Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2025/0036

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Б” ХХК,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга хоорондын газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зангар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1. Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Маргаан бүхий захиргааны актаар “Б” ХХК-д Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс  2500 м2 газрыг  ойжуулах зориулалтаар 2016 онд  эзэмшүүлсэн шийдвэрийг “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр  хүчингүй болгосон байна. 

3. Уг шийдвэрийг нэхэмжлэгч 2025 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр гардаж авч,  Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.3-т Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасны дагуу мөн өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.

3.1.Манай компани 2015 онд байгалийн боржин чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж, аймгийн төв талбайн чулуун хавтанг анх үйлдвэрлэж эхэлсэн ба үүнээс хойш 10 жилийн хугацаанд 6-11 хүнийг жил бүр 4-10 дугаар саруудад ажлын байраар хангаж, нэмүү өртөг шингэсэн байгалийн чулуун бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэж, Улаанбаатар хот болон баруун аймгуудын зах зээлд нийлүүлэн эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа онцлогтой үйлдвэр юм.

Бид үйл ажиллагаагаа Өлгий сумын 4 дүгээр багийн үйлдвэрлэлийн бүсэд орших ........... дугаар эзэмшлийн гэрчилгээ бүхий үйлдвэрийн зориулалттай 2500 м2 талбайтай газар болон .......... дугаар эзэмшлийн гэрчилгээ бүхий ойжуулалт таримал ойн зориулалттай 2500 м2 талбайтай бүгд 5000 м2 газарт явуулдаг. Тус газруудыг Өлгий сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 240 дүгээр захирамжаар дээрх зориулалтаар нь эзэмшилдээ авсан юм. Үүнээс өмнө нь Өлгий сумын Засаг даргын 2014 оны 98 дугаар захирамжаар .........дугаар эзэмшлийн гэрчилгээгээр 2500 м2 талбай бүхий газрыг үйлдвэрлэл явуулах зориулалтаар, ........... дугаар бүхий гэрчилгээтэй 2500 м2 талбай бүхий газрыг ойжуулалтын зориулалтаар “А” ХХК эзэмшиж байсан. 2014 онд  үйлдвэрийн барилгын зохих хэсгийг уг газруудад байрлуулсан байсан юм. 2015 онд “Б” ХХК байгуулагдсаны дараа дээрх газруудад байгаа бүх үл хөдлөх хөрөнгүүдийг “Б” ХХК-ийн нэрэн дээр шилжүүлсэн юм.

3.2. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд дээрх газруудад үйлдвэрийн үйл ажиллагааг эрхэлж ирсэн ба 2023 оны 11 дүгээр сард аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагаар дээрх газарт мод тарих болсон боловч нэгэнт өвөл болсон тул тэр ондоо амжаагүй юм. Хавар мод тарих үед манай компани нь Ногооннуур сумын нутгаас 6 дугаар сарын 1 нь хүртэл чулуу бэлдэж авахгүй бол түүнээс хойш ялаа шумуулаас болж чулуу бэлдэх боломжгүй болдог юм. Иймд дээрх газарт 2024 оны намар мод тарихаар төлөвлөсөн байлаа. Гэтэл манай компанийн дээрх газрыг хүчингүй болгосныг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдэж, Өлгий сумын Засаг даргын тамгын газрын нарийн бичгээс захирамжийн хуулбарыг гардаж авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3.3. Өлгий сумын Засаг даргын 2024 оны А/246 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээр хэсэгт газрын хэмжээг 25000 м2 гэж бичсэн нь уг захирамж эрх зүйн чадамжгүй байгааг харуулна. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээрт бичигдэж хүчингүй болсон “Б” ХХК-ийн 2500 м2 газарт үйлдвэрийн сам хөрөө, цахилгааны под станц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг 2014 онд байрлуулаад одоо хүртэл ажиллуулж байгаа юм. Бидний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг бидэнд мэдэгдэхгүйгээр шууд хүчингүй болгосноор манай компанийн үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг зөрчиж байна. Бид цаашид ойжуулалтын зориулалттай 2500 м2 газарт мод тарихаар төлөвлөж, түүнд үйлдвэрийн бусад тоног төхөөрөмжийг нэмж байрлуулахгүй ирсэн. Цаашид буюу энэ онд уг газарт мод тарих болно.

3.4. Энэхүү бүс дэх газар нь анх үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн байхад ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн нь мөн хуульд нийцээгүй байсан. Газрын алба болон Засаг даргаас газар эзэмшүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй. Газрыг ойжуулах зориулалтаар олгосон гэх боловч ямар хугацаанд ойжуулах талаар бичгээр гэрээ байгуулж, мөн хэсэгчилсэн ойжуулах төлөвлөгөө баталж өгөөгүй байсан. Ойжуулах гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээний биелэлтийг өнгөрсөн хугацаанд дүгнэж гэрээний үүрэг зөрчсөн талаар урьдчилж мэдэгдэл өгч ажиллагаагүй мөртлөө шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.5. Бид санхүүгийн боломж болон улирлын чанартай давчуу хугацаанд үйл ажиллагаа явуулдаг нөхцөлөөс болж мод тарьж амжаагүй байсан юм. Монгол Улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг тал бүрээр дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах бодлого баримталж байгааг болон тус үйлдвэр нь 6-11 хүнийг ажлын байраар хангаж, том даацын олон машин тээвэрлэлт хийж ашиг олж байгаа, Улаанбаатар хот болон баруун аймгуудад баригдаж буй барилгууд нь нутгийн боржин чулуун бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэснээр эх орныхоо бүтээн байгуулалтад зохих хувь нэмэр оруулж байгааг  тус тус харгалзан үзэж, Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээр хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1. Цаашид ойжуулах зориулалтаар авсан газарт мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар мод тарина. “Ковид-1”9 цар тахлын үед зориулалтын дагуу газраа ашиглаж чадаагүй  гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Баян-Өлгий аймагт ганц чулууны үйлдвэрээр үйл ажиллагаа явуулдаг, аймгийн зохион байгуулалт, үзэмж, барилга байгууламжид голчлон ашиглагддаг чулуун бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байгаа ганц үйлдвэр байна. Компанийн хувьд 10 хэдэн хүнийг цалинжуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, татвар төлж ажиллаж байгаа байгууллага юм. Нийт эзэмшиж байгаа газар нь 5000 м2 байна. “Б” ХХК-ийн зүгээс анх том газар эзэмших зорилготой байсан боловч тухайн үед газрыг хоёр хуваагаад эзэмшүүлсэн.

Том их хэмжээний чулууг том оврын тээврийн хэрэгслээр ачиж, зөөвөрлөж, буулгана, түүнийг бэлтгэдэг, хадгалдаг  тул нэлээн их хэмжээтэй газар шаардлагатай байсан ба  анх компанийн зүгээс 5000 м2 газар эзэмших зорилготой байсан.

Үйлдвэрийн бүсийн зарим хэсгийг ойжуулах гэдэг байдлаар хандаж байгаа нь зөв. Үйлдвэрээс гарч байгаа тос, шороо, хог хаягдлыг дарахын тулд нийгмийн хариуцлагын үүднээс компанийн зүгээс мод тарьсан байх ёстой. Гэхдээ Засаг даргын шийдвэр гарснаас хойш шүүхээр маргаан үүссх  үед компанийн тодорхой буруутай үйл ажиллагаа байсан. Цаашид нэг удаа боломж олгосон тохиолдолд алдааг давтахгүйгээр мод тарьж, их хэмжээний хөрөнгө зарцуулж, үүргээ  биелүүлэх болно гэдгийг нэхэмжлэгч илэрхийлж  байгааг хэлье.

5.2. Компанийн зүгээс цахилгаан шугам татах, худаг гаргах зэрэг ажиллагаануудыг хийсэн.  Үйлдвэрийн дотор болон  гадна  2 худагтай.  Тэр нь мод тариад, усалгаа хийхтэй холбоотой худаг байсан. Тухайн хүчингүй болгосон газар дээр компани өөрийн 50 000 000 төгрөгийн хөрөнгөөр цахилгааны трансформатрыг байрлуулсан. Тиймээс компанийн зүгээс ойжуулахтай холбоотой тодорхой хэмжээний зардал гаргаж байсан. Цаашид мэргэжлийн байгууллагаар мод тариулж ургуулах бүрэн боломжтой байна.

5.3. Өлгий сумын Засаг даргын А/246 дугаар захирамж хүчингүй болох гол үндэслэл нь  2024 оны 9 дүгээр сард Өлгий сумын Засаг дарга захирамж гаргахаас өмнө нь нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй.

Өлгий сумын Засаг даргын зүгээс худаг гаргасан, цахилгаан татсан зарим иргэдийг ойжуулах зориулалтаар тодорхой ажиллагаа хийсэн гэж үзэж, боломж олгож, газар эзэмших эрхийг нь  хүчингүй болгоогүй. Гэтэл энэ нөхцөл байдлыг бүрдүүлсэн “Б” ХХК-ийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож, Засаг даргаас  шийдвэр гаргах ажиллагаанд ялгамжтай хандсан. Нөхцөл байдлыг урьдчилж тогтоосон, ажлын хэсэг байгуулагдсан гэх боловч ажлын хэсгийн шийдвэр  нь Засаг даргын шийдвэр гарахаас өмнө  гараагүй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлын хэсгийн шийдвэрийн огноог буруу бичсэн, техникийн алдаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

5.4. 2024 оны 9 дүгээр сард газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан, түүнээс өмнөх 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг баримталж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүнд байсан ба 2021 оноос 2023 оны 7 дугаар сард Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилсэн.

Нэхэмжлэгчийн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх шалтгаан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай давхцаж байна.

5.5. Урьд нь кадастрын зураг байгаагүй үед үйлдвэр баригдсан. Тухайн үед кадастрын зургийг өөрөөр тогтоох боломжтой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байгаачлан сам хөрөө нь тухайн үед байгаагүй,  кадастрыг цэгчилж тогтоож өгсний дараа дахин тухайн барилгыг барьсан гэж байна. Сам хөрөөгүйгээр чулууны үйлдвэр байх боломжгүй тул уг  үйлдвэр хамгийн  түрүүнд баригдсан. Гэхдээ кадастр хийхдээ сам хөрөөтэй хэсгийг кадастрт оруулахгүйгээр хүчингүй болж байгаа газарт үлдээснээр компанийн эрх зөрчигдөж байна.  Анх газрын кадастр байгаагүй, газрыг кадастрыг хийж баталгаажуулсныг нэхэмжлэгч компанид мэдэгдэж, танилцуулаагүй,  иймд нэхэмжлэлийн шаардлага ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

6. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

6.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн.

Албан шаардлагаас үзэхэд эзэмшлийн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэрчилгээнүүдийн хүчингүй болгож хариу хүргүүлэх тухай даалгасан. Албан шаардлагад тусгагдсан эзэмшлийн газруудын зориулалт эзэмшсэн  хугацаа зэргийг шалгаж үзэхэд таримал ой, мод үржүүлэх зэргээр ойжуулах зориулалтаар эзэмшсэн газрууд байв.

Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг  шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба өвлийн улирал байсан учраас мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тайлбарласан.

Харин 2024 оны 3 дугаар саарын 21-ний өдөр Өлгий сумын Засаг даргын А/60 дугаар захирамжийн дагуу 02-15/-04/050/33 дугаар бүхий албан шаардлагыг үндэслэл болгож ажлын хэсэг байгуулсан ба ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 5 дугаар сарын дундуур таримал ой, мод үржүүлэх, ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулаагүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж, дуудаж албан шаардлагыг танилцуулж, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээ хүчингүй болгох талаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан болно.

Энэхүү байдлаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын гэрчилгээ хүчингүй болж, эрх ашиг нь хөндөгдөх талаар мэдмэгцээ 07 дугаар сарын 22-ны өдөр тайлбар ирүүлсэн тайлбарын дагуу газрыг хэвээр үлдээх боломжгүй байсан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт заасны дагуу 6 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байдлын улмаас эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдсон.

