Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1173

 

2023            12              07                                       2023/ДШМ/1173       

                                   

 

Б.Зт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр, Д.Ариунзориг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/678 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Зт холбогдох эрүүгийн 2305000000456 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.З, 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин 0 дугаар баг, 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/;

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.З нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх хугацаанд цахим хэрэгсэл ашиглан “тарваганы мах зарна”, “байр түрээслүүлнэ”, “сандал, ширээ, тавилга зарна” гэж фэйсбүүкт хуурамч зар байршуулан нэр бүхий 108 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 11.825.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Б.Зыг 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Зт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 37 хоног хорих ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Б.Зын биечлэн эдлэх нийт ялыг 5 жил 37 хоногийн хугацаагаар тогтоож, Б.Зт урьд авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Зын цагдан хоригдсон 118 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Зт оногдуулсан 5 жил 37 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.З нь “Залилах” гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 11.825.000 төгрөгийн хохирол төлбөр учруулснаас 11.755.000 төгрөгийн хохирлыг хохирогч нарт буцаан төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Заас 70.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Зд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2023 оны 3 дугаар сарын 02-н хүртэлх хугацаанд нэр бүхий 108 хүнээс “тарваганы мах зарна, тавилга хүргэж өгнө” гэсэн зарыг цахим орчинд байршуулж бусдад 11.825.000 төгрөгийн хохирлыг учруулсан хэдий ч уг мөнгөөр амьдрал ахуй, гэр орондоо зарцуулсан нэг ч төгрөг байхгүй юм. Би уг мөнгөөр цахим мөрийтэй тоглоом болох “1xbet” “Poxerstars” тоглоод тэр даруйд нь алдсан ба хавтаст хэрэгт авагдсан өөрийн эзэмшлийн 5946370265 Хаан банк, 469045599 Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга дээр тодорхой харагдаж байгаа юм.

Мөн прокурор Б.Билгүүнд цахим мөрийтэй тоглоом тоглодог 2 хаягийн гүйлгээний түүх, дансны мэдээллийг шалгуулах гэж амаар болон бичгээр удаа дараа хүсэлт тавьсан ч авч хэлэлцэхгүйгээр зогсохгүй хэт яллах талыг баримталж гэмт хэрэг үйлдсэн хугацаанаас өмнөх үеийн дансны хуулгыг оролцуулан ярьж шүүх бүрэлдэхүүнд буруу ойлголт төрүүлсэн.

Тодруулбал, би өөрийн эзэмшлийн 5946370265 Хаан банкны данснаас 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэж эхлэхээс 2 сарын өмнө эхнэр Одмандахын эзэмшлийн 5104031048 Хаан банкны данс руу 6 сая төгрөг шилжүүлсэн. Уг мөнгө нь эхнэр бид хоёрын хуримтлуулсан мөнгө байсан ба энэ талаар миний эхнэр Одмандах шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө ч тодорхой тайлбарласан байдаг. Энэ гүйлгээг хүртэл гэмт хэрэгтэй холбож ярьсанд маш их гомдолтой байна.

Мөн прокурор Б.Билгүүн нь намайг гэмт хэрэг үйлдэх явцдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан гэж ямар ч нотлох баримтгүй зүйл ярьж шүүх бүрэлдэхүүнд ташаа ойлголт төрүүлсэн. Нийгмийн даатгал төлөгдөөгүй гэх шалтгаанаар гэмт хэрэг үйлдэх хугацаанд ажил хийж байгаагүй гэж дүгнэх нь хэтэрхий нэг талыг баримталсан ойлголт юм. Намайг албадан саатуулахдаа Орхон аймагт байрлах Баялаг нэртэй зоогийн газар ажил үүргээ гүйцэтгэж байх үед саатуулсан байдаг.

Хавтас хэрэгт 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс төгсөх хүртэл хугацаанд миний өөрийн эзэмшлийн 5946370265 Хаан банк, 469045599 Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгыг харахад нийт орлого нь 118.260.169 төгрөг байснаас гэмт хэрэг үйлдэж олсон 11.825.000 төгрөгийг хасах юм бол 106.435.169 төгрөг байх ба уг мөнгө нь миний өөрийн болон гэр бүлийн хувиараа хөдөлмөр эрхэлж олсон цалин хөлс ба тодруулбал хуулийн дагуу олсон орлого юм.

Миний бие эхнэр Одмандахын хамт хадам аав ээжийн ажиллуулдаг “Сэртэн Номгон Сайхан” хоршооны ажилд туслах, мөн арьс, шир, ноос, ноолуур, малын гаралтай түүхий эд авч Улаанбаатар, Орхон аймаг руу оруулан зарж сардаа 3-4 сая төгрөгийн тогтмол орлоготой байдаг талаараа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байдаг. Мөн миний эхнэр Одмандах шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ч энэ талаар дэлгэрэнгүй ярьсан байдаг.

Би мөрийтэй тоглоомонд донтож ээж, аав, эхнэр, хүүхдийнхээ өмнө маш том алдаа гаргаад зогсохгүй нэр бүхий 108 хохирогчийн өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Миний бие нь гэм буруугаа хүлээсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс өөрийн үйлдсэн гэмт хэргийн 100-аад үйлдлийг илчлэн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирсон 108 хүний хохирлыг төлж барагдуулж, нийгмийн хор аюулыг арилгасан болно.

Анхан шатны шүүх зөвхөн үйлдлийн тоонд дүгнэлт хийж ялыг хүндрүүлэн оноосон гэж үзэж байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/678 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “залилах” гэмт хэргийг тогтвортой үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэх үндэслэлээр 5 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Шүүгдэгч Б.З нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 108 хүнээс тарваганы мах зарна, тавилга хүргэж, угсарч өгнө гэсэн зарыг цахим орчинд байршуулж бусдад 11.825.000 төгрөгийн хохирол учруулсан байдаг.

Б.З нь 2021 оноос эхлэн мөрийтэй тоглоомд донтож гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр тухай бүр мөрийтэй тоглосныг хавтаст хэрэгт авагдсан Б.Зын Хаан банкны болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга дээр тодорхой харагдаж байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт /ШТ 61 тал/ “шүүгдэгч Б.З нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 108 удаагийн үйлдлээр 11.825.000 төгрөгийн хохирол бусдад учруулж, бусдын эд зүйлийг нэг адил үйлдлийн аргаар, олон үйлдлээр хуурч авсан, өөрийн энэ үйлдэлдээ идэвхтэй хандан, хүсэж үйлдсэн, хохирогч нараас авсан мөнгийг өөрийн зугаа цэнгэл, амар хялбар амьдрах эх сурвалж болсон мөрийтэй тоглоом тоглоход зарцуулсан, шунахайн сэдэлтэй, түүний хууль бус үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчийн гэмт үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй хууль бус гэж дүгнэх үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нь гэм хэрэг үйлдсэн хугацаанд ажил төрөл эрхэлж байгаагүй, түүний амьдралын эх үүсвэрийг нотолсон бусад орлогын эх үүсвэр байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна” гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримт болох дансны хуулгуудад цалин гэх утгатай орлого байхгүй, мөрийтэй тоглоомыг амьдралын эх үүсвэр болгосон байна гэж дүгнэлтээс ойлгогдож байгаа нь алдаатай дүгнэлт юм. Учир нь, шүүх хуралдаанд Б.Зын эхнэр Одмандах гэрчийн мэдүүлэг өгөхдөө Б.З бид хоёр манай аав ээжийн ажиллуулдаг хоршооны ажилд тус болж, мөн арьс, шир, ноос, ноолуур болон малын гаралтай түүхий эд авч хот оруулан зарж мөнгө олдог байсан талаар тодорхой ярьдаг. Шүүгдэгч Б.З нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ энэ талаар мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байсан талаараа болон нийгмийн даатгал төлөөгүй зэрэг байдлыг дурдсан байдаг. Мөн Б.Зыг албадан саатуулахдаа ажиллаж байсан зоогийн газарт очиж ажил хийж байх үед нь саатуулсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганаас харахад гэмт хэрэг эхлэхээс төгсөх хүртэлх хугацааны орлого нь нийлбэр дүнгээр 118.260.169 төгрөг байснаас гэмт хэрэг хийж олсон орлогыг хасах юм бол 106.435.189 төгрөг буюу тодруулбал хуулийн дагуу олсон орлого юм.

Улсын дээд шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоолд залилан мэхлэх гэмт хэргийн амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг тодорхой тайлбарласан байдаг.

Хавтаст хэрэгт гэмт хэргийн замаар олсон 11.825.000 төгрөгийн хэдэн хувиар мөрийтэй тоглосноос хэдэн төгрөг хожсон, хэдэн төгрөг алдсан, мөн хожсон мөнгөөрөө дахин тоглосон байна уу эсвэл амьдрал ахуйдаа зарцуулсан байна уу гэдэг нь тодорхойгүй, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос гадна байх 106.435.169 төгрөгийн орлого нь хувиараа хөдөлмөр эрхэлж байсан гэдгийг нотолсоор байтал үгүйсгэж байгаа юм.

Шүүгдэгч Б.З өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс өөрийн үйлдсэн гэмт хэргийн 100-аад үйлдлийг илчлэн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирсон 107 хүний хохирлыг төлж барагдуулж, нийгмийн хор аюулын шинжийг арилгасан, хохирогч Золбоогийн утас холбогдохгүй, данс нь тодорхойгүй байсан тул 70.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн нь хавтаст хэрэгт авагдсан болно.

Анхан шатны шүүх зөвхөн үйлдлийн тоонд дүгнэлт хийж хүндрүүлэн ялыг оноосон байна гэж үзэж байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/678 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ... Б.З нь 100 удаагийн үйлдлээ өөрөө илчлээгүй байсан бол түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” гэж заасан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд прокурор шүүгдэгч Б.Зын эхнэрийнхээ данс руу “сайхан амьдруулна” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 6.000.000 төгрөгийг “мөрийтэй тоглоом тоглож олсон мөнгө” гэж тайлбарладаг. Гэтэл Б.З нь уг гэмт хэргийг үйлдэгдэхээс өмнө эхнэрийнхээ данс руу тухайн 6.000.000 төгрөгийг “сайхан амьдруулна” гэж шилжүүлсэн байдаг. Иймд дээрх нөхцөл байдлаас үзэхэд миний үйлчлүүлэгч Б.Зын үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.З нь үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Зт урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 37 хоног хорих ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023/ШЦТ/678 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Б.Зын биечлэн эдлэх нийт ялыг 5 жил 37 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн. Уг ялуудыг нэмж нэгтгэлгүйгээр тус тусад нь шийтгэхээр оногдуулж өгнө үү. Мөн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/678 дугаар шийтгэх тогтоолоор Б.Зт оногдуулсан 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах зарчмыг баримтлан бууруулж өгнө үү” гэв.

Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч нарын зүгээс түүний үйлдсэн гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг болох нь тогтоогдохгүй байна. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг юм” гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Зын эзэмшлийн Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганы баримтуудаас үзэхэд “тарвага зарна” гэж зар нийтэлсний дараа түүний дансанд 70.000-90.000 төгрөгийн хэд хэдэн удаагийн орлого орж ирсэн байдаг. Уг мөнгийг хоол, дэлгүүр, такси зэрэгт зарцуулсан байдаг бөгөөд эхнэрийнхээ данс руу “хоёулаа хуримаа сайхан хийнэ” гэж хэлээд 6.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч нарын зүгээс “Б.З нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгоогүй. Тодорхой орлоготой байсан” гэж энэ талаар баримтаа гарган мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан. Шүүгдэгч Б.Зын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг нь харгалзан түүнийг ашиг, орлоготой байсан эсэхийг нь дүгнэсэн. Мөн хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Зын эзэмшлийн дансны хуулганы баримтуудаас үзэхэд түүний дансанд “цалин, орлого” гэсэн утгатай нэг ч орлогын баримт байдаггүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгчээс шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгоогүй болохыг нотлох баримт байна уу. Ямар баримтыг үндэслэж уг гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгоогүй гэж үзэж байгаа юм бэ” гэхэд өмгөөлөгчид ямар ч хариу тайлбар хэлээгүй. Шүүгдэгч Б.З нь мөрийтэй тоглоом тоглож олсон орлогоо дэлгүүр, такси зэрэгт зарцуулсан болох нь түүний дансны хуулганы баримтаас тодорхой харагддаг. Прокурорын зүгээс хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Зын дансны хуулганы баримтыг хянахдаа гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо юунд хэрхэн зарцуулсан болохыг нь өнгө өнгийн харандаагаар тодруулсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунзоригийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэж гаргасан тайлбарт холбогдуулан прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй. Учир нь, энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.З нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх хугацаанд цахим хэрэгсэл ашиглан “тарваганы мах зарна”, “байр түрээслүүлнэ”, “сандал, ширээ, тавилга зарна” гэж фэйсбүүкт зар байршуулан нэр бүхий 108 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 11.825.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.А /4хх 120-121/, С.Б /4хх 105-106/, Д.Т /3хх 69-70/, Б.Ж /6хх 10-11/, Э.А /3хх 161-162/, Т.Ч /4хх 71-72/, Б.О /5хх 185-186/, Б.Г /3хх 116-117/, Б.Д /5хх 200-201/, Д.Н /4хх 56-57/, Г.Б /4хх 26-27/, Б.Т /6хх 25-26/, С.Н /3хх 177-178/, А.Н /3хх 101-102/, А.Г /3хх 85-86/, Н.Б /4хх 242-243/, Л.Э /4хх 221-222/, Д.О /4хх 90-91/, Н.Б.З /3хх 193-194/, Б.Б /7хх 76-77/, Л.С /5хх 215-216/, Э.Ө /4хх 41-42/, Б.Г /5хх 230-231/, Д.С /5хх 245-246/, Х.Х /7хх 90-91/, Г.О /3хх 146-147/, Б.П /5хх 21-22/, Ч.Б /7хх 44-45/, Э.Т /7хх 61-62/, Ц.Э /7хх 5-6/, Х.Г /2хх 220-221/, Ж.Б /6хх 207-208/, Б.Л /6хх 240-241/, Х.Б /3хх 31-32/, Б.А /2хх 235-236/, Д.А /3хх 15-16/, М.П /2хх 250, 3хх 1/, Г.А /6хх 190-191/, Э.Б /3хх 131-132/, А.Б /6хх 174-175/, Х.Х /3хх 229-230/, Э.Ч /1хх 163-164/, П.Н /1хх 185-186/, Н.Л /1хх 221-222/, А.А /1хх 236-237/, Г.А /1хх 93-122/, Н.Б /2хх 12-13/, Ц.Д /2хх 24/, Р.О /2хх 40-41/, С.Н /2хх 40-41/, С.Ж /2хх 66-67/, Б.С /2хх 81-82/, У.М /2хх 96-97/, Ч.Д /2хх 115-116/, Д.О /2хх 130-131/, Т.С /2хх 145-146/, С.Б, Л.У, /2хх 173-174/, Ч.Б /2хх 188-189/, Г.Б /2хх 203-204/, П.Г /2хх 220-221/, Б.Б /3хх 47-48/, М.Э /3хх 213-214/, Э.Б /3хх 247/, Э.Л /4хх 11-12/, Ж.Б /4хх 138-139/, Л.Л /4хх 153-154/, М.Э /4хх 175-176/, Б.Х /4хх 190-191/, Я.О /хх 205-206/, Л.Б /4хх 242-243/, Д.А /5хх 6-7/, Д.П /5хх 21-22/, Б.Ж /5хх 34/, Л.А /5хх 46/, Б.Б /5хх 62-63/, Ц.Г /5хх 73/, П.Д /5хх 88-89/, Н.Э /5хх 101-102/, М.Ч /5хх 116-117/, Б.Э /5хх 130-131/, Ч.Г /5хх 145-146/, Э.Э /5хх 159-160/, В.М /6хх 40-41/, З.Г /6хх 58-59/, Э.Э /6хх 113-114/, С.Г /6хх 129-130/, Т.Х /6хх 144-145/, Э.Н /6хх 159-160/, Б.А /7хх 112-113/, Н.У /7хх 126-127/, Г.З /7хх 141-143/, Г.З /6хх 92-93/, М.Н /7хх 156-157/, О.Б /7хх 167/, Б.З /8хх 75-76/, Т.Д /8хх 102-103/, Д.О /8хх 158-159, 162-163/, П.М /8хх 200/, У.Б /8хх 229-230/, З.Ч /9хх 142-143/, А.Л /9хх 148/, Ч.Б /9хх 153/, Д.Т /9хх 160/, Э.Ө /9хх 165/, Л.П /9хх 194/, У.Б /1хх 201-202/, С.Ц /1хх 16/,

