Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2025/0277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Т****** /РД:**********/ 

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Хариуцагч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус холбогдох  Төрийн албаны зөвлөлийн тогтоолын холбогдох хэсэг, хавсралтыг тус тус хүчингүй болгуулах, төрийн албанаас халсан шийдвэрийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.Т****** /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э******* /цахим/,  хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж******* /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Д.Т****** нь Төрийн албаны зөвлөл болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан: Үүнд:

1.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн  нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсныг хүчингүй болгуулах;

2.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах;

3. Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаартай “Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т******г ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах;

4. ***** аймгийн Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах;

5. Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах;

6. Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Д.Т****** нь ***** аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар тушаалын дагуу тус хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.[1]

2.2. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Т******г ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусгай шалгалт (тухайн албан тушаалын) зохион байгуулагдах хүртэл хугацаанд түр томилохоор шийдвэрлэсэн.[2]

2.3. Улмаар нэхэмжлэгч ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд ажиллахаар болсон тул ***** аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар тус газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Т******г уг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.[3]

2.4. Нэхэмжлэгчийг ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд нь Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ***** аймгийн төрийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалтын ажлыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан.

 2.5. Тус хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 17 дугаар хуралдаанаар хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 170 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “… ***** ... аймгийн ... төрийн захиргааны удирдах албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэж тогтоосон.[4]

2.6. Дээрх тогтоолын 2 дахь заалтаар “...Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон ... ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн нэр албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар” баталж, уг хавсралтад заасан тус албан тушаалд нэхэмжлэгч Д.Т****** ажиллаж байсан.[5]

2.7. Мөн уг тогтоолын 3 дахь заалтаар “…1-3 дугаар хавсралтад дурдсан нэр бүхий иргэн, албан хаагчийг албан тушаалд томилсон шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журамд нийцүүлж 2024 оны 05 дугаар сард багтаан хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгож” шийдвэрлэсний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас”-ыг нэхэмжлэгч Д.Т******д ******* цахим мэйл хаягаар мэдэгдэж[6], нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр сонсох ажиллагааны тайлбарыг тус газрын Хүний нөөцийн бодлого төлөвлөлт, сургалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ц*******ын ******* мэйл хаягт цахимаар ирүүлсэн байна.[7]

2.8. Улмаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Т******г ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлсөн.[8]

2.9. Дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 170 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны “Журам батлах тухай” А/191 дугаартай тушаалыг тус тус үндэслэсэн.

2.10. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 170 дугаар тогтоолыг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.[9]

2.11. Дээрх гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04/96 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 170 дугаар тогтоолын холбогдох хэсгийг биелүүлж, таныг тухайн албан тушаалаас чөлөөлсөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаар тушаал Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй ... ***** аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөж, тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд хууль зөрчиж томилогдсон таныг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй ” гэх хариуг нэхэмжлэгч Д.Т******д өгсөн.[10]

2.12. Улмаар нэхэмжлэгч Д.Т******гийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоол болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

2.13. Нэхэмжлэгчийн зүгээс “...Төрийн албаны зөвлөлөөс миний ажил албан тушаалын тусгай шалгалтыг өнөөдрийг хүртэл зарлаагүй, тусгай шалгалт зохион байгуулаагүй атлаа нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан 170 дугаартай тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөс гаргасанд гомдолтой байна. Маргаан бүхий Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтын “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтын “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” хуулийн шаардлагад нийцэхгүй байна” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.14. Хариуцагч нарын зүгээс “...Д.Т****** нь ***** аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд томилогдох болсон үндэслэлээр мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, албан тушаалын төрөл өөрчилж, ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд төрийн жинхэнэ албан тушаалын ангилал хооронд төрийн албаны тусгай шалгалтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Мөн   Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь хэсэгт заасан “албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Д.Т****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн албаны зөвлөлөөс сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байна. Тухайн үед Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Т.И***** аймгийн удирдлагуудад энэ байдлыг хэлсэн. Гэхдээ аймгийн удирдлагууд “тухайн ажилтан мэдлэг, ур чадвартай тус байгууллагад байх ёстой хүн учраас албан тушаалд нь жинхлүүлж авч үлдэх хэрэгцээтэй байна. Бид Д.Т****** шиг даргатай болмоор байна” гэж хэлж байсан. Харин дарга Т.И***** “Танай удирдлагууд ажлаас чинь халуулахгүй юм байна. Ямар нэг аргаар ажлын байр зарлуулъя” гэж байсан. Намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа 2 дугаар сарын эхээр ажлын байр зарлахад нь бүртгүүлээд ажилдаа орчих юм байна гэж бодож байтал шалгалтыг цуцалсан. Ёс зүйтэй холбоотой нэлээдгүй тайлбар мэдээллүүд ерөнхий газраас ирүүлсэн байсан. Ёс зүйтэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулаад зөрчил маргаангүй, ямар нэг асуудал гаргаагүйг нотолсон. Төрийн албанд сэтгэл зүтгэлээрээ ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг энэ мэтээр хориглож шатлан дэвших байдлыг бэрхшээлтэй болгож байгаа нь эдгээр хүмүүсийг цааш нь түлхэж байгаа арга хэлбэр гэж ойлгож байна.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Төрийн албаны зөвлөлийн 170 дугаар тогтоол гарч сонсох ажиллагаа хийгдээд хариу тайлбар гаргаж байсан. Хариуцагч тал гарсан асуудалд нэхэмжлэлийг буруутгах байдалтай байна. Б/15 дугаар тушаалыг нэхэмжлэгч биш, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга гаргасан. Тус тушаал хууль бус, хууль ёсны ч бай нэг жил хоёр сар хэрэгжчихсэн. Засгийн Газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8, Төрийн албаны тухай хуулийн 25, 27 дугаар зүйлийг баримталсан. Үндэслэх хэсэгт “***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд Д.Т******г 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн албан тушаалын тусгай шалгалт зарлагдах хүртэл хугацаанд түр томилсугай” гэж томилсон. Түр томилгоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч өмнө нь ***** аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Улмаар Төрийн албаны тухай хуулийн 25, 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу томилогдсон. Мэргэжилтнээс даргын албан тушаалд томилогдсон нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй. Хэрвээ Д.Т****** тусгай шалгалт өгөөгүй байхад эсхүл тэнцээгүй байхад нь тэнцсэн мэтээр тушаал гаргасан бол энэ нь хууль бус тушаал болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгч өөрөө ёс зүйтэй байгаад даргын албан тушаалд томилогдох саналыг хүлээж авахгүй байх ёстой байсан бололтой. Төрийн албаны зөвлөл тайлбартаа “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд томилогдох болсон үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д заасныг үндэслээд “төрийн албанаас чөлөөлж” эрх зүйн байдлыг нь дордуулсан байна.

Сонгон шалгаруулалтыг харьяа салбар зөвлөлөөс зарлаагүй байна гэж бичсэн байсан. Өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт зарлаагүй. Хэрэв шалгалт зарлаад нэхэмжлэгч тэнцээгүй бол шүүхэд хандахгүй байсан. Эрх зүйн байдлыг дордуулсан гэдгийг өөрөөр тайлбарлаад байна. Эрх зүйн байдлыг нь дордуулсан, сонгон шалгаруулалтыг харьяа салбар зөвлөл зарлаагүй, зарлах талаас нь яагаад анхаараагүй вэ гэдэг нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү. 

Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөлийн 170 дугаар тогтоолыг баримталсан. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын тушаал гарснаас хойш 3 сарын дараа ажлыг нь авсан. Сонгон шалгаруулалт зарлахад нь бүртгүүлэхэд шалгалтыг цуцалчихсан. Ийм нөхцөл байдалтай байхад 3 сар цалинг нь өгөөд ажиллуулчихсан,  маргаан бүхий тушаал 3 сар хэрэгжээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн хувьд 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, энэ талаарх баримтуудыг гаргаж өгсөн. Энэ тохиолдолд ажлаас нь шууд чөлөөлөх нь зөв эсэхийг шүүх дүгнэх нь зүйтэй гэж үзэж байна.

Өөр албан тушаалд томилох ёстой байсан эсэх талаар судлалгүй шууд чөлөөлсөн. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхэд тавигдах болзол шаардлагыг хангасан, төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн, зарлагдсан албан тушаалтны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан, төрийн жинхэнэ албанд дэвшүүлэн томилсон нь зөв гэж үзэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*****: “…Төрийн албаны зөвлөлөөс 06 дугаар сард сонсох ажиллагаа хийсэн боловч маргаан бүхий 170 дугаар тогтоол, түүний хавсралтыг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид гардуулаагүй. Гардуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн ойлголт яригдахгүй.

Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсантай холбоотойгоор Б/121 дугаар тушаал гарч нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлийн 170 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг зөрчиж томилсон буюу маргаан бүхий албан тушаалд төрийн жинхэнэ албан тушаалын ангилал хооронд төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй хүнийг томилсон байна гэдэг. Гэтэл харьяа төрийн албаны салбар зөвлөл тусгай шалгалт зарлалгүй өнөөдрийг хүрсэн. Хуульд зааснаар салбар зөвлөлүүдэд тусгай шалгалт зохион байгуулах чиг үүрэг өгөх, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, мөрдүүлэх чиг үүрэгтэй байгууллага нь Төрийн албаны зөвлөл. Энэ үүргийг хариуцагч Төрийн албаны зөвлөл хэрэгжүүлээгүй. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь төрийн жинхэнэ албан хаагч буюу Д.Т****** Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй хүн. Нэхэмжлэгч 2008 оноос хойш төрийн албанд ажилласан. Маргаан бүхий албан тушаалд хууль журамд заасны дагуу томилогдон, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан учраас Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжтой.” гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 66 дугаар зүйлийн 66.1.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлөөс хяналт, шалгалт хийнэ” гэж заасан. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг ***** аймагт очиж ажилласан. Хэргийн материалд ажлын хэсгийн тайлан, тушаал, маргаан бүхий тогтоол, зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн протокол зэрэг бүгд авагдсан.

Төрийн жинхэнэ албан хаагчдыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Хяналт шалгалтын тайланг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Тус хяналт шалгалтаар ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд Д.Т******г томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны сонгон шалгаруулалтын журам зэргийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг заасан. Ангилал хооронд албан тушаалд томилогдож байгаа тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт өгсөн байхыг шаарддаг үндсэн зохицуулалттай. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн жинхэнэ албан тушаалд Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж, томилно”, 27 дугаар зүйлийн  27.1.1-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж томилно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

Д.Т******гийн хувьд ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд ажиллахаас өмнө тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлийг баталсан Засгийн Газрын 2022 оны 487 дугаар тогтоолд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтний албан тушаал нь дэс түшмэлийн албан тушаалд хамаарахаар заасан.

Харин тус тогтоолын дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудалд хамаарах агентлаг гэж явдаг. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаал нь ахлах түшмэлийн албан тушаалд хамаардаг. Тодруулбал дэс түшмэлийн албан тушаалаас ахлах түшмэлийн албан тушаалд томилогдож байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд томилогдоход төрийн албаны тусгай шалгалт өгөх ёстой байтал нэхэмжлэгч тусгай шалгалт өгөөгүй байсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд хууль журмын дагуу ерөнхий шалгалт өгөөд, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж, нэр дэвшүүлсэн тогтоолын үндсэн дээр энэ албан тушаалд томилогдох ёстой. Гэтэл томилох эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж томилгоо хийсэн. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс хяналт, шалгалт хийгээд, томилсон этгээд хууль зөрчиж томилсон шийдвэр, тушаалаа хүчингүй болгох, томилгооны зөрчлийг арилгах ёстой. Томилгооны зөрчлийг арилгахдаа эхний ээлжид томилсон шийдвэрийг хүчингүй болгох, албан тушаалаас чөлөөлөх, эсхүл тусгай шалгалтыг нөхөх зэрэг арга хэмжээ авах тодорхой хугацааг Төрийн албаны зөвлөлөөс тогтоож өгсөн.  Заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасны дагуу Төрийн албаны зөвлөл томилсон шийдвэрийг шууд хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн хувьд төрийн захиргааны дэс түшмэлээс ахлах түшмэлийн албан тушаалд томилогдохдоо төрийн албаны тусгай шалгалт өгөлгүй хууль зөрчиж томилогдсон. Түүнээс биш эхэлж хууль зөрчиж томилчхоод араас нь томилгооных нь зөрчлийг хөөж арилгадаг зохицуулалт хуульд байхгүй.  Эрх бүхий этгээд түр орлон гүйцэтгэгч гэх мэт байдлаар хууль зөрчиж томилгоо хийсэн асуудал байсан.

Төрийн албаны зөвлөлөөс  “хууль тогтоомжид нийцүүл” гэдэг шийдвэр гарсан юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Д.Т******г ажлаас чөлөөлсөн шийдвэр гарангуут нь шүүхэд хандсан” гэж байна. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэж ажлаас нь чөлөөлж томилгооны зөрчлийг арилгах талаар агентлагаас цахимаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. Үүний дагуу сонсох ажиллагаа явуулсан. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэх хуудсыг мэдэгдсэн. Тус мэдэгдэх хуудсаар маргаан бүхий акт буюу Төрийн албаны зөвлөлийн  2024 оны 170 дугаар тогтоолыг нэхэмжлэгч мэдсэн байх учиртай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа Төрийн албаны зөвлөлийн тогтоолтой маргаад байгаа нь буруу юм. Учир нь 06 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудсаар өөрийг нь ажлаас чөлөөлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Тус өдрөөс хойш тооцож үзвэл цаад талын хугацаа 07 дугаар сарын 16-ны өдөр гэхэд нэхэмжлэл гаргасан байх ёстой байсан. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан. Тиймээс  мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Төрийн жинхэнэ албан хаагч, ялангуяа төрийн захиргааны албан хаагчдын эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг. Энэ хууль тогтоомжид заасан үндсэн суурь шалгуур, шаардлагыг хангаж байгаа тохиолдолд Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгасны үндсэн дээр тодорхой албан тушаалд томилдгоос биш Авлигатай тэмцэх газрын бичиг ирснээр томилдог ойлголт байхгүй.

Мөн нэхэмжлэгч талаас “энэ хооронд тусгай шалгалт зарлаагүй” гэж тайлбарласан. Төрийн албаны тухай хуульд сул орон тоо бий болсноос хойш 7 хоног, захиалга өгснөөс хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулахаар заасан. Гэтэл хуульд заасан дээрх хугацаа хэтэрчихсэн, хууль бус томилгоог хийчихсэн байсан. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох нийтлэг журамд зааснаар Төрийн албаны зөвлөлөөс тус тусгай шалгалтыг зохион байгуулахгүй, харьяалал гэж байдаг. Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлийн хариуцаж зохион байгуулах тусгай шалгалт тусдаа байдаг. Энэ хүрээнд өөрийн харьяа агентлагуудын дарга нарын тусгай шалгалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяалах салбар зөвлөл зохион байгуулахаар заасан. Түүнээс биш Төрийн албаны зөвлөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд тусгай шалгалтыг зохион байгуулахгүй.

Хуульд зааснаар  албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлага, бусад шаардлагуудыг хангасны үндсэн тусгай шалгалтад орох ёстой. Тусгай шалгалт өгөөд салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсний үндсэн дээр албан тушаалд томилох ёстой. Түүнээс биш араас нь хөөж томилгооны зөрчлийг зөвтгөдөг зүйл хаана ч байхгүй.” гэжээ.

Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У********с шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 170 дугаар тогтоолоор Д.Т******г албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг зөрчиж томилсон тул томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгож, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1300 дугаар албан бичгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ирүүлсэн.

***** аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Т******г Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Ийнхүү томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь хэсэгт заасан “албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Д.Т****** Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалын чиг үүрэгт хамгийн ойр хамааралтай албан тушаалд ажиллаж байгаагүй. Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 170 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, ажлаас чөлөөлөхтэй холбогдуулан Д.Т******д мэдэгдэх хуудсыг 2024 оны 06 дугаар сарын 11ний өдөр хүргүүлсэн. Тэрээр мэдэгдэх хуудсыг хүлээн авч, хариу тайлбараа 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн мэйл хаягаас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Ц*******ын мэйл хаягт ирүүлсэн.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т******г Төрийн албаны зөвлөлийн 170 дугаар тогтоолыг хүлээн авснаас хойш 6 сарын дараа ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн.

Д.Т******г ажил, албан тушаалд томилогдсон цагаас хойш түүний ёс зүйгүй үйлдлийн талаар тухайн байгууллагын албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлийн ***** аймаг дахь салбар зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад удаа дараа гомдол гаргаж байсан. Дээрх гомдлуудын дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны А/208 дугаар тушаалаар байгуулагдсан Ёс зүйн дэд хороо ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт ажилласан. Ёс зүйн дэд хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ёс зүйн зөрчил гаргасанд тооцох тухай дүгнэлтийг үндэслэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/582 тоот албан бичгээр ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т******д зөвлөмж хүргүүлсэн. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны Б/121 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн  нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсныг хүчингүй болгуулах, тус тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон,  

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн  нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсныг хүчингүй болгуулах, тус тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд, 54.1.8 дахь заалтад “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.”  гэж заасан.

1.2. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж, 14.3 дахь хэсэгт “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж заажээ.

1.3. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албан зөвлөлд холбогдуулан “...Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн  нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсныг хүчингүй болгуулах, тус тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах”-аар 2025 оны 01 дүгээр сарын 08-ы өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1.4. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “...Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 17 дугаар хуралдаанаар ... ***** ... аймгийн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг хэлэлцээд төрийн захиргааны удирдах албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн” болохыг тогтоожээ.

1.5. Дээрх тогтоолын 2 дахь заалтаар “Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон ... ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн нэр албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар” баталж, уг хавсралтад тус албан тушаалд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалын дагуу ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Т****** багтсан.[11]

1.6. Мөн уг тогтоолын 3 дахь заалтаар “…1-3 дугаар хавсралтад дурдсан нэр бүхий иргэн, албан хаагчийг албан тушаалд томилсон шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журамд нийцүүлж 2024 оны 05 дугаар сард багтаан хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгож” шийдвэрлэсний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын “Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас”-ыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.Т******д ******** цахим мэйл хаягаар мэдэгдэж[12], Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолыг танилцуулсан болох нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүний нөөцийн бодлого төлөвлөлт, сургалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ц********ын ********* мэйл хаягаас явуулсан мэдэгдэл болон хавсралтаар явуулсан баримтын жагсаалт зэргээр тогтоогдож байна.

1.7. Дээрх сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч ********* цахим мэйл хаягаас сонсох ажиллагааны хариу тайлбарыг цахимаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүний нөөцийн бодлого төлөвлөлт, сургалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ц*********ын ********* мэйл хаягт ирүүлсэн.[13]

1.8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 170 дугаар тогтоолыг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр буюу уг тогтоолтой танилцсанаас хойш 6 сарын дараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.[14]

1.9. Дээрх гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04/96 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 170 дугаар тогтоолын холбогдох хэсгийг биелүүлж, таныг тухайн албан тушаалаас чөлөөлсөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаар тушаал Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй ... ***** аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөж, тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд хууль зөрчиж томилогдсон таныг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй” гэх хариуг нэхэмжлэгч Д.Т******д өгсөн.[15]

1.10. Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Д.Т******гээс Төрийн албан зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

1.11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 170 дугаар тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.Т******гийн ********* цахим мэйл хаягт танилцуулсан буюу мэдэгдсэн байх тул түүнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан атал нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу 7 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд тооцогдоно.

1.12. Харин нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн гэж үзэж байгаа бол энэ тухай хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргах эрх нь нээлттэй бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээх зохицуулалттай болохыг тэмдэглэж байна.

1.13. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Төрийн албаны зөвлөлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. “Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаартай “Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т******г ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ***** аймгийн Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Д.Т****** нь ***** аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаар тушаалын дагуу тус хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр /Дэс түшмэл, ТЗ-5/ ажиллаж байсан.[16]

2.2. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Т******г ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусгай шалгалт (тухайн албан тушаалын) зохион байгуулагдах хүртэл хугацаанд түр томилохоор шийдвэрлэжээ.[17]

2.3. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 170 дугаар тогтоолоор “…төрийн захиргааны удирдах албан тушаал буюу ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд нэхэмжлэгч Д.Т******г томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэж тогтоосон.[18]

2.4. Улмаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Т******г ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлсөн.[19]

2.5. Хэдийгээр энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн “Нэг”-д Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн  нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсныг хүчингүй болгуулах, тус тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны актын эрх зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх зарчимтай.

2.6. Тиймээс дээрх маргаан бүхий Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаар тушаалын гол үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 170 дугаартай тогтоол үндэслэлтэй эсэхэд шүүх тухайлсан эрх зүйн дүгнэлт өгнө. Тодруулахад:

2.7. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.”, 27  дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:” гэж, мөн зүйлийн 27.1.1 дэх заалтад “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.” гэж тус тус заасан.

2.8. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал буюу ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөхдөө шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эсвэл хуульд заасны дагуу удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилох бөгөөд ингэхдээ төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд тухайн албан тушаалын хувьд заавал тусгай шалгалт өгөх шаардлагыг хуульчлан тогтоожээ.

2.9. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь ***** аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн буюу төрийн захиргааны ангиллын “дэс түшмэл”-ээр /ТЗ-5/ ажиллаж байгаад ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд “ахлах түшмэл”-ээр /ТЗ-4/ шилжин ажиллахдаа Төрийн албаны тухай хуульд заасны дагуу “төрийн албаны тусгай шалгалт” өгөөгүй болох нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар “… тусгай шалгалт (тухайн албан тушаалын) зохион байгуулагдах хүртэл хугацаанд түр томилсон”[20] шийдвэрээр тогтоогдож байх төдийгүй энэ үйл баримтын талаар маргаангүй.

2.10. Зарчмын хувьд, төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах хугацааг түр хойшлуулан томилж байсан онцгой тохиолдол зөвхөн Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд гарч байсан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдол нь “төрийн албан хаагчийг тусгай шалгалт зохион байгуулагдах хүртэлх хугацаанд түр томилж” байсан цаг хугацаа буюу уг хуулийн үйлчлэлийн хугацаанд хамаарахгүй байна.

2.11. Учир нь, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ” гэж заасан байх тул уг хуулийн үйлчлэлийн хугацаа дууссан, мөн хуулийн  3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж зааснаар энэ цаг хугацаанаас хойш Төрийн албаны хуульд заасны дагуу 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог” нөхөх журмыг баримтална.

2.12. Иймд, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 170 дугаартай тогтоол үндэслэлтэй байх тул уг тогтоолыг биелүүлэх хүрээнд гарсан шийдвэр буюу маргаан бүхий  Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаар тушаал хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.

2.13. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт  “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.” гэж заасан.

2.14. Дээрх хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 170 дугаартай тогтоол нь хуульд нийцсэн заавал биелэгдэх шинжтэй шийдвэр байх тул түүнийг хэрэгжүүлсэн хариуцагчийн Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

2.15. Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “…Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаартай “Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т******г ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн дагалдах шаардлага болох “…***** аймгийн Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгов.

2.16. Харин хариуцагч Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт дурддаг “... Ёс зүйн дэд хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасанд тооцох тухай дүгнэлтийг үндэслэн ... албан бичгээр ... Д.Т******д зөвлөмж хүргүүлсэн ...” гэх зэрэг үйл баримт нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй буюу хэрэгт хамааралгүй тул энэ талаарх үйл баримтад шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан Монгол Улсын иргэн Д.Т******гээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийн ***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчийн  нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар баталсныг хүчингүй болгуулах, тус тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.1.1 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.1, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан  Монгол Улсын иргэн Д.Т******гээс Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/121 дугаартай “Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Т******г ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ***** аймгийн Хүүхэд, гэр  бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 49 дэх тал

[2] 1Хх 5 дахь тал

[3] 1Хх 50 дахь тал

[4] 1Хх 41-42 дахь тал

[5] 1Хх 43 дахь тал

[6] 1Хх 92, 95 дахь тал

[7] 1Хх 93, 94 дэх тал

[8] 1Хх 7 дахь

[9] 1Хх 33-34 дахь тал

[10] 1хх 46 дахь тал

[11] 1Хх 43 дахь тал

[12] 1Хх 92, 95 дахь тал

[13] 1Хх 93, 94 дэх тал

[14] 1Хх 33-34 дахь тал

[15] 1хх 46 дахь тал

[16] 1Хх 49 дэх тал

[17] 1Хх 5 дахь тал

[18] 1Хх 41-42 дахь тал

[19] 1Хх 7 дахь

[20] 1Хх 5 дахь тал