6.2. Мөн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээрт газрын хэмжээг 25000 м2 гэж нэг 0 илүү тусгагдаж техникийн алдаатай бичигдсэн байхыг тайлбарлаж байна. Тус компанийн эзэмшиж байсан газар нь 2500 м2 болно гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зангарын шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

7.1. Анх 2014 онд “А” ХХК-д 2500 м2 газрыг ойжуулах зориулалтаар, 2500 м2 газрыг үйлдвэрийн зориулалттайгаар тус тус олгож байсан. Уг газрыг  2016 онд “А” ХХК-ийн захирал н.Т болон “Б” ХХК-ийн захирал С.Б нар хоорондоо гэрээ хийгээд “Б” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.  2016 оны 11 дүгээр сард Өлгий сумын Засаг даргаас захирамж гарч, 2017 онд гэрчилгээ олгож, гэрээ хийж байсан. Ойжуулах зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ хийгээд,  газрын даамал н.А болон “Б” ХХК-ийн захирал С.Б нар гарын үсэг, тамга дарсан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээ хийгээгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.

7.2. Тухайн үед хэмжилт хийгдсэн, хавтаст хэрэгт кадастрын зураг байна.

Ойжуулах зориулалтаар олгосон газар дээр үйлдвэрийн зориулалттай объект байршуулсан нь компанийн буруу байна. Тухайн байршил нь үйлдвэрийн бүс байхад ойжуулах зориулалтаар буруу газар олголт хийгдсэн гэж тайлбарлаж байна.  2014 онд газрын ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй үед ойжуулах зориулалтаар, үйлдвэрийн зориулалтаар гэж хоёр тусдаа газарт гэрчилгээ олгож байсан. Нэгэнт тухайн газар үйлдвэрийн  үйл ажиллагаа явуулж байгаа бол манай байгууллагад ойжуулах зориулалтаар үйл ажиллагаа явуулж чадахгүй байна, үйлдвэрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулъя гэж компанийн зүгээс хандаж байгаагүй.

7.3. Анх үйлдвэр нь ашиглалтад орсноос хойш уг газар цахилгаан шугам сүлжээтэй, худагтай байсан. Тухайн үйлдвэрийн үйл ажиллагаанд чулууг усаар зүсдэг учраас үйлдвэр ашиглалтад орохоос өмнө нь худаг байсан гэж үзэж байна.

2016 онд газар эзэмшүүлэх захирамж гараад, 2017 онд гэрээ хийснээс хойш 7 жилийн хугацаанд компанийн хувьд тухайн газарт ойжуулах, мод тарих бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч талын зүгээс мод тарьсан боловч ургаагүй гэж тайлбарлаж байна. Үйлдвэрийн талд нь хэдэн тооны мод тарьсан байсан.  Тус газарт мод ургаж байхад ойжуулах зориулалтай авсан хил залгаа газарт мод ургахгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

2. Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжаар  Газрын тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн  нэхэмжлэгч “Б” ХХК-д Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2500 м2 газрыг ойжуулах /таримал ой/ зориулалтаар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2016 оны А/240 дугаартай захирамжийн  холбогдох хэсэг болон 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ....... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг  тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч анх маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдийн дээрх шийдвэрээр 28 жилийн хугацаагаар эзэмшсэний дараа Өлгий сумын газрын даамлаас 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай”  албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/  “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байх ба уг  албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 36-д “Б” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийн огноо, дугаар, газрын хэмжээ  тусгагджээ.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Өлгий сумын  Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60  дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулсан,  ажлын хэсгээс 2024 оны 5 дугаар сарын 09-24-ний  өдрүүдэд хяналтын  улсын байцаагчийн дээрх албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан, шалгалтаар “Б” ХХК нь Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай 2500 м2 газарт хашаа татаагүй, ойжуулаагүй гэх нөхцөл байдлуудыг тогтоосон байх ба 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хийсэн ажлын хэсгийн дүнгийн хурлаас  “...хашаа татаагүй, худаг гаргаагүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй, иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож, ...ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа  хашаа татаж,  худаг гаргасан  иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн  ажиллагааг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” дүгнэлт гаргасан байна.

6. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”  гэж тус тус заасан.

7. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай”  тогтоолын  1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..."  гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан  "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй"  гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

8. Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг Өлгий сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 240 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн байх боловч дээрх байдлаар Өлгий сумын газрын даамлаас нэхэмжлэгчид 2017 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байх тул энэ үеэс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол ...2 жил газраа дараалан ашиглаагүй гэж үзнэ.

9. Өлгий сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 240 дугаартай захирамжаар  нэхэмжлэгчид үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлсэн 2500 м2, ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн 2500 м2 газрууд нь хил залгаа байршилтай  байх ба маргаан бүхий газрыг хашаалаагүй, тус газарт ойжуулах, таримал ойн зориулалтаар мод тарьж ургуулаагүй, газрын баруун урд хэсгийн тодорхой газарт 32 нүх ухсан, газрын баруун хэсэгт “АТП-97” цахилгаан дамжуулах трансформатор, хойд хэсгийн 84.5 м2 газарт үйлдвэрийн зориулалттай объект, 48.8 м2 газарт үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглаж буй гэх усны сав бүхий барилга байгууламжууд   байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад  ““Б” ХХК-ийн үйлдвэрийн зориулалтаар эзэмшиж буй газарт хоёр худаг байгаа, уг худгийг ойжуулах зориулалтаар эзэмшсэн газарт давхар ашиглана, мөн компанийн зүгээс 50 000 000 төгрөгийн  зардал гаргаж, цахилгааны трансформатор барьсан  зэргээр ойжуулах зориулалтаар газраа ашиглахад тодорхой үйл ажиллагаа хийсэн.” гэж тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “..нэхэмжлэгчийн үйлдвэр нь анх ашиглалтад орсон үеэс тус газар нь цахилгаан шугам сүлжээтэй болсон, үйлдвэрийн үйл ажиллагаанд чулууг усаар зүсдэг учраас үйлдвэр ашиглалтад орохоос өмнө нь худаг байсан гэж үзэж байна, иймд газар эзэмшүүлэх гэрээ хийснээс хойш 7 жилийн хугацаанд компанийн хувьд тухайн газарт ойжуулах, мод тарих бүрэн боломжтой байсан.” гэж тайлбарлан маргасан.

Хэргийн нотлох баримт, талуудын тайлбараас дүгнэвэл “Б” ХХК нь үйлдвэрийн зориулалттай газраа 2016 оноос хойш эзэмшиж, ашигладаг, энэхүү газарт хоёр худагтай, маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн үйлдвэрийн зориулалтаар эзэмшдэг газартай залгаа оршдог, тухайн газар нь цахилгааны эх үүсвэрт 2014 онд холбогдсон байх ба эдгээр нөхцөл байдлыг ашиглаж маргаан бүхий газарт мод тарьж, ойжуулах боломжтой байхад  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхээ  нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд энэ талаарх хариуцагч талын маргааныг  үндэслэлтэй гэж үзлээ.

11. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “..маргаан бүхий газарт 2023 оны намар мод тарьсан ургаагүй” гэж тайлбарласан боловч уг тайлбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан “...Манай компани 2015 онд байгалийн боржин чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж, ...үйл ажиллагаагаа Өлгий сумын 4 дүгээр багийн үйлдвэрлэлийн бүсэд орших үйлдвэрийн зориулалттай 2500 м2 талбайтай газар болон ойжуулалт таримал ойн зориулалттай 2500 м2 талбайтай бүгд 5000 м2 газарт явуулдаг.  Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд дээрх газруудад үйлдвэрийн үйл ажиллагааг эрхэлж ирсэн ба 2023 оны 11 дүгээр сард аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагаар дээрх газарт мод тарих болсон боловч нэгэнт өвөл болсон тул тэр ондоо амжаагүй юм. Хавар мод тарих үед манай компани нь Ногооннуур сумын нутгаас 6 дугаар сарын 1 нь хүртэл чулуу бэлдэж авахгүй бол түүнээс хойш ялаа шумуулаас болж чулуу бэлдэх боломжгүй болдог юм. Иймд дээрх газарт 2024 оны намар мод тарихаар төлөвлөсөн байлаа. Гэтэл манай компанийн дээрх газрыг хүчингүй болгосныг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдэж, Өлгий сумын Засаг даргын тамгын газрын нарийн бичгээс захирамжийн хуулбарыг гардаж авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.  ...Бид цаашид ойжуулалтын зориулалттай 2500 м2 газарт мод тарихаар төлөвлөж, түүнд үйлдвэрийн бусад тоног төхөөрөмжийг нэмж байрлуулахгүй ирсэн. Цаашид буюу энэ онд уг газарт мод тарих болно. Бид санхүүгийн боломж болон улирлын чанартай давчуу хугацаанд үйл ажиллагаа явуулдаг нөхцөлөөс болж мод тарьж амжаагүй байсан юм.” гэх тайлбараар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