гэрч Э.Н /4хх 157-158/, Л.Б /5хх 163-164/, Н.Г /8хх 202/ нарын мэдүүлэг,

Хаан банкны 5946370265 тоот депозит дансны хуулга /1хх 81-90/, Худалдаа хөгжлийн банкны 469045599 тоот дансны хуулга /1хх 93-122/, мөнгө шилжүүлсэн баримт /4хх 74-75, 223-228/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх 112-113/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Зыг “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Зын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх хугацаанд цахим хэрэгсэл ашиглан “тарваганы мах зарна”, “байр түрээслүүлнэ”, “сандал, ширээ, тавилга зарна” гэж фэйсбүүкт зар байршуулан нэр бүхий 108 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.З “... Анхан шатны шүүх зөвхөн үйлдлийн тоонд дүгнэлт хийж ялыг хүндрүүлэн оноосон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр “Б.Зын үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинжийн хууль зүйн ойлголтыг тайлбарлаж, шүүгдэгч Б.Зын нэр дээр бүртгэлтэй банкны дансны хуулгыг шинжлэн судлах байдлаар 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаан дахь мөнгөний гүйлгээ, зарцуулалтын талаар дүгнэсний эцэст залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нарын “үйлдлийн тоонд дүгнэлт хийж, зүйлчлэл хүндрүүлсэн” талаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

Шүүгдэгч Б.Зын зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг бүрэн төлсөн, түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хорих ялыг багасгах талаар гаргасан түүний хүсэлт, давж заалдах шатны шүүх хуралдаанд танилцуулсан өмгөөлөгч Д.Ариунзоригийн ял хөнгөрүүлэх санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр өмгөөлөгч Д.Ариунзоригийн шүүх хуралдаанд гаргасан “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авч, шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Зын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 107 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22ы өдрийн 2023/ШЦТ/678 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Зт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 37 хоног хорих ялаар дүйцүүлэн сольж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Б.Зын биечлэн эдлэх нийт ялыг 5 жил 37 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Зт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 37 хоног хорих ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн Б.Зын биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 7 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

5 дахь заалтынЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Зт оногдуулсан 5 жил 37 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Зт оногдуулсан 3 жил 7 сар 7 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Зд 70.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 107 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай..     

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР