Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 655

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ч   

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурор 

Нэхэмжлэлийн шаардлага: 

• “Монгол Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар ***тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, 

• Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 

• 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулах” 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн, нэхэмжлэгч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, гэрч И.Э, Ё.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б*******ын Ч би 1988 онд МУИС-н НУФ-н хуулийн ангийг төгсөөд Улсын прокурорын 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ***тоот тушаалаар Баянхонгор аймгийн Прокурорын газарт томилогдсоноос хойш аймаг, дүүрэг, Тээврийн прокурорын газруудад тасралтгүй 28 дахь жилдээ прокуророор ажиллаж байгаад Монгол улсын ерөнхий прокурор М.Э-гийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ***дугаартай “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд байгаа билээ. Гэвч уг тушаал нь холбогдох хууль журмуудыг зөрчсөн гэж үзэж Прокурорын байгууллагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь заалтуудыг үндэслэн тус шүүхэд гомдол гаргаж байна.

Уг тушаалд прокурорын ёс зүй зөрчсөн талаарх Прокурорын ёс зүйн хорооны 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг үндэслэн “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ. Гэтэл Прокурорын байгууллагын тухай хуулийн 421 дүгээр зүйлд Прокурорын ёс зүйн зөвлөлийн талаар хуульчилж, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 6 дугаар сарын 04-ний 85 дугаар зарлигаар Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан ба прокурорын байгууллагад Прокурорын ёс зүйн “хороо” гэж байхгүй юм. Зөвлөлийг “хороо” гэж андуурсан нь жижигхэн алдаа мэт байж болох ч үүнийг агуулгын хувьд том алдаа гэж үзэхээр байна. Үүнээс гадна мөн хуулийн 421.4-д “Прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн тухай асуудлыг Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ”, Прокурорын ёс зүйн дүрмийн 11.1-д “энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь нотлогдвол тухайн прокурорт Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно”, Прокурорын Сахилгын дүрэмд “прокурорт сахилгын шийтгэл оногдуулахдаа Прокурорын байгууллагын тухай хууль, Прокурорын Сахилгын дүрмийн аль заалтыг баримталж байгаагаа тушаалдаа заавал дурьдсан байна...ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол Прокурорын ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг давхар баримтална” гэж заажээ. Гэтэл Прокурорын Сахилгын дүрмийн ямар заалтыг баримталсан нь тушаалд байхгүйгээс гадна сахилгын шийтгэл хүлээх гэж байгаа надад шалгалтын материалыг ч бүрэн танилцуулаагүй, видео бичлэг гэх зүйлийг огт харуулаагүй, гомдол гаргасан гэх этгээдийн гомдлыг цааснаас л уншсан болохоос амнаас нь сонсоогүй, Ёс зүйн зөвлөлийн хуралд ир гэсэн боловч гаднаа 30-д минут хүлээлгэж, дотор нь 3 минут ч болгоогүй атлаа 

“Прокурорын ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн” гэж тушаалдаа заасныг одоо болтол ойлгохгүй л явна. Сүүлд энэ заалтыг уншихад Прокурор биеэ авч явах ёс зүйн хэм хэмжээ гэсэн бүлгийн “Прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна” гэх заалт байсан ба миний хувьд олон нийтийн дунд прокурорын байгууллагын нэр хүндийг гутаасан ямар ч үйлдэл хийгээгүй гэдгээ л мэдэж байна. Прокурорын ёс зүйн зөвлөлд ирсэн. гомдлын хувьд тус зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч дарга Ц.Бод өөрийн мэдэх зүйлээ дэлгэрэнгүй бичиж байсан тул үүнийг нэхэмжлэлдээ хавсаргалаа.

Уг тушаалын 3 дугаар заалтын дагуу томилолтын асуудлыг хэрхэн шийдсэн тушаал шийдвэрийг би хүлээж аваагүй боловч Хан-Уул дүүргийн Прокурорын газарт туслах ажилтнаар томилсон шүү гэсэн мессежийг *** дугаарын утаснаас 01 дүгээр сарын 28-ны өдөр явуулсан байсан. Хэрвээ ийм шийдвэр гарсан бол энэ нь мөн хууль журмаа зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 46 дугаар зүйлд Прокурорын байгууллагын албан тушаалын бүрэлдэхүүнийг тогтоохдоо Улсын ерөнхий прокурорын газарт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор болон хяналтын прокурор, Аймаг, нийслэл, дагнасан болон дүүргийн прокурорын газарт аймаг, нийслэл, дагнасан болон дүүргийн прокурор, түүний орлогч, туслах прокурор болон хяналтын прокурор, Сум, сум дундын прокурорын газарт ахлах болон хяналтын прокурор ажиллахаар заасан ба Улсын ерөнхий прокурорын 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан Прокурорыг сэлгэн ажиллуулах, дэвшүүлэн томилоход мөрдөх журмын гуравдугаарт прокурорын албан тушаалын ангиллыг А, В, С, Р, Е гэсэн 5 ангилалд хувааж Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор нь В ангилалд багтсан бөгөөд харин прокурорын “туслах ажилтан” эдгээрийн аль ч ангилалд байхгүй юм. Өөрөөр хэлбэл прокурор, туслах ажилтан хоёр нь сэлгэн ажилладаг албан тушаал биш бөгөөд прокурорын асуудлыг зөвхөн Улсын ерөнхий прокурорын эрх хэмжээнд шийддэг бол туслах ажилтан нь Тамгын хэлтсийн даргад ажлаа хариуцан тайлагнадаг субъект юм. Иймд уг тушаал нь “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан нэртэй боловч агуулгаараа прокурорын албан тушаалаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.

Сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор, Прокурорын Сахилгын дүрэмд илрүүлснээс хойш 3 сар, зөрчил гаргаснаас хойш 1 жил байхаар тогтоожээ. Миний хувьд ямар зөрчил хэзээ гаргаснаа мэдэхгүй байгаа боловч Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтгүй тэмдэглэснээр “иргэн Б.Мг нь бичгээр гаргасан гомд*******оо 5 сая төгрөгөөр хохироод 1 жилийн нүүрийг үзэж байна” гэжээ. Тэгэхээр тухайн хүнээс гомдол гарсан талаар 2015 оны 10 дугаар сард Улсын Ерөнхий Прокурорын газраас Э гэж прокурор дуудаж надаас тайлбар авч байсан болохоор тэр үед 1 жил нь өнгөрсөн байжээ гэж ойлгогдохоор байна. Үүнээс гадна Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 6 дугаар сарын 04-ний 85 дугаар зарлигаар батлагдсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 4.2-д “гомдол хүсэлтийг шалгах чиг үүрэг бүхий нэгж нь түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан шалгаж дуусгана. Нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай тохи************** зөвлөлийн дарга хугацааг нэг удаа 5 хүртэл хоногоор сунгана”, 4.9-д “зөвлөл нь прокурорын ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг хянан шалгасан шалгалт дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан хуралдаанаар хэлэлцэнэ” гэж заасан бөгөөд Б.М гэж хүний гомдлыг 2015 оны 10 дугаар сараас хойш шалгаад 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдаанаар хэлэлцсэнээс үзэхэд 19 хоногийн хугацаа хичнээн олон хоног хэтэрсэн нь ойлгогдохоор байна. Ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаанаар дахин хугацаа сунгах болон шалгалтын ажиллагааг түдгэлзүүлэх талаар зохицуулалт байхгүй болно.

Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаартай дүгнэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2.7-д зөвлөлийн дарга нь зөвлөлийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулахаар заасан боловч “танилцсан прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Ц.Б” гэсэн дээр гарын үсэг зурж баталгаажигдаагүй байна. Мөн зөвлөлийн дарга нь миний давж заалдсан гомдлыг огт шалгаагүй, хурлаар хэлэлцүүлээгүй, надтай ч уулзаагүй атлаа маш богино хугацаанд өмнөх дүгнэлт үндэслэлтэй гэсэн хариу өгсөн байдаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 4.14-д “зөвлөлийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасан боловч давж заалдсан гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар огт журамлаагүй орхигдуулсан нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулах тухай хүний үндсэн эрхийг хаасан эрх зүйт нийгэмд байж болшгүй ноцтой зүйл юм.

Аливаа шийтгэлийг оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шалтгаан нөхцөл, зөрчил гаргагчийн хувийн байдал зэргийг харгалзахаар хууль журамдаа тодорхой заасан байдаг. Миний хувьд 23 настайдаа прокурорын байгууллагад орж ажилласнаас хойш Прокурорын ёс зүйн болон Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр, Улсын ерөнхий прокурорын тушаалаар ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Гэтэл хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих үндсэн чиг үүрэг бүхий Прокурорын байгууллагын удирдах албан тушаалтнууд, тэр тусмаа журамдаа “мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй прокуроруудаас бүрдсэн” ёс зүйн зөвлөл нь ийм үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргаж хүний 50 жилийн амьдрал, 30 жилийн хөдөлмөр зүтгэлээр “наадаж” байгаад үнэхээр гутарч, харамсаж байна. Прокурорын байгууллага “жинхэнэ” прокуроруудаар хамгийн их дутагдаж, нийгэмд сөрөг хандлагууд гарсаар байгааг мэдэрч, ойлгохыг хүсч байна” гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Прокурорын байгууллага нь Үндсэн хууль болон Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үүргээ прокурор, туслах ажилтан, захиргааны болон үйлчилгээний ажилтнаар дамжуулан хэрэгжүүлдэг.

Прокурор, туслах ажилтан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль  тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч прокурорын байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчид болно.

Б.Чг Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн прокуророос чөлөөлж, туслах ажилтнаар томилсон Улсын Ерөнхий прокурорын тушаал нь түүнийг Прокурорын байгууллагаас буюу Төрийн албанаас чөлөөлсөн, халсан шийдвэр биш бөгөөд тэрээр одоог хүртэл Прокурорын байгууллагын ажилтан хэвээр байгаа болно.

Улсын Ерөнхий прокурор нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтад зааснаар прокурорыг томилох, чөлөөлөх бүрэн ; эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд мөн хуулийн 18.1.6, 18.1.8 дахь заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтныг ажилд 1 томилж, чөлөөлөх асуудлыг мөн шийдвэрлэж байна.

Дээрх хууль тогтоомж, тушаалаар прокурор, ажилтныг томилж, чөлөөлөх асуудал нь Улсын Ерөнхий прокурорын бүрэн эрхэд хамаарч байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтын хүрээнд Улсын Ерөнхий прокурор хяналтын прокурор Б.Чд Прокурорын байгууллагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3 дахь заалтыг баримтлан “албан тушаал бууруулах сахилгын шийтгэл” оногдуулсан. Прокурорын байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар прокурорыг дээд, доод шатны прокурор гэж 2 ангилан хуульчилсан. Доод шатны прокурорт “албан тушаал бууруулах сахилгын шийтгэл” хүлээлгэсэн тохи************** нийслэл, тээврийн прокурорын газраас дүүргийн, аймгийн прокурорын газраас сум дундын прокурорын газар руу албан тушаал бууруулах, өөрөөр хэлбэл доод шатнаас доод шат руу албан тушаал бууруулах тухай ойлголт байхгүй юм. 

Доод шатны прокурор бүр албан тушаалын чиг үүргийн хувьд хууль тогтоомжоор хүлээлгэсэн бүрэн эрхийг адил, тэгш эдэлж хэрэгжүүлдэг.

Б.Чгийн талаар гарсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, прокурорын байгууллагад олон жил ажилласан хугацаа, нас зэргийг нь харгалзан Сахилгын шийтгэлийн төрлүүдээс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд Б.Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Ч: Улсын ерөнхий прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  ***дугаар шийдвэр нь хууль ёсны байх, үндэслэлтэй байх, шударга ёсонд нийцсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 

1. Уг тушаалын үндэслэл болох Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг Прокурорын ёс зүйн хорооны дүгнэлт гэж буруу бичсэн. 

2. Прокурорын сахилгын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10-д “энэ дүрмийн аль заалтыг баримталж байгааг тушаалдаа заавал дурдсан байна” гэж заасан тушаалд энэ талаар тусгаагүй.

3. Сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор, Прокурорын сахилгын дүрэмд зөрчил гаргаснаас хойш 1 жил, илрүүлснээс хойш 3 сар гэж тогтоож өгсөн байдаг. Гэвч 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт иргэн Б.Мийн гомдол ирсэн байдаг ба гомд*******оо “5 сая төгрөгөөр хохироод 1 жилийн нүүрийг үзэж байна” гэж бичсэнээс харахад би 2014 оны 10 дугаар сараас өмнө зөрчил гаргасан гэж ойлгогдохоор байгаа юм.  Тиймээс хугацааны асуудал зөрчигдсөн гэж үзэж байна. 

