Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00826

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00826

 

 

Г.Ц-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00679 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Ц-ын хариуцагч НТГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ц- нь НТГАТ-ийнтасагт 2014 оны 10 дугаар сараас төлбөрийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс жирэмсний амралтаа авч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус тус амаржсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ гаргаснаар Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/70 тоот тушаалаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон. Г.Ц-ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тус газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/83 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэж, ажлаас чөлөөлсөн байна. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг үндэслэх ёстой. Гэтэл ажил олгогч хуулийн дээрх заалтыг үндэслээгүй. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 9.3-т ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан боловч энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар хуульчилсан байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Г.Ц-ыг ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 906 тоот тушаалаар баталсан Орон тооны бус байцаагч ажиллуулах журам-ыг үндэслэн орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор 2015 онд орон тооны бус байцаагчдыг авч ажиллуулан, цалин хөлс, үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд тус зардал нь Татварын албаны батлагдсан төсөвт хамаарахгүй гэж журамласан.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 захирамжийн 6 дахь заалтаар Албан татвар, төлбөр хураах ажилтнуудыг томилон, удирдлага арга зүйгээр ханган татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүйгээр үйлчилгээ үзүүлэх, Улаанбаатар хотын замын цагдаагийн газрыг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг НТГ-т даалгасан. Энэ захирамжийн дагуу тодорхой төрлийн татвар, төлбөр хураамжийг хураах болон зөвлөгөө мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий албан хаагчдыг авч ажиллуулсан бөгөөд цалин хөлс, холбогдох үйл ажиллагааны зардлыг Нийслэлийн Авто замын газраас санхүүжүүлэхээр болсон. Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн Татварын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/42 тоот тушаалаар Г.Ц-ыг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулж, Нийслэлийн төсвийн татварын орлого бүрдүүлэлтийн тасагт орон тооны бус байцаагчаар ажиллуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Нийслэлийн төсвийн татварын орлогын тасагт төлбөрийн үйлчилгээний ажилтнаар авч ажиллуулсан. Г.Ц- нь төрийн албан хаагч биш, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу батлагдсан төсвийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа төлбөрийн үйлчилгээний ажилтан юм.

Монгол Улсын Их Хурал 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий хуулийг баталснаар 2008 онд батлагдсан хууль хүчингүй болохоос гадна, уг хуулийн хүрээнд дагаж мөрдөж байсан журмууд хүчингүй болсон.

Татварын ерөнхий хуульд төлбөрийн үйлчилгээний ажилтан гэх нэр, бүтэц, орон тоо байхгүй, татварын улсын ерөнхий байцаагч буюу Татварын ерөнхий газрын дарга ажил албан тушаалд авах зохицуулалттай болсон. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 тоот тогтоолоор, төрийн албан хаагчдыг мэргэшсэн байх, мэргэшсэн албыг бэхжүүлэхээр зохицуулсан. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01дүгээр сарын 27-ны өдрийн А/18 тоот тушаалаар Нийслэлийн татварын газрын бүтэц, чиг үүргийг шинэчлэн баталсан бөгөөд Нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийг татан буулгаж, энэ чиг үүргийг хуульд зааснаар татварын улсын байцаагч нараар гүйцэтгүүлэх болсон. Үүний дагуу урьд нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Төлбөрийн үйлчилгээний ажилтан гэх орон тоо байхгүй, төрийн албан хаагчийн болзол шалгуурыг хангахгүй болсон. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 тоот тушаалаар Татварын ерөнхий газрын болон харьяа нэгжийн орон тоог шинэчлэн баталсан. Албан тушаалын тодорхойлолтод зааснаар төлбөрийн үйлчилгээний ажилтан буюу орон тооны бус байцаагч нар нь Төсвийн татварын орлогын тасагт харьяалагдан ажиллаж байсан бөгөөд тус тасаг татан буугдаж, ажлын чиг үүрэг нь татварын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамаарагдах болсон. Нийслэлийн Татварын газрын даргын эрх хэмжээний хүрээнд дээрх албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж ажлаас чөлөөлсөн. Г.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй, ажил олгогч хуулийн зүйл заалтыг сонгон хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн тус газрын хүний нөөцийн албан хаагчаас Г.Ц-ад 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа хийж мэдэгдэн, улмаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/84 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажиллах хугацаанд нь Г.Ц-ад 2 удаа хүүхэд асрах чөлөөг олгосон. Г.Ц-ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд төлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ц-ыг Нийслэлийн Татварын газрын төлбөрийн үйлчилгээний ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар нэхэмжлэгч Г.Ц-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч НТГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Ц-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Г.Ц-ад буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Нийслэлийн Татварын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.У нар давж заалдах гомдолдоо:

Монгол Улсын Их Хурал 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Татварын Ерөнхий хуулийг баталснаар 2008 онд батлагдсан хууль хүчингүй болж уг хуулийн хүрээнд дагаж мөрдөж байсан журмууд хүчингүй болсон.

Татварын албаны бүтэц орон тоог өөрчлөн баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан бүтэц, орон тоо байхгүй болсон, мөн Төлбөрийн үйлчилгээний албан хаагч нарыг болзол шалгуур хангаагүй учраас хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Энэ талаар шүүхэд тайлбарласан бөгөөд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн боловч мөн хуулийн 100 дугаар зүйлд 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасны дагуу тухайн Төсвийн орлогын тасаг татан буугдаж шинэчлэн өөрчлөгдсөн. Үүний дагуу урд байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй Төлбөрийн үйлчилгээний албан хаагч нарыг болзол шалгуур хангаагүй, бүтэц орон тоо байхгүй учраас хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Мөн Төрийн албаны хаагчийн болзол шалгуурыг хангасан иргэнийг ажиллуулах үүргийг төрийн байгууллага хуулиар хүлээдэг. Татварын Ерөнхий хуулийн дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татвар хураах эрх хэмжээ нь татварын улсын байцаагчийн эрх хэмжээ болно. Иймд уг шүүхийн шийдвэрийг хянан үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Ц- нь хариуцагч НТГ-т холбогдуулан тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/83 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн Татварын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар төлбөрийн үйлчилгээний ажилтан Г.Ц-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, Нийслэлийн татварын газрын даргын 2020 оны А/25 тоот тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 4.9, 5.1.3 дахь заалт, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/18, Б/153 тоот тушаалыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлжээ. /хх6/

 

Ажил олгогч нь Г.Ц-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ... Төлбөрийн үйлчилгээний албан хаагч-ийн харьяалагдан ажиллаж байсан төсвийн татварын орлогын тасаг шинэ бүтцээр байхгүй болсон, үйлчилгээний албан хаагчийн орон тоо бүхэлдээ хасагдаж, зөвхөн татварын улсын байцаагч ажиллахаар болсон учраас төрийн албан хаагчийн болзол шалгуур хангаагүй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй болсон гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Г.Ц- нь Нийслэлийн Татварын газрын татвар хураалтын тасагт орон тооны бус байцаагчаар 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс төлбөрийн үйлчилгээний ажилтнаар тус тус томилогдож, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Мөнхбилигт, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүү Б.Очирбилиг нарыг төрүүлсэн, тус газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/70 тоот тушаалаар түүнд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөө олгосон үйл баримт тогтоогджээ. /хх51/

 

Г.Ц- нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан байх бөгөөд үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулахаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан.

 

Иймд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг заах ёстой.

 

Хариуцагч ажилтны ажиллаж байсан орон тоо байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан гэж тайлбарласан боловч тушаалд энэ үндэслэлийг заагаагүй тул хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

 

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 тоот тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг баталж, тус газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/103 тоот тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа татварын албадын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тооны хязгаарыг тус тус баталсныг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан гэж үзэхгүй.

 

Иймд байгууллагын бүтцийн өөрчлөлт хийгдэх үед нэхэмжлэгч Г.Ц- нь хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт ажилтан өөрөө хүсвэл ажил олгогч нь ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд ажил олж өгнө гэж, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь ... гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас ... бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасанд нийцэхгүй юм.

 

Дээрхээс дүгнэвэл ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ажилтны хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, тушаал шийдвэрт үндэслэлээ заагаагүйг хууль бус гэж үзэх тул ажилтны хууль бус уг шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхийг нь сэргээж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь зөв байна.

 

Нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/83 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж дүгнэн хүчингүй болгох шаардлагагүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2021/00679 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