Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03029

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03029

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн 5.266.667 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 197/ШЗ2025/05142 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Э.Доржжадамба-г төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Доржжадамба нь Н.Мөнх-Учралтай 2024 оны 12 сарын 13-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 6 сарын хугацаатай байгуулан, төлбөр болох 6.700.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хөлсний байранд амьдарч эхэлсэн үеэс хойш Э.Доржжадамба нь шөнө бүр хар дарж зүүдлэн, унтаж чадахгүй, хий зүйлд даруулж, нэг биш удаа хий зүйл харсан. Энэ талаараа байрны эзэн Н.Мөнх-Учралд хэлсэн боловч тоож хүлээж аваагүй. Ингээд 2025 оны 01 сарын 26-ны өдөр гэрээгээ цуцалж байгаагаа илэрхийлэн, орон сууцыг суллаж байрны эзэнд түлхүүрийг нь буцаан өгсөн.

Дээрх орон сууцны нэг сарын төлбөр нь 1.000.000 бөгөөд 30 хоногт хувааж бодвол нэг өдрийн түрээсийн төлбөр нь 33.333 төгрөг болно. Дорждамба нь дээрх орон сууцанд 2024 оны 12 сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 сарын 26-ны өдөр хүртэл 1 сар 13 хоног амьдарсан байна. 13 өдрийн төлбөр нь 433.333 төгрөг гэж тооцож байна.

Гэрээний нийт дүн болох 6.700.000 төгрөгөөс 1 сар 13 хоногийн түрээсийн төлбөр болох 1.433.333 төгрөгийг хасаад үлдсэн 5.266.667 төгрөгийг хариуцагч Н.Мөнх-Учралаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч: Н.Мөнх-Учрал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Доржжадамба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж байгаа 5.266.667 төгрөгийг 6 сарын хугацаанд 2025 оны 4 сард 878.000 төгрөг, 2025 оны 5 сард 878.000 төгрөг, 2025 оны 6 сард 878.000 төгрөг, 2025 оны 7 сард 878.000 төгрөг, 2025 оны 8 сард 878.000 төгрөг, 2025 оны 9 сард 876.667 төгрөгийн төлөлт хийж бүрэн барагдуулна. гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, төлбөр хийсэн дансны хуулга зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Доржжадамба нь хариуцагч Н.Мөнх-Учралд холбогдуулан орон сууц хөлсөх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 5.266.667 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Мөнх-Учрал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага 5.266.667 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 04 сараас 2025 оны 09 сарын хугацаанд сар бүр 878.000 төгрөгийн төлөлт хийж, бүрэн барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг тус шүүхэд бичгээр гаргажээ.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Доржжадамбын нэхэмжлэлийн шаардлага 5.266.667 төгрөгийг хариуцагч Н.Мөнх-Учрал нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 сараас эхлэн сар бүр 878.000 төгрөгийн төлөлт хийж, 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 99.217 төгрөгийн тал хувь болох 49.608,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Мөнх-Учралаас улсын тэмдэгтийн хураамжид 49.608,5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Доржжадамбад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Н.Мөнх-Учрал нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД