Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/01284

 

Ч.Чинзоргийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/00247 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Ч.Чинзориг

Хариуцагч : Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар бүрэн дунд сургууль

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил олгогчийн 2015 оны Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгох, хуучин ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай

 Хариуцагчийн  гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мянгаа, хариуцагчийн өмгөөлөгч  З.Ариунжаргал, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн захирал 2015.12.22-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар биеийн тамирын багшийн ажлаас чөлөөлсөн. Ажлаас халахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн байгаа. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, урд нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Иймд 2015.12.22-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж өгнө үү  гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Чинзориг нь  2015.12.18, 19-ний өдрүүдэд манай хамт олон малчин эцэг эхчүүдийн зөвлөгөөн хийх бэлтгэлд  сургуулийн  бүх багш  нар сургууль дээр бэлтгэл ажлаа хангаж байсан.  Энэ үед Ч.Чинзориг нь согтуу байдалтай гаднаас орж ирсэн мөн гутал хувцас нь шороо болсон байдалтай байсан зохих    шаардлагыг тавьсан. Гэтэл согтуу биш байна гэсэн. Мөн 2015.12.19, 20 өдрүүдэд Ч.Чинзориг нь согтуудаа  сургалт хүмүүжлийн ажилд оролцсон, мөн өрөөндөө архи уусан. Нэхэмжлэгч нь сургуулийн дотоод журам, багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн. Ч.Чинзориг багшийн энэ үйлдэл нь анх удаа биш юм. Зөрчлийг удаа дараа давтаж арга хэмжээ авагдаж байсан ба өөрөө ч олон удаа амлалт бичиж өгч байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 153/ШШ2016/00247 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ч.Чинзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсан байна. 

Ховд аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 86 дугаар магадлал гаргаж, Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2016/00247 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Чинзоригийг тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3.386.330 төгрөг гаргаж Ч.Чинзоригт олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгожээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн тодорхойлох хэсэгт “...Хэрэгт талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байх тул ажил олгогчийн ажилтантай биеийн тамирын багшийн ажил, албан тушаалд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь зохигчдын тайлбарын агуулга биш шүүхээс нотлох баримтыг үнэлж байгаа тухай зааж байна гэж ойлгогдож байгаа нь ИХШХШТХ-ийн 118.3, 118.4 заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ингэж дүгнэсэн атлаа хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ гэж үндэслэх хэсэгтээ дүгнэж байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлалын энэ хэсэг нь өөрөө хоёрдмол утгатай ойлгомжгүй байгаа нь ИХШХШТХ-ийн 116.2 заалтыг ззөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 7 дугаар сургуультай хөдөлмөрийн гэрээг өгөөгүй байж уг гэрээг зөрчөөгүй биеийн тамирын багшийн ажлаас халсан нь хэт нэг талыг барьсан гэж маргаж байгаа боловч уг сургуультай хөдөлмөрийн гэрээ хийж байхдаа хөдөлмөрийн гэрээгээ зөрчөөгүй гэдгээ нотолж чадаагүй байхад уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг бодитой, тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй байна. Нэхэмжлэгч ИХШХШТХ-ийн 25.2.2 заалтыг зөрчсөн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь илт нэг талын эрх ашгийг хамгаалсан ИХШХШТХ-ийн 4.1 заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нотлох баримтад Ч.Чинзориг нь удаа дараа архи ууж сахилгын зөрчил гаргаж байсан, уг зөрчлүүд ажлаас халах ноцтой зөрчил байсан боловч өөрөө дахин ийм зөрчил гаргавал өөрөө ажлаасаа халагдана гэж удаа дараа амлаж байсан нь хамт олны хэлэлцүүлэг, сахилгын зөрчлийг шийдвэрлэж байсан хурлын протоколд тусгагдсан байдаг, мөн архи ууж ажилдаа согтуу ирэхээс гадна шалтгаангүй хүүхдийн эрх, эрх чөлөөнд халдаж зодож байсан тухай хурлын протоколуудад байдаг энэ бүгдээс харахад байгууллага хүүхдийн эрх ашгийн төлөө Ч.Чинзоригийг ажлаас халахаас өөр сонголтгүй ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан тул ажлаас халсан нь тодорхой байдаг, мөн шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч 2015.12.18-19 ны өдрүүдэд ажилдаа согтуу ирсэн багш эцэг, эхчүүдийн сургалт хүмүүжлийн ажилд согтуу оролцсоныг нотолсон гэрчүүд болон энэ тухай баримтуудыг харуулсан дискийг хурлын тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгээр баримтжуулсан байхад давж заалдах шатны шүүх энэ тухай баримт огт байхгүй гэж дүгнэж байгаа нь ИХШХШТХ-ийн 4.1 заалтыг зөрчин хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан магадлал нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул магадлалыг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Ч.Чинзориг нь Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх нэхэмжлэл гаргахдаа Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн  захирлын 2015 оны  12 дугаар сарын 22‑ны өдрийн   Б/67 дугаар тушаалыг үндэслэсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх өөрчилж, Ч.Чинзоригийн нэхэмжлэлийг хангасан байна.

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн захирал 2015 оны  12 дугаар сарын 22‑ны өдөр Б/67 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, хөдөлмөрийн гэрээний 4.2.7, 5.1.2, Багшийн ёс зүйн  дүрмийн 2.1.6, Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.15-г баримтлан Ч.Чинзоригийг биеийн тамирын багшийн ажлаас халсан байх бөгөөд ийнхүү ажлаас нь чөлөөлөхдөө  “...ажилтан  ажлын хариуцлага алдсан, сургуулийн орчинд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд согтуу оролцсон зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан...”  гэсэн үндэслэл заасан байна. 

“...ажилтан сахилгын  ноцтой зөрчил гаргасан...” гэж  ажил олгогч нь Ч.Чинзоригийг халсан тул энэ үйл баримт нотлогдсон тохиолдолд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн захирлын 2015 оны Б/67 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл бүрдэх учиртай. 

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд гэрээнд ямар зөрчлийг “ноцтой” гэж тооцох талаар урьдчилан тохирч, уг зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах боломжтой юм.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй, уг баримтыг ажил олгогч шүүхэд ирүүлээгүй тул ямар зөрчлийг ноцтойд тооцохоор ажилтантай тохиролцсоныг хариуцагч нотолж чадаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн  гаргасан   зөрчлийг “ноцтой”-д тооцохоор зохигчид тохиролцсон нь тогтоогдоогүй байхад ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчинө.

Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

Харин Ч.Чинзориг нь биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа  “...ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй...” гэж маргасан буюу нэхэмжлэлийн үндэслэлээ заасан байхад шүүх үүнийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж тушаалыг хүчингүй болгосон нь буруу тул магадлалд өөрчлөлт оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын  “...Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Чинзоригийг тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож...” гэснийг “... Ч.Чинзоригийг тус Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 257.950 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