Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00823

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00823

 

 

 

Ц.Х нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01ий өдрийн 102/ШШ2021/00911 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Х нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэргэлэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Ц-оос 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил хүлээлцэж авахдаа шаардлага тавьснаас болж түүнд зодуулсан. Улмаар сэтгэл санаа тогтворгүйтэн айж цочдог болж, толгойгоо бариулж, бүтэн биеийн эмчилгээ хийлгэсэн. Цагдаад өргөдөл гарган шалгуулахад Б.Ц-ыг Зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгосон. Зодуулсны улмаас шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8 000 төгрөг, толгойн дүрс оношлогоо хийлгэхэд 130 000 төгрөг, Т эмнэлэгт бүтэн биеийн цогц эмчилгээ хийлгэхэд 850 000 төгрөг, мөн эмнэлэгт толгойн бариа хийлгэхэд 75 000 төгрөг, эм тариа худалдан авахад 379 450 төгрөг, нотариатын зардал 1 900 төгрөг, нийт 1 444 350 төгрөгийн зардал гарснаас 1 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагчаас хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг гутлаар толгой түрүүгүй зодсон үйл явдал болоогүй харилцан зодоон болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй болохоос нэхэмжлэгч бас намайг зодсон. Ц.Х гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ нөхөртөө зодуулсан гэсэн байх бөгөөд нөхөртөө зодуулж бэртсэн зүйлээ хариуцагчаас шаардах үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд хавсаргасан баримт нь 1 124 900 төгрөгийн баримт байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Ц-оос 1 124 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 275 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31 548 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Х нь анх гэмтлийн эмнэлэгт үзүүлэхдээ нөхөртөө зодуулсан гэж мэдүүлснийг шүүх анхаарч үзээгүй. Энэ нь бичмэл нотлох баримтаар тогтоогдсон. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байхад эмчилгээ хийлгэсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлснийг анхаараагүй. Нэхэмжлэгч нь эмчийн зааваргүйгээр нотлох баримтын шаардлага хангаагүй орлогын баримт дээр бүтэн биеийн цогц эмчилгээ 850 000 төгрөг, уламжпалтын эмнэлэгт 3 хоног толгойн бариа хийлгэсэн зардал 75 000 төгрөг гэсэн баримт гаргасан. Ийм орлогын баримт өгдөг газар байхгүй бөгөөд аж ахуй нэгж байгууллагууд нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн дагуу и баримт өгч байгаа. Шаардлага хангаагүй баримтыг үндэслэж хариуцагчаас 925 000 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нийт 1 444 350 нэхэмжлэхдээ 1 400 000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн үлдсэн 44 350 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэлээс 925 000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Б.Ц холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 22/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид зодуулсны улмаас хийлгэсэн бүтэн биеийн эмчилгээ оношилгооны зардал 850 000 төгрөг, эмийн үнэ 60 000 төгрөг, томографаар зураг авахуулсаны төлбөр 130 000 төгрөг, шинжилгээ хийлгэсний төлбөр 8 000 төгрөг, эм тариа авсан 319 450 төгрөг, нотариатын зардалд 1 900, толгойн бариа засал хийлгэхэд 75 000 нийт 1 444 035 төгрөг болсноос 1 400 000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлжээ. /хх 6-12/

Хэрэгт Б.Цыг Төмөр зам дах Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 100 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байх бөгөөд Б.Ц уг торгуулийг төлсөн үйл баримт хариу мэдэгдэх хуудас, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогджээ./хх 67-68/

Хариу мэдэгдэх хуудасны агуулгаас үзэхэд Ц.Х нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хамт ажиллаж байсан Б.Ц толгой тус газраа цохиулсан нь гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогдсон талаар дурдсан бөгөөд дээрх үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна. /хх 68/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан. Хариуцагч Б.Ц нь Ц.Хг зодсон үйл баримтыг үгүйсгэж чадаагүй бөгөөд харин харилцан зодолдсон гэж тайлбарлажээ. /хх 22/

Түүнчлэн, хариуцагч нь дээрх зодооны улмаас учирсан гэх хохирлыг үгүйсгэж нэхэмжлэгч нөхөртөө зодуулсан гэсэн өгүүлэмжтэйгээр эмнэлэгт хандсан гэж маргасныг Ц.Х анх үзүүлэхдээ нөхөртөө зодуулсан гэж хэлсэн шалтгаан нь хариуцагч бид хоёрын асуудлаас болж галт тэрэгний үйлчлэгч нарын нэр хүндийг гутаахгүйн тулд хэлсэн гэж няцаажээ. /хх 72/

Зохигчдын тайлбар, зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн материал, эмнэлгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд нь тодорхой хэмжээний гэм хор учраагүй гэж дүгнэх, хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэх баримт байхгүй байна.

Анхан шатны шүүхээс Хэдийгээр дээрх гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогоогүй боловч хариуцагчийн зодсоноос үүссэн гэмтэл тул эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Гэвч шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой.

Нэхэмжлэгч нь зодуулсан гэх цаг хугацаанаас хойш 5 хоногийн дараа эмчид үзүүлсэн байх бөгөөд үзлэг хийсэн эмч бүх биеийн доргилт онош тавьж тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэсэн баримт нотлох баримтаар авагджээ. Үүнээс хэргийн 7 дугаар хуудсанд 60 000 төгрөгийн эм худалдан авсан тухай баримт авагдсан. Үзлэг хийсэн эмч саричун, шижид, сүгмэл 3, сүгмэл 10 гэсэн эмийн жорыг бичиж өгсөн тул саричун 15 000 төгрөг, сүгмэл 4 000 төгрөг , сүгмэл 10 500 төгрөг, шижид 9 000 төгрөг зэрэг нийт 45 000 төгрөгийн эм эмчийн зааварт бичигдсэн байна. Бусад эм болох нь гарнаг, өлзий, шимшин зэргийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой гэж үзэх боломжгүй байна. Мөн хэргийн 14 дүгээр хуудсанд 8 000 төгрөгийн баримт авагдсан бөгөөд тухайн баримтын огноо харагдахгүй, цаг хугацааны хувьд зодуулсан гэх үйл баримттай хамаатуулан дүгнэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс Хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан эм тарианы гэх 319 450 төгрөгийн 1 ширхэг баримт нь нэхэмжлэгчид дээрх гэмтэлтэй холбоотой зайлшгүй хийлгэх шаардлагатай эм тариа байсан эсэх нь тодорхойгүй, эмчийн заавар, бичилт байхгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэснийг зөв гэж үзнэ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн эрүүл мэндээ хэвийн байдалд оруулахад зарцуулсан зайлшгүй бүх зардлыг төлүүлэх нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцэх юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 104 400 төгрөгийг гаргуулж үлдэх 259 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн 925 000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01ий өдрийн 102/ШШ2021/00911 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 124 900 төгрөг гэснийг 1 104 400 төгрөг, 275 100 төгрөгийг гэснийг 259 600 төгрөгийг гэж,

 

тогтоох хэсгийн 2 дах заалтын 31 548 төгрөг гэснийг 31 056 төгрөг гэж өөрчлөн, шийдвэр бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 305 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД