Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Алаг адуут овогт Батцэндийн Бт  холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Бт холбогдох эрүүгийн 1805000490189 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Б 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 39 дүгээр байрны 1 давхарт байрлах “Сөгдөөхэй” цэцэрлэг байрлах орцонд гэр бүлийн хамаарал бүхий хүн Ж.Жаргалмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Би прокурорын яллах дүгнэлтийг звөшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” гэв

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Жаргалмаа мөрдөн байцаалтанд” 2017 оны 12 дугаар сарын 8-ны өглөөний 6 цаг өнгөрч байх орчимд дүүгийн хамт гэрээсээ гараад автобусны буудал руу явж байхад миний утас руу хуучин хамтран амьдарч байсан Б удаа дараа залгаад байхаар нь би дуудлагыг нь аваагүй. Би дүүгээсээ салаад ХМК-ын автобусанд суусан чинь миний хажууд гэнэт Б хүрч ирээд миний гэдэс хэсэг рүү яагаад гар утсаа авахгүй байгаа юм гээд нэг удаа цохихоор нь би гар утсаа унтраасан. Б нь олон нийтийн газар намайг янхан банзал гэх мэтээр хараан зүхээд байхаар нь би танихгүй юм шиг суугаад байсан. Би андуудын буудал дээр буусан чинь намайг дагаад буусан. Би ажлынхаа орц руу ороод цүнхнээсээ түлхүүрээ гаргах гэсэн чинь Б миний шилэн хүзүү рүү нэг удаа цохиод хувцаснаас чирэн орцны подволын шатан дээр авчран утсаа асаа пизда минь гэж хэлэн гараа зангидаж байгаад миний баруун шанаа руу нэг удаа цохисон. Дахин зүүн тал руу нэг удаа цохиод ална гэж хэлээд шатны уруу түлхэхэд би  газар унасан. Тэгтэл миний гар утас цүнхийг аваад алга болохоор нь дарга Эрдэнэхүү рүү залган зодуулсан тухайгаа хэлсэн бөгөөд дарга өөрийн гар утсаараа Б руу залгасны улмаас миний цүнхийг авчирч өгсөн. Би Бтай 2011 онд танилцаад үерхэж байгаад 2012 оноос хамтран амьдарч байгаад дундаасаа 1 нас 9 сартай нэг хүүхэдтэй. Хүүхэд гарсан цагаас намайг дээрэлхэж загнаж гар хүрэх болсон. Мөн архи уух дуртай амьдралын идэвхи байхгүй. Олсон мөнгөөрөө архи авч уудаг, архи уухаараа агсам согтуу тавьдаг байсан. 2016 оны 12 дугаар сарын сүүлээс тусдаа амьдрах болсон” /хх-ийн 22/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.Эрдэнэхүү мөрдөн байцаалтанд “2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ... 8 цаг 30 минутын үед 99-тэй дугаараас  өөрийнх нь дугаар биш гээд багш Жаргалмаа би хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би гайхаад хэнд зодуулсан тухай асуухад  нөхөр  Бт зодуулсан мөн миний гар утас болон цүнх, түүний дотор байсан ажлын түлхүүрийг авсан тухай хэлэхээр нь нөхөр Бийнх нь дугаарыг аваад түүнтэй ярихад би Жаргалмаагийн нөхөр байна гэхээр нь чи ажлын түлхүүр эхнэрийнхээ гар утас цүнхийг аваачиж өг гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ирэхэд толгой өвдөөд байна гэж хэлж байсан мөн зүүн талын хацар хэсэг хөхөрсөн надаас чөлөө аван эмнэлэгт үзүүлнэ гээд явсан” /хх-ийн 40/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10 дугаартай” Ж.Жаргалмаагийн биед тархи доргилт, баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Б.Б мөрдөн байцаалтанд” 2017 оны 12 дугаар сарын 7-ны орой би хамтран амьдрагч болох Жаргалмаатай утсаар яриад өглөө тааралдаад хамт явъя би 13 дугаар хороолол орох ёстой хамт явъя гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 8-ны өглөө  Жаргалмаагийн суудаг офицер ханын материалын автобусанд суусан чинь Жаргалмаа орж  ирсэн. Нэг сандал дээр суугаад чи яагаад гар утсаа авахгүй байгаа юм гэж хэлсэн шууд өөрийнхөө утсыг унтраасан. Түүнээс болон бид 2 маргалдсан. Тэгээд Жаргалмаа андуудын автобусны буудал дээр цуг буусан. Тэгээд ажил дээр нь ирээд чи яагаад гар утсаа унтраасан талаар асуухад Жаргалмаа уурлаад байхаар нь нүүрэн тус газар руу нь 2 удаа алгадсан. Тэгээд би цүнх гар утсыг нь аваад гудамжинд хүлээгээд зогсож байсан чинь  над руу Жаргалмаагийн захирал нь гэх эмэгтэй залган цүнх гар утсыг нь авчирч өг гэж хэлсэн. Би ажлынх нь үүд хэсэгт яваад очсон чинь Жаргалмаагийн хамт ажилладаг хүн гарч ирээд аваад орсон.   Жаргалмаа бид хоёр гэр бүлийн маргааны улмаас 2016 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Түүнээс хойш би дандаа хөдөө байсан бөгөөд 2017 оны намар ирээд
Жаргалмаатай буцаж хамтран амьдарч байгаад 2017 оны 11 дүгээр сард буцаж Завхан аймаг руу яваад 2017 оны 12 дугаар сард ирээд Жаргалмаатай ойлголцохыг л оролдсон. Урьд нь би цохиж зодсон асуудал байхгүй” /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, ял шалгах хуудас /хх-ийн 45/  болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 39 дүгээр байрны 1 давхарт байрлах Сөгдөөхэй цэцэрлэгийн  орцонд гэр бүлийн хамаарал бүхий Ж.Жаргалмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Жаргалмаагийн”...Б миний шилэн хүзүү рүү нэг удаа цохиод хувцаснаас чирэн орцны подволын шатан дээр авчран утсаа асаа пизда минь гэж хэлэн гараа зангидаж байгаад миний баруун шанаа руу нэг удаа цохьсон. Дахин зүүн тал руу нэг удаа цохиод шатны уруу намайг ална гэж хэлээд  шатны уруу түлхэхэд би  газар унасан...” /хх-ийн 22/, гэрч Ш.Эрдэнэхүүгийн “...Жаргалмаа багш би хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би гайхаад хэнд зодуулсан тухай асуухад  нөхөр  Бт зодуулсан мөн миний гар утас болон цүнх, түүний дотор байсан ажлын түлхүүрийг авсан тухай хэлэхээр нь нөхөр Бийнх нь дугаарыг аваад түүнтэй ярихад би Жаргалмаагийн нөхөр байна гэхээр нь чи ажлын түлхүүр эхнэрийнхээ гар утас цүнхийг аваачиж өг гэж хэлсэн...” /хх-ийн 40/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэргээ хүлээн”...чи яагаад гар утсаа унтраасан талаар асуухад
Жаргалмаа уурлаад байхаар нь нүүрэн тус газар руу нь 2 удаа алгадсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байна.

 

Мөрдөн байцаалтын явцад Ж.Жаргалмаа, шүүгдэгч Б.Б нар хамтран амьдарч байсан талаараа мэдүүлсэн байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан байна.

 

Өөрөөр хэлбэл прокуророос Б.Быг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тэдгээрийн хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн” хохиролын маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох саналыг Б.Бт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн буюу нэг сард 250.000 төгрөг  төлөхөөр тооцож 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан байхыг  дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                

                 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