуулийн дагуу тодорхой хэмжээг гаргуулж шийдвэрлэх боломжтой.

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаас гадна, би авах ёстой цалин олговроо нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл дундаж цалин хөлсийг тооцоолж гаргаснаас гадна, хэрэв намайг хууль бусаар ажлаас чөлөөлөөгүй байсан бол би авах ёстой байсан цалин хөлс, олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж тооцоолол гаргасан. Ингэж тооцоолол гаргахдаа тухайн үеийн нэмэгдсэн цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал зэргийг нэмж тооцоолсон байгаа нь хуульд харшлаагүй, хууль ёсны гэж үзэж байна.

 Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн ерөнхий ангийн 229 дүгээр зүйлийн 229.1-т “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч *******ын хувьд олох ёстой орлогоо нэхэмжилж байгаа гэдэг нь Иргэний хуулийн ерөнхий ангийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар олох ёстой орлогоо нэхэмжилж байгаа гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн ерөнхий ангийн 498 дугаар зүйлийн 498.1-т “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.

Иргэний хуулийн ерөнхий ангийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар үлдэгдэл хэсэг  болох  олох ёстой байсан орлогыг нь шүүхийн зүгээс хамт тооцоолон гаргаж өгнө үү.  2023 оны цалин хөлс гэдэг нэг өөр, нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ямар ч ажил хийгээгүй.  Хэрэв нэхэмжлэгч ******* нь ажил албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бол нэхэмжилж байгаа мөнгө дүнг олох ёстой байсан. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Иргэний хуулийн ерөнхий ангийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь анх шүүхэд  Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 46,334,010 /дөчин зургаан сая гурван зуун гучин дөрвөн мянга арван/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 52,839,540.00 /тавин хоёр сая найман зуун гучин есөн мянга таван зуун дөчин/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн[2].

3. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

4. Нэхэмжлэгч *******ыг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Ховд аймгийн Засаг даргын Б/05 дугаар “Албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар ажлаас чөлөөлжээ[3].

5. Энэхүү ажлаас чөлөөлсөн захирамжийг нэхэмжлэгч ******* нь эс зөвшөөрч Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийн дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 125/ШШ2024/0017 дугаар шийдвэрээр “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 захирамжийг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн[4].

 6. Дээрх шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0292 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн[5], мөн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0268 дугаар тогтоолоор[6] хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

7. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/44 дугаар “*******ыг ажилд эгүүлэн томилох тухай” захирамжаар[7] 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газрын даргаар *******ыг эгүүлэн томилсон байна.

8. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан  хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг  хариуцагчаас шаардах эрхтэй байна.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халсан буюу бууруулсан тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.

10. Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдсон хугацаа буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалин, хөлс гаргуулахаар тодорхойлсон болно. 

11. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...ажилгүй байсан хугацаанд  үндсэн цалин нэмэгдсэн, орон нутгийн  нэмэгдэл олгогдож эхэлсэн, мөн хоолны мөнгө зэрэг нь хэрэв ажиллаж байсан бол эдгээр нэмэгдлийн авах ёстой байсан  тул  дээрх нэмэгдлийг оруулан тооцож 52,839,540.00 төгрөгийг хариуцагчаас олгуулж өгнө үү...” гэжээ.

12. Хөдөлмөрийн тухай 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг  тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 1.6-д Хуанлийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр...тооцож болно гэж   заасан тул  дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн гурван сарын цалин хөлсөөр тооцохоор байна.

13. Иймд нэхэмжлэгч *******ын дундаж цалин хөлсийг 2022 оны 12  дугаар сар[8], 2023 оны 1, 2  дугаар сарын[9]   цалингийн тодорхойлолтод бичигдсэн цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь ажлын өдрийн нийт тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр тодорхойлсон болно.

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын  цалин, шагнал урамшууллаас бүрдэхээр заасан.

15. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.4-д Цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийг дор дурдсан утгаар ойлгоно, 1.4.1."үндсэн цалин" гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ. Үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс, 1.4.2."нэмэгдэл" гэж ажилтан, албан хаагчийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага, мэргэшлийн түвшин, хөдөлмөрийн нөхцөл, ажлын гүйцэтгэл зэргийг харгалзан нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэлд хөдөлмөрийн нөхцөлийн, ажилласан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цолны, зэрэг дэвийн, мэргэшлийн зэргийн, эрдмийн зэргийн, ур чадварын нэмэгдэл болон хууль тогтоомж, хамтын  гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл, 1.4.3."нэмэгдэл хөлс" гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн, эсхүл ажил хослон гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд нэмэгдүүлэн олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлсөд илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баярын өдрөөр ажилласны нэмэгдэл хөлс болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл хөлс, 1.4.4. "ээлжийн амралтын цалин" гэж ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу тооцон олгож байгаа цалин, 1.4.5. "шагнал урамшуулал" гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал онцгой чухал ажил  гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал тус тус хамаарна гэжээ.

16. Дээрхээс үзвэл цалин, хөлсний бүрдэл хэсэгт хоолны хөнгөлөлт хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс тодорхойлоход 2022 оны 12 сард 21000 төгрөг, 2023 оны 1 сард 33000 төгрөг, 2023 оны 2 сард 25500 төгрөгийн хоолны хөнгөлөлт олгогдсон байх ба хоолны хөнгөлөлт нийт 79500 төгрөгийг хасч тооцсон болно.

17. 2022 оны 12 сар  ажлын 21 өдөр, 2023 оны 1 сар  ажлын 22 өдөр, 2 сар ажлын 17 өдөр, нийт ажлын 60 өдөр   

/2416045-21000/+/1557119-33000/+/1549619-25500/=5443283 төгрөг

Нэг  өдрийн дундаж цалин, хөлс 5443283:60=90721төгрөг

2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд 17 сар, ажлын 9 өдөр буюу 17*21+9=366 ажлын өдөр

Нийт 366*90721=33.203.886 төгрөгийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул  нэхэмжлэлээс үлдэх 19,635,654 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй байна. 

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй гэж заасны дагуу дээрх  нөхөн олговор буюу 33,203,886 төгрөгнөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10  дугаар сарын 10-ны өдөр  хүртлэх  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын тамгын газар/-д  даалгах нь зүйтэй байна

19. Харин хариуцагч нь байгууллагад учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

20. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж *******т ажилгүй байсан хугацааны /2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны/  цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 33,203,886 /гучин гурван сая хоёр зуун гурван мянга найман зуун наян зургаан  төгрөгийг хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас/ гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 19,635,654 /арван ёсөн сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун тавин дөрвөн/   төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар дээрх 33,203,886 төгрөгийн нөхөн олговроос зохих  шимтгэл, хураамжийг тооцон  нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

[1] хх-ийн 1-3 дахь тал

[2] хх-ийн 82-84 дэх тал

[3] хх-ийн 60 дахь тал

[4] хх-ийн 6-22 дахь тал

[5] хх-ийн 23-31 дэх тал

[6] хх-ийн 32-33 дахь тал

[7] хх-ийн 59 дэх тал

[8] хх-ийн 55 дахь тал

[9] хх-ийн 56 дахь тал