Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0604

 

2017 оны 8 сарын 23 өдөр                   Дугаар 221/МА2017/0604                          Улаанбаатар хот

        

“Т Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Д.Ш, гуравдагч этгээд С.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0413 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөгч, гуравдагч этгээд С.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Т Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0413 дугаар шийдвэрээр: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3, 12 дугаар зүйлийн 12.4.5, 12.4.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, 5.2.3, 15.4, 15.5, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Т Ө” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн С.Д-д 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 000000 тоот гэрчилгээ, мөн өдөр иргэн Ж.Б-д олгосон уг байрны 2 дугаар орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 000000 тоот гэрчилгээ, дээрх 0 тоот өрөөнүүдийг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын иргэн С.Д, Ж.Б нарт холбогдох хэсэг, Орон сууц хувьчлах товчооноос С.Д-д олгосон 000000 тоот, Ж.Б-д олгосон 0000000 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, уг байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг С.Д, Д.Уранчимэг нарын өмчлөлд Ү-000000000 дугаарт, 2 дугаар орцны 0 тоот өрөөг Ж.Б, Д.Мягмарсүрэн нарын өмчлөлд Ү-000000000 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох нийслэлийн Засаг даргын 2013 оны А/156 дугаар захирамжаар батлагдсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүрмээр хүлээсэн чиг үүргийн дагуу иргэдэд орон сууц эзэмших эрхийн бичиг олгодог.

Шийдвэрийн 18 дугаар нүүрний 2 дугаар хэсэгт “0 тоотуудад нэр бүхий иргэдийг байрлуулах, түрээслүүлэх шийдвэрийг гаргасан болохоос эзэмшил өмчлөлд шилжүүлсэн шийдвэрийг СӨХ гаргаагүй байна” гэжээ.

“Т Ө” СӨХ болон тухайн 0 тоотод сууж буй иргэд хоорондын түрээсийн гэрээ болон бусад ямар нэг эрх зүйн баримт байхгүй бөгөөд уг 0 тоотод байрлах буюу амьдрах эрхийг нь албажуулж эзэмших эрхийн бичиг олгохыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3-т заасан эрхийн дагуу хүссэнийг манай алба хангаж шийдвэрлэсэн.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “нийтийн зориулалттай орон сууцны байшин” гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан барилгыг буюу “нийтийн зориулалттай орон сууцны байшин” гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг, мөн Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж заасан байна.

Харин Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтад “орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасан эд хөрөнгийг буюу ... сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө... байна гэж заажээ.

Иймд хуулиар олгосон эрх, хүлээлгэсэн үүргийнхээ дагуу шийдвэр гаргаж түүнийг нь хангаж зөвхөн эзэмших эрхийг нь баталгаажуулсан эрх зүйн актыг бусдын өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ер нь аливаа нэг эд хөрөнгийг эзэмшихгүйгээр, эзэмшилдээ байлгахгүйгээр хэрэглэх, ашиглах боломжгүй нь тодорхой юм.

Шийдвэрийн 20 дугаар нүүрний 2 дахь хэсэгт “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан эрхийг эдлэх эрхтэй” гэж явцуу хүрээнд дүгнэлт гаргасан байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэгтэй албан тушаалтан бөгөөд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хот, тосгоны аж ахуй нь оршин суугчдын нийгэм, эдийн засаг, ахуй, соёлын хэрэгцээг хангахтай холбогдсон үйлдвэр, үйлчилгээний газар, орон сууц, зам, тээвэр, холбоо, дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй зэргээс тус тус бүрдэх юм. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 08 дугаар тогтоолд зааснаар нийслэлийн удирдлагын хувьд оршин суугч иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах, оршин суух боломжийг олгох, тэдгээрийн амьдрах орчныг бүрдүүлэх эрх, үүрэгтэй.

Улаанбаатар хотын оршин суугч иргэдийнхээ амьдрах орон сууцны асуудлыг хуульд заасан хэмжээ хязгаарын дотор бусад этгээдийн эрх, ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэсэн байдлыг шүүх харгалзаж үзээгүй зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, орон сууцаар хангагдаж амьдрах нөхцөлөө бүрдүүлэх эрхээ бусад этгээдийн эрх ашгийг хөндөхгүйгээр эдэлж буй иргэдийн эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсье.

Ер нь Сууц өмчлөгчдийн холбооны удирдлага солигдох бүрт ашиг сонирхлын зөрчил үүсч өмнөх удирдлагынхаа шийдвэрийг эсэргүүцэх, шударга эзэмшигчдийн эрхийг зөрчих асуудал байнга гардаг явдлыг “Т Ө” СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор таслан зогсоож өгөхийг, мөн СӨХ-ны өмнөх удирдлага, энэхүү маргааны гуравдагч этгээд С.Д-ыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна” гэжээ.

Гуравдагч этгээд С.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. “Т Ө” СӨХ-ны 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу зураг төсөл үйлдвэрлэл, үйлчилгээний “Гандирс-Од” ХХК-ийн захирал Монгол Улсын зөвлөх инженер О.Цэдэнбаатарын гаргасан 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 32/2009 тоот техникийн дүгнэлтэд “... 6 дугаар байрны 1, 2 дугаар орцны дээврийн давхрын 0 тоот өрөөнд байсан лифтний хонгилд галын үед галын цэвэр агаар өгөх түрэлт үүсэх ГЭО-1 системийн сэнсний төхөөрөмжийн угсралт барилгын Б-В, 6-8 тэнхлэгийн хооронд угсрагдсан байсныг зөөж шилжүүлэн В тэнхлэгийн дагуу ханын ар талд шилжүүлснээр хэвийн ажиллах боломжтой. Сэнсний төхөөрөмжийн байршлын өөрчлөлт нь техникийн болон агаар оруулах шаардлагыг бүрэн хангаж байгаа тул ашиглалтын үеийн норм дүрмийн шаардлага хангана гэснээс гадна сэнс байршуулж байсан өрөөг сууц өмчлөгчдийн холбооны оффисын болон орон сууцны зориулалтаар ашиглаж болно” гэснийг зөрчөөгүй бөгөөд Орон сууц хувьчлах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “магадлан шинжлэх хэсэг тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана” гэж заасны дагуу байгуулагдсан Магадлан шинжлэх хэсгийн 2001 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 99 тоот дүгнэлтээр 6 дугаар байрны 0 тоот өрөөнүүдийг “хүн амьдрах шаардлага хангана” гэж дүгнэсэн нотлох баримтыг шүүх шинжлэн судлаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.

2.    Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн сууцны бус зориулалттай техникийн өрөө нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах”-аар заасан ч 6 дугаар байрны 1, 2 дугаар орцны дээд давхрын техникийн өрөөг сууцны зориулалттай ашиглаж болохыг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр тогтоосон, хэдийгээр 0 тоот өрөөнүүд төрийн өмчид бүртгэлгүй болохыг Төрийн өмчийн хорооноос мөн техникийн өрөөнүүд нь нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус тус тодорхойлсон байдаг.

3. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07/104/03-А тоот дүгнэлтийг үндэслээгүй. Учир нь “Т Ө” СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн тогтоол болон зураг төслийн мэргэжлийн байгууллага болон “Гандирс-Од” ХХК-аар өөрчлөлтийн зураг төсөл, техникийн дүгнэлтийг гаргуулан баталгаажуулсан нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д “барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулна”, 17 дугаар зүйлийн 17.1.4-д “барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгчийн хүсэлтээр норм, дүрмийн шаардлагын хүрээнд зураг төсөлд өөрчлөлт оруулах эрх, үүрэгтэй” гэж заасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй зөрүүтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Т Ө” СӨХ нь “тус СӨХ-ны даргаар ажиллаж байсан С.Д, нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Д-ийн хүргэн Ж.Б нар албан тушаалаа ашиглан хууль бусаар оршин суугчдын дундын өмчлөлийн хөрөнгийг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан байна” гэх үндэслэлээр, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 0 дүгээр орцны 0 тоот, 0 дугаар орцны 0 тоот тус бүр 15 м.кв хэмжээтэй өрөөнүүдийг гуравдагч этгээд С.Д, Ж.Б, Д.У, Д.М нарт эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрүүд болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргажээ.

1. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас С.Д-д 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 дүгээр орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 000000 дүгээр гэрчилгээ болон мөн өдөр Ж.Б-д олгосон уг байрны 0 дугаар орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 000000 дугаар гэрчилгээний тухайд:

Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь “Т Ө” СӨХ-ны Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр тогтоол, Магадлан шинжлэх хэсгийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр дүгнэлт зэргийг үндэслэж дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0, 0 дугаар орцны 0 тоот орон сууцуудыг гуравдагч этгээд Ж.Б, С.Д нарт тус тус эзэмшүүлж, орон сууц эзэмших эрхийн бичиг олгожээ.

Орон сууц хувьчлах тухай хууль нь төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1-д зааснаар Магадлан шинжлэх хэсэг нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын хамтын шийдвэрээр хувьчлах орон сууцны чанар, аюул осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй.

Гэтэл маргаан бүхий 6 дугаар байрны 0 тоот өрөөнүүд төрийн өмчид болон орон нутгийн өмчид бүртгэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байх тул төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлгүй, төрөөс иргэдэд хувьчлах орон сууцны жагсаалтад ороогүй барилгад Магадлан шинжлэх хэсэг дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар дээрх 0 дугаар байрны 0, 0 дугаар орцны 0 тоот өрөөнүүд нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд “Т Ө” СӨХ-ны удирдлагын зөвлөл болон хяналтын зөвлөлийн 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын “СӨХ-ны ажлын байрны тохижилтын талаар” 01 дүгээр тогтоолоос үзэхэд тус холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.8.3-д заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийнхээ хүрээнд тус барилгын дээвэрт байгуулагдсан сэнсний өрөөг суллан тохижуулж, гүйцэтгэх захирал С.Д-ыг оршин суулгахаар, дугаар орцны давхарт байрлах 15 м.кв өрөөг СӨХ-ны эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор түрээслүүлэхээр тус тус шийдвэрлэсэн, харин бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлээгүй байна.

Иймд хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь дээрх Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт болон “Т Ө” СӨХ-ны Удирдлагын зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан 2008 оны 01 дүгээр тогтоолыг үндэслэж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 /Хот, тосгоны өөрийн мэдлийн орон сууцыг тогтоосон журмын дагуу хуваарилна/-д заасан бүрэн эрхээ хэтрүүлэн хувийн өмчийн орон сууцанд эзэмших эрхийн бичиг олгосон нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

2. дүүргийн дугаар хороо, дугаар байрны , дугаар орцны  тоот өрөөнүүдийг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын иргэн С.Д, Ж.Б нарт холбогдох хэсэг, мөн товчооноос С.Д-д олгосон 000000 дугаар, Ж.Б-д олгосон 0000000 дүгээр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний тухайд:

Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолоор төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байх тул Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь энэхүү тогтоолыг үндэслэж хувийн өмчийн орон сууцны байшингийн өрөөг бусдад хувьчлахаар шийдвэрлэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 11 дүгээр зүйлд тус тус зааснаар “орон сууц хувьчлах” гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-г түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг ойлгох бөгөөд Орон сууц хувьчлах товчоо нь орон сууцны хувьчлалд хамаарах төрийн өмчийн орон сууцны байшин, сууцны тооллого хийж бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, хувьчлах орон сууц бүрт магадлан шинжилгээний дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох зэрэг бүрэн эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өрөөг эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэж, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлгүй орон сууцны байшингийн өрөөг хувьчлах шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

3. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг С.Д, Д.У нарын өмчлөлд Ү-000000000 дугаарт, 2 дугаар орцны 0 тоот өрөөг Ж.Б, Д.М нарын өмчлөлд Ү-000000000 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний тухайд:

Дээрх үндэслэлүүдээр 0 тоот өрөөнүүдийг гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлж, хувьчилсан шийдвэрүүд хууль бус болох нь тогтоогдож байх тул уг шийдвэрүүдийг үндэслэж бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0413 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “12.4.5”, “15.2.3, 15.5”, “3.1”, “13.3”, “17.1” гэснийг тус тус хасч, “3 дугаар зүйлийн 3.2, 3.4” гэснийг “3 дугаар зүйлийн 2, 4” гэж,  “5 дугаар зүйлийн 5.1, 5.2” гэснийг “5 дугаар зүйлийн 1, 2” гэж, “11 дүгээр зүйлийн 11.1” гэснийг “11 дүгээр зүйлийн 1” гэж, “13 дугаар зүйлийн 13.1” гэснийг “13 дугаар зүйлийн 1” гэж, “17 дугаар зүйлийн 17.1” гэснийг “17 дугаар зүйлийн 1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөгч, гуравдагч этгээд С.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээд С.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                        Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН