| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 127/2025/0002/з |
| Дугаар | 127/ШШ/2025/0004 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 127/ШШ/2025/0004
2025 04 28 127/ШШ2025/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2025/0002/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М ,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П , хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Г.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1 Нэхэмжлэгч Д.М нь газрын дуудлага худалдааны ялагч болж, түүнд Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/20 дугаар захирамжаар Дархан сумын 3 дугаар баг, Авидарын талд байрлах, 2318001633 нэгж талбарын дугаартай 2,018,571 м.кв газрыг тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн[1] байна.
2.2 Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/06 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр иргэн Д.М ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[2].
2.3 Нэхэмжлэгч Д.М нь Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/06 дугаар захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Засаг даргад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гомдол[3] гаргасан байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
2.4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Нэхэмжлэгч Д.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... Дархан сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/03 дугаар захирамжаар дуудлага худалдаагаар олгохоор шийдвэрлэсэн Дархан сумын Цээл 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх 202 га газрын дуудлага худалдаанд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр оролцон ялж, ...01 дугаартай Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ-г байгуулан, дуудлага худалдааны үнийг ... төлсөн. Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/20 дугаар захирамжаар Дархан сумын 3 дугаар баг, Авидарын талд байрлах, 2318001633 нэгж талбарын дугаартай 2,018,571 м.кв газрыг тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон.
Дуудлага худалдаа болсон 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчаас дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээнд гарын үсэг зуруулсан боловч одоог хүртэл газар эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгөөгүй.
Газрын гэрчилгээ гарсан эсэх талаар сумын газрын даамал Г.Л аас тодруулахад гэрчилгээ гарч байгаа, явуулна гэсэн хариу өгсөөр 2022 оны 12 сард гэрчилгээ гарсан, багийн Засаг даргаасаа аваарай гэсэн хариуг өгсний дагуу эгч Д.Жаргалсайханаар авхуулахад гэрчилгээний хуулбар болон 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн огноотой Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №02331-2022/00022 дугаартай гэрээний хуулбарыг хамт өгсөн байсан.
Надад 2022 онд газар эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг хүлээлгэн өгөөгүйн улмаас 2022 онд үйл ажиллагаа явуулж чадаагүй. 2023 онд тариалалт хийхээр төлөвлөсөн боловч хамт амьдардаг хүргэн ах Г.Д онош тодорхойгүй өвдсөний улмаас 2023 оны 03 дугаар сард Солонгос улсад онош тодруулах болон эмчилгээ хийлгэхээр явах шаардлагатай болсон. Хүргэн ах Г.Д , миний төрсөн эгч Д.М нартай би хамт амьдардаг тул тусалж өөрийн үйл ажиллагаа явуулах гэж төлөвлөж байсан мөнгөнөөс өгч 2023 онд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
... 2024 оны өвөл, хавар ...зуд болж Хэнтий аймгийн Дархан сум төмөр зуд нүүрлэсэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас надтай хамтарч хөрөнгө оруулалт хийж, ногоон тэжээл тариалахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулагч нар болон би өөрөө ч ихээхэн хохирол амсаж, санхүүгийн хувьд 2024 онд дуудлага худалдаагаар авсан газартаа үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрсэн.
Гэтэл Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/06 дугаар захирамжаар "... гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 ба түүнээс дээш жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэсэн үндэслэлээр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Ногоон тэжээл тариалах үйл ажиллагаа нь жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд тариалалтаа хийж, 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ургацаа хураан авах боломжтой, онцлог үйл ажиллагаа байдаг.
Нэгэнт тариалангийн зориулалтаар олгогдсон газрыг жилийн бусад хугацаанд ашиглах боломжгүй. 2022 онд захиргааны байгууллагын өөрийнх нь үйл ажиллагаанаас шалтгаалан тариалалт хийх нөхцөл бүрдээгүй. 2023, 2024 оны хувьд Д.М надад хүндэтгэн үзэх шалтгаан үүссэний улмаас тухайн газрыг ашиглаж чадаагүй.
Зудын эрсдэл арилж, үйл ажиллагаа явуулах боломжтой болж, 2025 онд тариалалт хийхээр төлөвлөөд байсан газар эзэмших эрхийг ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй өвлийн улиралд хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Маргаан бүхий захирамжид 2 ба түүнээс дээш жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаараа 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болсон сонсох ажиллагааны үеэр тайлбарлаж хэлсэн боловч хүлээн авалгүйгээр шууд газар эзэмших эрхийг цуцалсанд гомдолтой байна.
Миний хувьд дуудлага худалдааны төлбөрт 29 сая төгрөг төлж, мөн тариалангийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох хадуур тармуур, өвс хаман боогч, 604 трактор, 250 трактор зэрэг ургац хураалтад хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг 2024 оны 08 дугаар сараас хойш худалдан авсан.
Мөн Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдаж тухайн газарт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр 2024 оны 05 дугаар сараас хойш хөөцөлдсөн боловч 2024 оны 11 дүгээр сард зээл олгосон. Уг зээлийн хөрөнгөөр тариалалтад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахаар бэлтгэж байсан боловч маргаан бүхий захирамжаар хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан боловч хариуцагчаас газар олгосон захирамж өгөөгүй, гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээг одоог хүртэл олгоогүй байна.
Мөн хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6 1.41 ."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж, 6.1.41.д хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг ойлгоно гэж заасан. Үүнээс үзвэл 2024 оны өвөл, хавар Монгол Улсад болсон зуд Хэнтий аймгийн Дархан суманд нүүрлэсэн төмөр зуд нь давагдашгүй хүчин зүйл буюу хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар хуульчилсан байна.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас зудад нэрвэгдэж өвс тэжээл худалдан авахад санхүүгийн нөөц шавхагдаж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас малын зүй бус хорогдол гарч хөрөнгө, мөнгөний бололцоогүй болсны улмаас өөрийн эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүйд хүрсэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
... Иймд Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Миний хувьд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуудлага худалдаанд оролцож газар эзэмших эрхийг авсан. Тухайн үед газрын албаны ажилтан аймгаас төлөөлж очиж байсан. Тэр хүн худалдан авах гэрээ хийж өгөөд “чи мөнгөө тушаачихвал гэрчилгээ гарна, гэрчилгээг чинь гарахаар нь би багийн дарга руу чинь явуулна” гэсэн. Гэрчилгээ гарахгүй удаад байхаар нь асуухад “би хэвлэж байгаа, удахгүй гарна, гарахаар нь багийн дарга руу чинь явуулчихна” гэдэг тайлбарыг өгсөн. Гэрчилгээ 2022 онд ирээгүй, 2023 он гаргаад одоо Дархан сумын Засаг дарга хийж байгаа Батболд гэдэг хүн тухай үед манай 1 дүгээр багийн Засаг дарга байсан. Би Батболд Засаг даргаар дамжуулж авсан. 2023 онд үйл ажиллагаа явуулъя, шат дараалалтайгаар ажлаа эхлүүлье гэсэн бодолтой байтал миний төрсөн эгч Д.М-гийн нөхөр Г.Д бие нь муудаж Солонгос улс руу явж эмчлүүлэх шаардлагатай болж санхүүгийн асуудал үүссэн учраас би туслахаас өөр аргагүй болсон.
2023-2024 онд шилжих өвөл манай сумын хэмжээнд маш хүнд өвөл болсон. Санхүүгийн хувьд хүндрэлтэй болсон. 2024 онд хоршоогоо байгуулаад 6 сарын эхээр зээл гарвал үйл ажиллагаагаа эхлэх зорилготой байсан. Зээл хойшлогдсоор хамгийн сүүлийн зээл 12 сард гарч үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Газар тариалан эрхлэхэд зөвхөн хашаа хатгах биш, тариалалт, хураалт явагддаг учраас эхний ээлжид хураалт хийх техникээ аваад бэлдсэн байгаа” гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрээ байгуулагдаж гэрчилгээ олгогдсон уу гэдэг асуудлын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг хэзээнээс эхэлж тооцох уу, тэр хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх асуудал байна. Хэрэгт авагдсан баримтаар энэ гэрээг хэзээ байгуулсан гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчид гардуулсан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ,гэрчилгээ болон сүүлд хариуцагчаас ирүүлсэн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой гэрчилгээнээс харахад тухайн иргэн өөрөө тухайн гэрээний нөхцөл болзлыг зөвшөөрч байгаа гэдгээ газрын мэдээллийн цахим системд орж баталгаажуулах ёстой гэдэг нь харагдаж байна. Хариуцагч тухайн өдрийнхөө огноогоор хэвлэгдээд байгаа гэж байгаа ч гэрээг хэзээ мэдэгдсэн, нэхэмжлэгч газар эзэмшихийг зөвшөөрч баталгаажуулсан уу гэдэг нь нотлох баримтуудаас харагдахгүй байна. Газрын хувийн хэрэгт тухайн өдрийнхөө огноогоор буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэвлэгдэж байгаа бол тэр огноогоороо байх ёстой.
Газрыг зөвхөн гэрээ байгуулсны үндсэн дээр гэрчилгээгээр газар эзэмших эрхтэй болно. Хүчин төгөлдөр гэрчилгээ гарсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь тухайн газрын гэрчилгээнүүд 2 өөр огноотой байдаг. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах гэж 2023 дугаар 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө гэрээг цаасан хэлбэрээр байгуулдаг байсан. Гэрээ байгуулж гэрчилгээ олгох ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нээгдсэн.
... Мөн хэзээ гэрээ байгуулагдсан, гэрчилгээ олгогдсон, нэхэмжлэгч газар эзэмших гэрээг зөвшөөрсөн үү? Зөвшөөрч баталгаажуулсныг нь яаж тогтоож байгаа юм. Нотлох баримтаар 2 гэрээ, мөн хариуцагчаас ирүүлсэн гэрээг цахим системийн мэдээллийг шүүх булангаар гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн эсэх гэдэг дээр дарахад “зөвшөөрөөгүй” гэж гарч ирээд байгаа юм. Одоо хүчингүй Геодези зураг зүйн газрын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, гэрчилгээ олгох” журамд эрх бүхий байгууллага баталгаажуулсны дагуу цахим системийг эрхлэн хөтөлж явуулна гэж заасан. Тэгэхээр эрх бүхий байгууллага баталгаажуулна гэдэг нь юуг хэлээд байна вэ гэхээр Улсын бүртгэлийн байгууллагын санд орж байж “Ү” дугаартай гэрчилгээ, үнэт цаасан дээр хэвлэгдэх эрхтэй болно. Тухайн иргэн тэрийгээ авч мэдэхгүй байсан байж болно. Ороод авах ёстой гэдгийг хариуцагч шаардаж байсан байж болно. Гэхдээ газар эзэмших эрхийг чинь баталгаажуулчихлаа гэдгээ хариуцагч албан ёсоор мэдэгдэх ёстой байсан.
Зудтай холбоотой асуудлын хувьд Монгол улсад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор тайлбарласан. Уг тогтоолд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг, газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсан гэж ойлгоно” гэж заасан. Мөн зүйлд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг “..газар эзэмшүүлэх гэрээ хийснээс хойш хуанлийн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, зам талбай, тариалан эрхлэх болохыг ойлгоно” гэсэн байдаг. Үүн дээр эхлэх хугацааны талаар “2 жил дараалан” гэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдэг дээр тодорхой нөхцөлүүдийг хаалттайгаар зааж, хууль бус үйлдэл “зэрэг” гээд нээлттэй үлдээсэн. Улсын дээд шүүхийн тайлбарыг гарах үед 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль гэж хууль үйлчилж байсан. Гэхдээ хаалттай тайлбар биш “зэрэг” гэдэг нь “нээлттэй” тайлбар гэж ойлгож байгаа. 2008 оны 05 дугаар сарын Татварын ерөнхий хуулийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг ойлголт анх орсон. Уг хуулийн 4.1.8-ж д “... галын болон байгалийн гэнэтийн аюул эсвэл давагдашгүй хүчин зүйл дээр /усны үер, ган зуд, аюултай цасан болон шороон шуурга, газаар хөдлөлт/ зэргийг ойлгоно” гэсэн шалтгаануудыг оруулж ирсэн. Мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугар зүйлийн 6.1.41-н “д” дээр хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл, эсхүл давагдашгүй хүчин зүйл гээд “усны үер, ган зуд аюултай цасан болон шороон шуурга газар хөдлөлт зэрэг шалтгааныг ойлгоно” гээд хуульчилж өгсөн. Гамшгаас хамгаалах тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шинэчилсэн найруулгаар батлагдсан. Энэ хуулийн 4.1.1-т “гамшиг гэж аюулт үзэгдлийн улмаас хүрээлэн байгаа орчин болон улс орон нутгийн эдийн засаг нийгмийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг ойлгоно”. Аюулт үзэгдэл гэдэгт нь юу ордог юм бэ гэхээр “хүчтэй цасан болон шороон шуурга, ган зуд” гээд дурдагдаад явдаг. Татварын ерөнхий хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т хуульд заасан эрх бүхий этгээдээс зарлана гэж заасан байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн хувьд үүнийг хуульд заасан эрх бүхий этгээдээс зарласан байна гэж үзэж байна. Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай тогтоол гарсан. 2008 оны үед “зуд” гэдэг нэршлээр явж байсан. Ингээд Засгийн газар солигдох болгон зуд, хаваржилт, өвөлжилтийн байдалтай холбоотой тогтоолууд өөр өөр товч утгатай гардаг байсан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай тогтоолд “өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай” гэдэгт “өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан зудын эрсдэлийг бууруулах” гэсэн байгаа нь зуд болсон гэдгийг эрх бүхий байгууллага үүгээр хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна.
... Зудын эрсдэлийг бууруулах хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор тогтоолын 1 дүгээр заалтаар улсын хэмжээнд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 14, 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байдаг. 2 дугаар заалтаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон.
... Өөрөөр хэлбэл дээрх энэ тогтоол хуулиудаас үзвэл 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Монгол улсын хэмжээнд зудын эрсдэлээс болоод зам давааг нь хүртэл тээврийн хэрэгслээр гаргаж өгч байсан. Тэгэхээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1-т заасан орон нутгийн эдийн засаг дотоод нөөц боломжоос давсан хохирол зөвхөн орон нутаг гэлтгүй хувь хүн дээр учирч байгаа юм. Тэгэхээр ганц газар ашиглах боломж гэхээсээ илүү нөгөө хүний эдийн засаг, эрүүл мэнд тэр газрыг ашиглах нөөц бололцооны хувьд давагдашгүй хүчин зүйлийг гэдгийг хуулиар ч тогтоосон байна. Бодитоор ч учирсан учраас энэ нь давагдашгүй хүчин зүйлд хамаарна гэж үзэж байна.
Хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой асуудалд Улсын дээд шүүхийн тайлбараар зөвхөн үүнийг ойлгоно шүү гэдэг хязгаарлалт тогтоогоогүй. Үүнээс хойш хууль тогтоомжид өөрчлөлт ороод “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэг ойлголт өргөн хүрээг хамардаг болсон байна. Түүнд нь энэ зудын ойлголт хамаарч байна гэж тайлбарлаж байгаа юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж байгаа юм. Тэгэхээр гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, байгалийн давагдашгүй хүчин зүйл гэх ойлголтуудын тухай хуульд янз янзаар зохицуулсан байх юм бол илүү нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Тийм хууль байхгүй бол хамгийн сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн энэ зарчим энэ тохиолдолд үйлчилнэ. 2008 оны тайлбараар газар эзэмших гэрээн дээр тусгагдаад байгаа “байгалийн давагдашгүй хүчин зүйл” гэж түүн дээр нэрлэн заагаад байгаа ч гэсэн “зэрэг” бусад шалтгааныг ойлгоно гээд нээлттэй үлдээгээд байгаа юм. Тийм учраас заавал зуд гэдэг үг түүн дээр байх ёстой юм шиг ойлгох шаардлагагүй гэж үзэж байна.
2023 оны 11 сараас эхэлсэн гэхээр хариуцагч 2 жилийн хугацааг тоолохдоо өвөл тариалалт хийхгүй учраас өвлийн хугацааг хасаад, хавраас тариалалт хийх боломжтой үеэс тоолно гээд 2 жилийн хугацааг тоолохоор нөгөө зудтай байсан хугацаа чинь ороод байна. Тэгэхээр хугацаагаа яг хэзээнээс эхэлж тоолох ёстой юм бэ гэдгийг зайлшгүй хөндөх шаардлагатай, хоёрт зудын үргэлжилсэн тэр хугацааг яаж тооцох юм бэ? тэр хугацааг тооцох 2 жилээсээ хасаж тооцох уу, шууд үргэлжлүүлж тооцох уу? өвөл нь зудтай байсан юм чинь хавар нь малгүй малаа тэжээх гээд хамаг мөнгөө зарсан байхад хавар тариалалтаа хийх ёстой гэдэг хатуу шаардлага тавих уу үгүй юу гэдэг дээр зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна.” гэв.
6. Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д.М нь дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээнд гарын үсэг зурснаас хойш одоог хүртэл газар эзэмших захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээж аваагүй гэж бичсэн байна.
Тухайн газар олгох захирамж нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02331-А/20/2022 дугаартай гарч Газрын нэгдмэл сангийн www.egazar.gov.mn сайтад 2022 оны 03 дугаар сарын 25-нд бүртгэж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдсэн. 2022 оноос Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах” гэж заасны дагуу иргэн Д. Мөнхбаатарт Газрын гэрчилгээ олголт явагдаж цахим санд бүртгэгдсэн бөгөөд www.emongolia.mn сайтаас иргэн өөрөө татан авах боломжтой болсон. Мөн тус газрын гэрээ, гэрчилгээний хуулбар хувийг удаа дараа ирж авахыг иргэн Д.М т хэлж сануулж түүний эгч Д.Жаргалсайханд хүлээлгэж өгсөн.
Иргэн Д.М тай №02331-2022/00022 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ 2022 оны 03 дугаар сард Дархан сумын Газрын даамал Г.Л байгуулж ажилласан байна.
Тус гэрээний 6.4-т Гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл, Эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшээгүй болон газрын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч газар дээрх эд хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Мөн зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан нөхцөлд газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
Жич: /Тус гэрээ буюу Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.2. “е” дэх заалт/ “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” Гэдгийг гэнэтийн давтагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс шалтгаан байхгүй байсныг ойлгоно. “....зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тодотгож тусгасан байна.
Иймд тус иргэний хүргэн ах Г.Д түүний эмчилгээний зардал нь газар эзэмшүүлэх тус гэрээнд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, мөн 2023-2024 оны өвлийн өвөлжилтийн нөхцөл байдал нь тус газарт тариалалт хийхэд саад учруулаагүй, хувь хүний санхүүгийн асуудал нь тус гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаан гэж тусгагдаагүй байна.
Иргэн Д.М нь нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн 3 дугаар зүйлд тариалангийн зориулалттай олгосон газрыг улирлын чанартай буюу 6 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 25-ны хооронд тариалалтаа хийж, 9 дүгээр сарын 25-аас 11 дүгээр сарын 10-ны хооронд ургацаа хураан авах боломжтой, онцлогтой үйл ажиллагаа хэмээн тодорхой дурдсан байна. 2022, 2023, 2024 онуудад 6 дугаар сарын 01-ээс 11 дүгээр сарын 10-ны хооронд тухайн газарт байгалийн гамшиг, хүндэтгэн үзэх шалтгаан гэх зүйл гараагүй болно. Мөн тухайн газарт үйл ажиллагаа явуулсан, эхлүүлсэн талаар үзлэг хийж, хяналт тавьж ажиллахад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд тус газартай холбоотой иргэн Д.М-аас тодруулж бататган ... сонсох ажиллагаа явуулж ажилласан болно. Иймд иргэн Д.М-ын нэхэмжлэлийг хангах боломжгүй болно” гэжээ.
|
|
7. Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Г.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа[4]: “...Нэхэмжлэгч газрын гэрчилгээг багийн Засаг даргаас сүүлд нь авсан гэдэг асуудлыг ярьж байна. Газрын гэрчилгээг цахим санд орсон нөхцөлд хэвлэж авах нь тухайн иргэний өөрийнх үүрэг. Энэ талаар би тайлбартаа тодорхой дурдсан. Газрын гэрээнд санхүүтэй холбоотой ямар нэгэн заалт байхгүй. Гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг байгалийн гамшиг, зуд гэдэг нөхцөл тусгасан. Санхүүтэй холбоотой асуудал нь хувь хүний баян ядуу, хөрөнгө оруулалтаа яаж шийдэх гэж байгаа нь хамааралгүй. Зөвхөн тухайн газар дээр үйл ажиллагаа явуулсан уу, үгүй юу гэдгийг үндэслэн шийдвэрлэсэн. Зудтай холбоотой асуудлын талаар иргэн Мөнхбаатар нэхэмжлэлдээ тусгасан байна. Тариалангийн улирал нь зуны улирал байдаг. Өвлийн улиралд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг Мөнхбаатар өөрөө тодорхой бичсэн байдаг. Зуд гэдэг нь өвлийн 4 сар, хаврын 2 сард болсон нь үнэн. Гэхдээ энэ нь тариалалт хийхэд саад учруулаагүй гэж үзэж байгаа. Хоршоотой холбоотой асуудал нь хамааралгүй.Тухайн газар дээр үйл ажиллагаа явуулсан уу, үгүй юу гэдэг асуудлыг газрын гэрээнд заасны дагуу үнэлж шийдвэрээ гаргасан.
...Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг дээр Татварын хуулийг баримтлахгүй гэж ойлгож байгаа. Эдийн засгийн хүндрэлд орсон иргэн татвараа төлж чадахгүй байгаа нөхцөлд Татварын хуулийг баримтална. Газартай холбоотой асуудал дээр Татварын хуулийг барих боломжгүй. Газрын гэрээ, Газрын тухай хуулийг барих ёстой гэж үзэж байна.
... Иргэн Мөнхбаатар өөрөө хашаагаа барих ямар нэг оролдлого хийгээгүй. Тэгэхээр маргах үндэслэл байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчаас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/13 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу мөн оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус сумын 3 дугаар баг Цээлд байрлалтай 201,8 га газрын дуудлага худалдаанд иргэн Д.М ялагч болж, Дуудлага худалдааны ялагчтай байгуулах 01 дугаартай гэрээг[5] байгуулжээ.
2. Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/20 дугаар захирамжаар Дархан сумын 3 дугаар баг, Авидарын талд байрлах, 2318001633 нэгж талбарын дугаартай 2018571 м.кв газрыг тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаагаар иргэн Д.М-т эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 51511 дугаартай гэрчилгээг[6] олгосон байна.
3. Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/06 дугаартай захирамжаар иргэн Д.М-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[7].
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.
Захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн шийдвэр гаргахдаа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй”, мөн “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” байх гэсэн нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.
Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.
5. Талууд газрыг ашигласан эсэх дээр маргадаггүй, харин газрыг ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан болон газар эзэмшүүлэх гэрээг цахимаар байгуулсан эсэх, цахимаар уг гэрээг байгуулах хуулийн зохицуулалт дээр маргаж байна.