Иймээс нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхтэй болсноос хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээр байна.

12. Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад  “...”Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотой 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газартаа ойжуулах зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Монгол Улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүнд байсан ба 2021-2023 онд Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилсэн. Нэхэмжлэгч газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх шалтгаан нь  “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай давхацсан.” гэж тус тус тайлбарласан.

13. Уг маргаанд шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

 Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн 18 дугаар зүйлийн  18.1-д зааснаар  энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн.

Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "хөл хорио" гэж тодорхой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх, халдварыг анх гарсан голомтод нь барих, хяналтад авахад чиглэсэн арга хэмжээг;”, 5 дугаар зүйлийн  5.1-д “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална: 5.1.4. нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах;”,  12 дугаар зүйлийн 12.2-т “Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй: 12.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх; 12.2.5. албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих;” гэж тус тус заасан байна.

 Нэхэмжлэгч газраа ойжуулах, таримал ойн зориулалтаар эзэмшсэн, Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулиар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаагүй, уг хуулийн үйлчлэлийн хугацаанд, мөн Улсын хэмжээнд Ковид/-19/-ын цар тахлын улмаас тодорхой хугацаагаар хөл хорио тогтоосон үед нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах чадаагүй шалтгаантай байснаа нотлоогүй,  газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээр дурдсанаар  "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй"  гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой тариалан эрхлээгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч талын тайлбарын агуулгаас харахад цаг хугацааны хувьд нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч маргаан бүхий газрыг ойжуулах зориулалтаар бус үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан нь нэхэмжлэлд дурдсан тайлбараар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч талын “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотой газраа ойжуулах зориулалтаар ашиглаж чадаагүй, хариуцагчаас “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй"  гэж үзсэн нь хууль бус гэх  маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

14. Шүүхээс хийсэн үзлэгээр газрын хойд хэсгийн 84.5 м2 талбайд нэхэмжлэгчийн үйлдвэрийн зориулалттай объект, 48.8 м2 талбайд үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглаж буй гэх усны сав бүхий барилга байгууламжууд   байгаа нь тогтоогдсон. Уг нөхцөл байдлыг нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосноор тухайн газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх зөрчигдсөн гэж маргасан. Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч ойжуулах зориулалтаар эзэмшсэн газрын тодорхой хэсгийг зориулалтын бусаар эзэмшиж, ашигласан гэж үзэх бөгөөд маргаан бүхий газарт байрлах дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн маргаан нь тусдаа маргаан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч талын энэхүү үндэслэл нь Өлгий сумын Засаг даргын 2024 оны А/246 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

15. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус  заасан.

Ажлын хэсгээс нэхэмжлэгч газраа ойжуулах зориулалтаар ашиглаагүй нөхцөл байдлыг тогтоосон, маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө “Б” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Өлгий сумын Засаг даргад газрын талаар тайлбар гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул нэхэмжлэгч талын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй гэж маргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

16. Маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хариуцагчийн уг шийдвэр нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу гарсан, хуулийн  4.1.2-т заасан “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4-т заасан “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” талаарх төрөөс газрын талаар баримтлах зарчимтай нийцсэн байх тул Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн  “Б” ХХК-д холбогдох  хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                   М.РИЗА