4. Тухайн тушаал үндэслэлтэй байх хууль зүйн шаардлагыг хангаагүй. Уг тушаалын үндэслэл болсон ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь өөрөө үндэслэлгүй бөгөөд захиргааны эрх бүхий албан тушаалтан үүнийг үндэслэлтэй эсэхийг анхааралгүй уг шийдвэрийг гаргасан. Тухайлбал прокурорын ёс зүйн зөвлөл өөрөө ажиллах дүрэм журмаа зөрчсөн, хугацааны талаарх заалтуудыг зөрчиж шалгасан.  Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах дүрмийн 4.2-т “гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтааж шалгаж дуусгана” гэж заасан. Нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай бол нэг удаа 5 хүртэл хоногоор сунгана. Гэтэл уг гомдлыг 2 сар гаруй хугацаанд шалгасан. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн. Дахиж хугацаа сунгах, түдгэлзүүлэх зэрэг гомдол хэлэлцэх хугацааг зохицуулсан зохицуулалт байхгүй. Тиймээс Прокурорын ёс зүйн зөвлөл журмаа зөрчсөн тул Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар дүгнэлт хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 3.2.7-д “зөвлөлийн дарга нь зөвлөлийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан боловч “танилцсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Ц.Б” гэсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Уг журмын 4.14-т “уг журмыг мэдсэнээс хойш 3 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасан. Энэ хугацаанд давж заалдах гомдол гаргасан ч хянаж хэлэлцээгүй. Ямар нэгэн байдлаар хянаж хэлэлцэх журам нь ёс зүйн зөвлөлийн журамдаа байхгүй. Иймд гомдол гаргагчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. 

5. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд Б.Чгийн гаргасан зөрчил нь Б.Мийн тайлбар болон видео бичлэгээр тогтоогдсон гэсэн байдаг ба үүнээс энэ нь хөдөлшгүй баримтаар нотлогдох мэт харагдана. Гэтэл тухайн бичлэг нь 2015 онд /энэ асуудал болсон гэдгээс хойш жил гаруйн дараа/ хийгдсэн тээврийн прокурорын гадаа орж гарч байгаа бичлэг байдаг. Иймд хэн ч уншсан прокурор Б.Ч мөнгө авсан гэж ойлгогдохоор гарсан үндэслэлгүй дүгнэлт юм. 

Мөн гомдол гаргагч Б.М, н.Т нарын гаргасан тайлбар хоорондоо зөрүүтэй байдаг. Ёс зүйн зөвлөлийн хурал дээр Б.М өөрийн гараар Б.Чд хорин мянгатын дэвсгэртээр мөнгө өгсөн гэдэг. Гэтэл дүгнэлтэд Б.Ч нь Б.Моос н.Төрбатаар дамжуулж мөнгө авсан гэсэн байдаг. Иймд уг тушаалын үндэслэл болсон зүйл нь өөрөө үндэслэлгүй байгаа бөгөөд ийм үндэслэлгүй баримтыг хянаж шалгалгүйгээр уг тушаалыг гаргасан нь бас нэг зөрчилд тооцогдоно. 

Прокурорын ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Прокурор өөрийн бүхий л үйл ажиллагаанд биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээнэ” гэж заасан байдаг. Үүнийг зөрчсөн гэж надад сахилгын арга хэмжээ авсан. Гэвч би энэ заалтын ямар зөрчилд нь хамаарах зөрчил гаргаснаа ойлгохгүй байна. Мөн би давж заалдах эрхээ хангуулж чадаагүй, надад энэ бүхнийг тайлбарлах боломж олгоогүй тул гомдолтой байна. 

2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаар тушаалаар прокурорын албан тушаалыг 5 ангилалд хуваасан. Хариуцагч энэхүү ангиллыг “прокурорыг дэвшүүлэн ажиллуулахад л хамааралтай” гэж тайлбарладаг. Надад арга хэмжээ авч, албан тушаал бууруулж, намайг прокурорын туслах ажилтан болгосон. Гэвч прокурор, прокурорын туслах ажилтан нь албан тушаалын зэрэглэлийн хувьд сэлгэн ажилладаг албан тушаал биш. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу прокурорын туслах ажилтан нь захиргааны албан хаагч, прокурор нь төрийн тусгай албан хаагчид хамаардаг. Мөн ажил үүрэг, чиг үүрэг, зохицуулах хуулийн хувьд ч өөр бөгөөд цалин нь ч ялгаатай. Прокурорын цалингийн хэмжээг Улсын их хурлын тогтоолоор тогтоодог” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ Прокурорын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг буруутгаж ярьж байна. Гэвч Прокурорын ёс зүйн зөвлөл гомдол мэдээлэл ирсний дагуу шалгаж, шалгалтаар зөрчил тогтоогдсон учир дүгнэлт гаргасан байдаг. 

Мөн нэхэмжлэгч Прокурорын сахилгын дүрэмд заасан 1 жил, 3 сарын хугацаа өнгөрсөн гэж ярьж байна. Сахилгын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д “зөрчлийг илрүүлснээс хойш 3 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Аливаа прокурорын үйл ажиллагааны талаар хэн, хэзээ ч гомдол гаргаж болно. Гомдлыг хүлээн авснаар илэрсэн гэж үзэж болохгүй. Тухайн гомдлыг хүлээн авч процессын дагуу зөрчил мөн болохыг тогтоосноор илэрсэн гэж үзнэ. 

Прокурорын байгууллагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3 дахь заалтаар прокурорыг албан тушаал бууруулах асуудлыг зохицуулж өгсөн бөгөөд прокурорын албан тушаалыг ангилсан тогтоолоор сахилгын арга хэмжээ авахтай холбоотой харилцааг зохицуулаагүй. Харин прокурорыг хэрхэн сэлгэх, дэвшүүлэх талаар зохицуулсан. Нэхэмжлэгч Б.Ч нь түүнийг албан тушаал бууруулж, туслах ажилтан болгосныг албан тушаалд сэлгэн ажиллуулсан гэж ойлгож байх шиг байна. Гэвч энэ нь албан тушаалд сэлгэн ажиллуулж буй хэрэг биш бөгөөд хуульд заасан сахилгын арга хэмжээ юм. 

Сахилгын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д “сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл 1 жил өнгөрсөн тохи************** нэхэмжлэгчийн сахилгын шийтгэл дууссан гэсэн үг. Ажлаас халсан тохи************** сахилгын шийтгэл дуусна гэсэн ойлголт байхгүй. Халаагүй учраас нэг жил өнгөрсний дараа сахилгын шийтгэл дуусаж, тухайн албан тушаал, эсвэл өөр албан тушаалд ажиллах боломжтой.  

Сахилгын шийтгэл хүлээсэн прокурор нь гаргасан зөрчлөө бүрэн засч үүрэгт ажлаа үлгэр жишээчээр биелүүлж, засарч хүмүүжсэнээ харуулсан бөгөөд шийтгэл ногдуулснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол дээд шатны прокурор уг шийтгэлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусахаас өмнө арилгаж болно. Сахилгын шийтгэлийн хугацаа 1 жилээр өнгөрснийг халсан гэж ойлгож болохгүй. 

Прокурорын байгууллагын албан тушаалтны хувьд 5 зэрэглэлтэй. Прокурорын байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлд дээд шатны, доод шатны прокурор гэдэг байдлаар зохицуулж өгсөн. Дээд шатны прокурор гэдэг нь аймаг, нийслэл, дүүргийн прокурор буюу удирдах албан тушаалтнууд байдаг. Хууль цаазын зөвлөх бол хамгийн доод шатны зэрэг дэв юм. Тиймээс тээврийн прокурор байж байгаад сум дундын прокурорт очиж албан тушаал буурна гэсэн ойлголт байхгүй” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ч нь “Монгол Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар ***тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан. 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд  

• “Монгол Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар ***тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, 

• Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 

• 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан цалин хөлсийг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Б.Чд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн байна. 

Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” ***дугаар тушаалаар Прокурорын ёс зүйн хорооны 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар дүгнэлтийг үндэслэн Б*******ын Чд “Албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт “Б.Ч нь прокурорын ёс зүй зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж байна” гэсэн байна. 

Хэрэгт цугларсан Б.Мийн тайлбарууд, Б.Т н өөрийнх нь бичиж өгсөн тайлбар зэрэг баримтуудаар Б.Ч нь Б.Моос мөнгө авсан гэх үйлдэл нь 2014 оны 12 дугаар сарын сүүлчээр буюу шинэ жилээс өмнө болсон болох нь тогтоогдож байна.  

Б.М нь Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтэст хандаж 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Б.Ч мөнгө авсан талаар” өргөдөл гаргасан байх бөгөөд уг өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөдлийн бүртгэлийн 1676 дугаарт бүртгэсэн болох нь Улсын Ерөнхий прокурорын газрын өргөдлийн бүртгэлийн дэвтэр  болон прокурорын байгууллагын үйл ажиллгааны мониторингийн программын бүртгэлээр  нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байна.

 Б.Чгийн гаргасан гэх зөрчлийг ёс зүйн буюу сахилгын зөрчил гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгэж буй тохи************** хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулж болох хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. 

Б.Моос мөнгө авсан гэх үйлдлийг цаг хугацааны хувьд хамгийн сүүлчийн хугацаагаар буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан гэж үзсэн тохи************** ч зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн буюу 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдөр Б.Чд сахилгын шийтгэл ногдуулж болох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мөн хууль тогтоогч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй талаар хуульчилсан байх ба уг хугацаагаар авч үзвэл Б.М нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан байх тул Б.Чгийн гаргасан гэх сахилгын зөрчлийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр илрүүлсэн гэж үзвэл 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөн сахилгын шийтгэл ногдуулж болох хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 148 дугаар зарлигийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Прокурорын сахилгын дүрмийн 5.1-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 3 сарын дотор, сахилгын зөрчил гаргаснаас хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл оногдуулж болно” гэж заасан байна.  

Эрх зүйн хэмжээг хэрэглэх эрэмбэ буюу хууль зүйн хүчин чадлын хувьд хууль нь хуульчилсан актаас илүү хүчин чадалтай бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Прокурорын Сахилгын дүрэм нь Төрийн албаны тухай хуульд нийцсэн байх ёстой тул энэ маргаанд Төрийн албаны тухай хуулийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаархи зохицуулалтыг хэрэглэх нь зөв юм.  

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Прокурорын сахилгын дүрмийн  5.1-д заасан хугацааг баримтлан, уг хугацааны дагуу авч үзсэн ч гэсэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж болох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Эрх зүйн зөрчлийн хамгийн хүнд төрөл болох эрүүгийн гэмт хэрэгт ч эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэг. Тухайлбал гэмт хэрэг үйлдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй талаар Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэх мэтээр хуульчилсан байна.  

Тодруулбал эрх зүйн зөрчлийн хамгийн хүнд төрөл болох гэмт хэрэгт ял шийтгэж болох хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэг атлаа гэмт хэргээс хөнгөн төрөл болох сахилгын зөрчилд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх боломжгүй. 

Иймээс ч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д сахилгын шийтгэлд ногдуулж болох хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан байна. 

 Иймд эрүүгийн эрх зүйн зөрчлөөс хөнгөн төрөл болох сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг Төрийн албаны тухай хуульд тодорхой хуульчлан заасан байх тул уг хугацааны дотор шийтгэл ногдуулах нь сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдийн үүрэг юм.

Өөрөөр хэлбэл Б.Чгийн гаргасан гэх зөрчлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэлгүйгээр сахилгын буюу ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тохи************** Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацааг хариуцагч баримтлах үүрэгтэй байжээ. 

Дээрх үндэслэлүүдээр буюу сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” ***дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул маргаан бүхий актын бусад үндэслэлийн талаар буюу нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь нотлогдсон эсэх гэх мэт бусад асуудлаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй. 

Шүүх Монгол Улсын Ерөнхий Прокурорын тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг  Монгол Улсын Ерөнхий Прокурорт даалгах нь зүйтэй байна.

Б.Чг ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 1,275,993 (нэг сая хоёр зуун далан таван мянга есөн зуун ерэн гурван) төгрөгөөр тооцож, 2016 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг дуусталх хүртэл нийт 10,207,949 (арван сая хоёр зуун долоо мянга есөн зуун дөчин есөн) төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  “Монгол Улсын Ерөнхий прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар ***тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Чг урьд эрхэлж байсан Тээврийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Чд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2016 оны 09 дүгээр сарын  13-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,207,949 (арван сая хоёр зуун долоо мянга есөн зуун дөчин есөн) төгрөгийг олгохыг Монгол Улсын Ерөнхий Прокурорт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.БАТЗОРИГ