6. Нэхэмжлэгч газраа ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа “2022 онд газар эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг хүлээлгэн өгөөгүйгээс, 2023 онд хамт амьдардаг хүргэн ах өвдсөний улмаас санхүүгийн хүндрэлд орсон, 2024 оны өвөл, хавар ... зуд болж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас надтай хамтарч хөрөнгө оруулалт хийж, ногоон тэжээл тариалахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулагч нар болон би өөрөө ч ихээхэн хохирол амсаж тариалалт хийж чадаагүй” гэж тайлбарладаг ч энэ нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан биш.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээгээ аваагүй байх нь, хувийн санхүүгийн хүндрэл нь гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газрыг ашиглахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.
Иймээс нэхэмжлэгч Д.М нь эзэмшүүлсэн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, тариалан эрхлээгүй нь тогтоогдож байна.
7. Хэдийгээр эзэмшүүлсэн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, тариалан эрхлээгүй нь тогтоогдож байгаа ч газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа болсон эсэхийг дүгнэх шаардлагатай. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан.
Гэтэл газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол хэзээ хэрхэн байгуулагдсан, 2 жилийн хугацаа өнгөрсөн эсэх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Шүүхэд нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн огноотой[8], хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны огноотой[9] №02331-2022/00022 дугаартай QR код бүхий Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус ирүүлсэн байна. Гэрээний огноо нь ийнхүү ялгаатай байгааг хариуцагч “хэвлэсэн огноо” тайлбарладаг хэдий ч гэрээг 2022 онд байгуулсан гэдгээ нотолж чадаагүй.
Дээрх гэрээ бүрийн 4 дэх нүүр хуудаст “Газар эзэмшигч Д.М нь гэрээний нөхцөлийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем /www.egazar.gov.mn/-д цагт зөвшөөрч, баталгаажуулав”[10] гэсэн заалт, хариуцагчаас ирүүлсэн Газрын кадастрын мэдээллийн систем дэх Гэрээний бүртгэл хэсгийн “Гэрээний нөхцөл зөвшөөрсөн эсэх” гэсний утга хэсэгт “Зөвшөөрөөгүй” гэх баримт[11], хариуцагч Дархан сумын Засаг дарга шүүхийн хэлэлцүүлэгт “энэ гэрээг яаж байгуулсныг би мэдэхгүй байна” гэх тайлбар, нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд “гэрчилгээ ирсний дараа QR кодыг уншуулаад нэг удаа орж гэрээг харсан” гэсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.М тай Газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь тогтоогдохгүй байна.
Мөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дах хэсгийг сумын газрын даамал нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулахаар өөрчлөн найруулсан байна. 2022 оны 3 дугаар сарын 23-нд газар эзэмшүүлэх шийдвэр гарах үед Газар эзэмшүүлэх гэрээг цахим системээр байгуулах эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй байжээ. Хэдийгээр хариуцагч “цахим системд Газар эзэмшүүлэх гэрээ бүртгэгдсэн” гэж тайлбарлаж байгаа ч гэрээний талууд гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж цахим системд баталгаажуулсан нь тогтоогдохгүй байх тул Газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Угтаа захиргааны байгууллага гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/88 дугаартай албан бичгээр ирүүлсэн тайлбартаа[12] “Иргэн Д.М тай №02331-2022/00022 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ 2022 оны 3 дугаар сард Дархан сумын газрын даамал Г.Л байгуулж ажилласан байна” гэж тайлбарлаж байгаа хирнээ, 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 1/96 дугаартай албан бичгийн хавсралтаар[13] “2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр” гэсэн огноотой Газар эзэмшүүлэх гэрээг ирүүлснээс үзэхэд Газар эзэмшүүлэх гэрээг хэрхэн, хэзээ байгуулснаа, 2 жилээ хэзээнээс тоолохоо шүүхэд нотолж чадсангүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.М-ын шүүхэд гаргасан Хэнтий аймгийн “Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.М-т олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРМАА
[1] Хавтаст хэргийн 135 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 150 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 133 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 140 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 150 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 120-23 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 136-139 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 23, 139 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 167 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 123 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 126, 136 дугаар хуудас