Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/1196

 

2023            12            14                                        2023/ДШМ/1196       

                       

Э.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

яллагдагч Э.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/1826 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар эсэрүүцлээр Э.Бд холбогдох эрүүгийн 2306008390430 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Б, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, булгачин 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: **00000000/;

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ авагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Яллагдагч Э.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн А.Оын тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ түүний гар утсаар яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу 1 удаагийн код ашиглан, хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкны 5779159649 тоот данс руу 3.000.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, хохирогч А.Оод 3.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2. 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 12 минутад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд иргэн Ж.Гын тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь нууц кодгүй байгааг ашиглан, хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь 5779159649 тоот данс руу 1.100.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Ж.Гад 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

3. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн орчимд хохирогч Д.Бын эзэмшлийн 88-03 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь ээж рүү утсаар яриад мөнгө шилжүүлж авъя гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкны 5779159649 тоот данс руу 400.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Д.Бт 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

4. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “120-ын автобусны буудлын орчимд хохирогч Д.Чы эзэмшлийн 32-97 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь 50767111385 тоот данс руу 370.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Д.Чд 370.000 төгрөгийн буюу бусдад нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. Мөн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Даваадоржийн цахим хэрэгсэл болох фейсбүүк чат руу нэвтэрч, хохирогч П.А руу 500.000 төгрөг зээлээч гэж хуурч, мессеж бичиж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкин дахь 5779159649 тоот данс руу 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

6. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “the face shop” дэлгүүрээс 529.300 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэрийдлээр интернэт банк ашиглан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Цд 529.300 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн 2 давхарт иргэн Э.Хэс 2.350.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 12 про макс” загварын гар утсыг худалдан авах нэрийдлээр интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулан, мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Хд 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сонор Плаза төвийн 10 дугаар лангуунаас 488.000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэрийдлээр интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч О.Дд 488.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагч Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн бус хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцахаар шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд: яллагдагч Э.Б нь Л.Даваадоржийн фейсбүүк чат руу нэвтэрч хохирогч П.Ааас 500.000 төгрөгийг гаргуулан авсан. Мөн 4 удаагийн үйлдлээр буюу хохирогч А.О, Ж.Г, Д.Б, Д.Ч нарын тээврийн хэрэгслээр зорчин явахдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж гар утсаар нь интернет банк руу нэвтэрч, харилцах данснаас мөнгийг нь шилжүүлсэн авсан байхад яллагдагч Э.Б нь бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдан хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хохирогчийн тойрон хүрээлэл, ойр дотны харилцан хамааралтай хүмүүсийн мэдээлэл, өгөгдлүүдийг тандан судалж, тэдгээрийг туслалцаа үзүүлэхээс өөр гарцгүй нөхцөл байдалд хүргэх хэмжээний итгэл үнэмшил баттай төрөхүйц зурвас илгээн төөрөгдүүлсэн, мөн хохирогч нарын интернет банк руу нэвтэрсэн, бусдын цахим мэдээллийн орчинд зөвшөөрөлгүй нэвтрэх аргаар мэдээллийг өөрчилсөн, засварласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тодруулаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Э.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2306008390430 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж” шийдвэрлэжээ.

Прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээрх шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. ...Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд яллагдагч Э.Б нь иргэн Л.Даваадоржийн фейсбүүк хаяг руу нэвтэрч, улмаар хохирогч П.Ааас 500.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч иргэн Л.Даваадорж нь өөрийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрсэн талаарх гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагад гаргаагүй, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. Мөн 4 удаагийн үйлдлээр буюу хохирогч А.О, Ж.Г, Д.Б, Д.Ч нарын тээврийн хэрэгслээр зорчин явахдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж гар утсыг нь өөртөө авч, тус утсан дээрх банкны аппликейшнийг ашиглахын тул нууц үгээ мартсан гэж дахин интернэт банкны нууц үгийг авч, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын данс руу нэвтэрч, өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/1826 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Яллагдагч Э.Б тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Э.Б нь Л.Даваадоржийн фейсбүүк чат руу нэвтэрч хохирогч П.Ааас 500.000 төгрөгийг гаргуулан авсан. Мөн 4 удаагийн үйлдлээр буюу хохирогч А.О, Ж.Г, Д.Б, Д.Ч нарын тээврийн хэрэгслээр зорчин явахдаа “гар утсаар чинь яриад өгье” гэж гар утсаар нь интернет банк руу нэвтэрч, харилцах данснаас мөнгийг нь шилжүүлсэн авсан байхад яллагдагч Э.Б нь бусдын цахим мэдээлэлд хууль бусаар халдан хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хохирогчийн тойрон хүрээлэл, ойр дотны харилцан хамааралтай хүмүүсийн мэдээлэл, өгөгдлүүдийг тандан судалж, тэдгээрийг туслалцаа үзүүлэхээс өөр гарцгүй нөхцөл байдалд хүргэх хэмжээний итгэл үнэмшил баттай төрөхүйц зурвас илгээн төөрөгдүүлсэн, мөн хохирогч нарын интернет банк руу нэвтэрсэн, бусдын цахим мэдээллийн орчинд зөвшөөрөлгүй нэвтрэх аргаар мэдээллийг өөрчилсөн, засварласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тодруулаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Түүнчлэн, яллагдагч, тэдний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

            Өөрөөр хэлбэл, Э.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай шинжээч, гэрчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч нарын дансны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах буюу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягтлан шалгах байдлаар нийт хохирлын хэмжээ, үүнээс төлөгдсөн хохирлын хэмжээг тооцоолон гаргаж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/1826 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР